Medeelel
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

ЦЭНГҮҮНЭЭС ТҮҮСЭН БОДЛЫН СЭВШЭЭ

2014 оны 11 сарын 10, Даваа гараг  .:.  Бичсэн: 
(7 үнэлгээтэй)
lhagvasuren tsenguunАрдын уран зохиолч, Төрийн соёрхолт, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн ганц хүү, өөрийгөө ирэлсэн Өнжүүлийн хөх билүү, Монголын их соён гэгээрүүлэгч, Монгол Тулгатны эрхэм Лхагвасүрэн гуайн цэнгүүн Чикаго хотод энгийн атлаа тансаг, энгүй сайхан нижгэр боллоо. Цэнгүүнд Ардын уран зохиолч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Тангадын Галсан гуай оролцож, Монголын утга зохиолын сүмбэр оргилуудын он цагийн сэтгэлийн хэлхээг нь тайлж, уярал, ухаарал, бодрол, инээд хайрласан нэгэн үдшийг сэтгэл, оюуны дээдийн таашаалд хөвөн жаргаж өнгөрүүлсэндээ туйлаас гялайж сууна.

Бодож ээ байхад  би, бид ямар их азтай хүмүүс вээ, ийм сайхан сор болсон мэргэдийн дэргэд өлмий даран үр хүүхэд  шиг нь өсөж, төрсөндөө баярлаж байна. Дахин давтагдашгүй, өөр өөрийн өнгөөр тод гэрэлтэх номын цагаан буяны гэгээтэй, ганцхан хувь шижир алт, галт биндэрьяа нар  Монголд төрж, монголдоо шингэж, монголоо ирлэж байгаа нь дээд тэнгэрийн таалал юм болов уу.

Амнаас нь унах үг бүрийг алдалгүй тосон авч, тархиндаа бичиж, сэтгэлдээ хадаж, алсдаа болгоож явна гэж бодохын сацуу чанадаас эсвэл бүр энүүхэнд  дотор минь сэвэлзэх бодлын   сэвшээ намайг зогсоо зайгүй гижигдэнэ.  Үзэг цаас нийлүүлмэр болдог өчүүхэн сэтгүүлч миний бие энэ агуу хүмүүсийн тухай бичнэ гэхэд бяр дутаж, дутуудуулчих вий гэх эмзэглэл сэтгэлийн гүнд өндөлзөвч үзээд алддаг хэрэг гэж шийдэн эрт цагийн бийр янтай, дунд үеийн бичгийн машин, одоо үеийн цахилгаан тархи болсон үсэг нь арилж, холторсон миний муу найз  компьютерийнхээ үсгийг тоншиж сууна.

Хар аяндаа  бодол сэтгэлд  минь сэвшэн орж ирсэн зарим нэг цагаахан агаад,  часхийсэн ярианаас нь чадлынхаа хэрээр түүлээ. Хүлцэл өчихөд “хоёр аварга” яруу  сайхан монгол хэлээрээ нүд, чих, сэтгэл баястал хууч хөөрсөн  амттай яриаг миний муухан бичлэг довон дундуур донсолгох үхэр тэрэг лугаа адил буулгасан гэдгийг болгоогоорой.

“Булган сүүлтэй зохиолч”
Б.Лхагвасүрэн гуайн зохиол бүтээлийг “мөлжөгсдөөс” 5 хүн Төрийн соёрхол болон  Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртжээ.  “Нарны домог” –оор бүжгийн жүжиг найруулсан Сэвжидийн Сүхбаатар, “Үүлэн цэнхэр хангай”, “Ээжийнхээ ачийг яалаа даа”  шүлгээр нь дуу, “Илдэн уулын цуурай”-гаар нь оратори бичсэн Ц.Чинзориг,  “Ламбугайн нулимс” цомнолоор дуурь бичиж Х.Билэгжаргал, Д.Сосорбарам  “Атга нөж” жүжгийн Чингис хааны дүр бүтээж  Төрийн соёрхол,  “Атга нөж” жүжгийн нь найруулсан найруулагч Б.Баатар,  “Тамгагүй төр” жүжгийг нь найруулсан Ч.Найдандорж нар Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолтон болжээ.

galsan“64 кинотой зохиолч”
Тангадын Галсан гуай 64 кино зохиол бичиж,  107 ном туурвижээ.

“Автобуснаас уйлаад буусан”
Ижийгээ өнгөрсний дараахан автобусанд явж байтал ойрхон байсан эмэгтэйгээс сүү үнэртээд .... тэр үед сэтгэл үймэрч, ижийгээ хачин ихээр өрөвдөн санаж, тэсэлгүй нулимс асгарч автобуснаас бууж  билээ. Сүүний үнэр... айхтар юм билээ. Хүүхдүүд минь ижийгээ, ханиа хайрлаж яваарай. ” Б.Лхагвасүрэн

“Хоёр мич”
“Хүн мичнээс төрсөн гэдгийг одоо хэр нь батлаагүй. Харин яах аргагүй хоёр хүн мичнээс төрснийг би батална. Хэн бэ гэвэл Галсан бид хоёр. Эхлээд Галсан, 12 жилийн дараа би мичин жил төрсөн юм”  Б.Лхагвасүрэн

“Бид хоёроос найраг үнэртэнэ”
“Бавуугийн Бавгараас тамхи үнэртэж байна, харин надаас архи үнэртэж байна. Удахгүй бид хоёроос найраг үнэртэнэ.” Т.Галсан

“Чингис хаан хэлээгүй”
“Саяхан даа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Их хүссэн хүнээр төрийн жолоог бүү атгуул” гэж эзэн Чингис хаан хэлсэн гээд ярьж байна билээ. Чингис хаан энэ үгийг хэлээгүй. Уг нь миний “Атга нөж” жүжгийн зохиолын үг  юм шүү дээ. Үүнтэй ижил алдарт зохиолч Ванган гуайн “Өглөө” киноны зохиолдоо бичсэн “Морьноосоо буулгүй ертөнцийн талыг эзлэх амархан, морьноосоо буугаад төрийг төвхнүүлэх хэцүү” гэдэг үг нь Чингис хааны хэлсэн үг болон хувираад олон оныг үдэж байна даа ” Б.Лхагвасүрэн

“Гэрийнхээ босгыг согтуу давж үзээгүй”
Хүний ганц хүүг 8 болгож, бүтэн биеэ хуваасан Баасан  бид хоёр 52 жил ханилжээ. Би гэрийнхээ босгыг 52 жил согтуу давж үзээгүй” Б.Лхагвасүрэн

“Хүн болсны утга учир”
“Баярлах, зовох хоёртоо л ноён нуруугаа алдахгүй явбал хорвоод хүн болсны чинь утга учир тэр шүү” Б.Лхагвасүрэн

“Хамгийн том шийтгэл”
Залуу бага байхдаа нэлээн хөдөлгөөнтэй, дэггүй  хүү байлаа. Аав, ижий хоёр минь юм л бол сургууль дээр ирчихсэн, аав  түхэлзтэл амьсгаадан “миний ганц хүүг ингэх гэж” ирээд л өмөөрөхөд нь  их  л ичдэг байж билээ. Аав дуугаа хураах, ижий уйлах хоёр л надад хамгийн том шийтгэл байлаа. Б.Лхагвасүрэн.

“Шанзтай дуулна”
“Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт эрхэм найрагч өөрөө оролцож шанз хөгжимтэй дуулна.

“Гэзэгний үзүүр сэрэл хөдөлгөх үү”
“Сүүлийн үеийн дууны үг хайшаа ч болсон юм бэ дээ. Гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөнө гэнэ үү. Харин нүүр аманд хүрвэл ирвэгнүүлмээр л юм. Юун сэрэл хөдөлгөх” Б.Лхагвасүрэн

“Тараг асгачихсан юм”
“Миний үс, сахал одоо хэр нь бууралтаагүй. Уг нь ухаантай хүний үс амархан цайж эрт бууралтдаг юм гэнэ лээ. Харин Пунцагийн Бадарчийн тархин дээр тараг асгачихсан юм” Т.Галсан

“Амьддаа медалийн цуглуулга Галсан, алсдаа металийн цуглуулга Галсан”
Энгэртээ гялтайх юмгүй Галсан гуай хэсэгхэн зуурт л  5 медальтай болжээ. Энэ нь “Ардын хувьсгалын 70 жилийн ойн медаль”. Одон тэмдгээр шагнагдах нь бүү хэл тэрслүү хэмээгдэн цөлөгдөж явсан түүнд Б.Лхагвасүрэн гуай Монголын Зохиолчдын Эвлэлийн дарга байхдаа анхныхыг нь  гардуулжээ. Баянхонгорынхон “Тангадын Галсан, Догмидын Сосорбарам хоёрыг аваад ир. Тоосын нь гөвөөд өгье” гэж байсан тэр үеэр мань хоёр нутагтаа очиж хандивын тоглолт хийж гуйгаад гуйгаад олдодгүй хандивыг шуудайгаар нь цуглуулж өгчээ. Нутгийн удирдлагууд нь баярлан медаль гардуулсан нь хоёр дахь нь болж. Монголын Сэтгүүлчдийн Холбооны дарга Ц.Мөнхжаргал гэж цав цагаан оймстой, цав цагаан залуу  дуудаад  нэг шил архийг хоёр стаканд хувааж хийгээд, нэгийг нь авч өгөөд  “За та дуустал  нь уугаарай, тэгээд ёроолд нь юу гялалзахыг хараарай” гэж. Ёроол нь гарав. Нөгөө гялалзсан эд нь өнөөх ойн медаль байжээ. Гуравдахь  нь энэ болой. Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Лоохууз гуай дөрөв дэхийг нь энгэрт нь зүүж өгчээ. Гэгээрлийн яамны Сонин хэвлэлийн нэгдсэн цэцийн эрхлэгч А.Дан-Аажав  Галсан гуайг дуудаад “уг нь чамайг Соёлын гавьяат зүтгэлтэнд тодорхойлсон боловч өнгө нь буруудаад ирж” гээд тав дахийн нь зүүж өгчээ. Ингээд таван медальтай болсон Галсан гуай бүгдийг нь “батгана суух” зайгүй болтол нь зүүж патиараа татуулаад,  “амьддаа медалийн цуглуулга Галсан, алсдаа металийн цуглуулга Галсан” гэж бичээд сонинд аваачиж өгсөн боловч ямарч хэвлэл нийтэлсэнгүй. Таван медальтан биш таван металтан болсон түүх ийм бөлгөө.
“Цээжний тавд гарч ирнээ”

Би гэдэг чинь тэмээчнээсээ дэвшиж Д.Нацагдоржийн музейд манаач хийж, Бавуугийн Бавгар “Үлгэрийн танхимд” зураач, туслах найруулагч хийж байсан үе. Манаатай нэг өдөр ажил дээр маань  Бавгар хүрч ирээд “30 жилийн дараа хоюулаа Монголын утга зохиолд цээжний тавд гарч ирнээ” гэж урам хайрлаад явж билээ. Энэ үгийг би өнөө хэр санаж явдаг. Т.Галсан

“Төрийн дуулалыг  төвхнүүлсэн нь”
Л.Мөрдоржийн эхлэл, Билгийн Дамдинсүрэнгийн төгсгөлийн хөгийг  нийлүүлэн Цэндийн Дамдинсүрэнгийн зохиосон Монгол Улсын Төрийн дуулалыг Цэгмидийн Гайтав, Чойжилын Чимид нарын үгээр сэлбэсэн бол, 2006 онд  Тангадын Галсан гуай 4 мөртөө дуурсгаж Монгол Улсын Төрийн дуулалыг төвхнүүлжээ. 

Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая

“Төр гэдэг хоосон чанар”
Төр гэдэг чинь өмсдөг дээл, өшиглөдөг гутал биш. Төр гэдэг хоосон чанар. Төрийн түшээ гэдэг мөн чанар юм шүү. Монголыг минь мөнх хөх тэнгэр ивээг! Б.Лхагвасүрэн

“Агуу тархитай ард түмэн”
Монголчуудын ой ухаан  гайхамшигтай. Ийм агуу тархитай ард түмэн дэлхийд байхгүй. Дэлхийн том том эрдэмтэд монгол цустай л байдаг. Судлаад үз. Монголын уураг тархи хүн төрөлхтөнөөс толгой өндөр. Б.Лхагвасүрэн

“Хүн чанар”
Хүн чанар яруу найргийг бичдэг.  Б.Лхагвасүрэн

Дов толгод уулсын барааг саравчлан хардаг. Харин уулсын оргилын дээр зөвхөн тэнгэр л буй. Агуу хүмүүсийн хамгийн дээд мөн чанар нь “Хүн чанар” юм даа ... Энэ үдшийн цэнгүүнээс хоёр их соён гэгээрүүлэгч, зохиолчидийн мөнхийн нөхөрлөл, үнэн сэтгэлийн дардасыг биширч, цэнгүүнээс түүсэн бодлын сэвшээгээ  жаргаая.

Монголын утга зохиолын  дүнхгэр уулсдаа урт насалж, урлан туурвиж, удаан жаргаж  явахын өлзийтэй ерөөлийг өргөн барья!


Сэтгүүлч Д.Уранзул  2014 оны 11 дүгээр сарын  9. Чикаго хот

lhagvasuren tsenguun

galsan
Шинэчлэгдсэн огноо: 2014 оны 11 сарын 11, Мягмар гараг
Уншсан: 7033 удаа

Нийт сэтгэгдэл (5)

1. Gaihaltai
Ene saihan tsenguund ug ni Uranzultaigaa hamtdaa oroltsson yum.Tuhain ued ene buh gaihaltai ugtei uhaarluudiig sonsood l bsan.Getel ergeed ter bolgoniig sanahad hetsuu bolson oi uhaantai nadad dahin ter buhniig sanuulj bur tseejind uldeej ogch baigaa, uran ugiin helheeg Ardiin uran zohiolchdoos dutahgui bidendee bichij toliluulj bdag duudee maash ih bayarlalaa.Urgelj gyalalzaj,tsatsarch yavaarai!
Бичсэн: S.Khandmaa | 2014 оны 11 сарын 10 | IP: 216.176.139.xx
2. ...
Маш таалагдаж,амтархан уншлаа.Найздаа амжилт хусье!Д.Уранзул.
Бичсэн: Т.Гантомор | 2014 оны 11 сарын 10 | IP: 109.95.251.xx
3.  setguulch baixiin uchir ...
xaa bolson, bolj bui, bolox gej bui uil yavdal-n unen nuur tsaraig setguulch survaljlagch xun l bidend damnan xurgej baidag ,,, Uranzul maani eeljit udaagaa soel urlag utga uran zoxioliin "2 Akul" -n udurlug uulzaltiig nudnee buutal saixan temdeglejee .. Mash ix taalagdlaa . Bayarlala, Uzeg ni urgelj xurts baig!
Бичсэн: naizaas ni | 2014 оны 11 сарын 10 | IP: 67.81.63.xxx
4. Гайхалтай
Маш сайхан бичжээ. Яг л хамт байсан юм шиг сэтгэгдэл төрж байна.

Баярлалаа.
Бичсэн: Чикаго | 2014 оны 11 сарын 11 | IP: 12.2.23.xxx
5. uuchilaarai.
Xux uulsiinxaa dund goyo chuluu,tsetseg xoyoriig xormoilon gyij ,bodliin sevshee dundaa ongodiig duudan jargaj axui tsag dor chini nereer chini duudan saad bolson bol uuchilaarai.bysgyi xynii ur uxaanii shaglaas sain boljee.magtaya.
Бичсэн: dashka ax | 2014 оны 11 сарын 27 | IP: 98.226.59.xxx

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 5 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
  1  2  3  4  5  6  7
  8  910111213
15161718192021
222324252627
293031    

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

Гадаадад буй монголчууд МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛЭГЧ-ийг сонгох СОНГУУЛЬ-д оролцоно

Гадаадад буй монголчууд МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛЭГЧ-ийг сонгох СОНГУУЛЬ-д оролцоно *ЯАГААД СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ЁСТОЙ ВЭ? Яс үндэс, нас хүйс, шашин шүтлэг зэргээр ялгаварлан гадуурхахгүйгээр,... 2017 оны 5 сарын 8

Б.Уранчимэг

UMONTV-ийн нэвтрүүлэг (Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулганы илтгэлүүд-4) 2017.05.06

UMONTV-ийн нэвтрүүлэг (Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулганы илтгэлүүд-4) 2017.05.06 АНУ-ын Чикаго хотод болсон Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулга уулзалтын 3 дахь өдөр тавигдсан... 2017 оны 5 сарын 8

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.05.05

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.05.05 МТВ ҮЗҮҮЛЖ БАЙНА: Монголын парламентын түүхээс Америк дахь Монгол Телевизийн байнгын үзэгч-дэмжигч... 2017 оны 5 сарын 6

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2