Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Шувуудын түрүүч Хараацай

2015 оны 1 сарын 02, Баасан гараг  .:.  Бичсэн: 
(6 үнэлгээтэй)
uranzul1 Монгол нутгийн их жаврыг зүсч хаврын шувуудын түрүүч ирдэг. Тийм эртэч, жаврын хүйтэнд үл ажрагч шувуу бол хараацай.

“Нийгэм журамт” үеийн манан салхийг эргүүлж цагаан морин жилийн ардчилсан хувьсгал өрнөсөн билээ. Нийгмийн тэр өөрчлөлтийг олон залуус түүчээлж, Монголчууд гар гараасаа атган, мөрөө түшин дэмжиж амжилтанд хүргэсэн. Ардчиллын баатар Э.Бат-Үүл гуай “1691 онд Манжийн эрхшээлд орсноос хойшхи үе, үеийн Монголчуудын хүсэл мөрөөдлийн биелэл нь 1990 оны ардчилсан хувьсгал” гэж үйл явдлын үнэ цэнийг илэрхийлсэн байна.

Монгол орон өнө мөнх орших аваас 25 жилийн өмнөх хувьсгалын гэгээ улам тодрон гэрэлтсээр байна биз ээ. Халуун сэтгэл, залуу насаараа дэнчин тавьж үйл явцын эхэнд явсан олон хүн харин чимээгүйхэн бүдгэрсээр байгаа санагдах юм. Ардчилсан өөрчлөлтийн тэргүүн эгнээнд явагсдын нэг нь бидний дунд даруухан амьдарч явааг саяхан мэдээд цочирдсоноо нуух юун.Тэр хүн бол Доржжанцангийн УРАНЗУЛ.

АНУ дахь Монголчуудын олон арга хэмжээг чин сэтгэлээсээ дэмжиж, өвдсөн зовсон, баярлаж хөөрсөн нэгэнд дэм, тусын гараа сунгаж бичиж нийтэлж явдаг энэ эмэгтэйтэй олон хүн эчнээ танил болсон. Тэдний нэг миний бие Монголчуудын дунд болдог ширээний теннисний тэмцээний үеэр уулзаж, тэр даруйдаа л ном редакторлуулна гэж гуйхад уриалагхан тусалж билээ.

Олныг үл нуршин түүний яриаг толилуулья.
 
uranzul4Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг С.Зориг агсан та хоёрын Дорнод аймгийн нэгэн суманд ажиллаж байгаа тайлбартай зураг нүүр ном(Facebook)-ын хуудаснаас үзсэн. Энэ зурагт үлдсэн агшинаас яриаг аа эхэлье ээ?
Тиймээ. Дурсгалтай зураг шүү. Хэнтий, Дорнод аймгаар хамтдаа ажиллаж байсан. Тэр үеийн зураг л даа. Дорнод аймгийн Цагаан Овоо сумын малчин айлд үдлэх үеэр авахуулсан зураг байгаа юм.

Миний ээж их сургуульд багшилдаг байлаа. Ээжийнхээ ажлаар хаяа орноо. Тэгтэл нэг удаагийн очилтоор жижигхэн шар залуу ээжтэй мэнд ус мэдэлцээд “хамт тамхилах уу” гээд стюардес гээд тамхи гаргаж ирлээ. Ээж “би наадахыг чинь татдагүй ээ “ВТ” татдаг гэж “томорч” байна. Тэгээд л тэр хоёр юм яриад тамхиа татаад. Дараа нь ээжээс “энэ хэн бэ?” гэсэн чинь “Манай сургуулийн багшаа. Яагаав ээж нь “Сэрэлт”-эд тоглодог орос эмч” гэж билээ.

Ингэж л анх Зоригийг харсан юм. Дараа нь 1990 онд ардчилсан хувьсгалд хамтдаа мөр зэрэгцэн тэмцэж эхэлсэн дээ. 1992 онд ардчилсан хүчнийхэн сонгуулиар “үнэмлэхүй цөөнх” болоод байсан үе.
Намаа бэхжүүлэх, ардчиллын талаарх ойлголтыг олон түмэнд түгээх гээд хөдөө гадаа их явдаг байлаа. Мөн “Либераль Эмэгтэйчүүдийн Оюуны Сангийн” гүйцэтгэх захирлын хувиар байгууллагынхаа зорилго эмэгтэйчүүдийн эрх, жендерийн асуудал, хүчирхийлэл, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, эмэгтэйчүүдийг бизнес эрхлэхэд туслах гээд олон асуудлаар сургалт семинар хурал зөвлөгөөн, уулзалт зохион байгуулж улсаа хөндлөн гулд туулж явахдаа, хэд, хэдэн удаа С.Зоригтой хамт нэг групп болж явж байсан.

Биднийг Хэнтий, Дорнодоор явж байхад аль хэдийн Зоригийн талаар мэдээлэл тарчихсан. Зоригийг “амьдаар нь харая” гэж ёстой л хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөж ирнэ. Тухайн сумдын соёлын төв пиг дүүрэн хүнтэй. Загнах нь загнаад, магтах нь магтаад л халуун дулаан уур амьсгалтай яриа өрнүүлж байсныг би одоо ч дурсдаг. Дорнодын хилийн дээс алхангуут л Зориг буриад аялгаар яриад эхэлж байгаам даа. Заримдаа ч хүмүүсийн юу гээд байгаагийн нь ойлгохгүй ээ. Орчуулга хийнэ шүү дээ бидэнд. Зориг намайг бодоход малын дөртэй, хээгүй, хөдөөний амьдрал гайгүй мэднэ. Зуныхаа амралтаар авгындаа ирж хонь хариулж, тус болдог байсан гэсэн. Ардчилсан нам, сангийнхаа ажлаар сар гаран хөдөөгүүр яваад манайхан бүгд бөөстчихөөд ирж билээ.

Би өнөө хэр С.Зоригт зул өргөдөг. Гандан хийдэд очих бүртээ маанийн ерөөл уншуулдаг. Бодохоор л дотор харанхуйлдаг хүнд дурсамж. Зоригийн хэргийн дараагаас л миний амьдрал хувь заяа орвонгоороо эргэсэн дээ...

Залуучууд 1980-аад оны сүүлээс олон замаар ардчилсан хувьсгалын өрнөлтөд оролцсон. Таны хувьд чухам яаж, хэдийд тэр хувьсгалын эргүүлэгт татагдав?
Ээж минь эдийн засагч, хүн ам судлаач мэргэжилтэй байсан. Ээжийн найз нар гээд тухайн үеийн гайгүй сэхээтэн залуус хаяа манайд зочилж ирнэ. Тэдний ярианаас л эдийн засаг болохгүй байна, “авгай”, “цөллөг” гэсэн үгүүдийг сонсож байлаа. Тэгтэл ч удалгүй хөрш орнуудад “престройка” өрнөж эхэлсэн.

Миний хувьд 1989 онд болсон “Залуу уран бүтээлчидийн улсын зөвлөлгөөн”-ийг радиогоор нэвтрүүлэхийг сонсоод дотроо маш их дэмжиж байлаа. Тэгтэл ч тун удалгүй жагсаал цуглаан гээд бужигнаад эхэлсэн. Албан ёсоор Монголын Ардчилсан Холбоонд элсээгүй ч бүх жагсаал цуглаанд нь очиж дэмжсэн. Яагаад ч юм МоАХ-д элсэх бодол төрөөгүй.

Тэгтэл нэг өдөр 1990 оны 1 сарыг сүүлээр шиг санаж байна. ПДС-ийн өрмийн инженерийн багш миний хүргэн ах Мятавын Бандийн гэрт Сэтэвийн Бямбаа гэж ах ирээд баахан юм ярилаа. Тэр хоёр Ленинградад хамт төгссөн юм. Хүргэн ахыг ятгаад л байна. Чи бидэнтэй нэгд, түүх, гарал, удам угсаа, шашин соёлоо дээдлэнэ. Эдийн засаг, улс төрийн өөр замаар явах хэрэгтэй гээл ухуулж гарлаа. Хүргэн ах тэр үед хувьсгалт намын гишүүн байсан. Яагаадийг мэдэхгүй Бямбаа ахын ятгалганд орсонгүй. Харин сохорсон биш завшив гэгчээр хүргэн ахынхаар хэсэж явсан надад Бямбаа ахын ярьсан ихэд таалагдаж, түүнийг дагаж Шинэ Дэвшилт Холбоонд элсэн орсон юм.
Миний өвөө бага хүүхэд байхаасаа л хийдэд шавилин сууж, улмаар улс төрийн шахалтаар шар шувталж, сахилаа цуцалж, гэрлэсэн ч нууцаар бурхан шүтэж, тахидаг, ном уншдаг, амьтан ах дүү, таних, танихгүй хүмүүс сэмхэн ирж засал номоо хийлгэдэг байсан хуварга хүн. Хэдийгээр жаахан хүүхэд байсан ч бид нар ам чангатай, хүн амьтан ирвэл гадаа гарч амьтан хүн харуулдаж, “сэжигтэй” хүн хар ирж яваа бараанаар чимээ өгдөг байлаа. Энэ мэт зүйлээс болж надад тухайн үеийн Шинэ дэвшилт холбооны зорилго таалагдаад сонголтоо хийсэн. Тэгээд ч Шинэ Дэвшилт Холбоог үүсгэн байгуулагчидийн ихэнх нь эдийн засагчид байсан, ээжийн минь найз нөхөд олноор дэмжиж байсан нь надад бас хүчтэй нөлөөлсөн.

Ингэж л 24 настайдаа ардчилсан хувьсгалтай золгож, ардчиллын үйл хэргийн төлөө хоёргүй сэтгэлээр тэмцсэн дээ. Анхандаа мэдэхгүй чадахгүй зүйл маш их байсан. Юун зах зээлийн эдийн засаг, хөрөнгийн бирж, өмч хувьчлал, хувьцаа, хувийн өмч, юун Америк, Англи руу явах вэ!!! Ёстой урьд өмнө сонсогдоогүй зүйлтэй л тулгарч байлаа.
 
Нийгмийн өөрчлөлт, ирж буй сайн цагийн тухай ухуулж таниулж явахад тань хүмүүс яаж хүлээж авч байв? Тэр үeэс хойшхи өөрчлөлт хүмүүсийн ахуй сэтгэхүйд яаж нөлөөлсөн гэж бодож байна?
Янз бүрээр л хүлээж авч байсан. Нулимах нэгэн байхад аягатай сүүгээ өргөөд угтсан хүмүүс олон байсаан. Дэлгүүрийн лангуун дээр давснаас өөр юм байхгүй, картны бараанд дугаарлаж байх тэр үед хүмүүс ардчиллаас болсон гэж үзэж байлаа. Үнэндээ соц орнуудаас тухайлбал ЗХУ- аас эдийн засгийн хамааралтай байсан. Соц орнууд бүгд улс төр, эдийн засгийн хямралд орсон гэдгийг ойлгуулах гэдэг амаргүй байсан шүү. Одоогийн Ардчилсан Солонгос улсын байдлыг хараад би боддог юм. Эд нарыг дахин нийгэмшүүлэх төлөвшүүлэхэд ямар их хүч хөдөлмөр цаг хугацаа орох болдоо гэж. Бид ч өмнө нь иймэрхүү л нийгэмд амьдарч байсан.

Ардчиллын буянаар олж авсан үнэт зүйл маш их бий. Үүнийг хэн ч үгүйгэхгүй. Наад зах нь гэхэд бид Америкт ирээд амьдарч байна. Ардчиллын буян. Амьдрах газраа өөрсдөө бид сонгосон. Сонгох эрхийг ардчилал өгсөн. Өмч хөрөнгөтэй болсон, өөрийнхөө амьдралыг хэнээс ч хараат биш аваад явах тэгш боломжтой болсон.
 
uranzul2Хорь гаруй жилийн өндөрлөгөөс харахад тухайн үеийн та бүхний хүсэл мөрөөдөл, гэнэн, сонин зүйл байж дээ гэж боддог уу? Энэ талаар ярилцвал над сонин байна.
Нэг хөгтэй юм санаанд оров. Нэг удаагийн цуглаан дээр Ц.Элбэгдорж Ленин багшийн нас барсан өдөр гээд малгай авахуулж байв даа. Энэ ч ёстой гэнэн юм болсон. Уг нь Лениний заасан замаар явахаа болих гээд байгаа улс шүү дээ.

Би улс төрч байгаагүй, жирийн нэг сэтгүүлч л байсан. Ер нь зах зээлийн эдийн засаг, ардчилсан нийгмийн талаар бидний хэн маань ч бүдэг бадаг ойлголттой байсан даа.

Тэр үeийн гол удирдагчид, хамтран зүтгэгчдийнхээ талаар хуучилна уу? Мэдээж он цагийн эрхээр зарим товойж тодорч, нэг хэсэг нь чимээгуйхэн л яваа байх даа?
Ардчиллын лидерүүдийг надаар хэлүүлтгүй бүгд мэдэж байгаа байх. Эдэн дундаас Санжаасүрэнгийн Зориг, Даваадоржийн Ганболд, Эрдэнийн Бат-Үүл, Балбарын Мэдрээ, Шүхэртийн Алтангэрэл, Зандаахүүгийн Энхболд нарыг үнэлдэг. Би эд нараас худлаа зүйл өнөөг хүртэл хараагүй байна.

Энэ их хуйвалдаан, эдийн засгийн хүчирхийлэл, авилгал шуналын гал дунд Ардчиллын үнэ цэнийг бүтнээр авч гарах гэж хичээж, зүтгэж байгаа хүмүүс олон буй. Сүүлийн үед Халтмаагийн Баттулгыг харин үнэлээд байгаа шүү. Хамтарч ажиллаж үзээгүй ээ. Намайг энд ирснээс хойш улс төрд орж ирсэн шиг билээ.

Ардчиллын төлөө тэмцсэн олон хүмүүсээс “чимээгүй” болсон нь олон бий. Чимээгүй болох шалтгаан олон янз байнаа. Эсвэл өөрсдөө мартагддаг, эсвэл зориуд мартдаг. Хараад байхад шударга, бялангач бус, хоёр нүүргүй, хэн нэгэнд долигнож гүйдэггүй, хүмүүс ихэнхдээ чимээгүйхэн яваад байх шиг байдаг юм. Үхэж үрэгдсэн нөхөд минь ч байна.

Амьд хэрнээ амьгүй мэт болсон надаас өгсүүлээд байнаа байна. Гэхдээ түүх түүхээрээ, үнэн юм үнэнээрээ байх сайхан. Ёстой хаа ч, хэзээ ч, хэн бугай ч үгүйсгэж чадахгүй үнэн гэж байдаг бол Би Ардчиллын лидер эмэгтэйчүүдийн нэг гэж өөрийгөө ам дүүрэн хэлж чадна. Үүнийг минь ч баталсан. 1995 онд Бээжинд болсон Дэлхийн Эмэгтэйчүүдийн 4 дүгээр хурлаас надад “Дэлхийн Залуу Лидер Эмэгтэй” цолыг олгож байсан.

Анхны өлсгөлөнд оролцож байсан, чөлөөт хэвлэлүүдийг бий болгоход үнэтэй хувь нэмэр оруулсан, одоо Германд амьдарч байгаа Зоригийн Эрдэнэбат гэх мэт зориуд “мартсан” хүмүүс бий шүү.

Тэр хүмүүсийн хажууд энгэрээрээ дүүрэн одон зүүчихсэн ардчиллын жинхэнэ, хуурамч партизанууд байхад энгэртээ гялайх юмгүй хэрнээ үнэн сэтгэлээсээ эхнээс нь зүтгэсэн хүмүүс мянга мянгаараа бий. Одоогийн зарим улстөрчидийн одон тэмдэг, сандал ширээгээ булаалдаж байгааг хараад ичдэг юм.

Тухайн үеийн залуусын зарим нь туг уриаг нь өргөж, нөгөө хэсэг нь зүйл бүрээр дэмжиж ардчилсан хувьсгал ололтонд хүрсэн. Таны хувьд туг барьж явав уу? Эсхүл ...
Би туг ч барьж явсан, тугал ч хариулж явсан ардчиллыг дэмжсэн мянга мянган хүмүүсийн нэг. Ардчиллын гал тогооны хүн гэж би өөрийгөө тодорхойлдог. Хамгийн хүнд хэцүү үед туг болж явсан даа өөрөөрөө бахархдаг. Ардчиллын төлөө тэмцэж явсан он жилүүд минь миний амьдралын түүхийн алтан хуудас.
 
Мөн 1992 онд “Либераль Эмэгтэйчүүдийн Оюуны Сан” төрийн бус байгууллагыг орчин үеийн жишигт нийцүүлэн Монголын Үндэсний Дэвшлийн Намыг хамт байгуулалцсан зургаан эмэгтэйн хамтаар байгуулж анхны гүйцэтгэх захирал байлаа. Анхны чөлөөт хэвлэлүүдийн нэг “Үндсэний дэвшил” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга байсан.

Цэл залуугийн тань хүсч мөрөөдөж явсан ардчилалын утга агуулга, үнэт чанар манай нийгэмд ямаршуухан хэлбэршиж байна. Эргээд харахад юу бодогдох юм?
Бид эхлүүлсэн. Бас бид гажуудуулсан. Тиймээс шинэ үе Ардчиллын шинэ түүхийг эхлүүлэх хэрэгтэй. Би лав тэдэнд боломж олгож, нэмэр болдоггүй юмаа гэхэд нэрмээс бололгүй зайгаа дуртайяа тавьж өгнө. Шинэ үе ямар өөрөөр, гайхалтай сэтгэж, бодож, бүтээж байнаа. Миний үр хүүхэд л ардчиллын үнэ цэнэ, нэр төр, үнэт чанарыг бүрэн бүтнээр нь бий болгоно гэдэгт итгэлтэй байдаг.

Ардчилал гэж зүгээр өмд гутал шиг барьж аваад өмсдөг, талх тариа шиг иддэг юм биш. Миний амьдрах нөхцөл гарааг, шударгаар тэгш эхлүүлж, хүн бүрт хуулийн дагуу өв тэгш хандах эрх олгохыг л хэлнэ гэж ойлгодог. Ардчилал гэдэг чөлөөт эмх цэгц юм шүү. Хүн төрөлхтөн ардчиллаас илүү өөр сайн гэж тооцогдох нийгэм байгуулж чадаагүй. Ардчилал өөрөө маш их үнээр хамгаалах ёстой үнэт зүйл мөнөөсөө мөн.

Одоо ингээд харж байхад “Миний хүссэн ардчилал биш”. Би энэ найгүй авилгал, намчирхдаг хийрхэлээс гутаж байна. Өөрсдөө үйлдэрлэгчид биш ихэнхийг нь гаднаас авч, тэр авсан юмныхаа оронд газар нутгаа цөлмөж өгч байна. Төрийн бодлогын дампуугаас Монгол Улс туйлдаж. Уг нь сайхан ард түмэн. Баян газар нутагтай. Даанч харамсалтай санагддаг. Ардчилсан Нам, Хувьсгалт Нам энээ тэрээ ялгаа алга. Ажил мэргэжилдээ эзэн болсон хүн тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл алга.

Анх биднийг ардчиллыг дэмжлээ гэж ажлаас халж хөөж тууж байсан хувьсгалт намын арга барилыг ардчилсан нам яг хуулж байгаад нь үнэхээр харамсдаг. Монголын төлөө чин шударгаар зүтгэх төрийн зүтгэлтэн, лидер хэрэгтэй цаг үе иржээ. Намуудыг тараах хэрэгтэй. Үүнийг та бүхэн ч харж байна. Надтай ижил бодолтой мянга мянган хүмүүс бий.
 
АНУ-д ирээд олон жил болчихлоо. Хол нутгийн амьдрал амжилттай яваа биз дээ? Нилээд олон номын редактор хийснийг тань мэдэх юм. Бас найруулагч мэргэжилтэй гэж дуулсан. Яаж яваад сэтгүүлчийн ажил руу орсон бол?
Анх 1995 онд АНУ-д хөл тавьсан. Тэр үед Азийн сангийн урилгаар сургалтад ирсэн юм. Харин дараа нь ёстой амьдрал хөөж америкт ирсэндээ. Нэг л мэдэхэд хүний амьдралын нэг бүтэн үеийг энд өнгөрөөж . Сайн сайхан л явна. Явсан нохой яс зуудагийн үлгэрээр л олсноо олонтойгоо хувааж идээд, гадаадад байдаг хүмүүсийн жишгээр л монгол руу олсон хэдийгээ явуулаад үр хүүхэд, ах дүү нараа тэжээгээл. Бас нэг хүчирхэг соёл иргэншил дунд хөлөө олох гэж зүтгэж л явна.
Надад МУИС, СУИС, Удирдлагийн академийн гээд гурван диплом бий.

Би ч сэтгүүлч мэргэжилдээ хайртай юм даа. Нэг ч өдөр мэдээ үзэхгүй, ямар нэг зүйл уншихгүй байж чаддаггүй. Тэгээд л өөрийнхөө хүсэл, сонирхол, мэргэжлээ мартахгүй, өнгөлөх зорилгоор юм бичиж, ном редакторлодог. Энд ирснээс хойш ярилцлага, сурвалжлага, тэмдэглэл, нийтлэл, эссе, зарим нэг өгүүллэг 100-аадыг бичсэн байхаа. 15 ном редакторлосон.

Хамгийн анхны ном Ажаа Гэгээний “Цагийг билэгдэгч наран чөлөө” ном байлаа. Гэрт нь бараг сар орчим байж бүтээсэн номдоо. Харин ном редакторлосон гэдэг дээр миний нэр биш СГЗ Г.Аюурзанын нэр байдаг юм. Бодвол номыг ивээн тэтгэж хэвлүүлэгчид нь нэртэй сүртэй хүний нэр бичвэл зүгээр гэж бодсон юм болов уу даа. Уг нь цэвэр 100 хувь миний хөдөлмөр л дөө. Гэхдээ яах вэ. Сайхан хүний номоор эхэлсэн булган сүүлтэй миний редакторын гараа давгүй шүү. Араасаа олон ном дагуулсан. Монголоос хүртэл зарим хүмүүс надад хандаж номоо редакторлуулж байгаа. Би ч өөрөө энэ ажилдаа гаршаад их дуртай байгаа шүү. Маш чимхлүүр, сонирхолтой, хариуцлагатай, уйгагүй зүтгэж байж бүтээдэг ажилдаа.
 
Сэтгүүлч мэргэжлийн сайхан нь юундаа вэ?
Сэтгүүлчид хэрэгт дуртай байдаг юм. Нэг юм бариад авбал Лавлаа Даш шиг л араас нь хөөцөлдөөд лавлаад, өнгөн талын нь биш үндэс сууриар нь ухах гээд давхичихна. Материалаа бүрдүүлээд юмаа бичих гээд толгойгоо гашилгаж суух л хамгийн сайхан мэдрэмждээ. Ер нь сэтгүүл зүйг дөрөв дэх засаглал гэдэг. Хараат бус, хүчтэй, шударга, хүнлэг байгаасай энэ талбар гэж хүсдэг. Олон сайхан хүмүүстэй ярилцаж, уулзаж, олон үйл явдлын амьд гэрч болсон доо. Агуу Мөрдорж гуайтай нэг үе бараг л үе тэнгийн юм шиг нөхөрлөж явлаа, хөөрхий талийгч яруу найрагч Шагдарын Уянга, хөгжмийн зохиолч Чинжиг /Чинзориг/, О.Дашбалбар, зохиолч Готовын Нямаа ах, Хонхын С.Цогтсайхан, Норовбанзад гуай, Бирваа гуай, Ардын жүжигчин Шукар Чимид- Осор гуай, хуульч Б.Чимид гуай, академич Б.Содном, Б.Ширэндэв гуай, Хөвсгөлийн алдарт Налжир удган гээд тоочоод байвал олон сайхан хүмүүстэй уулзаж үг яриагийн нь сонсож, халуун дотно нөхөрлөж явлаа. Энэ бол сэтгүүлч мэргэжлийн буян.

Сэтгүүлчээр олон жил ажилласан. 1990 онд монголын анхны чөлөөт хэвлэлийн нэг “Үндэсний дэвшил” сонинг журмын нөхдийн хамт санаачлан гаргаж манаач, бичээч, нярав, сэтгүүлч, сурвалжлагч, хариуцлагатай нарийн бичгийн дарга гээд бүгдийн нь хамтад нь хийсэн дээ. Хуучин хэвлэх үйлдвэрийн цаас, будаг, хэвлэх машины үнэр нь өнөөг хүртэл сэтгэлд байдаг. Мөн ч олон шөнийг хэвлэх үйлдвэрт өнгөрөөсөн дөө. Сонингоо хэвлэлтээс авчихаад үүрээд л гүйдэг байлаа. Заримдаа сонингоо өөрөө борлуулна. Ленин клубын урьд суучихаад л "Сонин аваарай. Ийм тийм сонирхолтой материалтай шүү" гээл хашгирч гарна. Тэр үед намын санхүүжилтэд сонингийн борлуулалт хөөрхөн нэмэр болдог байсан юм. Мөн МОНЦАМЭ-д ажиллаж байлаа. Ардын Их хурал, Бага хурал, УИХ-ын чуулганыг сурвалжилдаг тусгай сурвалжлагч гээд тоочоод байвал их юм бий.
 
Та чинь ингэхэд аль чиглэлийн найруулагч мэргэжилтэй билээ?
Найруулагч мэргэжлийн хувьд урьд нь дээд сургууль төгссөн, эсвэл найруулагч мэргэжлээр ажиллаж байсан туршлагатай хүмүүсээс шалгаруулж, монголдоо хамгийн анхны Радио, телевиз, кино найруулагчийн анги бүрдүүлэх шийдвэр гарч 600 гаруй хүн 3 шатны шалгалт өгөхөд нь миний бие тэнцсэн юм.

Манай анги анх 20 лаа байсан. Яг төгсөхөд 13 найруулагч төгссөн дөө. Би найруулагчийн ангид шалгалт өгөхдөө сэтгүүлч байлаа.

Найруулагчийн анги төгсөөд мэргэжлээрээ ажиллаагүй. Харин миний зохиолоор Үндэсний телевизийн нэг ангийнхан маань зохиомжууд хийж байсан.

Яг өөрөө гардаж анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат гуайн “Тэнгэрийн цаг” хоёр боть номоор 9 бүлэг радио найруулал хийсэн нь алтан фондод байгаа. Мэргэжил нэгтнүүдээс өндөр үнэлгээ авсан бүтээл болсон доо.

Мөн “Зориг сан”-аас зохион байгуулсан “Авилгалын эсрэг” уралдааны радиогийн төрөлд нь оролцож 3 дугаар байр эзэлж байсан. Нэгдүгээрт байрт шалгарах бүтээл байгаагүй, 2 дугаар байрыг FM-9 радиогийн хамт олон эзэлж байсан санагдана. 400 доллараар шагнуулаад мөн их баярлаж билээ. Бяцхан радио жүжиг бичээд өөрөө найруулсан. Жүжгийг минь МУГЖ Равдан ах, миний аав, Билгээ гээд нэвтрүүлэгч эгч уншиж билээ.
 
uranzul3Та манай нэрт жүжигчин, киноны дуу оруулагч Элбэгсайхан гуайн охин. Аавын авъяас билэг удамшаа биз ээ? Авъяас билгийн дурсамжаар тань яриагаа өндөрлөе.
Миний төрсөн аав Монголын киноны алдартай жүжигчин, дуу оруулагч Давга-Очирын Элбэгсайхан. Булган аймгийн Хангал сумаас гаралтай хүн дээ. “Тунгалаг Тамир” кинон дээр “ энэ хүнийг Эрдэнэ гэдэг. Уг нь Засагт хан аймгийн хүн. ...... “ гээд эхэлдэг дээ. Энэ хэсгийг сонсох маш их дуртай. Бас аавынхаа тоглосон “Аман хуур”-ын Төмөрийг нь үзэх дуртай. Миний аав Монголын анхны дээд мэргэжилтэй жүжигчидийн нэг юм. Би өнөөг хүртэл миний аав шиг тослог, сайхан, нүнжигтэй, онцгой содон хоолойтой , үгээр жүжиглэхийн их мастерийг олж хараагүй, дуу хоолойг нь сонсоогүй. Аав минь дахин давтагдашгүй жүжигчин байж дээ. Аав, ээж хоёр минь миний багад тусдаа амьдрах болсон. Би хойд ааваараа овоглодог.

Магадгүй найруулагч болох хүсэл, авьяас хоёр минь ааваас уламжилсан өгөгдөл байж мэдэх юм. Цагтаа ч дуулдаг л байсан. Одоо дуулбал амьтан үргэх байх. 3 дугаар ангид байхдаа “Пионер сурагчдын урлагийн үзлэг- ”ийн хүрэл медаль анх хүртэж билээ. Монголын Радио Телевизийн Улсын Хорооны дэргэдэх “Улаан бүч” чуулгад дуулж байлаа. Монголын Пионерийн Байгууллагын Төв Зөвлөлийн алтан медальтай гэжуугаа. Заримдаа ч сайхан дуулмаар санагддаг юм. Гитар тоглоно. Бага зэрэг ятга тоглох гэж оролддог байсан. Миний хамгийн дуртай дуу “Сэтгэлийн жигүүр”.

“Нартай борооны дусал шиг
Нүд гялбам хурцхан өнгөтэй ... гээд эхэлдэг дээ.
 
Ярилцсанд баярлалаа.

Шинэ оны ажил, уран бүтээлд тань амжилт хүсье.

Д.Бишүүгарам
Шинэчлэгдсэн огноо: 2015 оны 1 сарын 02, Баасан гараг
Уншсан: 6079 удаа

Нийт сэтгэгдэл (7)

1. kkkk
kkkkk
Бичсэн: kkkkk | 2015 оны 1 сарын 3 | IP: 50.109.117.xx
2. ёстүй сайхан энгийн
Ёстой сайхан энгийн яриа болжээ. Үнэхээр ийм хүмүүс чимээгүй явж байдаг
Бичсэн: үнэн | 2015 оны 1 сарын 3 | IP: 24.13.38.xxx
3. цаг нь болсон
Зулаа минь ингэж нэг түүхээ ярих цаг болсон шүү. Чөлөөт хэвлэлийн анхдагчдын нэг гэдгийг чинь ч бас мартах ёсгүй. Эрдэнэбат та хоёрын дурсамж надад байгаа. Зав гаргаад номон дээрээ суух санаатай. Тэгэхээрээ оруулна аа.
Бичсэн: галаарид бадам-очир | 2015 оны 1 сарын 3 | IP: 24.13.38.xxx
4. saihan
Zulaagaas bas Erdenebataas ih yum garah eostoi. Eostoi eostoi bid gegeen muruudul, hysel zorilgoor dyyren jigyyrlesen saihan zaluus bjee.
Tovch ch gesen saihan tyyh ugyylsen yriltslaga boljee Zulaa mine.
Бичсэн: хандсүрэн авирмэд | 2015 оны 1 сарын 3 | IP: 24.13.38.xxx
5. Сайхан
Тун сайхан, дурсамжтай, олныг бодуулсан, эгэл мерт элэгдэшгуй унэнийг егуулсэн ярилцлага болжээ. Бишуу дуу бичээд байгаарай, Зулаа минь амжилт хусье.
Бичсэн: Лхагва | 2015 оны 1 сарын 4 | IP: 166.170.14.xx
6. amjilt
egel jiriin mortloo myndag emegtei ymaa. Bishyy maani saihan ch bichsen baina.ta nar bol mongoliin maani baharhal bolson zalyysiin neg hesen shyy.ta 2.t ajliin ondor amjilt mon eryyl baihiig hysie.









Бичсэн: ihiig bytee | 2015 оны 1 сарын 6 | IP: 50.178.112.xx
7. гаргаад ирлээ
одоо ч янз бүрийн л юмнууд бурах болж. Харин зулаа чи үннийг ухаад гаргаад ирж байгаа юм биш үү. АМЖИЛТ, УРАГШАА
Бичсэн: дамба | 2015 оны 11 сарын 25 | IP: 202.21.124.xxx

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 12 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      1  2  3
  4  5  6  7  8  9
11121314151617
181920212223
25262728293031

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

ЧИНИЙ ҮНЭ ЦЭНЭ…

ЧИНИЙ ҮНЭ ЦЭНЭ… Энэ амьдралд заримдаа чи ганцаархнаа тайзан дээр гарч зогсоод чиний эргэн тойрон дахь хүмүүс алга... 2017 оны 12 сарын 12

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Эмчийн туслах Б.Мөнхжаргал) 2017.11.25

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (Эмчийн туслах Б.Мөнхжаргал) 2017.11.25 Америк хэмнэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Fairfax convenient care төвийн эмчийн туслах Б.Мөнхжаргал... 2017 оны 11 сарын 25

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.24

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.11.24 СТУДИЙН ЦАГ: Гадаадын Иргэн,Xарьяатын Газрын дарга,Монгол Улсын Гавъяат хуульч, Цагдаагийн хурандаа... 2017 оны 11 сарын 25

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2