Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Уран нугаралт

2017 оны 10 сарын 30, Даваа гараг  .:.  Бичсэн: 
(1 үнэлгээтэй)
nugaraltУран нугаралт (Төрийн шагналт Ардын жүжигчин Т.Цэнд-Аюуш багшийн 90 насны ойд зориулав)

Монгол оронд циркийн урлаг үүсч хөгжсөний 76 дахь жил тохиож буй нь дэлхийн хөгжилтэй улс орнуудтай харьцуулахад тийм ч олон жил биш боловч олсон ололт, бүтээлүүд нь чамлахааргүй амжилтыг үзүүлж байгаа билээ. Монголын Циркийн нэр хүндийг дэлхий дахинд өндрөөр өргөж буй нэг төрөл нь Монгол Циркийн нэрийн хуудас болтлоо алдаршсан уран нугаралт ба энэ төрлөөр хичээллэдэг монгол залуус дэлхийн өнцөг булан бүрт амжилт үзүүлж байгаа нь гадныхныг төдийгүй монголчуудыг ч уран нугаралт гэх төрөл монголд үүссэн юм болов уу хэмээх эргэлзээнд хүргэдэг. Тиймээс хаана ямар түвшинд хөгжсөөр өнөөгийн сонгодог хэлбэртээ хүрсэн бол гэх асуулт зүй ёсоор урган гарч байгаа юм.

Түүхийн хуудсыг эргэн сөхвөл 1990 оноос хойш монгол улсын нээлттэй гадаад бодлого, хөгжлийн үүд хаалга нээгдэж монголын олон циркчид гадаад улс орнуудад гэрээгээр чөлөөтөй яван тоглож, хүссэн тэмцээндээ оролцож эхэлсэн цаг үеэс л дэлхий дахины циркчдийн уран бүтээл, тэдний олон мянган жилийн түүхтэй танилцах боломж олдо, удаан хугацаагаар хамтран ажиллан, туршлагаа солилцож байх боломж бүрдээд зогсохгүй, цахим мэдээлэл өндөр хөгжсөн энэ үед ямар ч мэдээллийг дуртай сайт руугаа ороод авахад тун хялбар болжээ. Миний хувьд уран нугаралт нь дэлхийд циркийн урлаг үүсч хөгжсөн түүхтэй салшгүй холбоотой болох талаар товч танилцуулаад, Монголын уран нугаралт нь олон улсын циркийн тавцан дээр Монголын циркийн нэрийн хуудас болтлоо алдаршихад хүргэсэн гол онцлог нь чухам юундаа байсан зэргийг товч танилцуулахыг зорьлоо.

Дэлхийн Циркийн Уран нугаралтын түүхэн уламжлал

Эртний Египет, Грек болон Ромын соёл иргэншлийн үеийн уран баримал, зургуудад уран нугарагчдыг дүрсэлсэн байдаг нь эрт дээр үеэс л хүмүүс нугарч байсныг гэрчилдэг. Египетийн эртний циркийн түүхэнд "Уран нугаралтын дүр зураглал нь ихэнх төлөвдөө нарийн нандин, тааламжтай гэхээсээ илүү ер бусын, сонин хачин, өвөрмөц гэдгээрээ онцлогтой. Уран нугарагчид бол тамирчин хийгээд бүжигчний чадварыг аль алийг нь хослуулж чаддаг хүмүүс юм” хэмээжээ.

nugaralt2
/Aрхеологийн малтмалаас олдсон шавар баримал/

nugaralt3
/Археологийн малтмалаас олдсон шавар ваар/

nugaralt4
/Эртний Грекийн баяр наадамд нугарч байгаа жүжигчин/

Түүнчлэн зарим судлаачид уран нугаралтыг биеийн тамир болоод акробатын нэг төрөл гэж үздэг байсан бол зарим судлаачид бүжгийн язгуур үзүүлбэр ч гэж үзэх нь түүгээмэл байв. (The Circus Review “ - The only All - Circus Newspaper published in America.)

Мөн Энэтхэгийн ёогын дасгал сургуулилтанд уран нугаралтын олон хэлбэр тусгагдсан байдгаас хамгийн гол төрлүүд болох хойшоо болон урагшаа нугарах энгийн дасгалууд нь өнөөдөр дэлхийн хүн бүрийн өдөр тутам хийх дуртай дасгал болжээ. Уран нугаралтын тухай хамгийн эртний гар бичмэлд тэмдэглэгдсэн нь 2500 жилийн өмнө ба тэр нь Хятадын акробат дахь уран нугаралтын тухай юм. Хятадууд эрт дээр үеэс “Хүний биеийн уран хурц ухааныг уян налархай чанар хэмээн үнэлдэг байжээ. Тийм ч учраас Хятадын үндэсний спорт Кун Фу, ардын бүжиг, акробатын амин чухал гол хэрэглүүр нь бие мах бодийн уян хатан чанар гэж үздэг байв.

nugaralt5
/Ёога дасгал хийж байгаа нь/

nugaralt6 nugaralt7
/Хятадын Кун Фу дасгал сунгалт/

Хятадын эрт дээр үеэс уламжлалтай, акробат үсрэлт тэнцвэр хослуулсан циркийн үзүүлбэрүүдийг 1949 онд БНХАУ улсын засгийн газар анхааралдаа авах болсноор циркийн урлаг хөгжиж, өнөөдөр Хятадад 200 гаруй том жижиг циркийн хамтлагууд эх орондоо болон дэлхийг тойрон аялан тоглолт хийж байна. Хятадын уран нугаралтын үзүүлбэрийн олонхи нь хөл болон толгой дээр нэгэн зэрэг давхарлан тавьсан шаазан аягануудын тэнцвэрийг олж, хоёр гараараа маш олон тооны тавгийг эргүүлэх зэрэг нарийн тэнцвэрийн гүйцэтгэлүүдийг хослуулсан байдаг. Мөн тэнцвэрийн үзүүлбэрт болон акробатын хамтлагаар тоглосон үзүүлбэрт уран нугаралтын элементүүд ч орсон байдаг.

nugaralt8
/Хятад жүжигчид уран нугаралтын үзүүлбэрийг нарийн тэнцвэртэй хослон хийж байгаа нь/

nugaralt9
/Монте Карло болдог Олон улсын циркчдийн тэмцээний “Алтан Алиалагч” шагналт Хятадынн жүжигчин ЛинПинг/

Харин 1768 онд Англид анхны орчин үеийн суурин циркийн үндсийг тавьснаас хойш Европын орнууд болон Америкийн хотуудаар суурин болон нүүдлийн циркүүд үүсч, хөтөлбөрт нь энгийн хялбар хөдөлгөөнтэй уран нугаралтын ганц нэг үзүүлбэр тоглогдож байсан мэдээ байдаг.

nugaralt10
/Английн уран нугарагчид 1840 оны үе/

1864 онд Германд төрсөн Н.В. Маринелли гэдэг эрэгтэй уран нугарагч 1885 онд Америкт “Ясгүй хүн” гайхамшигт тоглолтыг үзүүлж нэрд гарч байсан ба Америкт өнөөдрийг хүртэл уран нугаралтын үндсэн төрлүүдийн нэг болох арагшаа нугаралтын хэд хэдэн хөдөлгөөний гүйцэтгэл болон ,тусгай хэрэгслийг зууж, аман дээр тогтох гайхамшигт үзүүлбэрийг дэлхийн циркийн түүхэнд энэ хүний нэрээр “ Маринелли бенд” “ Маринелли трюк “ гэж нэрлэсээр иржээ. ( Н.В. Маринелли 1864 - 1924. The Encyclopedia of Vaudeville.)

1813 - 1877 оны хооронд амьдарч байсан Э. Клишник 1842 онд Вена хотод “ Хүн сармагчин” гэдэг үзүүлбэрийг анх удаа тоглосноор уран нугаралтын үндсэн төрлүүдийн нэг болох урагшаа нугаралтыг энэ хүний нэрээр Клишник гэж нэрлэх болсон байна.( Б. Батболд “ Монгол циркийн нэвтэрхий толь” ( Цирковое Искусство России. Энциклопедия. 193 хуудас)

Уран нугаралтын үзүүлбэр циркийн бусад төрлийн үзүүлбэрүүдийг бодоход их ховор, түгээмэл биш байлаа. Үүнтэй холбогдоод 1963 онд Америкийн “ Muscle Power Magazine”-d “Forgotten Acrobats of the Arena” буюу “Мартагдсан циркийн акробат” нэртэй сэтгүүлүүдэд уран нугаралтын тухай сонирхолтой нийтлэлүүдийг хэвэлж байжээ.

nugaralt11
/Уран нугарагч Маринелли. Энэ хүний нэрээр арагшаа нугаралтын гол хэдэн хөдөлгөөний гүйцэтгэлийг нэрлэдэг/

1920 оны эхээр Зөвлөлтийн Эстрадын анхны хөтөлбөрт Мария Понна, Александр Каверзин нар нугаралтын энгийн хөдөлгөөнт гүйцэтгэлтэй “ Уран хөдөлгөөнт” хос акробатын үзүүлбэрийг тоглосон ба эмэгтэй жүжигчний гайхамшигт уяан хатан хөдөлгөөн нь үзэгчдийг бишрүүлж байжээ. (Герушини Е.П “ Рассказываю об Эстраде искусство 1968 г.” ) Мөн Валентина Сергеевна, Александр Таскин нарын “ Змея - могой” уран хөдөлгөөнт этюд, Анна Мозговая Эдуард Тараховский нарын уран хөдөлгөөнт акробатад уран нугаралтын илүү ахицтай хөдөлгөөн “эгцээрээ суудаг шпагат” нэмэгдсэн нь тэр үедээ “Мозговая - шпагат” гэж алдаршиж байсан байна. 1927 онд ЗХУ-д анхны Циркийн сургууль байгуулагдсан нь дэлхийн циркийн урлагт үсрэнгүй хөгжил болсон төдийгүй циркийн урлагийг театр, бүжиг, дуурийн урлагийн хэмжээнд хүртэл хөгжүүлэх зорилго тавьж тусгай хөтөлбөрөөр циркийн төрөл бүр дээр сурагчид элсүүлж мэргэжлийн жүжигчид бэлтгэдэг болжээ. Тэрхүү циркийн сургуульд социалист орнуудын залуу боловсон хүчнүүдийг бэлтгэн төгсгөж байсан бөгөөд энэ үед зөвлөлтийн циркт Юф, Е.А. Шкунова зэрэг жүжигчид энгийн хөдөлгөөнт уран нугаралтын үзүүлбэрийг тоглож байв. Харин 1960 онд Галина Тарбеева зөвлөлтийн циркийн дунд сургуулийг бие даасан уран нугаралтын үзүүлбэрэээр төгсөж түүнээс хойш Нина Хорева, Евгения Страшная ,Тамара Лязгина, Ирина Мулик , Даля Куткайте, Карима Зарипова зэрэг авъяаслаг уран нугарагчид төрж гарчээ. Зөвлөлтийн циркийн уран нугаралтын үзүүлбэрийн олонхи нь сонгодог бүжгийн тавилттай, мөн уран сайхны гимнастикийн хөдөлгөөн хослуулсан байдаг ба агаарын төрөл бүрийн үзүүлбэрт цэвэр тэнцвэрийн үзүүлбэрт ч уран нугаралтын гүйцэтгэл хөдөлгөөнүүдийг хамтад нь гүйцэтгэсэн байдаг.

nugaralt12
/Уран хөдөлгөөнт акробат. Оросын жүжигчид уран нугаралтын хөдөлгөөнийг хослуулан хийж байгаа нь/

nugaralt13
Оросын уран сайхны гимнастикч охидууд.


Монголын Уран Нугаралтын үүсэл хөгжил

Монголын уран нугаралтын түүхт уламжлал, уран нугаралтыг хөгжүүлэхэд оролцсон бие төлөөлөгчдийн талаар Ё.Доржсүрэн (Монголын Цирк ) , Б. Норовсамбуу ( Монголын Уран нугаралт) Ё.Батболд (Монгол Циркийн Нэвтэрхий Толь) ,Н. Батмөнх( Циркийн Урлаг) гэсэн номуудад дэлгэрэнгүй бичигдсэн тул зөвхөн энэ сэдэвтэйгээ холбогдох хэсгээс ишлэн оруулав.

18-р зууны үед Говийн ноён хутагт Данзанравжаагийн Саран хөхөө театрын тайзнаа Монголын уран нугаралтын анхны үзүүлбэр тоглогдож байсан тухай баримт бий. 19-р зууны үед Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын малчин ард Мушгиа Шарав гэх хочтой Шаравсамбуу гэдэг хүн 70 нас гарсан ч урагшаа нугардаг авъяастан байсан түүхт баримт байдаг. /Ё.Батболд-Монгол Циркийн Нэвтэрхий толь/

Манай оронд шинээр үүсэн хөгжиж буй мэргэжлийн урлагийн байгууллагууд, цирк, болон биеийн тамир спортыг хөгжүүлэх явдалд Зөвлөлтийн урлагийн нөлөө их байлаа. Өнө эртнээс нааш шашны урлагийн үзүүлбэр болох цам майдраас өөр зүйл төдийлөн үзээгүй монголын олон нийтэд 1930-аад оны эхээр тус оронд айлчилсан Зөвлөлтийн циркчдийн тоглолт онцгой шинэ сонин болж түүнээс орчин үеийн циркийн урлагтай танилцах үүд нээгджээ.( Ё. Доржсүрэн “ Монголын Цирк ). 1931-1939 оны хооронд Монголд Зөвлөлтийн циркийн хэсэг 4 удаа айлчлан тоглосон хөтөлбөрт Юфийн уран нугаралтын үзүүлбэр тоглогдож байв. Монголын ирээдүйн циркийн суурь болсон “Уран” биеийн тамирын сургууль 1935 онд байгуулагдсан ба түүнийг 1934 онд Москва хотын циркийн урлагийн техникумд сайн дураараа суралцаад төгсөөд ирсэн Ж.Раднаабазар удирдаж, 1936 онд тоглогдсон хөтөлбөрт нь жүжигчин Ё. Дорж “Нугарсан биеийн хүч, нумласан уяны эвийг үзүүүлнэ” уран нугаралтын үзүүлбэр тоглосон байна. 1939 онд Улсын төв театрын дэргэд байгуулагдсан циркийн ангийн анхны хөтөлбөрт Улсын гавъяат жүжигчин Г. Эрдэнэцэцэг (Ирина ) Д. Гомбо нарын “ Уран хөдөлгөөнт этюд” үзүүлбэрт уран нугаралтын маш энгийн хөдөлгөөний гүйцэтгэлийг үзүүлж байжээ.

Елена Алекссевна Шкунова нь Зөвлөлтийн циркийн жүжигчин багш найруулагч бөгөөд циркт ажиллах хугацаандаа уран нугаралт, тэнцвэр, гимнастикаар нарийн мэргэжил эзэмшин түүниийгээ монгол шавь нартаа заан сургажээ. Ингээд 1941 оны 7 сарын 10-нд нээгдсэн Монголын циркийн хөтөлбөрт Е. Шкуновагиийн шавь Т. Цэнд Аюуш уран нугаралтын үзүүлбэрээ анх удаагаа тоглосон байна.

Монголын циркийн хөгжлийн энэ эхэн үед П. Бадарч, З. Дэмчигжав, Д.Цэгмаа, Д.Норов, Д. Мажигсүрэн Д. Доржпалам нарын жүжигчид нугардаг байсан ба уран бүтээл нь энгийн (трюк) гүйцэтгэл хөдөлгөөнт үзүүлбэрээс бүрддэг байжээ. (Трюк- орос хэлэнд тrick-англи хэлэнд энэ үг нь циркийн тоглолтод биеэр гүйцэтгэх хөдөлгөөний үйлдэл болно. Энэхүү биеэр гүйцэтгэх хөдөлгөөний үйлдлээс циркийн үзүүлбэрийн тоглолт бүрддэг). /Н. Батмөнх-Циркийн урлаг/

Эдний дотроос 1948 онд Төрийн шагналт Ардын жүжигчин Д.Мажигсүрэн Уран нугаралтын үзүүлбэртээ хоёр буюу нэг гар дээр зогсох тусгай хэрэгслийг зууж аман дээр тогтон нугарч, хоёр гараа өргөн тэнцүүлэн зогсох (оросын циркийн хэллэгт: Зубник, Америкт: Mouth grip буюу Marinelli trick) зэрэг дэвшилтэт гүйцэтгэл хөдөлгөөнүүдийг, 1956 онд жүжигчин Д. Доржпалам уран нугаралтын үндсэн хоёр төрөл арагшаа нугаралт болон урагшаа нугаралтын гүйцэтгэл хөдөлгөөнүүдийг хослуулсан үзүүлбэрийг бүтээн тоглосон нь давуу талтай болсон байна.

nugaralt14
Улсын Гавъяат Жүжигчин Г. Ирина жүжигчин Д. Гомбо.

nugaralt15
Төрийн шагналт Ардын жүжигчин Т. Цэнд Аюуш.

nugaralt16
Дэлхийн Залуучууд Оюутны-3 Их Наадмын шагналт Tөрийн шагналт МУГЖ Д. Мажигсүрэн. 1948 он.

nugaralt17
Дэлхийн Залуучууд Оюутны 7- р Их Наадмын Тэргүүн шагналт жүжигчин Д.Доржпалам


Монголын Уран нугаралтын цэцэглэлтийн үе ба Монголын Уран Нугаралтыг дэлхийн циркийн дэвжээнд алдаршуулсан уран бүтээл болон оргил болсон үзүүлбэрүүд

Монголын уран нугаралтын шинэ үеийн цэцэглэлтийн түүх 1960 онд Төрийн шагналт, Ардын жүжигчин Т.Цэнд-Аюушын найруулан тавьж, Төрийн шагналт Ардын жүжигчин Б.Норовсамбуугийн тоглосон “Ваартай уран нугаралт” үзүүлбэрээр эхэлжээ. Монголд 1930-аад онд Зөвлөлтийн циркийн бригадын хөтөлбөрт тоглогдсон Юфийн уран нугаралт 1958-онд Хятадын циркийн бүрэлдэхүүнд ирж тоглож байсан Xia Juhua буюу Сайзан хуарын “Аяагатай” уран нугаралтын үзүүлбэрүүд Т.Цэнд-Аюуш багшийн уран бүтээлд тусгалаа олж, түүний эхний уран бүтээл нь хийж байгаа хөдөлгөөний гүйцэтгэлээрээ хөгжмийн сонголт найруулан тавилтаараа өмнөх уран нугаралтын үзүүлбэрүүдийг хол давсан сонгодог бүтээл болсон юм.

nugaralt18
/Монголын уран нугаралтын сургалтыг үндэслэгч, Уран нугаралтын сонгодог үзүүлбэрийн эхлэлийг тавьсан Төрийн шагналт, Ардын жүжигчин Т. Цэнд Аюуш/

nugaralt19
/Дэлхийн Залуучууд Оюутны 8-р Их Наадмын Алтан медалт Төрийн шагналт Ардын жүжигчин Б. Норовсамбуу/

1960-1990 оны монголын уран нугаралтын оргил болсон энэ үед уран нугаралтын төрөлд, үзүүлбэрт оролцож байгаа бүрэлдэхүүнээс шалтгааж “Гоцлол нугаралт”, “Хос нугаралт”, “ Олноороо нугаралт”, хэрэглэгдэж буй тоног хэрэгслээсээ шалтгааж “Олсон дээрх нугаралт” “Цагираган дээрх нугаралт” “Першэн дээр нугаралт” “Сандал дээрх нугаралт” “ Тэмээн дээрх нугаралт”, үзүүүлбэр тус бүрийн утга санаа, агуулга сэдвээс хамаарч “Аягатай нугаралт” , “ Тавагтай нугаралт”, “Тагтаатай нугаралт”, “Монгол хатад”, “Сонгодог ” “Модерн” зэрэг уран сайхны төгс шийдэл найруулалтай шинэ зүйл үзүүлбэрүүд төрж гарчээ. Энэ үеийн уран нугаралтын ихэнх үзүүлбэрүүд нь хээ угалзаар чимсэн гоёмсог ширээн дээр монголын уран аялгуут хөгжмийн дор үегүй юм шиг туялзан хөдлөх уян налархай гоо үзэсгэлэнт бие бялдар, хөнгөнөөс хүнд рүү шилжэн урсах уран нугаралтын чадварлаг хөдөлгөөний гүйцэтгэл цогцолборыг ( трюк ), монгол үндэсний бүжгийн намбaлаг энгийн хөдөлгөөнтэй хослуулан тоглогдсон нь үзэгч бүрийн гоо сайханы таашаалыг дээд зэргээр татсан сонгодог бүтээлүүд болж чадсан юм. Энэ үеэс эхлэн Уран нугаралтын сонгодог үзүүлбэрүүд Монголын төрийн болон их хурлын концертуудад тоглогдон, Монголын үндэсний урлагийн шилдэг төлөөлөгчид болох морин хуурын тоглолт, уртын дуу, хөөмий ,монгол үндэсний бүжигтэй эн зэрэгцэн дэлхийн улс орнуудад зохиогддог Монголын Соёлын өдрүүдийн урлагийн тоглолтуудад оролцон, Дэлхийн Залуучууд Оюутны Их Наадмуудад Д. Доржпалам, Д. Мажигсүрэн, Б. Норовсамбуу , Я. Оюунчимэг, Д.Ундармаа нар оролцон алтан медалууд болон тэргүүн шагналуудыг хүртэж монголын үндэсний урлагийг дэлхий даяар сурталчилахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Ийм ч учраас монголын Уран нугаралтын сонгомол үзүүлбэрийг буй болгон монголын циркийн үндэсний урлагийн нэг төрөл болгон хөгжүүлснээрээ 1971 онд Т. Цэнд-Аюуш Д. Мажигсүрэн Б.Норовсамбуу нар Төрийн Шагнал хүртсэн билээ.

nugaralt20
/Улсын Гавъяат Жүжигчин Я. Оюунчимэг.1973 онд Берлин хотноо болсон Дэлхийн Залуучууд Оюутны 10- р Их Наадмаас “Алтан медал” хүртжээ./

“Монголын жүжигчний уран нугаралт бол дэлхийн шилдэг номерын тоонд зүй ёсоор орно” гэж цирк судлаач Юрий Дмитриев 1973 онд Москва хотын алдарт циркт тоглосон Б. Норовсамбуугийн “Ваартай уран нугаралт” үзүүлбэрийг үзсэн энэ дүгнэлтээр Монголын уран нугаралт олон улсын циркийн тавцан дээр зүй ёсоор үнэлэгдэж эхэлсэн юм.1979 онд Москвагийн циркийн 60 жилийн ойд зориулсан Олон улсын циркчдийн хөтөлбөрт Л. Наранцэцэг Ж. Эрдэнэчимэг нар “Хос нугаралт” бүтээлээрээ оролцон тоглож улмаар олон улсын циркийн үзүүлбэр, хөтөлбөрийг зуучилдаг агентлагуудын сонирхлыг татсанаар 1981 онд Латин Америкийн орнуудад: Аргентина ,Бразили, Уругвай -д Москва циркийн нэрийн дор болсон Социалист орнуудын хамтын тоглолтонд уригдан тоглосон нь манай улсын хувьд худалдааны анхны тоглолт болсон юм.

nugaralt21
/Монте Карлод болдог Олон Улсын Циркчдийн тэмцээний тусгай шагналт жүжигчин Ж. Эрдэнэчимэг Л Наранцэцэг/

Монголын циркчдийн оролцсон анхны тэмцээн 1981 онд Куба улсын Гавана хотод болдог Социалист орнуудын циркчдийн тэмцээнд Л.Энхцэцэг “ Аягатай нугаралт “ үзүүлбэрээр орж тэргүүн байрын шагнал авснаар эхэлсэн юм.

nugaralt22
/Гавана хотноо болдог Циркчдийн тэмцээний Тэргүүн байрын шагналт Парис хотод болдог “ Маргаашийн циркчид” тэмцээний Алтан медалт Улсын Гавъяат Жүжигчин Л. Энхцэцэг/

Энэ тэмцээнээс 1983 онд Ж.Эрдэнэчимэг “Гоц уран нугаралт”,1985 онд Х. Тунгалаг “ Тавагтай уран нугаралт, 1984 онд Э.Эрдэнэтуяа Вандантай уран нугаралт” үзүүлбэрүүдээр тэргүүн болон нэгдүгээр байрын шагналыг тус, тус хүртсэн юм.

nugaralt23
Гавана хотноо болдог Циркчдийн тэмцээний шагналт Х. Тунгалаг

nugaralt24
/Гавана хотноо болдог Циркчдийн тэмцээний Тэргүүн байрын шагналт Улсын Гавъяат жүжигчин Э.Эрдэнэтуяа/

Анх удаа Парис хотноо болдог “ Маргаашийн циркчид” тэмцээнээс 1983 онд Л. Энхцэцэг” Аягатай уран нугаралт” үзүүлбэрээр алтан медал, 1988 онд Одгэрэл “Сандалтай уран нугаралт”,1989 онд Д. Ундармаа “ Тагтаатай уран нугаралт” үзүүлбэрээр мөнгөн медал удаа дарааллан хүртсэн.

nugaralt25
/Парисын “ Маргаашийн Циркчид” тэмцээний мөнгөн медалт Жүжигчин Д. Ундармаа/

Мөн Монте Карло-д болдог Олон улсын циркчдийн тэмцээнд 1985 онд Ж. Эрдэнэчимэг Л. Наранцэцэгийн Хос нугаралтын үзүүлбэр Тусгай шагнал,1987 онд Я. Оюунчимэг Э. Эрдэнэтуяа нарын Хос нугаралтын үзүүлбэр “ Мөнгөн алиалагч” шагнал хүртсэн юм.

nugaralt26
/Монте Карло д болдог Олон улсын циркчдийн Тэмцээний “ Мөнгөн Алиалагч” шагналт Улсын Гавъяат жүжигчин Я. Оюунчимэг Э.Эрдэнэтуяа/

1980 оны сүүл гэхэд манай уран нугараагчид зөвхөн тэмцээнд оролцсоноор хязгаарлаад зогссонгүй Б. Энхцэцэг А. Отгонцэцэг нарын гоцлол болон хосолсон “ Аягатай нугаралт”, Л. Тунгалаг “Бариул дээр уран нугаралт” зэрэг үзүүлбэрүүд Олон улсын циркийн тоглолтуудад удаа дараа аялан тоглосон энэ үед Монголын уран нугаралт дэлхийн циркийн тавцан дээр нэр хүндтэй байр суурийг эзэлж эхэлсэн юм.

nugaralt27
/Жүжигчин А. Отгонцэцэг/

nugaralt28
/Жүжигчин Б. Энхцэцэг/

nugaralt29
/ Жүжигчин Ж.Эрдэнэчимэг Л Тунгалаг/

nugaralt31
1997 оны“ Маргаашийн Циркчид” тэмцээний мөнгөн медалт Нарны циркийн “ Алегриа” шоуны жүжигчид Ч. Өлзийбаяр Ц. Номин.

nugaralt31
Нарны Циркийн “О” шоуны жүжигчид. Лас Вегас хот.

nugaralt32 nugaralt33
/Аман дээр тогтох үзүүлбэрээр дээд амжилт үзүүлж Гинессиний номонд анх удаа бичигдсэн жүжигчин Л. Оюунгэрэл/

nugaralt34
/Монте Карло д болдог Олон улсын циркчдийн тэмцээний Хүрэл Алиалагч шагналт уран нугарагч жүжигчид. 2010 он/


Moнголын Уран Нугаралтын оргилд хүрсэн онцлог түүний мөн чанар

1960-1990 оны сүүл үе хүртэл монголын уран нугаралтын оргил үе болж Монголын циркийн нэрийг дэлхий дахинд алдаршуулсан юм. Өнөөдөр ч энэ амжилтын үндэс суурин дээр олон сайхан залуу уран нугараагчид төрж гарцгаан улс орныхоо нэр төрийг дэлхийн дахинд цууриатуулсаар явна.Монголын уран нугаралтыг өнөөдрийн энэ их амжилтанд хүргэсэн эх үндэс нь доорх шалтгаануудаас үүддэг.

1.Сургалт: Энэ нь монголчууд бид өөрийн гэсэн сургах дэг жаяг, заах арга зүйн онцлог уламжлал,эрэмбэ дараатай, тодорхой шаталсан бодлого, стратеги төлөвлөгөөтөй, тасралтгүй сургалтын тогтолцоотой, монголын урлагийн бусад төрлүүдийг бэлтгэдэг дунд сургуультай эн тэнцэх уран нугаралтын мэргэжлийн сургуулилт бий болсонтой салшгүй холбоотой юм.

1940 онд Монголд Циркийн анхны сургууль байгуулагдахад Зөвлөлтийн циркийн мэргэжилтэн багш нарын бүрэлдэхүүнд тэнцвэриийн төрөл дээр ажиллахаар ирсэн багш Елена Алекссевна Шкунова нь монголын уран нугаралтын сургалтын эх суурийг тавихад их нөлөөлөл үзүүлсэн юм. Шинэ юм бүхэн хуучин цаг үеийн түүхэн хөгжлийн хөрсөнд бүрэлдэн бий болж өсч хөгжиж байдгийн жишгээр Т.Цэнд Аюуш зөвлөлтийн мэргэжилтэн багш Е. Шкуноватай уран нугаралтын үзүүлбэр дээр хамтран ажиллаж, түүний арга барилд суралцаж улмаар 1956-1957 онд ЗХУ-д циркийн багш найруулагчийн мэргэжлээр дадлага хийсэн нь үнэтэй хувь нэмэр болсноос гадна хамгийн чухал нь өөрөө биеэрээ нугарч үзсэн туршлага нь уран нугаралтын жүжигчинг бага наснааас нь бэлтгэх нь илүү үр дүнтэйг олж харан 1956 онд Т.Цэнд Аюуш багш Б. Норовсамбууг 8 настайд нь анхныхаа шавиараа авч уран нугаралт зааснаар Монголын уран нугаралтын багш шавийн сургалт эхэлсэн юм.

Энэ сургалтын онцлог нь шавь нар нь циркийн сургуулиар бэлтггэдэж гарч байсангүй, цирк дээр ирж багштайгаа тодорхой цаг хугацаанд дасгал сургуулийг хийж гүйцэтгээд, жирийн дунд сургуульд явж сурдаг байсан уламжлал нь одоо ч гэсэн үргэлжилж байна. 1960 -1980 сүүл хүртэл багш нар зөвхөн төрөлхийн уян налархай бие бялдартай, авъястай хүүхдүүд дээр бэлтгэл сургуулилтыг явуулдаг байсан бол 1990 оноос хойш багш нарын удаан ажилласан туршлага, тэдний олж авсан мэдлэг дээр үндэслээд сургалтанд шинэчлэл гарч, сунгалт, шахалтын дасгалын аргаар жирийн хүүхдийг сургаж уран нугарагч болгож байна .

Гадаадын ихэнх орнуудад уран нугарагчдыг бэлтгэхэд чиглэсэн зорилготой дээрхи сургалтын тогтолцоо бүрэлдэж бий болоогүй, циркийн сургууль болон циркүүдэд уян налархай улсууд өөрсдөө голдуу сайн дураараа сурч, уран нугаралтын үзүүлбэр бэлтгэх буюу, эсвэл акробатын болон циркийн бусад төрлийн багш нар уян бие бялдартай жүжигчдийг сонгон авч уран нугаралтын үзүүлбэр бэлтгэн гаргадаг нь аль ч талаасаа тэдгээр нь (нурууны уяны чанар, уран нугаралтын техник үзүүлбэрийн чадлaap) монголын уран нугараагчтай эн зэрэгцэж чаддаггүй ажээ.

nugaralt35
/Төрийн шагналт Ардын жүжигчин Т. Цэнд Аюуш багш шавь нартайгаа сургууль хийж байгаа нь/

nugaralt36
Т. Цэнд Аюуш багш сурагч нартайгаа хамт. 2001 он.


2. Монгол хүний биеийн онцлог.

Уран нугаралтыг Олон улсын циркт “ Contortion “ гэдэг нэрээр, Уран нугарагч жүжигчнийг “Contortionist” гэж нэрлэдэг. Энэ үгийг Монгол Англи толь бичигт “ тахиралдах, тахиралдуулах утгатай гэж орчуулсан байна.

Contortion - Уран нугаралт дотроо:

Хойшоо нугаралт (Backbending) нь нурууны бүх хэсэг нь ( дээд буюу хүзүүний , дунд буюу далны, доод буюу түнхний ) ерөнхийдөө жигд уян байдаг. Энэ нь уран нугаралтын хамгийн түгээмэл төрөлд ордог.

nugaralt37
Хойшоо буюу арагшаа нугаралт.

Урагшаа нугаралт (Frontbending) нь нурууны доод хэсэг буюу түнхниий нугаралтын уян чанар нь илүү хөгжсөн байдаг. Энэ төрөл нь хойшоо нугаралт шигээ нэг их түгээмэл байдаггүй.

nugaralt39
Урагшаа нугаралт.

Биеэ хумхин жижиг болгон хайрцагт багтан орох ( Enterology) бүх үе мөчөө мултлах (Diclocations) зэргийг уран нугаралтын төрөлд багтаадаг боловч уран нугаралтын төгс үзүүлбэрийн гүйцэтгэлийг бүтээх талаараа дутагталтай байдаг.

nugaralt40
Үеэ мултлагч жүжигчин.

nugaralt41
Биеэ хумхин жижиг болгон хайрцагт багтан орж байгаа үзүүлбэр.

Монголын уран нугараачдын ихэнх хувь нь хойшоо нугаралтын төрөлд багтдаг. Урагшаа нугаралт цөөнх хувийг эзэлдэг ба үеэ мулталж биеэ жижиг болгодог үзүүлбэр ер нь байхгүй гэж хэлж болно. Нурууны гурван том хэсэг дээд буюу хүзүүний, дунд буюу далны, доод буюу түнхний бүх хэсгээр жигд уян байж чадаж байвал түүнийг төрөлхийн уян гэдэг. Төрөлхийн уян хатан хүн болгонд заяагддаггүй. Нэг хэсэг нь нурууны дунд буюу далаараа уян байхад нөгөө хэсэг нь доод буюу түнхээрээ илүү уян байдаг. Нурууны энэ хоёор хэсэг уян байх нь уран нугарагч хүнд хамгийн чухал байдаг. Энэ 2 хэсгийн аль нэг нь л уян байхад уяны чанараар дутагдалтай нурууны нөгөө хэсгийг сунгалт дасгалаар сайжруулж уян налархай болгож болно.

Монголын уран нугараачдын нуруу ерөнхийдөө бүх хэсгээрээ жигд уян байдаг ба хүүхэд бүрийн бие мах бодийн онцлогоос шалтгаалж дал буюу түнхний аль нэг нь илүү их уян байдаг. Тэдний бие мах бодь уян хатан байгаад зогсохгүй гайхамшигтай хүч чадлыг хослуулж байдаг. Жишээ нь 1998 онд Лас Вегас хотод нээгдсэн усан дээрхи “ О “ шоунд уран нугаралтын үзүүлбэрээр оролцон тоглосон Монголын 4 охин Т. Энхээ Д. Энхжаргал Г. Сараана Д. Намчинханд нар эхний 3 жилийн хугацаанд нэг ч тоглолтоос ямар нэг шалтгаанаар гаралгүй 2000 тоглолтыг гүйцэтгэж байсан нь монгол нугараагчдын дотроос болон бусад орнуудын уран нугараагчдыг аль ч талаараа давсан өндөр амжилтыг үзүүлсэн юм.

nugaralt42
Нарны Циркийн “О” шоуны анхны 4 нугарагч Т. Энхээ, Д. Энхжаргал, Д.Намчинханд, Г. Сараана

Дашрамд дээр дурдсан энэ онцлог чанаруудыг би өөрөө 50 гаруй жил энэ мэргэжлээр ажиллаж, 20 гаруй жил олон үндэстний хүүхдүүдэд уран нугаралтыг заан сургаж, мэргэжлийн уран нугараачдын уян хатныг хадгалах, хөдөлгөөний гүйцэтгэл үзүүүлэлтийг сайжруулах бэлтгэл дасгал дээр ажилласан олон жилийн туршлагаас сурч мэдсэн юм. Америк Африк Европын хүүхдүүдтэй ажиллаж байхад ихэнх нь бага насандаа яг л монгол хүүхдүүд шиг уян байдаг ба шилжилтийн насны үеэс эхлээд нурууны хатууралт явж эхэлдэг ба 25-30 насны хооронд зогсох шинжиндээ ордог. Тэд хүч чадлаараа ч үе насныхаа монгол нугараагчдыг гүйцдэгггүй. Жишээ нь 8-10 настай монгол нугардаг охин нэг өдрийн дасгал дээр хөлөө сугандаа хавчуулж хэвтэн, гар дээр түлхэж зогсдог суниалтыг 40 хийдэг байхад бусад орны хүүхдүүд 20 - 25 суниадаг.

nugaralt43 nugaralt44 nugaralt45 nugaralt46
/7 настай Марал охин гар дээр суниаж зогсож байна/


Уран нугаралт мэргэжлийн эмч нарын судалгаанд

Энэхүү гайхамшигт уян хатны үзүүлбэрийг хийдэг хүмүүсийн тухай эрт дээр үеэс сонирхолтой үлгэр домог яригдсаар иржээ. “Нугардаг хүмүүст яс байдаггүй байх”, “Нурууны яснууд нь хугарсан байдаг юм гэсэн” , “Тэд илүү үе мөчтэй” ,” Үеэ мөчөө мулталдаг юм гэнэ лээ “ , “ Нурууны яснуудын хоорондох зай нь жирийн хүнийхээс илүү байдаг юм “, “ Үргэлж могойн хортой тос түрхдэг юм гэсэн” ,“ Тусгай шингэн бэлдмэл уудаг юм гэнэ лээ” гэх мэтээр яригдаж байснаас гадна 19 р зууны үеэд ( arthritis) нурууны эмч нар эм тосоо сурталчихдаа зориуд уян нугардаг хүмүүсийг олны өмнө үзүүлж энэ тосыг түрхсэнээр ийнхүү уян болдог гэж үзүүлж байсан байна. Тэд үнэхээрч нуруу нугасны мэс заслын болон үе мөчний мэргэжлийн эмч нарын анхаарлыг зүй ёсоор татсаар ирсэн байна. 1900 оны үеэд Маринелли “Ясгүй хүн” гайхамшигт үзүүлбэрээ Парис хотын Анагаах Ухааны сургууль дээр 400 гаруй эмч нарын өмнө тоглож үзүүлж байсан байна. www.contortionhomepage.com 1935 онд Филаделфиад Пенсилваниагийн их сургуулийг төгсөгчид Нью Йорк хотод амьдардаг акробат бүжигчин гайхамшигт уян хатан Флоренсе Элта Барлов гэдэг эмэгтэй нурууг XRY - соронзон долгионоор гэрэлд харж оношлох судалгааг явуулсан байна. Энэ судалгааг явуулснаар Флогенсе Барловын нуруун нь ямарч гажиг буруу зүйл үгүй бөгөөд тэрээр үений нь мөгөөрс зөөлөн эд хатуурч ясчихаас өмнө ( Ossification ) бага наснаасаа эхлэн нурууны сунгалтын сургалтыг насанд хүрэх үртлээ тогтмол хийж байснаар нурууны уян хатан чанарыг хадгалсныг тогтоосон байна.( June 16, 1935. The Minneapolis Sunday Tribune).

nugaralt47
Бүжигчин нугарагч Miss Barlow. Түүний нурууны соронзон долгион гэрэлд авсан зураг.

Хамгийн сүүлийн үеийн судалгааг 2008 онд Лас Вегас хотод явуулсан. Энэ судалгааг Нарны Циркийн “О” шоунд тоглож байсан жүжигчид дээр голлож тэнд ажиллаж амьдардаг манай орны болон бусад орны уран нугараагчид болон тэнд багшилж байсан миний биеийг хамран оролцуулсан юм. Энэ судалгааны үр дүн ололтын талаар дэлгэрэнгүй нийтлэл Америкийн нуруу нугасны мэс заслалын эмч нарын холбооны сэтгүүлд гарсан ба үүнийг орчуулж танилцуулахад мэргэжлийн эмч болон тусгай орчуулагч шаардлагатай учир дэлгэрэнгүй бичих мөхөс миний бие чадаагүй учир зөвхөн нийтлэлд бичигдсэн өмнөх үгээс хүргэе.

...Нурууны мэдрэлийн мэс заслын сэтгүүл.

nugaralt48
“ О “ шоуны жүжигчдийн нуруунд судалгаа явуулсан тухай бичигдсэн сэтгүүл.

Төгсгөл.


1990 оны ардчилсан үйл явц урлагийн салбарт, түүний дотор циркийн урлагт эерэг болон сөрөг өөрчлөлтүүдийг авчирсан юм.
Уран нугаралт нь циркийн бусад төрлүүдээс хамгийн их эрэлт ихтэй, удаан хугацааны, өндөр өртөгтөй гэрээт үзүүлбэрт хамаарагддаг учраас хүн болгон хүүхдээ нугардаг болгох хүсэлтэй болсноос гадна бараг хүн болгон уран нугаралтын багш болж хам хум хялбарчилсан үзүүлбэр бэлтгэж гадаадад гарч мөнгө л олох эрэмзэлтэй болсон нь нууц биш юм. Улсын Цирк хувьчлагдан задарснаар хувийн циркүүд, төвүүд болон жижиг бүлгэмүүд үүсэн байгуулагдаж нэгдсэн удирдлагагүй, хяналт шалгалтгүй болсноор тэнд ихэвчлэн мэргэжлийн бус багш нар уран нугаралт зааж байна. Үүнд циркийн сургуулийг өөр төрлөөр (акробат, жонглёр, агаарын гимнастик, амьтан сургагч) төгссөн жүжигчдийг тооцохгүйгээр, циркийн ямарч төрлийн мэргэжлийг эзэмшээгүй хүмүүс уран нугаралт заах нь олширсон.

Мэргэжлийн бус багш нар бие халаалт, ялангуяа нурууг хаанаас нь эхэлж халаахыг зааж мэдэхгүй, хөл түнхний зөв сунгалт хийгдээгүй, гар тохой ялангуяа мөрний байрлалтыг зөв тавиагүйгээс уран нугаралтын үзүүлбэрийн гол үндэс суурь болох хөдөлгөөний гүйцэтгэлийг (трюк ) зөв техникээр биш хүчээр хийж сурснаар бугуй, тохой, мөрний гажигтай, амьсгалаа буруу авдаг нурууны байнгын өвдөлттөй, хөдөлгөөний гүйцэтгэлийн үзүүлэлэтээр ( трюк ) доогуур, тоглолтын уран чадвараар дорой нугараагчид олноор бий болжээ. Жирийн үзэгчидэд нугарч л байвал үнэхээр сайхан нугарч байгаа харагдах боловч үнэндээ хэн нь ур чадвартай, зөв техниктэй, чадалтай үзүүлбэр үзүүлж байгааг зөвхөн нарийн мэргэжлийн хүн л ялгаагий нь олж хардаг. Хэдхэн тооны мэргэжлийн багш нараас суралцан мэдэж авах ухамсар сэтгэлгээгээр дутмаг , ахмад уран нугараагчдын сургамж зөвлөлгөө ч тэднийг зогсоож чадахаа больсон одоогийн энэ нөхцөл байдалд өнгөрсөн жилд удирдлагаа сольсон Уран Нугаралтын Холбоо анхааралдаа авч хамгийн эхний шатанд уран нугаралтын мэргэжлийн бус багш нарт зориулсан сургалтыг тодорхой үе шаттайгаар явуулах журмаар мэдлэг мэргэжлий нь дээшлүүлэх ялангуяа хүүхдүүдтэй ажиллаж чадах арга барил ёс суртахуунтай эсэх зэрэг шалгаруулалтыг хийсний үндсэн дээр “ Уран нугаралтын багш дасгалжуулагч” гэсэн мэргэжлийн үнэмлэх олгож байх зэрэг асуудлыг захаас нь ажил хэрэг болгох гэж байна.

1990 оноос хойш монголын циркийн уран нугараагчид тоглолтын гэрээгээр олон улсад чөлөөтөй аялдаг болж, дэлхийн аль ч оронд зохиогддог Олон улсын циркчдийн тэмцээнүүдэд улс төр үзэл суртлаас шалтгаалахгүйгээр зөвхөн циркийн хөтөлбөрт биш өөр олон төрлийн арга хэмжээний тоглолтуудад оролцдог болсноор монголын уран нугаралт дэлхийд илүү танигдаж олон мянган үзэгчдийн сэтгэл зүрхийг эзэмшээд зогссонгүй монголын уран нугаралтаар хичээллэх хүмүүсийн сонирхолыг ихээр татах болсон юм. Монголын уран нугараагчид болон зарим нэг циркийн жүжигчид монголын уран нугаралтын уламжлалт сургалтыг тус орнуудын циркийн сургуульд болон хувиараа заан сургаж дэлхий дахинд энэхүү монгол сургалтын онцлогийг дэлгэрүүлэн түгээхэд чамгүй хувь нэмрийг оруулж байна. АНУын Миннесота хотод Х. Эрдэнэчимэг, Чикаго хотод Я. Оюунчимэг Сан Луйз хотод Д. Ягаанцэцэг, Сан Франциско хотод Б. Сэрчмаа, Лас Вегас хотод Б. Ундармаа,А. Отгонцэцэг, Т. Энхээ ,Х. Цэцэгмаа, У.Алтанзул, Ц.Цэцгээ, Лондонд Л. Оюунгэрэл, Германд Э. Эрдэнэтуяа нар сургалт явуулж байна.

nugaralt49
АНУ ын New York хотын циркийн сургуульд Д. Ундармаа Ж. Эрдэнэчимэг нар уран нугаралтын дасгал сургуулилт явуулж байгаа нь.


Монголын уран нугаралтын нэр хүнд дэлхий дахинд өсөхийн хэрээр гадаад орнуудад энэ мэргэжлээр сурч уран нугарагч болох хүсэлтэй хүүхдүүдийн тоо эрс нэмэгдэж улмаар тэдэнд Уран нугаралтын сургалтын өлгий нутаг болох Монгол оронд очиж үзэн уран нугаралтын сургуульд мэргэжил дээшлүүлэх мөрөөдлийг төрүүлснээр эхнээсээ ч очиж суралцаж байна. Монгол багшаар заалгаж сурсан өөр орны уран нугараагчдын тоглолтыг үзсэн мэргэжлийн жүжигчин, мэргэжилтнүүд тэднээс чи монгол багштай юу? гэж асуудаг гэж бахархан ярьж байгаа нь манай уран нугаралтын сургалтын давуу тал, онцлогийн нэг чухал гэрч юм. Лас Вегас хотод Нарны циркийн “ О “шоунд багшаар ажиллаж, чөлөөт цагтаа хувиараа уран нугаралтын сургалт зааж байх үед над дээр уран нугарагч болох гэж хүүхдүүд болон насанд хүрэгчид ирээд зогсохгүй, биеийнхээ уян хатанг сайжруулах гэж спортын тамирчид ( уран сайхны гимнастикчид, сэлэгчид ,уран гулгалтаар хичээллэгчид) бүжигчид хүртэл сунгалтын дасгал сургууль хийх зорилгоор ирцгээдэг.

nugaralt50
Лас Вегас хотын уран нугаралтын дугуйлангийн сурагчид “One Drope” хандивийн тоглолтонд ороцож байгаа нь.

nugaralt52
Лас Вегас хотын Уран нугаралтын дугуйлангийн сурагчид тоглолт хийж байгаа нь.

Манай оронд жилээс жилд уран нугарагч болох гэж хүссэн хүүхэд багачуудын тоо улам их нэмэгдэж байгааг 2016 оны 8 сард Улаанбаатар хотод 427 уран нугараагчид оролцсон “Уул усны домог” нэртэй чуулга тоглолт харуулсан юм. Хүүхдийг бид багад нь урлаг спортын янз бүрийн мэргэжлийн дугуйланд сургадаг шиг уран нугарагч болох хүсэлтэй хүүхдүүдийг шилж сонголгүйгээр тэдэнд урам хайрлаж анхан шатны бүх биеийн сунгалт хөл мөрний болон нурууны уян хатныг сайжруулах энгийн хөдөлгөөн үйлдэл гүйцэтгэлийн дасгал сургуулилтыг явуулж болно. Эхний энэ бэлтгэл ангиас жинхэнэ уран нугарагч болох хэсэг нь тодорч шилэгдэн гарч ирээдүйн мэргэжлээ болгон үргэлжлүүлэн сурч, үлдсэн хэсэг нь тодорхой хэмжээнд сурч сайжруулсан дээрхи чадвараа бүжгийн бүх төрөлд, спортын болон уран сайхны гимнастикт, уран гулгалт, шумбагч ,уран сэлэгчид зэрэг урлаг спортын бусад төрлүүдэд ашиглан ололт амжилтанд хүрэх бүрэн боломжтой. Уран нугаралт нь аливаа хүнд бие эрхтэн болоод сэтгэл зүйн сөрөг нөлөө үзүүлдэггүй. Уран нугаралтаар хичээллэснээр хүүхдүүд бие хүнд төлөвшвөл зохих давхар олон сайхан чухал чанаруудыг эзэмшдэг. Тэдний бие уян хатан, хүч чадалтай болоод зогсохгүй, тэнцвэртэй, ухаан санаагаа төвлөрүүлдэг; амьсгалаа зөв хуваарилдаг; зорилгодоо хүрдэг, сахилга баттай, өөртөө итгэлтэй болж сурдаг ба мөн эрүүл мэндэд нь эерэгээр нөлөөлж, бие бялдарыг сайхнаар хөгжүүлж, жингээ барьж, зөв хооллож өдөр тутмын дасгал сургууль хийснээр эрүүл энх байж, бие мах бодийн хөгшрүүлэлтийг удаашруулах зэрэг олон сайхан эерэг нөлөөллийг бий болгодог. Энэ сайхан сургалтын өв уламжлалыг ахмад үеэсээ өвлөн авч байгаа өнөөдрийн залуу дасгалжуулагч багш нар хөгжил дэвшилтэйгээ зэрэгцэн алхаж мэргэжлийн дагуу зайлшгүй мэдэж байх ёстой хүний биеийн анатоми физиологи ялангуяа нуруу булчингийн ажиллгааны анхан шатны мэдлэгээс суралцах нь чухал байна. Нэг өдрийн хичэээлээр хүүхдийн нурууны булчин дээд зэргээр ажиллаж, том хүнээс илүү хүч чадлыг зарцуулдаг. Тийм учир хичээлийн цагт зөвхөн сургалт явуулаад зогсохгүй хүүхдийн ирээдүйн эрүүл мэндэд анхааарч хичээлийн төгсгөлд биеийн ажиллагаа багатай байсан жижиг булчингуудыг ажиллуулсан сэргээх дасгалуудыг өгч байх нь зүйтэй.

Монголын циркийн үндэсний урлагийн нэг төрөл уран нугаралтын нэгэнт бий болж хөгжсөн сургалтын тогтолцоог жинхэнэ утгаар нь зохистой хөгжүүлэхэд Монголын боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, боловсрол соёлын урлагийн газар, монголын гоо үзэсгэлэн нийгэмлэг онцгой анхаарал тавин хандаж Уран Нугаралтын Холбоо,“ АСА” циркийн дэргэд байгуулагдсан Уран нугаралтын Асадеми” ,уран нугаралтын мэргэжлийн багш нартай хэдхэн бүлгэмийг дэмжиж туслалцаа өгч ажиллагаа явуулбал, мэргэжлийн дээд төвшин гоо сайхнаараа гайхуулж монголын урлагийн элитүүдтэй эн зэрэгцэж, монголын үндэсний урлаг соёлыг дэлхийн орнуудад сурталчилахад тэргүүн байранд явдаг монголынхоо уран нугаралтын нэр хүндийг дотооддоо өсгөх ,тэдний мэргэжлийн эрх ашгийг хамгаалах сайн талтай. Ингэснээрээ бид Уран нугаралт хэмээх монголын урлагийн хамгийн үнэтэй уламжлалт брэндийг дэлхий дахинд түгээх үндсэн нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.


Ж.Эрдэнэчимэг.
СТА уран нугарагч, Нарны циркийн “О” шоу дасгалжуулагч багш
Шинэчлэгдсэн огноо: 2017 оны 10 сарын 30, Даваа гараг
Уншсан: 221 удаа

Нийт сэтгэгдэл (1)

1. бага хүүтэй зээлийн санал 2%
зээл! зээл !! зээл !!!
Та амьдралынхаа туршид боломжийн зээлийг олгодог нэр хүндтэй, магадлан итгэмжлэгдсэн хувийн зээлийн компанийг хайж байна уу? Бид бүх төрлийн зээлийг маш хурдан, хялбар аргаар, хувийн зээл, автомашины зээл, ипотекийн зээл, оюутны зээл, бизнесийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, өрийн нэгдэл гэх мэт бүх хэлбэрийг санал болгодог. Банк болон бусад санхүүгийн байгууллагуудаас татгалзсан уу? Та нэгтгэсэн зээл эсвэл моргейжийн зээл хэрэгтэй юу? Санхүүгийн бүх асуудлуудаа өнгөрсөн зүйл болгохын тулд энд байгаа шигээ бүү хараарай. Бид санхүүгийн тусламж 2 хувьтай хувь хүмүүс, компаниудад зээл олгодог. Нийгмийн хамгааллын дугаар шаарддаггүй, зээлийн шалгалт шаардлагагүй, 100% баталгаатай. Бид энэхүү тусламжийг үзүүлэхийг хүсч байна. Бид танд найдвартай, дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүсч байгаадаа баяртай байна.
Дараа нь и-мэйл илгээхдээ (anitagerardloanfirm@gmail.com) доорх хаягаар илгээнэ үү
Бичсэн: Anita | 2017 оны 10 сарын 31 | IP: 105.112.26.xxx

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 11 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
    1  2  3  4  5
  6  7  8  91011
13141516171819
202122232425
27282930   

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

ХҮҮДЭЭ УЧИРЛАЖ ХЭЛЭХ ҮГ

ХҮҮДЭЭ УЧИРЛАЖ ХЭЛЭХ ҮГ Ѳргѳн уулсын бэлээс алгуурхан хѳѳрѳх манан шиг хѳвсийж, ѳндѳр уулын хэцээс тэнгэрт дүүлэх бүргэдийг... 2017 оны 11 сарын 13

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (I global их сургууль - 2 дахь хэсэг) 2017.10.27

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (I global их сургууль - 2 дахь хэсэг) 2017.10.27 I global их сургуулийн олон улсын оюутан хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Мөнхзул Америк хэмнэл нэвтрүүлэгт... 2017 оны 10 сарын 27

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.10

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.10 ЭМЧИЙН ҮГ: Ханиад томуунаас сэргийлэх нь ЛОС АНЖЕЛОСТ УУЛЗАЦГААЯ: Мiss Hollywood Mongolia МОНГОЛ ТВ-10: Эргэн... 2017 оны 11 сарын 10

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2