Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

МОНГОЛ УХААНЫ ЖИМЭЭР БЭДРЭХҮЙ

2014 оны 9 сарын 18, Пүрэв гараг  .:.  Бичсэн:  Д.Болдбаатар
(5 үнэлгээтэй)
boldbaatar“Чонон сүлд”роман, “Чингис хаан” кино, “Богд Миларавайгийн тууж буюу зохионгуй хийгээд боловсон тонилхуйн гүр дуулал”, “Гурван улсын үлгэр” зэрэг цуутай бүтээлүүдийг орчуулсан, эрдэмтэн, хятад судлаач Доржсүрэнгийн Болдбаатарын бичвэрүүдээс цувралаар нийтлэх зөвшөөрөл авсандаа туйлын баяртай байна. Энэхүү цувралыг нийтэлж буй Medeelel.com-д баярлалаа.

Доржсүрэнгийн Болдбаатар

МОНГОЛ УХААНЫ ЖИМЭЭР БЭДРЭХҮЙ

Аугаа их Гегель «Дэлхийн түүх Монголоос эхтэй» хэмээх алдартай эшлэлээ айлдсан төдийгүй Хүннүгээс авахуулаад Орос гүрний тэлэлтийг хүртэлх үеийг Монголын түүх гэсэн ухагдхууны хүрээ хязгаар болгон авч үзсэн байдаг. Өөрөөр хэлбэл Монголын түүхийг шинэ өндөрлөгөөс, асар өргөн цар хүрээтэй, маш гүн гүнзгий судлах хэрэгтэй юм шүү гэдэг чигийг суут сэтгэгч маань зааж өгсөн төдийгүй тэрхүү ухагдхууны цаг хугацааны хамрах хүрээг ч оновчтой тодорхойлжээ. Их багшийнхаа ариун үйл хэргийг залгамжилсан сайн шавь нь болох Макс Штейнер хэмээх Германы сонгодог философийн нэрт төлөөлөгч «Монгол ухаан» гэж ямархуу ухагдхуун байж болохыг үргэлжлүүлэн судласаар бас нэг алдартай тодорхойлолт айлдсан байдаг нь «Оюун ухааны эрх чөлөөг дээдлэх нь Монгол ухаан болой» гэсэн үг юм. Ухаант өвгөдийн минь суу ухааны нууц оньсыг цөөн үгээр оновчтой илэрхийлсэн энэхүү сонгодог тодорхойлолтыг айл бүхний хойморт жаазлачихаад залж байдагггүй юм аа гэхэд Монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд бадамлан гэрэлтэж байх учиртай бус уу? Макс Штейнер нэрт тэрхүү сонгодог философичийн тухай гүнзгийрүүлэн судлах сонирхолтой герман хэлийг эзэмшсэн залуус маань Max Stirner гээд Гүүгл дээр хайгаад үзвэл түүний «Der Einzige und sein Eigentum» гэсэн алдарт бүтээлд дээрхи тодорхойлолт дурайж байх вий. «Цорын ганц хэмээгчийн хамаарал» хэмээн би түүний дээрхи бүтээлийн нэрийг чадан ядан буулгасныг герман хэлтэй уншигчид элэглэн шоолохгүй гэдэгт итгэнэм.

Лаозыгийн гүн ухааныг уншиж байхад өөрийн эрхгүй Гегелийн диалектик санаанд буугаад байх шиг санагддаг. Мэдээжийн хэрэг орон зай, цаг хугацааны хувьд 2000 жилийн алслалтай оршин амьдарч байсан хоёр их сэтгэгч маань ижил шахам зүйлийг айлдсан нь ертөнцөд хоёр үнэн гэж байдаггүйг л батлаж байгаа хэрэг. Би жишээ болгоод та бүхэнд Лаозыгийн хоёр шавь хэрхин ном хаялцсан домгийг ярьж өгье. Лаозыгийн ууган шавь Жуанзы өөр хэн ч билээ дээ нэг шавьтай нь цуг цөөрмийн эргээр зугаалан явжээ. Жуанзы цөөрмийн эргээр цэнгэлдэн заарцаглах загас жараахайг хараад “Загас ямар жаргалтай байна вэ?” хэмээн дуу алдаж гэнэ. Нөгөө шавь нь түүнийг давах сайхан боломж гарлаа хэмээн омогшоод “Чи ямар загас биш. Загас жаргалтай ч байгаа юм уу? Зовлонтой ч байгаа юм уу? Чи яаж мэдсэн хэрэг вэ?” гэж асуужээ. Жуанзы хариуд нь огтхон ч торолгүй: “Чи ямар би биш. Би мэдэж ч байгаа юм уу? Үгүй ч юм уу гэдгийг яахин мэдэх билээ?” гэсэн гэдэг. Энэ хөгжилтэй домог дотор л Гегелийн диалектик харагдаад байх шиг санагддаг юм.

Тэгвэл Штейрнер лүгээ бараг нэгэн цаг үед амьдарч асан манай Монголын үе үеийн бичгийн мэргэдийн хойморт хүндтэй суурийг эзлэх учиртай их бичгийн хүмүүн Инжинааш авгай бээр өөрийн алдарт «Хөх судар» романы долдугаар бөлгийн цохолборт төрмөл, сурмал, дууриамал эрдмийн тухай өгүүлсэн хэсэгтээ Монгол ухаан гэж юу болохыг Монгол хүнд ойр дөхөм тодорхойлон үлдээсэн байдгийг уншаарай. Би та бүхэнд бүдүүн тойм санааг нь цээжиндээ байгаагаар л хүргэвэл доорх мэт болой: «Сударч тайж би саваагүй хүн. Багаасаа олон зүйл эрдэм сонирхон оролдож байсны нэг нь уран зураг юм. Нангиадын Хуафү нэрт уран зургийн бичигт зураг зурж сурах гурван үндсэн арга буй нь дууриамал, сурмал, төрмөл эрдэм бөлгөө. Энэ үүднээс авч үзвэл манай ар газар буюу Монгол оронд дандаа төрмөл эрдэм оршдог бөгөөс өмнөд газар буюу Нангиадад төрмөл эрдэм гэж үгүй. Дандаа дууриамал, сурмал эрдэм голлодог» гэсэн байдаг. Төрмөл эрдэм. Би хэд хоногийн өмнө оруулсан нэгэн бичлэгтээ “Хүүхэд болгон зургаан нас хүртлээ Да Винчигийн хэмжээний суутангууд байдаг” хэмээн дурдаж байсан нь чухам л тэр төрмөл эрдмийг хэлээд байгаа хэрэг. Харин өрнө, дорно гэлтгүй сургуульд сургаж боловсруулах гээд хүүхдийн тэрхүү төрмөл эрдмийг үгүй хийгээд хаячихдаг байсныг Инжинааш авгай ийнхүү хурцаар шүүмжилсэн хэрэг биш биз дээ? Харин Хүннүгээс инагш Инжинааш авгай болон түүнээс ч хойш манай өвөг дээдэс төрмөл эрдмийн тухай сайн мэддэг, түүнийг бөхөөхгүй харин ч бадраан авч явах аргыг мэддэг байсан тул Мэдэл хаан, Чингис хаан, Инжинааш зэрэг суутангууд үе алгасалгүй цолгорон гардаг байсан байж таарна. Мэдэл хааныг манай хятад хэлийг халтар хултар гадарладаг түүхчид Модун шаньюй гэж буруу орчуулсан хэрэг шүү. Ерөөсөө эртний хэлний дуудлага нь «Мэдү» гэж байгаа. Түүнийг Шинжаангийн монгол үндэстний нэрт эрдэмтэн Нямаа Мэдэл хаан гэж өөрийн бүтээлдээ байнга бичдэгийг манай түүх бичлэгт ч өргөнөөр бичиж хэвшмээр байгаа юм.

Оюуны эрх чөлөөг дээдлэгч Монгол ухааны чухал онцлог болсон төрмөл эрдмийн Буддын шашны нэр томъёо нь «Сайн оюун» бөлгөө. Өрнө дорнын соёл гэж хөл алдан халтирч ороогүй өвөг дээдэс минь мэдэхгүй чадахгүйдээ биш, харин тэдний дээдлэн биширч, шүншиглэн залж явдаг унаган төрмөл эрдэм гэгч зүйлтэй дээр дурдсан хоёр соёл нь хавьташгүй, бараадаашгүй болохоор л тоолгүй орхиж байсан хэрэг.

Амьдрал дээр ч гэсэн төрмөл эрдэм, сайн оюун нь илт тодорхой хүүхэд залуус цөөнгүй байгаа харагддаг.

Би уг нь төрмөл эрдэм, сайн оюунтай цөөхөн хүүхэд бэлдэх гээд дунд сургууль байгуулж үзсэн. Арав хүрэхгүй хүүхдийг хажуудаа аваад хятад хэл, тоо голчлон үзүүлдэг байж билээ. Өвөрхангай аймгаас нэгэн есөн настай жаалхүү над дээр шавь орохоор ирсэн нь эхэндээ хичээл номонд тийм ч дуртай хүүхэд байгаагүй. Би түүнийг зөнгөөр нь орхичихсон юм. Гол нь би цаад арга номыг нь гадарлаж байгаа болохоор тэр л дээ. Тэгтэл бараг юу ч заагаагүй шахам байхад нэг өдөр «Гурван улсын үлгэр» романы нэг бөлгийг хальт мөлт оролдоод гаргах төлөвтэй байна шүү. Би цаг нь болж гэдгийг мэдээд бага багаар хөтлөөд байсан чинь ёстой л нэг элсэнд ус асгаж байгаа мэт заасан болгоныг авч байсан даа. Тэгээд л 12 настайдаа миний хэлсэн болгоныг ёстой скайндах шиг авдаг болсон. Манай оюутнууд ямар сайндаа түүнийг «Жижиг багш» хэмээн өхөөрдөн нэрлэж байхав. Нэгэнт сайн оюун лугаа учирсан юм чинь тооны хичээлд ч гэсэн үзүүлээд өгсөн. Хожим 14-15 –тайдаа манай сургуулийн хамгийн шилдэг оюутан ч түүнийг барахаа байсан гээд бод доо. Гол нь тийм сайн оюу, төрмөл эрдмийг яаж ч хичээгээд гүйцэж болдоггүй гэдэг нь харагдсан даа.
Дунд сургуулийн зардал, багш нарын цалинг өөрсдөө гаргадаг. Улсаас урсгал зардал нэртэй 135 мянган төгрөг өгөх ёстой боловч жилдээ ганцхан удаа олгодог тэр сая гаруй төгрөгийг олгох ажлыг хариуцдаг түшмэд дүүргийн тохижилтонд хандив өргө гээд тэр хариугүй мөнгөнөөс саах санаатай. Нөгөө хүүхдүүд ч том болохын хэрээр арван хүүхдэд нарийн мэргэжлийн хорин багш авалтай биш тэгсхийгээд дунд сургуулиа хаасан даа.

Гомбо гээд миний нэг хайртай шавь байдаг. Бас одоо сурч байгаагаас Өлзийням, Номинтөгс гээд хоёр эмэгтэй сайн оюут шавь минь байна. Ямар ч урт текстийн орчуулгыг нэг удаа хэлж өгөхөд л эргүүлээд хэлж байх жишээтэй.
Энэ жилийн шинэ оюутнуудын дунд ч бас нэг тийм хүүхэд гарч ирсэн. Би ханз заадаггүй, бичүүлдэггүй, цээжлүүлдэггүй, дүрэм үздэггүй гэж ярьж байсан шүү дээ. Хүн сонсоход их утгагүй юм шиг мөртлөө түүний цаана «Хуран эс үүдэх» гэсэн дорно дахины, бүр тодорхой хэлбэл «Доржзодов» судрын арга нуугдаж байгаа юм. Би өчигдөр ангийнханд нь тэр охины туршлагыг яриулсан чинь “Багшийн яриад байдаг нөгөө элдэв бодол, автах баримтлах гээч нь надад байдаггүй юм болов уу? Надад өөрт их амар байна. Би биеэ дайчлан сурах гэж орж ирсэн биш харин ч бараг амраад байх шиг санагдах юм.” хэмээн ярьж байна лээ. Одоо 14 хоносон хүүхэд чинь ханз үсгээрээ романаа уншиж эхлээд, хоёр гуравдугаар курсийн оюутнуудтай хамт кино үзээд 80-90 хувь ойлгоод байгаа хэрэг шүү дээ.

Мила Богдын тууж зохионгуйг орчуулж байхад сайн оюун хэмээх үг олонтоо дурьдагддаг. Тухайлбал:

«Өвдөж үхвээс баясах энэ хатуужил нь
Өөрийн хилэнцийг арилгах наманчлал буюу!
Хилэнцэт идээг тэвчсэн энэ хатуужил нь
Хялбархнаа сайн оюун төрөхүйн шалтгаан буюу» хэмээсэн байдаг нь сайн оюу төрөхүйн урьдчилсан нөхцөл нь муу зуршлыг таягдан хаях хэрэгтэй байдгийг өгүүлж байгаа хэрэг.

Монгол суу ухааны маш чухал онцлог хэв шинж болсон төрмөл эрдэмтэй, сайн оюун бүхий хөвгүүд охидыг олон арваар нь бэлдэн гаргах нь бидний мөрөөдөөд байгаа Монгол сургуулийн үндсэн зорилго байх юм шүү. Бид атомын бөмбөг, сансрын хөлөг бүтээнэ гэвэл одоохондоо бүтэшгүй хүсэл байж мэднэ. Харин санаа зоригоо нэгтгээд Монгол сургуулиа байгуулъя гэвэл сар жилийн ч хугацаа зараад байх хэрэггүй. Энд тэнд явж байхад төрмөл эрдэм, сайн оюун нь илт тодорсон янз бүрийн насны хөвгүүд охид маш олон харагддаг. Тэднийгээ билигийн нүдээр сувдыг шинжих лүгээ адил сонгон гаргаж ирээд эрдмийн оргилд нь хүргэх юмсан. Тэгэхийн тулд гэгээн сувд мэт гэрэлтэх тэр сайн оюутанг таньж олдог цөөн боловч эрдэмт багш нарыг эхлээд бэлдэх хэрэгтэй. Харамсалтай нь од мэт гялалзаж байгаа тэрхүү сайн оюуны гэрлийг одоогийн боловсролын тогтолцоо бөхөөж хаячихаад байх нь олонтоо юм даа.
Та хүүхдээ Америк, Англи, Франц, Хятад, Энэтхэг, Солонгос, Түрк, Орос сургуульд өндөр үнээр сургачих юмсан гэхээсээ илүүтэй хажуу дэргэд чинь, танай гэрт чинь сайн оюут хөвгүүн, төрмөл эрдэмтэй охин байсныг олж хараагүй байх вий. Харвард, Оксфорд зэрэг дэлхийн толгой их сургуулиудын сургалтын агуулгад сайн оюун, төрмөл эрдмийн тухай сэдэв багтсан нь юу л бол? Бараг л үгүй болов уу даа.

САЙН ОЮУН ХИЙГЭЭД ТӨРМӨЛ ЭРДЭМ

Билиг оюуны энэхүү өвөрмөц нууцлаг чанар нь Монгол,Хятад, Орос, Япон, Англи, Герман, Франц гэлтгүй хүн төрөлхтөнд түгээмэл оршдог байгалийн өгөгдөл бөлгөө. Энэ утгаараа та бидний хэн хэнд нь бодитой оршиж байгаа юм. Ер нь билиг оюун гэж будаан чинээ хэмжээтэй, 0,2 грамм жинтэй хэмээн өрнөдийн судлаачид тогтоохоор оролдсон нь юу л бол? Тэрхүү сэтгэлийн гүнд нуугдах нар мэт нандин эрдэнийг бид миний өмнөх бичлэгүүдэд олонтоо дурьдагдсан би үзэл, автах баримтлах, атгаг, болон элдэв бодол зэрэг хар бараан үүлсээр халхлачихдаг байна. Тэр үүлийг л ярж чадах юм бол бид сайн оюун төрмөл эрдэмлүгээ учрах боломжтой байдаг байх нь ээ. Хүүхэд зургаа хүртлээ энэхүү сайн оюунлугаа ойр дөт байдаг болохоор л өрнөдөд тэднийг Да Винчигийн хэмжээний суутангууд байдаг хэмээн мэдээд байдаг байх нь. Харин манай өвөг дээдэс эртнээс нааш тэрхүү нандин эрдэнийн нууцыг мэдэж байсан болохоор зузааан үүлс, бодлынтоосонд хуччихалгүй эзэмших чадвартай байсныг Монгол ухаан хэмээн нэрлэж болно. Монголчуудын уламжлалт нүүдлийн мал аж ахуй ч тийм боломж олгодог байсан нь дамжиггүй. Гэхдээ сайн оюунтай учрахын тулд заавал мал дээр гар гэсэн үг биш юмшүү. Хэрвээ түүн лүгээ учруулах гол оньс болсон дэг сахилыг чанд сахиж чадах аваас та гэр орондоо сууж, ажил төрлөө хийж байхдаа ч сайн оюун лугаа учрах боломжтой юм. Хамгийн гол нь энэ арга, уламжлалыг өсвөр залуу үеийнхэндээ өвлүүлэх нь эцэг эх бидний хамгийн гол үүрэг билээ. Ядаж л компьютер тоглоомд донтож, цаг наргүй зурагт ширтэн хэвтэхийг нь хямгатай болгочихвол хичнээн сайхан байх билээ?

Харин бусад үндэстний тухайд сайн оюун, төрмөл эрдэм нь сэтгэлийн гүнд байгаа хэр нь тэр тухайгаа мэддэг ч үгүй нь байхгүйгээс ямар өөрц байх билээ. «Би сэтгэж байгаа болохоор би оршиж байгаа юм» хэмээн өрнийн гүн ухаантан Декарийн хэлсэн үгийг энд онцлоё. Ширээ ч гэсэн надтай адилхан оршиж л байгаа. Гэхдээ ширээ сэтгэдэггүй болохоор оршиж байгаагаа мэдэхгүй. Харин би сэтгэж байгаа учраас өөрийн оршин ахуйг мэдэрч байдаг гэсэн гүн утгыг илэрхийлж байгаа хэрэг.

«Хачин сонин» хэмээх хачин сонин нэртэй нэг бичигч гүйлгээ ухаан гэдэг бол Монгол ухаан юм хэмээн шулуухан тодорхойлчихсон байхыг уншсан. Монгол ухааны нэг л тал хэмээн ойлгож болох мэт. Дээр үед манай аавыг бага байхад хээр хонь хариулж байсан өвгөн рүү галзуу чоно дайрчээ. Өвгөн түүнийг харсан боловч маань тарниа уншаад завилан суугаад л байж. Тэртээ хол байсан хот айлын авгай хүүхнүүд шуугилдаад “Нөгөө Балдан гуай ! Сүйд боллоо.” Гэлцэнэ биз дээ? Тэгээд харж байтал галзуу чоно өвгөний өмнө хүрээд хазах агшинд өвгөн гараа дохих шиг болсон. Галзуу чоно гулдагасхийн ойчоод хөдлөхгүй болжээ. Сүүлд мэдэх нь ээ. Өвгөн чоныг хүлээнгээ хормойныхоо үзүүрийг чанга гээч нь имрэн хуйлаад суусаар байсан юмсанж. Тэгээд чоно гутлын хоншоорыг зуух агшинд имэрсэн хормойгоо гутлын түрий дагуулаад хүчтэй ширвэтэл чонын эмзэг амин цэг болох сарьсан хоншоорыг шувт татаад духан дээр нь тохчихсон байсан юм гэдэг шүү.

Надад ч гэсэн тиймэрхүү нэг сонин хэрэг тохиолдсоныг товч өгүүлсү. Би оюутан байхдаа Батбаяр гэдэг Төв аймгийн залуутай цуг Жаргалантын сангийн аж ахуйн хадлангийн бригадад цуг өвс хураалцаж байсан юм. Нэг удаа тракторт дүүрэн өвстэй чиргүүл холбох гэж байгаад газрын уруу алдаж орхилоо.Хорь гаруй насны хоёр залуу түүний араас хөөж гүйцгээлээ дээ. Тэгээд арай гэж нэг юм чиргүүлийн гарнаас барьж авлаа. Та нар яах гэж байгааг мэдэж байна уу? Маш зугуухан хүчийг нь дагуулан залсан юм. Тэгээд хэвгий газар хөндөл сүүлээд зогсоосон доо. Зөвхөн Монгол хүнээс л гарч мэдэх иймэрхүү сийрэг ухааны жишээ баримт гэвэл амьдрал дээр тоо томшгүй олон байж таарна.
Энэ дашрамд хэлэхэд миний эцэг Чүлтэмийн Доржсүрэн гэж жирийн л нэг жолооч хүн байсан. Гэхдээ надад Монгол ухаан, Монгол гэрийн сургалтын аргын зах зухыг байнга хэлж ярьдаг байж дээ. Аавын минь ярьдагаар бол манай Монголчууд төр барих хүнээ зургаан настайгаас нь эхлэн сонгодог. Удам судар, царай зүс, алсдаа нуруу туруу нь хүртэл ямар болохыг мэдэж шинждэг байсан гэж байгаа. Мөртлөө зургаан нас гэдэг нь өрнөдийн эрдэмтдийн тогтоосон нөгөө гайхалтай завсрын үетэй яв цав нийлж байгааг та бүхэн харж байна уу?Тэгээд хорин нас хүртэл нь дорнын таван хэл тэргүүтэн их бага таван ухаанд сургасны эцэст төрийн хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгүүлдэг байсан гэдэг. Гайхалтай холын бодол байгаа биз. Энэ чинь л жинхэнэ Монгол ухаан биз дээ? Аавын маань бидэнд ярьдаг байсан эртний Монголын архины соёл ч гэсэн өнөө хэр санаж явууштай сайхан уламжлал байжээ. Түүний өгүүлснээр: “Дээр үед аймаг сум болгонд нэг архичин байдаг байсан нь бараг л жишиг шахам зүйл бөлгөө. Түүнийг айл болгон хүндлэн дээдлэх нь холгүй байж л дээ. Тэртээ холоос зорин ирэхэд нь олбог ширдгээ дэвсээд, галуун хүзүүт гаргаж, тарган сайхан мах чанаж өгөөд маргааш нь шарыг тайлж өгөөд явуулахаа ч мартахгүй. Тэгээд хаа газрын аль ч цаг үеийн архичид найр наадмын үед хөөрөлхөн агсам согтуу тавих нь ёс юм хойно тэр үед нь барьж аваад шар эсгийд боогоод унтчуулчихдаг байжээ. Ялангуяа зуны халуунд шар эсгийд боолгосон амьтан чинь уйлж унжаад хар хөлс нь цувж ямар олигтой харагдав гэж. Тэр үед л нь өвгөд хөгшид залуу бага насны хөвгүүд харчуудад хандан: «Та нар сүүлийн үед жаахан бор дарс амсах гээд байгаа шүү. Учиртай байхгүй бол Самдан ах шигээ болдогийг мэдсүгэй !» гээд хэлчихнэ. Хэн зуны халуунд шар эсгийд боолгон алийгаа алдахыг хүсэх билээ дээ?”

Би Өвөрхангайн нэг банди сайн оюун лугаа хэрхин учирсан тухай түрүүчийн бичлэгээрээ ярьж байсан. Түүнээс дутахгүй хоёр насаар дүү өөрнэг хөөрхөн хүү яг тийм болчих боломжтой байсан чинь ээж нь шинэ байр худалдан аваад санхүүгийн боломжгүй боллоо гээд аваад явсан даа. . . . . .Ер нь манай боловсролын тогтолцоо шат шатандаа сайн оюунтан хүүхдүүдийг таньж, тохирсон сургалт явуулдаг болчихвол Финлянд сургалтыг бараа туруугүй ардаа орхих нь тодорхой юм. Яагаад гэвэл бидэнд тэр талын баялаг уламжлал байгаа шүү дээ. Сайн оюун, төрмөл эрдэм нэгэнт л тодорсон бол тийм хүнд ямар ч эрдмийг заасан маш хурдан сурчихаад байдаг. Би өчигдөр та бүхэнд сайн оюуны тухай анх удаа дуулгачихаад сургууль дээрээ очсон хойно нэгдүгээр курсийн нөгөө хурдан сураад байгаа оюутангаар бусдад нь туршлагыг яриуллаа. Яагаав нөгөө би сурах биш тархи оюун маань бараг амарч байх шиг санагдаад байдаг гэж ярьсан нөгөө охин шүү дээ. Тэр уг нь манай оройн ангид сар хагас суусан юм. Тэгэхдээ л уг нь онцгойрч харагдаад байдаг байсан хэр нь өнгөрсөн жилийн оройн ангийн сайн оюутнуудыг бараг гүйцмээргүй санагдахаар нь сайн суръя гэж өдрийн ангид орсон хэмээн ярьсан нь надад бахархах сэтгэл төрүүлж байлаа. Өөрөөр хэлбэл би анхны оройн ангийн оюутнуудаараа бахархан хайрлах сэтгэл төрсөн хэрэг. Долоо хоногт ажлын хажуугаар гуравхан удаа, хоёр цаг сурч байгаа мөртлөө сайн оюун нь илт тодорхой тийм хүүхдэд гүйцэгдэхгүй байсан гэхээр ямар эрчтэй сурч байсныг харуулах бодит жишээ юм. Та нарын дундаас байж мэднэ. Нэг залуу өчигдөр манай нэгдүгээр курсийн оюутнуудтай танилцаад мөнөөх охинтой уулзаж зөвлөлгөө авч байгаа харагдана лээ. Би гол нь сайн оюун, төрмөл эрдэм та бүхэнд өөрт чинь бодитой байгаа гэдгийг батлах гэж баахан зүйл нуршчихлаа.

Эцэст нь Монгол ухаан, сайн оюун, төрмөл эрдэм зэргийг Монгол сургуулийн орчинд л цул шижир байдлаар нь ялган гаргах боломжтой. Тийм хүмүүсээ бэлтгэн гаргаж чадах юм бол жижигхэн Монгол улс маань жинхэнэ утгаараа дахин дэлхийн тавцанд урьдын суу алдраа дуурсгах цаг холгүй байж мэдэх юм шүү.

Доржсүрэнгийн Болдбаатар
Шинэчлэгдсэн огноо: 2014 оны 9 сарын 22, Даваа гараг
Уншсан: 3616 удаа

Нийт сэтгэгдэл (2)

1. МАШ ГОЁ
Машш сайхан нийтлэл оруулжээ. ТАСРАЛТГҮЙ ОРУУЛААРАЙ
Бичсэн: маш гоё | 2014 оны 9 сарын 18 | IP: 98.253.32.xx
2. ...
Bidnii ur huuhed ach zee narig mini undur bolovsroltoi bolgohod tedniig tanij hugjuuleh ni asar ih ach holbogdoltoi, Zuv tsagt zuv sedvee olj bidend hurgej baigaad mash ih bayarlaj bna,Tasraltgui urgeljilne gedegt itgej bna. Bayarlasanaa dahin ilerhiilie
Бичсэн: Sara B | 2014 оны 9 сарын 18 | IP: 70.194.107.xxx

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 6 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
     1  2  3  4
  5  6  7  8  910
12131415161718
192021222324
2627282930  

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

"ЧОНО" (бүжгэн жүжгийн түхай миний сэтгэгдэл)

"ЧОНО" (бүжгэн жүжгийн түхай миний сэтгэгдэл) Англи улс нэгэн цагт бүх чоноо устгачихаад, байгалын алдагдсан тэнцвэрээ тэнцүүлэхийн тулд ѳѳр... 2017 оны 5 сарын 24

Б.Уранчимэг

UMONTV-ийн нэвтрүүлэг (Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулганы илтгэлүүд-4) 2017.05.06

UMONTV-ийн нэвтрүүлэг (Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулганы илтгэлүүд-4) 2017.05.06 АНУ-ын Чикаго хотод болсон Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулга уулзалтын 3 дахь өдөр тавигдсан... 2017 оны 5 сарын 8

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.05.05

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.05.05 МТВ ҮЗҮҮЛЖ БАЙНА: Монголын парламентын түүхээс Америк дахь Монгол Телевизийн байнгын үзэгч-дэмжигч... 2017 оны 5 сарын 6

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2