Medeelel
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

МИНИЙ МЭДЭХ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА: түүх соёлдоо ингэж эзний ёсоор алсын хараатай ханддаг төрийн түшээ Онцлох

2016 оны 2 сарын 25, Пүрэв гараг  .:.  Бичсэн: 
(1 үнэлгээтэй)
2011 оноос хойш археологич Д.Эрдэнэбаатар миний бие телевиз, радио, сонин хэвлэлээр ярилцлага өгөх бүрдээ УИХ-ын гишүүн Х.Баттулга гэдэг хүнд талархаж, магтаж байсан. Харамсалтай нь миний тэр яриа олонд хүрээгүй. Тэдгээр ярилцлага хийсэн телевизүүд, сонинууд тэр хүний тухай ярьсан хэсгийг танаж хасаад гаргадаг байсан. Хэвлэл мэдээлэлийн хэрэгсэл хэний тухай гаргах вэ? гэдгээ мэддэг юм байнаа гэдгийг би бас ойлгож эхэлсэн. Миний тэр олон ярилцлага хэвлэл мэдээлэл, телевизүүдээр гарахыг харсан “ЖЕНКО” Х.Баттулга гэдэг хүн, өөрт нь бүхий л боломжоороо тус болсныг нь ярихгүй болохоор, миний “хүн муутайг” гайхаж л суусан байх.

Саяхан би сэтгүүлч Д.Төрмөнхийн бичсэн “Миний мэдэх “ЖЕНКО” Баттулга” гэдэг номыг уншиж үзээд би яагаад энэ хүний тухай бас үгээ хэлж болохгүй гэж? Д.Төрмөнх бол “түүний талаар хамгийн сайн мэдэх сэтгүүлч, магадгүй би байж ч мэднэ” гэж онцолж байгаад бичсэн байна. Харин тэр сэтгүүлч Д.Төрмөнх гэдэг хүн бол, “ЖЕНКО” Баттулгын тухай миний мэдэх зүйлийг, мэдэхгүй байсан учраас бичээгүй орхисон, археологич миний бие хэвлэл мэдээлэлээр гарахгүй ч гэсэн олон нийтийн цахим сүлжээг ашиглан өөрийн мэдэж байгаа “ЖЕНКО” Х.Баттулгын талаар бичиж гаргах ёстой хүний нэг гэж бодоод үүнийг тэрлэж сууна. Археологич Д.Эрдэнэбаатар яагаад УИХ-ын гишүүн Х.Баттулга гэдэг хүний тухай бичих, ярих болов? Намайг “бөгс долоогч” гэвэл гэж л байг. Би ер нь “ЖЕНКО” Х.Баттулга гэдэг хүний “бөгсийг долоосон” ч бэлэн байна. Твиттер, Фэйсбуук сүлжээнд намайг энэ хүний тухай бичихээр тэгж “нэр хоч” өгдөг хүмүүст дээрхи үгийг зориулж байгаа юм.







Миний амьдралын 30 жил Монгол улсын эртний түүхийг судлах ажилд зориулагдсан. Энэ 30 жилийн сүүлийн 25 жилийг нь эцэг өвгөдийнхөө эрт үеийн түүхийг судлах гэж бусдын “царай харж, гуйлгачилж” хээрийн шинжилгээний ажлын зардал төсөв олж ажлаа явуулсаар ирсэн одоо ч энэ байдал үргэлжилсээр, судалгаагаа хийх гэж оролдсоор явж л байна. Би улсын төсвөөс судалгааны зардал олж авч чаддаггүй “азгүй” амьтаны нэг. Тэр улсын төсвөөс мөнгө авч судалгаа хийдэг хүмүүс бол БСШУЯ болоод ШУА-ийн Тэргүүлэгчдийн “арга эвийг” олдог, ая тал засдаг “азтан”-гууд байдаг юм. Тэгсэн хирнээ миний судалгааны үр дүнг ШУА-ийнхан өөрсдийн хийсэн “гавъяа” мэтээр сурталчилж, ном гарган “тэргүүн” шагналууд авсан тохиолдол нэг бус бий.









2001 онд Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй байгийн нутгаас анх илрүүлэн олоод, 2010 хүртэл өөртөө байгаа боломж болгоноо ашиглан судлаж байсан Хүннүгийн хаад язгууртны оршуулгын газар болох Балгасын тал дахь Гол мод-2-ын 1-р булш буюу 30 дагуул булштай, 86 метр урттай, 46 метр өргөнтэй, 2-4 метр өндөртэй асар том Хүннүгийн хааны булшыг малтан шинжилж дуусгах зардал олдохгүй яг таг зогсоод байсан юм. Тухайн үед миний бие, Монгол улсын БСШУЯ, Монголын тэргүүн баячууд, гадаадын эрдэм шинжилгээний байгууллагууд, мөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлчихмээр ямар л байгууллага, хувь хүн байна, тэдгээр лүү судалгааны төсөв бүхий төслөө бариад, яриад гуйгаад, царай алдаад “аргаа барчихаад” байлаа.

Ийм хүнд үед миний охин Э.Оюунцэцэг маань нэг өдөр надад “би таныг нэг чухал хүнтэй уулзуулнаа” гээд 2-3 хоног боллоо. Би нэг удаа охиноосоо “чи тэгээд ямар хүнтэй намайг уулзуулах гээд байна?” гэж нэг асууж үзлээ. Охин маань “та уулзахаараа мэднээ” л гэлээ. Тухайн үед охин маань нэг телевизид сурвалжлагчаар л ажиллаж байсан юм. 2010 оны өвлийн эхэн сард шиг санагдаж байна. Амралтын өдөр охин маань гэнэтхэн “за нөгөө хүн чинь өдөр 14 цагт уулзъя гэсэн. Та битгий юм уучихаарай” гээд утсаа таслав. Би ч нэг их архи дарс уугаад хүн хашраачихсан хүн биш л дээ. Гэхдээ амралтын өдрүүдэд хааяа ганц нэг аяга пиво уудаг байсан болохоор охин маань түүнийгээ л битгий уугаарай л гэж сануулсан нь тэр. Гэвч “хүсэхэд хясна” гэгчээр яг тэр өдөр Орос улсаас “номын садан” анд нөхдүүд маань 2-3-уулаа манайхаар гэнэт зочлов. Би ч найз нөхөддөө учраа хэлэн “та нар минь сайхан хоол, цай идэж ууцгаа” гээд уулзахаараа уламжлал болгон задалдаг ганц нэг “лонх” юмандаа ч “уруул ч хүргэхгүй” суулаа. 14 цаг өнгөрлөө, “юу болов? гээд охиноос би асуулаа”, “ажил нь амжихгүй байна гэнэ, 17 цагт уулзъя гэнээ” гээд охин маань бас хариу хэлэв. Орос нөхөдтэйгээ орой хүртэл ярьж суутал 17 цаг ч боллоо. Дахиад л охиноосоо асуулаа. “19 цагт уулзъя гэнээ” гээд охин маань хариу өглөө. Мөн л хүлээллээ. Орой 19 цаг болох үед дахиад л нэг асуулаа. Тэгсэн охин маань “ажил нь амжихгүй байна. Тэгж байгаад цагаа хэлнээ” гэсэн гэлээ. Миний ч тэвчээр барагдлаа. Охиндоо нилээд ширүүн дуугаар “ямар дарга нь чамд тэгээд худлаа хэлээд байгаа юм, муусайн худалч юмнууд худлаа л хүний цаг барж байгаа биз. Хэзээ дарга нар үнэн хэлж байлаа” гэсэн шүү юм хэлээд Орос нөхдүүдтэйгээ ёстой л нэг “100 граммаа” татлаа даа. Удаа ч үгүй орой 21 цагийн үед охин маань утасдаад “таньтай одоо уулзъя гэж байна. Баянгол зочид буудал дээр хүрээд ир. Би таныг энд хүлээж байна” гэдэг байгаа.

Би ч нөхдөөсөө уучлалт гуйгаад амаа байдаг чадлаараа угааж аваад л очлоо. “Баянгол” зочид буудлын ар талд өөрийнх бололтой том албан тасалгаанд, тухайн үед УИХ-ын гишүүн, Зам тээвэр, хот байгуулалтын яамны сайд Х.Баттулга гэдэг хүнтэй анх удаа нүүр тулан уулзсан минь тэр юм.

Миний хайж, олж ядаад байсан төслийн санхүүжилтийг хэрхэн яаж олох вэ? гэж миний охин ч бас давхар шаналж явсан учраас өөртөө таарсан “мөнгөтэй” гэсэн хүн болгонд миний зовлонг ярьсаар явсан юм байж. Миний охины үгийг “тоож сонссон” хүн бол Х.Баттулга байжээ. Хуруун чинээ охины минь хүсэлтийг анхааралтай сонсоод “аавтай чинь тэгвэл уулзъя” гэж ам алдсан тэр хүний нэрийг хэлэхгүй байсан шалтгаан эхнээсээ мэдэгдлээ.

Албан тасалгааны голд байх нэг их том ширээний захад хол суугаад өөрийнхээ төслийн тухай ярьж эхэллээ. Х.Баттулга намайг наашаа ойртоод суугаач гээд хажуудаа ойртуулаад, миний ярьж буйг, компютер дээр байгаа төслийн минь төсвийн тооцоо, зураг хөрөг гээд бүгдийг их л анхааралтай сонсоод, үзээд суулаа. Мэдээж энэ үед надаас өнөөх “гашуун ус” сэнхийгээд үнэртэж л байсан байх. Хамгийн сүүлд нь “За би наад төслийг чинь нэг судалж үзье” гээд яриа дууссан болохоо ойлгуулав. Намайг өрөөнөөс гарахад охин маань түр хоцорсон юм. Намайг гадаа зогсоод хувцасаа засаж байхад охин маань гарч ирээд “толгой түрүүгүй” загнаж гарав аа чи минь. “Ямар тэсгэлгүй юм, таныг чухал хүнтэй уулзуулна гэж байхад архи уугаад л гэнэ, таныг архи уудаг хүн үү? гэж асууж байна л гэнэ”

За тэгээд өөрийгээ өмөөрсөн болоод “тэгэхгүй яадаг юм, миний хүндтэй зочид ирсэн юм чинь” гэсхийгээд зогсож байлаа. Тэгээд ч “энэ хүн надад мөнгө өгч, би энэ төслийг хийнэ гэж огт итгээгүй” учраас “чамаар ууж идэхээ заалгах юм уу? гэж охиноо хариу загначихаад харьж явчихлаа.

Дараагийн долоо хоногийн амралтын хагас сайн өдөр нь Х.Баттулга гишүүн өөрөө над руу утасдаж байна. “Та завтай бол одоо хүрээд ирээч?” гэж байна. Тэр үед нь би ч ёстой “цоо эрүүл, элдэв архи, пиво уугаагүй” байсан болохоор үтэр түргэн яваад очлоо. Надтай хуучны эд зүйлийн тухай товч яриа өрнүүлж, элдэв зүйлийг сонирхон асууж байснаа ярианыхаа төгсгөлд “Би таны төслийн талаар мартаагүй ээ, тэгж байгаад манай залуус тантай холбоо барих байхаа” гэж хэлээд бид хоёрын уулзалт дууссан юм. Энэ ярианы үед “та яагаад яамнаасаа энэ төслийн төсвийг авч болохгүй байгаа юм? гэж асуусан юм. Яам, тамгын хүмүүс иймэрхүү төсөлд итгэдэггүй, өөрсөд нь бас ашигггүй учраас мөнгө өгдөггүй "зовлон"-г би ч тайлбарлан ярилаа. Тэр ч байтугай би танд энэ төслийг дуусгах мөнгө санхүүжилт хийвэл, надад ямар ашиг гарах вэ? гэж асууж байсан юм. “Танд бол нэр төрийн л ашиг гарна, эдийн засгийн хувьд би танд ямар нэгэн ашиг амлаж чадахгүй, ямар нэг түүх соёлын дурсгалт зүйл гарсан ч танд өгч болохгүй. Хууль эрх зүйн үндэс ч байхгүй” гэдийг ч би бас ойлгуулсан. Нэг иймэрхүү яриа хөөрөө болоод сар гаруй хугацаа өнгөрөөд хавар тийшээ бидний хайгуул судалгааны ажил эхлэх дөхөж байхад Х.Баттулга гуайтай гурав дахь уулзалтаа хийсэн бөгөөд тэрвээр намайг “ЖЕНКО” компаны охин компани “Түмэн хишигтэн” ХХК-ны менежер Мөнхнаран, Гэрэлт-Од хэмээх хоёр залуутай танилцуулан, “За би хувийнхаа компаниас таны төслийг санхүүжүүлнэ. Энэ хоёр залуу манай компаниас тантай харилцаж гэрээ хийж ажиллана” Би чихэндээ итгэж ядаж байсан ч тэр хүн огт худлаа хэлээгүй, итгэл төгс хэлээд тэрхүү хоёр залууд хатуу үүрэг өгч буй нь надад “Тэнгэрийн элч” мэт л санагдаж суулаа.

2011 оны хавар 05-р сард “Түмэн хишигтэн ХХК”, Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхэм хоёрын хооронд хийсэн гэрээгээр Балгасын тал дахь Гол мод-2-ын Хүннүгийн хаад язгууртны булш бүхий газар 1-р булшны малтлага судалгааг бүрэн дуусгахад шаардлагатай хөрөнгө санхүүг “Түмэн хишигтэн ХХК” 100 хувь хариуцан төслийн санхүүжилтийг гурван сараар хуваан, сар бүр 50-60 сая төгрөг цувуулан олгож байхаар харилцан тохиролцсон гэрээ хийж эхэллээ. Энэхүү гэрээний хариуд Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхэм ямар нэгэн археологийн олдвор, эд өлгийн зүйл санхүүжүүлэгч талд өгөхгүй, илэрч олдсон археологийн олдворууд нь хууль ёсоор Монголын улсын Соёлын өвийн хуулийн дагуу улсын мэдэлд үлдэх тухай заасан гэрээ байгуулан, Монголын археологийн шинжлэх ухаанд хийсэн хувийн хэвшилийн хамгийн анхны “буяны ажил” болсон том гэрээ хийгдлээ.

2011 оны 06-р сарын 02-ноос манай сургуулийн Археологийн тэнхэмийн судалгааны баг бүрэн бүрэлдэхүүнээрээ 5 эрдэм шинжилгээний ажилтан, археологич, 70 гаруй оюутан, 10 гаруй туслах ажилтан, жолооч, тогооч гээд өргөн бүрэлдэхүүнтэй хээрийн шинжилгээний анги алсын замдаа гарсан юм. Мэдээж сайн юманд садаа мундаагүй ээ. “Түмэн хишигтэн ХХК”-тай хийсэн гэрээгээр, энэхүү төслийн санхүүжилтэнд хяналт тавихаар хоёр нөхөр томилогдон бидэнтэй хамт замд гарсан нь бидний хамтын ажиллагаанд “чамгүй уршиг” тарьж, төслийн ажлыг “хөөрхөн” саатуулаад авсан юм.

Хөдөө хээр булшны малтлага судалгааны ажил эхлээд явж байхад хоол хүнс, багаж техникийн хангамжид доголдол гарч, зарим нэг зүйлүүд бүр тодруулбал муудсан хоол хүнс, эвдэрхий багаж зэвсэг нийлүүлэх явдал гарч, энэ асуудлаар би 2011 оны 07-р сарын дундуур хот руу буцаж орж ирээд УИХ-ын гишүүн Х.Баттулга гуайтай Зайсанд биечлэн уулзаж саналаа хэллээ. “Таныг бидний ажилд чин сэтгэлээсээ тусалж мөнгө санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаад маш их баярлаж байна. Гэвч танай хяналт тавьж буй танай компаний хүмүүс тань, таны өгсөн мөнгийг зүй бусаар зарцуулан, муудсан хоол хүнс, эвдэрхий багаж зэвсэг нийлүүлээд байгааг танд мэдэгдэхээс өөр арга алга” гэлээ. Хариуд нь Х.Баттулга гуай “за би энэ тухай тэр хариуцсан хүмүүст нь хэлье” гээд бидний уулзалт дууссан юм.

Гэвч байдал сайжраагүйгээр барам улам бүр муудаж эхэлсэн учраас Гол мод-2 дээр малтлага судалгаа хийж байсан манай судалгааны багийнхан ажлын явц, төслийн санхүүжилтийн байдал, хоол хүнсний хангамж зэрэг олон болж бүтэхгүй байгаа асуудлуудыг протоколоор баримтжуулан, дуу, дүрсийн бичлэг хийж эхэлсэн юм. Энэ нь биднийг дараа нь аварсан гэж болно. 08-р сард хөдөө хээрийн шинжилгээний ангид ажиллаж байсан хүмүүсийн хоол хүнс, цалин хөлс, машин техникийн хангамж эрс муудан, төсөл хугацаандаа хэрэгжиж дуусах шинжгүй болж эхэлсэн учраас төслийн удирдагчийн хувьд арга буюу дахин Улаанбаатар хот руу өөрийн биеэр орж ирээд Х.Баттулга гуайтай дахин уулзахад, тэрвээр надад үнэнхээр уурлаж, бухимдаж байгаа нь илт мэдэгдлээ. “Та яалгах гээд байгаа юм? Таньд мөнгө өглөө. Та манай хүмүүстэй зохицоод ажиллаж чадахгүй бол одоо яана гэхэв дээ” гээд ширүүлхээр нь би ч “за энэ төсөл бүтэхгүй тийшээ хандаж байгаа юм байна” гэж ойлгоод нөгөө бидний хээрийн судалгааны ажлын явцад гарч байсан бэрхшээлүүд, компанийн зүгээс хяналт тавих ёстой нөхдүүдийн архи дарс уусан, эвдэрхий багаж зэвсэг, машин техник нийлүүлсэн талаарх өөрийн хийж байсан дуу, дүрсийн бичлэг, протоколуудын нэг хувийг “Та завандаа заавал үзээрэй, бид хийх хүсэл их байна. Танай хүмүүс таны мөнгийг буруу зарцуулаад байна шүү” гэж давтан хэлээд салсан юм.

Хэдийгээр би Х.Баттулга гуайн өөрийнх нь амнаас сонсоогүй боловч “Түмэн хишигтэн ХХК”-ны удирдлагын хурал дээр “Тэр археологийн төслийн санхүүжилт яагаад саатаад байгаа юм? Тэр хоол хүнсийг яагаад муудаж бариагүй юмаар аятайхан хангаж болохгүй байгаа юм?” гэж асуудлыг хөнджээ. Намайг муу хэлж, өөрсдийгээ өмгөөлж байсан нөхөд: “Тэр археологич Эрдэнэбаатар чинь виски уугаад л, сүүдэрт суучихаад кофе нэхээд, өдөр нь наранд шараад л сууж байдаг” гэж хэлэхэд нь Х.Баттулга: “Tэр кофе, вискиг нь тэгээд таслахгүй хангаад байгаач” гэж загнаж байсан юм гэнэ лээ. Бид хоорондоо тэр бүр уулзаад байдаггүй болохоор бидний дунд “ажиллаж байсан нөхдүүд” төслийн санхүүжилтийг завших, худал мэдээлэл өгөх зэрэг бэрхшээл гарч байсан боловч “ЖЕНКО” Х.Баттулга асуудлыг маш анхааралтай харж, шуурхай зөв шийдвэр гаргасан учраас Монголын нутагт төдийгүй Евроазийн нутагт урьд өмнө малтан шинжилж байгаагүй тийм том хэмжээтэй Хүннүгийн хааны булшийг Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхэмийн судалгааны баг, энэ хүний 100 хувийн өөрийнх мөнгө, санхүүжилтээр 2011 оны 11-р сарын 08-нд бүрэн малтан шинжилж дуусгаад, Хүннүгийн их хааны хэрэглэж байсан алт, мөнгө, хүрэл, төмөр зэрэг хосгүй эд өлгийн зүйлүүд, эртний Ромын шилэн аяга, эртний Хятадын Хан улсын үеийн соёлын өв уламжлалаар хийсэн хаш чулуун толь зэргийг Монголын археологийн шинжлэх ухааны түүхэнд анх удаа илрүүлэн олж Монгол улсын хосгүй үнэт түүх соёлын дурсгал болгон Монголын Засгийн газрын тогтоолоор баталгаажуулсан юм.

 







 

Одоо та бүхэн яагаад УИХ-ын гишүүн Х.Баттулга гэдэг хүнийг энэ магтан дуулах болсон бэ? гэдгийг ойлгож эхэлж байгаа байх. Монголын төрд, монголын баялаг бүтээгч эрхэмүүдийн дотор аугаа их түүх соёлдоо хувийн хөрөнгө оруулалт хийж байгаа хэдэн хүн байгаа юм? Тоолоод нэрлэх хүн байвал надтай “цэц” булаалдаж болно.

Улаанбаатар хотоос зүүн тийш 50 км зайд Цонжин болдог гэдэг газар түүний шууд санаачлага, санхүүжилтээр босгон сүндэрлүүлсэн их эзэн Чингис хааны ган хийц бүхий морьтой баримал одоо Монголчуудын гадна, дотны хүмүүст үзүүлж “нүд тахлаж” байгаа цорын ганц түүх-соёлын дурсгалт байгууламж болоод байна. Төв аймгийн нутагт “Майдар” эко хотын төслийг эхлүүлэн дэлхийн хамгийн том Майдар бурханыг бүтээх гэж зорьж байна. Монголын түүх соёлд ингэж “эзний ёсоор” хандаж буй, ийм “оюуны, соёлын” баялаг бүтээгч эрхэм, ийм алсын хараатай Төрийн түшээ хаана байна? Ийм хүн байна гээд надад хариу хэлэх хүн байна уу?

Улс төрчид дунд бие биенийгээ “идэж уусан”, “худал хоосон амлагч” гэх мэтээр сонин хэвлэл, мэдээлэлийн хэрэгсэлээр сайн муу хэлэх юм зөндөө л харагдах юм. Гэтэл нүдэн дээр нь илт харагдаж, сүндэрлэн боссон аугаа их Монголын түүх соёлын бүтээн байгуулалт, монголын археологийн шинжлэх ухааны асар их зардал, өртөг өндөртэй малтлага судалгааны ажилд хамгийн анх удаа хувийн хөрөнгө оруулалт хийгээд тэрхүү олж илрүүлсэн эд өлгийн зүйлс нь Монгол улсын түүх-соёлын хосгүй үнэт зүйлс болоод олон түмэн ардын нүдийг баясгаж, сэтгэлийг гэрэлтүүлээд байхад УИХ-ын гишүүн Х.Баттулга гэдэг энэ хүний оролцоо дэмжлэг, хувь нэмрийг яагаад ярихгүй байгаа юм болоо?

Монгол улсын нутаг дэвсгэр дээр өнөөдөр газрын доорхи байгалийн баялаг ашиглан улс орны эдийн засгийг өөд татна, хүн амын амжиргааны түвшинг дээшлүүлнэ гэсэн хоосон амлалттай хичнээн уул уурхайнууд, манай улсын газрын хөрсөн дээр ил, далд байгаа булш хиригсүүр, хөшөө дурсгал, Монголчууд үеийн үед эдгээр газруудад амьдарч байсны баталгаа болсон түүх-соёлын өв соёлуудыг устгаж байгаа тухай яагаад ярихгүй байнаа?

Монголчуудыг өнөөдөр цэрэг зэвсгийн хүчээр ямар ч гадаадын улс орон эзлэн авахгүй, тийм боломж ч байхгүй, харин Монголын түүх соёлыг үгүй хийх, аугаа их түүх соёлыг мартагнуулан, үндэстэнийх нь хувьд “хэн ч биш” болгох бодлого бол бүр ил цагаандаа гараад явж байгаа. Ийм “хар муу” явуулгын эсрэг Монгол хүн, Монголын улс төрч, Монголын баялаг бүтээгч хүн тэмцэж явах ёстой биз дээ? Ингэж тэмцэж яваа улс төрч, хичнээн баялаг бүтээгч хүн гэвэл УИХ-ын гишүүн Х.Баттулга юм. Монголын түүх-археологийн шинжлэх ухаанд өөрийн хөрөнгөөр ийм том судалгааны ажил хийлгэсэн ямар хүн байна?

Өөртөө үнэтэй торго дурдан дээл хувцас “хэдэрсэн”, үнэтэй чулуун хөөрөг, алт мөнгөн бүсээр “чимэглэсэн”, санаанд багтахын аргагүй их “үнэ цохиж авсан” хурдан морьтой улс төрч, “баялаг бүтээгч” нар бол телевизүүдээр бол олон харагдаж байнаа. Ийм улс төрч хүмүүс өөрсдийгээ түүх-соёлоо хөгжүүлж байна, хадгалж байна гэж сайрхаж байхыг үзлээ, сонслоо. Хурдан морины уралдаан бол үнэндээ Монголын ард түмний түүх-соёл, ардын өв уламжлалын үлгэр жишээ гэхээс илүү “бэл бэнчингийн хүч чадал”, “үнэтэй жийп машины хүч хурдаа үздэг” уралдаан цэнгээний зугаа болчихоод байна шүү дээ. Өөрийнхээ “хөлсөө урсгаж, ясаа үйртэл хүчээ үзэж буй бөх” нь болохоор “улс төрч” учраас наадамд оролцож болохгүй, “ил далд тоог нь хэлж чадахгүй ашгаа” харуулах гэж “нойр хоолоо” хасаж яваа морь уядаг “улс төрч” нь болохоор тод манлай алдарт уяач нар болоод наадамд оролцоод “явж” байдаг. Танин мэдэж, учрыг олж, хужрыг тунгаах шинжлэх ухаанд зарцуулсан хөрөнгө мөнгө болон тансаг бэлтэйгээ гайхуулан харуулах хурдан морины уралдаанд зарцуулсан хөрөнгө мөнгөний үнэ цэнийг дэнслэн бодох улс төрч, баялаг бүтээгч байна уу? өнөөдөр.

Ийм энгийн нэгэн харьцуулалтаар өнөөгийн Монголын улс төрчдийг миний бие өөрийн нүд сэтгэлээр харьцуулан авч үзсэн. Миний мэдэхийн Монголын түүх соёл, Монголын алс ирээдүйн асар их шавхагдашгүй том баялаг, ийм алсын хараатай төсөлд анхаарал хандуулан ажиллаж тэмцэж байгаа улс төрч гэвэл УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулга гэж хаана хэнд ч хэлж чадна. Түүний бүтээж буй үйлс нь, санаж сэдэж хийж буй ажил нь ингэж харагдаж байгаа нь монгол түмний өмнө ил байна. Бидний Монголчууд “Даравч дардайна, Булавч бултайна” гэж хэлдэг. Энэ хүний хийж бүтээж буйг яаж ч “хараар будах” гэж оролдсон хийсэн бүтээсэн нь улам бүр сүндэрлэн харагдсаар л байх болно.

Бидэнд хожим ямар ч их хэмжээний алт, мөнгө, үнэт эрдэнэсээр үнэлэхийн аргагүй асар их түүх-соёлын арвин баялаг байна. Уул уурхайн баялагийг ухаад дуусна, түүх соёлыг устгаад орхивол дахин сэргээх гэж анх байснаас нь хэдэн зуу, мянга дахин их зардал гаргана, гаргаад ч нэхэн сэргээж босгож чадахгүй болчихсон байж мэднэ. Үндэсний баялаг бол дан уул уурхайн эрдэс, эд баялаг, дан ганц эдийн засгийн үр ашиг, хонжоо биш. Бидний хэн байсан, цаашдаа хэн байхыг харуулан, гэрчлэх тэр аугаа их түүх-соёл минь болно. Хүн төрөлхтөн хэдэн зууны турш бүтээсэн соёл иргэншлүүдээ сайн, муу, сайхан муухай, бүдүүлэг, соёлтой хэмээн ангилж, ялгаж үзэсээр байгаад энэ нь маш том төөрөгдөл болохоо ухааарч эхлээд байна. Хүний байгаль орчинтойгоо зохицон амьдрах чадвар бүхий нүүдлийн соёл иргэншил бол хүн төрлөхтөний оршин амьдрах эх үндэс, аж үйлдвэр, аж ахуйн үсрэнгүй хөгжил гээд гайхуулаад байсан тэр их техникийн үзүүлэлтүүд хөгжил цэцэглэлт биш болоод байгааг ухааран, хүн өөрөө хөгжиж байна гэдгээрээ өөрийн гэр орон болсон байгаль дэлхийгээ хөнөөн устгаж эхлээд байгаагаа мэдэрч эхэлсэн юм.

4000-5000 жилийн турш оршин тогтнож байсан нүүдлийн мал аж ахуйн соёл иргэншилтэй бидний Монголчуудын бүтэээсэн аж ахуй, оюуны соёлын баялаг бусад хүн төрөлхтний хөгжингүй гээд байгаа ард түмнүүдийн соёл иргэншилээс дутахааргүй их зүйлийг бүтээсэн. Тэр их баялаг түүх-соёл нь хүн төрлөхтөний өнө мөнх амьдрах эх үндэс суурь болж байна гэдгийг ухаарсан улс төрч гэвэл “ЖЕНКО” Х.Баттулга байна. Би энэ хүнийг алт ухаж байна гэж дуулаагүй, байгаль дэлхийгээ сүйтгэж байна гэж дуулаагүй. Тэртээ тэргүй алдаж, оносон амьдралыг сайн мэдэх Д.Төрмөнх сэтгүүлч хангалттай бичсэн.

Өөрт нь “сохор ч зоосны ашиггүй” ч Хүннүгийн аугаа их түүхийг судлах гэсэн ядуу судлаачийн “том хүсэл” мөрөөдлийг, БСШУЯ-ны шинжлэх ухааны судалгааг хариуцан ажиллаж буй түшмэлээс илүү, ямар ч сайдаас нь ч илүү “олж харсан” ухааны их цараатай төрийн хүн гэдгийг би мэдэрч ойлгосон. Энэ хүн өнөөдөр “Би Монголын түүх-археологийн шинжлэх ухаан, Монголын түүх-соёлд ийм их хэмжээний мөнгө хөрөнгө зарцуулсан” гэж хэнд ч дурсаж, “цээжээ дэлдэхгүй” байгаа. Хажууд нь “Би бас чамтай адилхан ингэж Монголын түүх-археологийн шинжлэх ухаан, түүх-соёлд хувийн хөрөнгө, мөнгө санхүүг зориулсан” гээд барьцаад хэлчихээр “хоншоортой” улс төрч, баялаг бүтээгч ч байхгүй байгаа. “Би энэ их арвин түүх-соёлын дурсгал илрүүлэн олоход хөрөнгө мөнгөөр тусалсан юм чинь энэ минийх болно гэж” огтхон ч санаархаагүй. Энэ хүний монголын археологийн шинжлэх ухааны судалгаанд оруулсан хувийн хөрөнгө оруулалтыг нь “хардаж”, тэр хүнд “түүх-соёлын үнэт дурсгалт зүйлүүдийг өгчихсөн” гэсэн хардлага сэрдлэгэ бол гарч байсан. УИХ-ын Х.Баттулга ямар ч гүтгэлгэ, хардлага сэрдлэгийн өмнө хэдэн мянганы турш хатаагдсан “болд сэлэм” шиг цэх шулуун, гудайхгүй омог бардам дүнхийх “Алтай” шиг ноён нуруутай хүн. Түүний өөрийнх хэлсэн шиг “Бодоо шиг, арай 100 жилийн дараа Монголын төрд зүтгэснийг минь үнэлэхгүй байлгүй дээ” гэсэн итгэл найдвар нь, хийж бүтээснийг тань сайн мэдэх Монголын мянга мянган эрүүл саруул ухаантай ард түмэн чинь таны ар талд байна.

Археологич Д.Эрдэнэбаатар миний бие “ЖЕНКО” Х.Баттулга гэдэг хүнтэй гурав дөрөвхөн удаа ажил хэргийн уулзалт хийсэн. Улс төрчийнх нь хувьд, баялаг бүтээгчийнх нь хувьд монголын мянга мянган иргэдийн нэгэн адил телевиз, сонин хэвлэлийн мэдээнээс хардаг нэгэн. Ойр дотно байж үзээгүй, найзалж “дал мөрийг” нь алгадаж үзээгүй. Гагцхүү Монголын түүх-соёлыг бишрэн дээдлэгч, халуун эх оронч гэдгийг л таньж мэдсэн ядуу бичээч. Миний мэдэх “ЖЕНКО” Х.Баттулга гэдэг ийм л хүн байна лээ.

2016 оны 2 сарын 19

 

Түүхийн ухааны дэд доктор, профессор. Улаанбаатарын Их Сургуулийн Археологийн тэнхэмийн эрхлэгч Д.Эрдэнбаатар Нэмж оруулсан 2017 оны 5-р сарын 6-ны өдөр Чикаго хот ХҮН ГҮРНИЙ СОЁЛЫН ЖИЛ - 2017 Археологич Диймаажавын Эрдэнэбаатар 2016 оны 2-р сарын 19 Түүх түүхээрээ байх сайхан. Эр хүн Эр хүнээрээ үлдэх сайхан. МИНИЙ МЭДЭХ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА Яг жилийн өмнө Монголын болон дэлхийн археологийн шинжлэх ухааны түүхэнд нээлт хийсэн археологич Хатагин овогт Д.Эрдэнэбаатар, Хүн гүрний түүхийн судалгаанд хосгүй үнэтэй хувь нэмэр оруулсан Х.Баттулгыг бусдын зүгээс элдвээр бөөрөлхөж, үгийн муугаар тамлан зовоож, найз нөхөдгүй шахам ганцаардан шаналж байх үед хэнээс ч айлгүй, эр хүний ЗАНГАРАГ гарган нөхрөө өмөөрч ийнхүү бичиж байлаа. Худал муусайн ховын үгээр дайрч доромжилж байсан тэр үед миний бие Д.Эрдэнэбаатар ахад хандан Та одоо л нөхрийнхөө төлөө үгээ хэлэх цаг, надад нийтлэл бичиж өг хэмээн тулган хэлэхэд удалгүй ийн сайхан өмгөөлсөн сүр бараатай нийтлэл бичиж өгч билээ. ХҮН ГҮРНИЙ ТҮҮХЭНД ТҮҮХЭН ГАВЪЯА байгуулсан, ХУВЬТАЙ ХИЙМОРЬТОЙ энэ ХОЁР Монгол эр хүнээр ӨНӨӨДӨР би бахархаж байна. ХҮН ГҮРНИЙ СОЁЛЫН ЖИЛ -2017 амны билгээр бадрах болтугай. ХҮН ГҮРНИЙ АУГАА ИХ ТҮҮХТ НОЁН УУЛ ДЭЛХИЙН ТҮҮХЭН ДУРСГАЛТ ОРОН БОЛОХ БОЛТУГАЙ. ХҮН ГҮРНИЙ ХҮЛЭГ МОРЬДОО ДӨРӨӨЛӨН ХИЙМОРЬ БАРААТАЙ ДОВТОЛГОХ БОЛТУГАЙ. ГОЛ МОД -2 дагшин газарт ХҮННҮГИЙН АЗАРГА үүрсэн дүүхэлзэж ЗАМ ТОСОН гарч ирэн алмайруулж байсан тэр сайхан түүхээ Д.Эрдэнэбаатар ахин хэлээрэй. Хэзээ нэгэн цагт таны хийсэн бүтээснийг ард түмэн үнэлж МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СОЁРХОЛТ ЭРДЭМТЭН ХАТАГИН ОВОГТ ДИЙМААЖАВЫН ЭРДЭНЭБААТАР хэмээн дуудах цаг ирж л таараа. Хүндэтгэсэн Ц.Батмөнх
Шинэчлэгдсэн огноо: 2017 оны 5 сарын 06, Бямба гараг
Уншсан: 5785 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 5 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
  1  2  3  4  5  6  7
  8  910111213
15161718192021
222324252627
293031    

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

Гадаадад буй монголчууд МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛЭГЧ-ийг сонгох СОНГУУЛЬ-д оролцоно

Гадаадад буй монголчууд МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛЭГЧ-ийг сонгох СОНГУУЛЬ-д оролцоно *ЯАГААД СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ЁСТОЙ ВЭ? Яс үндэс, нас хүйс, шашин шүтлэг зэргээр ялгаварлан гадуурхахгүйгээр,... 2017 оны 5 сарын 8

Б.Уранчимэг

UMONTV-ийн нэвтрүүлэг (Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулганы илтгэлүүд-4) 2017.05.06

UMONTV-ийн нэвтрүүлэг (Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулганы илтгэлүүд-4) 2017.05.06 АНУ-ын Чикаго хотод болсон Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулга уулзалтын 3 дахь өдөр тавигдсан... 2017 оны 5 сарын 8

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.05.05

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.05.05 МТВ ҮЗҮҮЛЖ БАЙНА: Монголын парламентын түүхээс Америк дахь Монгол Телевизийн байнгын үзэгч-дэмжигч... 2017 оны 5 сарын 6

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2