Medeelel
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

ХАМТДАА ӨНГӨРҮҮЛСЭН, ӨНГӨРӨӨХ МӨЧ БҮХНИЙ ТӨЛӨӨ БАЯРЛАЛАА!

2014 оны 8 сарын 12, Мягмар гараг  .:.  Бичсэн: 
(6 үнэлгээтэй)
humuunleg11974 оны 9 дүгээр сарын 1 –ний өдөр. Одоогийн Хүмүүнлэгийн Их Сургуулийн байр буюу Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит 10 жилийн хоёрдугаар сургуулийн хашаагаар дүүрэн хүүхдүүд хөгжилдөн хөлхөлдөнө. Аравдугаар ангиа төгсөх гэж байгаа ах эгч нараас эхлээд бужигналдах хүүхдүүдийн дунд анхны мөнгөн хонхны дуугаа сонсохоор ирсэн бяцхан бүжингүүд ээж, аавынхаа гараас хөтлөн бие биенээсээ бишүүрхэнгүй зогсоцгооно. Тэд бол бид билээ.

2014 оны 8 дугаар сарын 3-ны өдөр. АНУ-ын Лос-Анжелес хотын дэлхийд алдартай Диснейлэнд хотхоны нэгэн буудлын хүлээн авалтын өрөөнд цэнхэр цамц малгайгаар ижилссэн нөхдүүд нэг дуу тэнгэрт, нөгөө дуу газарт хадаан пир хийтэл инээлдэж, хүзүү хоолойгоороо хэлхэлдэн, гар гараасаа барилцан, бие биенээ үнсэж үнгэн хашгиралдан их л хөл хөгжөөнтэй байцгаана. Энэ бол бид билээ.

Сургуульд орсон 40, сургуулиа төгссөний 30 жилийн ойгоо тэмдэглэхээр тал талаас цуглаад байгаа нь энэ. Сиэтлээс “Д” ангийн дарга Д.Эрдэнэбаатар, бүлгийн дарга Ц.Энх-Оюун, энхрий зөөлөн Ж.Цэвэгжав, ангийн их жасын нярав Д.Ариунаа, Чикагогоос миний бие, Индианагаас алаг нүдэн М.Отгонбаатар, “Г” ангийн хөгширдөггүй хөөрхөн Д.Одонтуяа нар хүүхэлдэй шиг эгдүүтэй охин О.Мишээлтэйгээ, монголоос “Г”- ангийн С.Оюунцэнгэл хүү Эрдэнээтэйгээ, Чинзориг охин Намуунаатайгаа, Канадаас П.Уранчимэг охин, хүргэн, зээ охин Буянхшигтэйгээ хүрэлцэн ирж, харин “Д” ангийн “жанжин” Д.Алтмаа болон түүний нөхөр ангийн хүүхэд болтлоо ижилдэн дассан бас өөр маягаар тодорхойлбол “аравдугаар анги төгссөнөөс хойш шилжиж ирсэн” Т.Лхагваа нар сэтгэл, зүтгэл гарган бидний уулзалтыг үнэн саак, тасархай гоё зохион байгуулсан юм. За ёстой аягаа эмтэртэл цай ууж, амаа чилтэл хууч хөөрч, дөрвөн мөчөө таттал маангаадаж, дуулж хуурдан, Энх-Оюун хийлдэж, бусад нь гитардаж, дөчин жилийнхээ дурсамжаар хөглөгдөж, зав гарвал инээж, завсар гарвал бие биенээ явуулж, хэн хэн нь хэрхэн, хаана явааг сураглаж, бидний дундаас халин одсон нэгнээ дурсан нулимс унагаж, өөрсдийнхөө амьдралын төлөөх тэмцлээ тайлагнан, ирээдүйд төлөвлөснөө найз нартаа дуулгасан, эрдмийн их далайгаас хүртээсэн багш, ижилдэн дассан нэг төгсөлтийнхөн, тэднийхээ гэр бүлд мэндийн хадаг өргөсөн, дараачийнхаа уулзалтыг товлон 50 насныхаа ойг нижгэр тэмдэглэхээр тохирсон ийм л өдрүүдийг хамтдаа өнгөрүүлэв. Баярлалаа.

Хүүхэд насанд хүргэж өгдөг галт тэргэнд суугаад Диснейлэндийг дайлаар мордов. Ёстой үлгэрийн орон юмаа. Хайрхаан гэж “галзуу хулгана”-д суух зоригтон бидний дундаас гарсангүй. Харин аяга шанаган дотор сууж, таван тивээр аялан, үлэг гүрвэлүүдтэй танилцан, үлгэрийн баатруудтай уулзан, гэрлийн шоугаар уулзалтаа мялааж, гэхдээ бас цовоо шүү уулны уруу эгц уруугаа ус руу унаж, сансар огторгуйгаар салхи татуулан, зарим нэгний зүрх амаар нь гарах шахан, час хийтэл орилолдон, тас хийтэл инээлдэн Монголоос ирсэн андуудынхаа авчирч өгсөн “Улаан малгайт”, “ Баавгайтай” чихрээ идээд хүүхэд насандаа хамтдаа зочлоод ирэв. Баярлалаа.

Номхон далайн эргийн Санта Моникагийн алтан шар элсэн дээр тоглон, хөөсрөн хуйлран давалгаалах их далайн түрлэгт хэн нэгнээ алдчихгүй гэж хэлхэлдэн дэвхэрцгээж ёстой л нэг жаргав. Буудлын гаднах усан санд сэлэн жаргаж, мах шарж идэн бор ходоодоо божийлгон жаргаж, пиво шимэн ганц нэг хундага тулган дотроо халаан хэсэгхэн зуурт хөвөн жаргаж, бас болоогүй дэлгүүр хэсэн энэ тэрийг үзэн жаргаж, унаандаа суухаараа хэсэгхэн зуур зүүрмэглэн жаргаж, Отгоо, Одноо хоёр минь тансаг ресторанд дайлж нэг жаргаав. Баярлалаа

Лас Вегасаар хөндлөн гулд зугаалж, хаа нэгтээ казино руу гүйж орон тоглож авах нь авч алдах нь алдаж пижигнэв. Баахан патиар татуулан, нүүр ном, бие биерүүгээ зураг шидэлцэн уулзалтын дурсгалаа мөнхлөв. Алдарт Холливуудын гудамжаар зугаацан, одуудын алтан одыг алгаар илэн, одуудтай тэврэлдэж нэг барьцалдаж нэг зургаа татуулан, зүсэн зүйлийн жуулчдын дундуур жараахай шиг л сүлжилдэн нэгэн оройг хөгжилдөн жаргаав. Баярлалаа.
Дэлхийн кино урлагийн алтан түүхийн голомт “Universal studio” –гоор ургахын улаан нарнаас, үдшийн бүрий болтол тавхайгаа эргэтэл хатирав. Агуу юмаа. Кино хэрхэн хийдэг, хэн гэгч киног энэ студид бүтээснийг, хэрхэн сэтгэж бодит юм шиг харагдуулдаг зэрэг нарийн мэргэжлийн сонин, хачинг сонирхон, миний хувьд ёстой л ам ангайн, шагшин гайхшрав. Хийсэн кинонуудынхаа үйл явдлаар аялуулан гол дүрд нь тоглуулчих юмаа. Нэг их хатан зоригтон болох гээд аймшигийн киноны гол дүр болоотохсон чинь арай л амь тавьсангүй. Хамт уруу татсан Цэвэгжавтаа “за ёстой ээмээр аймаар юмаа. Араас тас тэврээд, нүдээ тас аниад, салалгүй дага” гэж тушаал буулгаад шаварт унасан шарын эзэн шиг л зүтгэлээ дээ. Арай хийж адал явдлаа дуусгаж гарч ирээд инээх уйлах хослуулан, бусдынхаа элгийг нь авах шахлаа. 4D кино үзэж, хүүхэлдэйн киноны Шрейкийн илжигт нулимуулан, түм бумаараа бууж ирэх аалзнууд хөлөөр нэг ирвэгнүүлж, Энх-Оюуны нүдийг эгээтэй л Кинг Конг ухаад авчихсангүй. Инээд, айдас, гайхшрал зэрэгцсэн стресс тайлагдсан аялалд хамтдаа зугаалсан найзууд даа Баярлалаа.

Манай Монголын Элсэн тасархай шиг, эсвэл говийн баян бүрдийг санагдуулам бяцхан хотод ангийн охин Алтмаа, хүргэн Лхагваа хоёр маань 5 унтлагын өрөөтэй сайхан хаусанд амьдардаг аж. Сангийн аж ахуй дээр байгаа юм шиг зулж нэг, тарвалзаж нэг дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэв. Биднийг ирэхээс урьтаж нуурын хун шиг бөмбөн цагаан, “Уянгын” сийлбэртэй, таван ханатай өргөө цагаан гэрээ, нар шиг шаргал талдаа барьчихсан, бүр монголоос хэрэг болгож, тавгийн боов захиж авчруулан томоос том идээ засан, алтан аяганд сүү өргөн хүлээн авсан юм. Идээний дээж, эдийн дээдээ дэлгэн, идээ ундаа элбэг баян, тавтай сайхан хүлээн авч, биднийхээ сэтгэлийн хужирхайг ганц сайхан тэнийлгэн, мартагдашгүй дурсамж үлдээсэн та хоёртоо болон танай гэр бүлд, монголоос ирээд амарч байгаа ч биднийг сэтгэл шингэсэн, амттай сайхан хоол цайгаар дайлсан Алтмаагийн ахын нь эхнэр Дамба эгчдээ, ахынх нь хүү Лхаачка, Лхагваагийнхаа охин Нямжаргал нартаа чин сэтгэлийн угаас Баярлалаа.

Буян номын гэгээ тооноор чинь цацарч
Бурхад саатан хойморт чинь
Бууж мордохын ерөөл өргөе! Баярлалаа.
Сайн байцгаана уу? Хамт суралцаж төгссөн найз нараа.

Мянган уул, түмэн гол горхи, уулын өндөр, усны тунгалаг, тивээс тив, гүрнээс гүрэн давуулан, аялгуут сайхан монгол хэл, алтан номын үсгээр хэл болгон, энэ цагийн өдтэй бичиг, интернэт гэгчид дулдуйдан Та нарынхаа амар амгаланг Алс холын Америк гүрнээс эрэн мэндчилье! Та бүхний минь лагшин тунгалаг, одтой хиймортой явааг дуулаад бид бүгдийн сэтгэл уужуу, магнай тэнэгэр, машид таатай байна. Эргэж уулзахын ерөөл талбин энэхүү бяцхан захиаг өндөрлөе. Баяртай найзууд аа Байнгын минь хаяг нүүрномын “Бид нэг сургуулийнхан” шүү.

Эрдэнэт биеийг минь төрүүлэн өсгөн ижий аавдаа, Алтан номын үсэг, арвин их мэдлэгийн далайгаас хүртээсэн Ачит багш нартаа, Арван жилийн сургуулийн алтан босгыг алхан орсон нэг Төгсөлтийнхөн найз нөхөддөө, бидний Хань ижил, Үр хүүхэд, ач, зээ нартаа, газрын хол усны уртад хуран чуулсан, сэтгэл зүтгэл гаргаж ирсэн Аагий, Ариунаа, Ээгий, Цээгий, Эрка, Одноо, Отгоо, Оогий, Урнаа, Чинзо, Зулаа тэднийхээ үр хүүхэд, зээ, хүндэтгэх шалтгаанаар ирж амжаагүй Содко, Мийгаа, Батбаяр, Нарангэрэл, Сүрэнмягмар, скайпаар харилцан мэндчилгээ дэвшүүлж, насан багын дурсамж сэргээсэн Л.Амаржаргалдаа бүгдэд нь тун чиг их Баярлалаа.

ХАМТДАА ӨНГӨРҮҮЛСЭН, ӨНГӨРӨӨХ МӨЧ БҮХНИЙ ТӨЛӨӨ БАЯРЛАЛАА!

Хүндэтгэсэн: 1974 оны 2 дугаар арван жилийн 1-ийн Д ангийн сурагч, бүлгэмийн зөвлөлийн дарга Д.Уранзул. 2014/08/12. Чикаго хот.
/Жич гэртээ ирсэн чинь та нарыгаа санаад, хамт байсан жаргалтай мөчүүд эргэн дурсагдаад сэтгэл жаахан тиймхэн байна. Урнаагийнхаа бэлэглэсэн Канадын цайг уунгаа бодолдоо өнжин гунихарч сууна/

humuunleg2

humuunleg3

humuunleg4

humuunleg1
Шинэчлэгдсэн огноо: 2014 оны 8 сарын 12, Мягмар гараг
Уншсан: 5813 удаа

Нийт сэтгэгдэл (6)

1. Сайхан
Ямар сайхан анги хамт олон бэ. Бүгдээрэнд нь сайн сайхныг хүсье. Олуулаа эвсэг хамт олон байнааа
Бичсэн: Сайхан | 2014 оны 8 сарын 12 | IP: 98.253.32.xx
2. Bayarlalaa
Naiz mini yamar saihan bichsen bainaa. Nudend haragdtal bichsen zahiag chini nulims dusluulan baij unshlaa. Ih bayarlasan shuu. Bid buhnii uulzalt martagdashgui saihan bailaa.
Бичсэн: Tsevegjav | 2014 оны 8 сарын 12 | IP: 71.231.197.xx
3.  Би ч бас....
Би бас 2-р сургууль төгссөн юмаа,гэхдээ Та нараас ихээ өмнө. Та нарыг хараад сэтгэл маш их хөдөллөө. Манай сургууль төгссөн охид хөвгүүд үргэлж сайн сайхан явдагт би үргэлж баярлаж бас бахархаж байдаг юм.
Танай ангийнханд, Та нарт эрүүл энх сайн сайхныг хүсэн ерөөе.!
Бичсэн: Ж.Оюунцэцэг | 2014 оны 8 сарын 13 | IP: 69.47.173.xxx
4. Goy
Yamar saihan yum be iim oluulaa als holiin amerikt uulzaad saihan yumaa ta bugded sain saihaniig husie!
Бичсэн: To | 2014 оны 8 сарын 13 | IP: 108.88.209.xx
5. talarhal
Uneheer saihan niitlel boljee.Uur olon saihan uran buteel tuurivaj bidniihee
setgeliin melmiig bayasgaarai.Amjilt husie.Bayarlalaa.
Бичсэн: Enkhoyun | 2014 оны 8 сарын 14 | IP: 172.56.32.xxx
6. dursamj
Setgeld honogshson saihan edruud bailaa. Zulaadaa bayarlallaa
Бичсэн: dursamj | 2014 оны 8 сарын 18 | IP: 108.83.110.xxx

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 5 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
  1  2  3  4  5  6  7
  8  910111213
15161718192021
222324252627
293031    

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

Гадаадад буй монголчууд МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛЭГЧ-ийг сонгох СОНГУУЛЬ-д оролцоно

Гадаадад буй монголчууд МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛЭГЧ-ийг сонгох СОНГУУЛЬ-д оролцоно *ЯАГААД СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ЁСТОЙ ВЭ? Яс үндэс, нас хүйс, шашин шүтлэг зэргээр ялгаварлан гадуурхахгүйгээр,... 2017 оны 5 сарын 8

Б.Уранчимэг

UMONTV-ийн нэвтрүүлэг (Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулганы илтгэлүүд-4) 2017.05.06

UMONTV-ийн нэвтрүүлэг (Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулганы илтгэлүүд-4) 2017.05.06 АНУ-ын Чикаго хотод болсон Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулга уулзалтын 3 дахь өдөр тавигдсан... 2017 оны 5 сарын 8

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.05.05

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.05.05 МТВ ҮЗҮҮЛЖ БАЙНА: Монголын парламентын түүхээс Америк дахь Монгол Телевизийн байнгын үзэгч-дэмжигч... 2017 оны 5 сарын 6

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2