Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Монгол түүхийн шинэ омогшил

2013 оны 11 сарын 15, Баасан гараг  .:.  Бичсэн: 
(1 үнэлгээтэй)
Гал усанд элэгдсэн буурал замбуу тивийн магнайд

Ган сэлмийнхээ ирээр Монгол гэж бичсэн юм

Чингис нумын хөвснөөс төрөөгүй... хэмээн бага насанд Д.Пүрэвдоржийн найраглалыг цээжилдэг байсан цагаас хойш Тэмүжин мэндэлж буй мөчийг догдлон унших азтай завшаан надад олдсон юм.

Сүхбаатарын Эрдэнэболд хэмээх идэр залуу хүмүүний өвөг дээдсийнхээ цадиг түүхийг оршоон, омогшоон бичсэн “Эзэнт гүрний туульс” хэмээх номын нээлтэд очиж уян налархай балетчин охидын "Хунт нуур" бүжиглэдэг тайзнаас Монгол бахархал, их түүхийн омогшил мэдэрсэний дараа уг бүтээлийг нэлээд хэд хоног шимтэн уншсаны эцэст ийнхүү төрсөн сэтгэгдлээ бичих санаа төрсөн юм.

Залуус маань болж л өгвөл улс төр, бизнес рүү зүтгэлэх болсон энэ цагт идэр залуу хүний гараас нөр их судалгаа шинжилгээ, хүч хөдөлмөр шавхан бүтээсэн, их түүх цадигаа баялаг болгон залсан оюуны бүтээл гарч байгаа нь үнэхээр бахархууштай явдал юм. Энэ нь цаад утгаараа залуусыг оюунлаг баялаг руу уриалан дуудсан үйл явдал юм.

Гэсэр, Жангар, Хан Харангуйгаас хойш гэрийн тоононд одод шүргэх цагаар хоймортоо хайлдаг туульс монгол түмний дундаас бараг төрөөгүй гэхэд хилсдэхгүй бизээ. Тэгвэл “Эзэнт гүрний туульс” нь Эзэн богд Чингисийнхээ цадиг түүхийг орчин цагийн хэлнээ найраг туульсын хэлбэрээр кирилл, монгол бичгээр буулгаж ном болгосон төдийгүй Со гавьяат “хайлж” сонсдог ном болгосон зангарагтай бүтээл болжээ.

С.Эрдэнэболдын номын нээлтэд хүрэлцэн ирсэн энэ цагийн олон мэргэд түүний бүтээлийн талаар олон гайхалтай үгсийг хэлсэн юм. Түүнийг нь сонсож суухнээ энэ шавилхан залуугийн хаанаас нь ийм онцгой бүтээл төрж, төрийн их ажлын хажуугаар хэзээд нь бичиж дуусгаваа хэмээн бахархан суулаа.

Дөрөвдүгээр ангид байхдаа ээж нь түүнийг Р.Чойномын “Сүмтэй бударын чулуу”-г бүтнээр нь цээжлүүлж удсан ч үгүй Нууц товчоог араас нь оруулсан гэнэ. Номоо бичиж байх ахуйдаа ажлаасаа чөлөө авч Бурхан Халдун уулнаа төөрч, осголгүй олон удаа явганаар гарч байсан гэнэ. Элч нарынхаа алтан аргамжийг тасдуулсандаа уурссан Чингис хааны байлдан дагуулалтын эхлэл болсон одоогийн Афганистаны нутагт хүртэл очиж өвөг дээдсийнхээ морин туурайгаар тамгалсан ормыг сэтгэлдээ төсөөлж номондоо шингээж байж.

Тэгэхдээ зүгээр ч явсангүй энхийг сахиулагч монгол цэргүүддээ лекц уншиж, цэргүүдийн ар гэрийнхний холбоог байгуулалцаж явж.

Өнөө цагийн олон ихэс мэргэд, доктор профессор О.Сүхбаатар, доктор профессор Ш.Чоймаа, Нууц товчоо судлаач, Жак Уэтерфордын шагналт доктор профессор Б.Сумьяабаатар, Төрийн соёрхолт доктор профессор О.Батсайхан, профессор Г.Аким, профессор С.Дулам тэргүүтнүүд түүний ном бичих үеийн судалгааны ажилд нь зааж, зөвлөж С.Эрдэнэболдын орчин цагийн Нууц товчоог (өдий дайны бүтээл ойрын хэдэн жилд төрөхгүй хэмээн муйхарлаж нэг их хилсдэхгүй болов уу хэмээн сэтгэнэ) бүтээхэд нь багш бололцож байж.

Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч хэмээх нэр хүндтэй хариуцлагатай ажлын хажуугаар нөр их хөдөлмөр, судалгаа, шүдээ зуун зүтгэсэн залуу хүний тэвчээр, монгол ахуйд төрсөн монгол хүний эх түүхээ гэсэн сэтгэл нийлж С.Эрдэнэболдын энэ ном гарсныг тэрхүү нээлтэд ирсэн хүмүүс надтай адил мэдэрсэн буй за.

Б.Лхагвасүрэн гуай энэ номын талаар “Монголчууд маань шинэ туультай боллоо, энэ туулийг дэлхий сонсох болно гэж омог бардам хэлмээр байна” хэмээн үнэлсэнийг дурдаад эцэст нь С.Эрдэнэболд “Эзэнт гүрний туульс ” номдоо Тэмүжин төрөх цагийг хэрхэн гайхалтай буулгасныг уншигч та бүхэндээ дор сийрүүллээ.


332.
Бөртэ Чоно, Гоо Маралын үеэс
Бүс чанга, харц шулуун замналтай
Бүүрэглэсэн зуунуудын чинадаас
Бодол хурц, ухаан цөлх зангаргатай

333.
Нүүдэлч Монгол туургатны
Тооно доргихгүйн учир оршоох
Нэгэн мянганы суут хөвүүн
Азийн зүрхнээ дуун хадаав

334.
Есүхэйн голомтод баруун гартаа
Нөж атгаж Тэмүүжин ирэв
Ер бусын дээд хүчин
Од хатгаж эхийгээ амаржуулав

335.
Татаарыг дайлсан эцэг нь
Ялалт эзлэхэд мэндлэв хэмээн
Боржигоны хүрээнд төрсөн хүүдээ
Бүрэлгэсэн өстний нэрийг хайрлав

335.
Хөдсөн өлгийд үнэгэчлэх
Шинэ хүүгээ Есүхэй сэрээж
Хөрстийг донсолгох Тэмүүжин нэрийг нь
Гурвантаа шивнэж дээр өргөв

336.
Баруун чихээрээ сонссон
Эцгээс дуулсан анхны үг нь
Баатарлаг зуунуудад цуурай хадаах
Их хааны нэр болвой

337.
Чингис хааны унаган нэр
Эзэндээ ийнхүү шингэв
Чилийсэн алсын гүрэн улсууд
Эзнээ хүлээх мэт цаг зогсов

338.
Баруун гарынх нь атгаасыг дэлгэж
Эцэг нь авч нар зүг өргөв
Бүрхлэн огторгуйлах Мөнх тэнгэр
Хүүгээ танин хийморь адиславай

339.
Цучилах галын хөх дөлөнд
Хэт цахин болд ширээж
Цоролзох салхины исгэрээ дэвсэн
Ган хатааж илд давтав

340.
Нөж атгасан баруун гарт
Зэвсэг зэхэн алсыг зөгнөж
Нургилсан жавхлант Монгол баатрын
Төөрөг заяанд Тэмүжинг даатгав

341.
Гурван Мэргидээс булаасан
Гоо хатнаас төрсөн хүүдээ
Гунан үхрийн арьс идээлж
Дуулга хуяг шивээлэн зэхэв

342.
Эрхийлэх сумны шунгинаанд
Эрсдэлгүй дэгжиж өсөг хэмээн
Эрэлхэг баатрын саадаг сүвлэж
Сур зангидан учиглан үлдээв.

Хурай, хурай, хурай!
Шинэчлэгдсэн огноо: 2013 оны 11 сарын 15, Баасан гараг
Уншсан: 7576 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 12 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      1  2  3
  4  5  6  7  8  9
11121314151617
181920212223
25262728293031

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

ЧИНИЙ ҮНЭ ЦЭНЭ…

ЧИНИЙ ҮНЭ ЦЭНЭ… Энэ амьдралд заримдаа чи ганцаархнаа тайзан дээр гарч зогсоод чиний эргэн тойрон дахь хүмүүс алга... 2017 оны 12 сарын 12

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Эмчийн туслах Б.Мөнхжаргал) 2017.11.25

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Эмчийн туслах Б.Мөнхжаргал) 2017.11.25 Америк хэмнэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Fairfax convenient care төвийн эмчийн туслах Б.Мөнхжаргал... 2017 оны 11 сарын 25

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.24

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.24 СТУДИЙН ЦАГ: Гадаадын Иргэн,Xарьяатын Газрын дарга,Монгол Улсын Гавъяат хуульч, Цагдаагийн хурандаа... 2017 оны 11 сарын 25

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2