Medeelel
cyrillic
dictionary
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture cmn
bayareamgl

ӨНДӨР УУЛСЫН БҮРГЭДҮҮД - Баатарын Загдаа, Сүхбаатарын Түвшинтөгс (Цуврал ярилцлага - 28)

2017 оны 1 сарын 02, Даваа гараг  .:.  Бичсэн: 
(0 үнэлгээтэй)
...Тэд гэр бүлээрээ өндөр уулсын бүргэдүүд. Уулсын өндөр рүү зүрх сэтгэлээрээ тэмүүлж, тэмүүлж зүтгэсэн өндөр дээрээ гараад сэтгэлийн их жаргалыг мэдэрч, омог бардам болдог хүмүүс тийм олон билүү? Яагаад уул руу тэмүүлээд байдаг тухай нь сонирхож асуухад, "Уул биднийг дууддаг юм аа" гэж хариулсан. Хувь заяаных нь дуудлага ч байж болох. Өдгөө тэд найзууд болон залуусыг нэгтгэн "Ууланд авирагсадын клуб" байгуулан ажиллаж байгаа юм билээ. Өнгөрсөн онд "Хойд туйлын нохой чарганы аялал"-д оролцоод ирсэн Б.Загдаатай уулзаж ярилцах гэж тэдэнтэй холбогдсон юм. Лос-Анжелесаас хэдэн цаг давхиад тэднийд оройхон очсон бидний уулзалт халуун дулаан болж, яриа маань өндөр уулсын оргил руу шилжсэн сэн. Эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, өндөр рүү тэмүүлсэн хүмүүсийн чин сэтгэлийн яриа. Шөнө дөл хүртэл үргэлжилсэн хууч яриагаа та нартаа толилуулж байна.

Нэг. НАМТРЫН ТОВЧООН

*С.Түвшинтөгс:
-Ховд хотын 10 жилийн дунд сургууль
-Худалдааны Техникумыг ня-бо мэргэжлээр
-УБ төмөр замын Замын-Үүдийн худалдааны 7-р конторт ахлах ня-бо
-Эрдэнэт хотын Нийгмийн Даатгалын албанд хяналтын байцаагч
-Удирдлагын Хөгжлийн Институтэд магистр

*Б.Загдаа:
-Эрдэнэт хотын 10 жилийн дунд сургууль
-СЭЗТехникумыг ня-бо мэргэжлээр
-Эрдэнэт хотын Шүүх, Прокурорын газарт ерөнхий ня-бо
-"Дэлхийн Зөн" Олон Улсын байгууллагад санхүүч

Хоёр. УУЛ ХҮНИЙГ ӨӨРТӨӨ ДУУДДАГ

-Г.Галбадрах: Ууланд авирахад зардал өндөр үү?
-С.Түвшинтөгс: Ууланд авирахдаа бид хоёр өөрсдөө мөнгө төлж явдаг. Тэр юуны төлбөр вэ? гэвэл хөтчийн зардал. Газарчинд мөнгө төлөхөд нэг хүнээс 1000 гаран доллар гарна. Сарын өмнө бидний гарсан ууланд хоёр жил дараалан мөнгөө төлж байгаа. Хүн тус бүр 2000$. Өөрсдөө юм мэдэхгүйгээсээ болж газарчин дагуулж явбал зардал улам л өндөрсөнө шүү дээ. Мэдээж, хувцас хэрэглэлээ бид өөрсдөө хариуцна. Одоо өөрсдөө туршлагатай болчихсон болохоор хүмүүс дагуулж явахад асуудалгүй болсон. Одоо бол бид хоёр ямар ч үнэ хөлс авахгүйгээр, залуучуудыг ууланд дуртай болгох гэж, энэ спортыг дэмжих гэж ууланд дагуулж явж байгаа.

-Г.Галбадрах: Энэ клуб тань байгуулагдаад хэдэн жил болж байгаа вэ?
-С.Түвшинтөгс: Хайкинг клуб маань байгуулагдаад дөрвөн жил болох гэж байна. Манай клуб зуу гаруй гишүүдтэй, арав гаран нь яг уулын спортод сэтгэлээ зориулсан хүүхдүүд байгаа. Хамгийн залуу нь манай охин. Энэ хугацаанд юуг анзаарсан бэ? гэвэл Хайкинг клубт ирж байгаа залуучууд маань бусдаасаа шал өөр. Бааранд шоудаад явж байгаа залуусаас, "Ууланд авирна" гэж зориод ирсэн хүмүүс хамаагүй ялгаатай шүү дээ. Тийм болохоор клуб маань маш гоё уур амьсгалтай байдаг. Залуучуудын маань үзэл бодол, яриа хөөрөө, амьдралын хэмнэл нь маш өөр болдог. Манай клубээс гарсан гэр бүл хүртэл бий.

Одоогийн байдлаар Бэй-Ареад төвтэйгээр бид клубийнхээ үйл ажиллагааг явуулж байна. Бид нэг хамт олон болж, байгалийн сайханд чөлөөт цагаа хамтдаа өнгөрүүлэх  зорилготой нэгдсэн хүмүүс л дээ. Бусдаар ямар нэг хурал хийгээд л, дарга болоод л, эсвэл бизнес хийсэн юм огт байхгүй. Хүсэл сонирхлоороо нэгдэж, нөхөрлөсөн хүмүүс. Жил бүрийн 3 сард тухайн жилийн ойгоо хийцгээдэг.
 
-Г.Галбадрах: 4 жил гэдэг бага хугацаа биш л дээ. Амжилтын тухай тодруулбал?
-С.Түвшинтөгс: Гурван жилийн дотор 14000 фт- ээс дээш өндөртэй ууланд долоон удаа гарчээ. Монголын маань өндрүүдийн нэг "Хүйтний Оргил" маань 4174м шүү дээ. Залуучууд маань эхэндээ бол шантарна шүү дээ. Эхний явалтаар л "энэ дахиж явна", "энэ эргэж ирэхгүй дээ" гэдэг нь мэдрэгддэг. Хамгийн сайхан зүйл бол "Залуус бид өдий хүртэл өөрийгөө олоогүй явжээ, одоо л өөрийгөө оллоо" гэж хэлэхийг сонсох сайхан шүү. Уул бүр өөр. Явах бүрт өөр. Байгаль үнэхээр сонин гоё. Орой дээр нь гараад Монголынхоо төрийн далбаагаа мандуулах ямар сайхан гээч. Тэр үеийг үгээр дүрслэхийн аргагүй.
 
-Г.Галбадрах: Хүмүүс яагаад эрсдэлтэйг нь мэдсээр байж өндөр уул руу тэмүүлээд байдаг юм бол?
-Б.Загдаа: Өндөр ууланд гарахаар аав, ээж хоёртойгоо уулзаж байгаа юм шиг санагддаг. Ээж, аав хоёр маань эрт өнгөрчихсөн юм л даа. Тийм болохоор өндөр уулын орой дээр гарахаар ээж, аав хоёртойгоо ойртчихсон юм шиг мэдрэгдээд, "Тэнгэр ойрхон болчихлоо шүү дээ" гээд ярьж өгнө шүү дээ. Сэтгэлээ онгойтол ярина. Тэр өндөрт гараад уйлахгүй байхын аргагүй.
 
-С.Түвшинтөгс: "Уул хүнийг өөртөө дууддаг" гэж үнэн шүү. Сарын өмнө ууланд гарахад, урд өдөр нь цасан шуурганд дайруулаад хөлдөх гэж байгаа хүмүүс, шөнийн 2 цагт босоод ууландаа авирах гэсэн тэнгэр нь онгойгоод, итгэмээргүй сайхан харагдаж байсан.
 
-Г.Галбадрах: Ууланд авирахад эр зоригоос гадна, хүн болгоны төсөөлж чадамгүй сэтгэлийн таашаал байнаа даа. Тийм болоод хүмүүс тэмүүлээд байдаг байх?
-Б.Загдаа: Нэг жил бид гэр бүлээрээ Монгол руу явахаар төлөвлөчихсөн байсан үед охин минь ууланд авирч байгаад хөлөө хугалчихсан юм. Охин маань явж чадахгүй болохоор би охиноо харж үлдлээ. Тэр үед Монгол явж чадаагүйдээ жаахан бухимдаад, дээр нь сар гаруй хугацаанд гэртээ байчихсан болохоор сэтгэл бөглөрөөд болдоггүй. Ганцаараа ууланд гармаар санагдаад. Гэнэт шийдээд машинаараа гараад давхичихсан. Эндээс найман цаг гаруй хугацаанд машинаараа давхиад, 8000 фт-ийн өндөрт очоод унтчихсан. Шөнө гарахгүй бол амжихгүй, нийтдээ 33км авирна шүү дээ. Тэгээд ч өндөрт дасан зохицох гээд. Зөвшөөрлийн маань цаг 12-оос эхлэх байлаа. Дотроо бол"Эмэгтэй хүн дагж явахгүй" гээд бодчихсон. Тэгтэл хоёр аав, хоёр хүүтэйгээ бүр Европоос ирж авирч байгаатай таарав. "Үүр цайтал тэднийг бараадаад явчихъя" гэж шийдээд тэр хэдийг дагаад таван цаг хүртэл явлаа. Ямар гоё байсан гэж санана. Утасны сүлжээ огт ордоггүй газар атлаа намайг яг орой дээр гарахад гэнэт сүлжээ бариад, тэгэхээр нь Монголд байгаа нөхөр рүүгээ залгаад л. Бууж ирээд буудалдаа ч хоноогүй, сэтгэл нэг л баяр хөөртэй. Буцаад л найман цаг машинаа бариад гэртээ хүрээд ирсэн. Нэг ёсны надад "бясалгал" болчихож байгаа юм л даа.
 
-Г.Галбадрах: Сэтгэл хөдөлмөөр дурсамж байна шүү?
-Б.Загдаа: Намайг Норвегт очиход, Хойд туйлд нохой чаргаар аялах аялалын \CEO\ ерөнхий зохион байгуулагчид нь, Америкт амьдарч буй Монголын жирийн нэг цагаачид
 ийм олон хүмүүсийг дагуулаад ямар ч ашгийн төлөө бус үйлдлээр ууланд дагуулаад гарчихсан 3 жилийн ажлын маань үр дүнг хараад бүр гайхаж байсан. Тэдний хувьд намайг guide гэж ойлгосон байсан. "Бид өөрсдийн ажилтай болохоор үүнийг өөрсдийн сонирхлоор, сайн дураар хийдэг" гэж тайлбарлахад тэд улам бүр баяр хүргэж билээ.
 
Гурав: НОХОЙ ЧАРГАТАЙ ТУЙЛЫН АЯЛАЛ
 
-Г.Галбадрах: Нохой чаргатай туйлын аялалын талаар анх хаанаас яаж мэдсэн юм бэ?
-Б.Загдаа: Анх Цэрэн \цэнхэр үст\энэ аялалын талаар фейсбуук дээр пост бичсэн байв. Би тэр постны дор "Наана чинь чам шиг хүн л явах байх даа?" гэж бичсэн чинь Цэрэн над руу "Чи ч гэсэн оролцож болно шүү дээ" гэж хариу бичиж байна. Тэгээд л нөхрөөсөө "Би чадах болов уу?" гэж асуусан чинь нөхөр маань "Чи чадна шүү дээ" гэж зоригжуулаад, тэр оройдоо шийдчихсэн. Маргааш нь клубын залуучуудтайгаа уулзаад саналаа хэлсэн чинь бүгдээрээ дэмжээд, шууд л ажилдаа орцгоов. 3 минутын видео хийх ёстой байв. Нэг хүн, зуун хүний асуулга гээд хэд хэдэн шалгуур байлаа. Тэгээд зүтгүүлсээр байгаад л 6800 хүний саналаар Америктаа нэг номерт ороод шалгарчихсан.
 
-Г.Галбадрах: Аялалд оролцогсодыг сонгох шалгуур, зарчим нь юу байсан юм бол?
-Б.Загдаа: . Зарчим нь бол арван нэгэн улс оролцдог. Үүнд Европын орнууд болон Америк ороод мөн "бусад" гэсэн нэг хэсэг байдаг юм билээ. Нэг улсаас хоёр хүн сонгоно. Заавал спортын хүн байх албагүй. Өөрийгөө сорихыг хүсч байгаагаа л маш сайн илэрхийлэх хэрэгтэй. Номадик клубын маань нэр надад нөлөөлсөн байх магадлалтай. Намайг аялалын киноны группт хүртэл оруулсан байсан. Энэ аялалд бүх зүйл цаанаасаа маш сайн тооцоологдчихсон байдаг. Нэг хөгжилтэй тохиолдол гэвэл, киноны зураг авалтын үеэр би малгай, хувцас дээрээ төрийн далбаагаа сүлбээр зүүгээр зүүчихээд авахгүй байлаа. Хүмүүсийн надад захисан гол зүйл нь Монголын төрийн далбаагаа авч явж Монголоо сурталчлах хүсэл. Тэгсэн киноны багийнхан нэг өдөр "Бид таныг төрийн далбаагаа авчих гэж хэлж чадахгүй ч гэсэн энэ бол бас компанийн реклам учраас янзлах хэрэгтэй байна. Далбаагаа авахгүй гэхэд энэ том сүлбээр зүүгээ авчих" гэдэг юм байна. Хариуд нь "Би санал авахдаа олон хүмүүст Монголын далбаагаа л мандуулна" гээд амлачихсан юмаа гэж тайлбар өгсөн.
 
-Г.Галбадрах: Энэ бол дэлхий нийтээрээ мэдэх аялал болохоор сонирхолтой хэдий ч амаргүй байх. Мэдээж сайн төлөвлөсөн ч, хатуу сорил давна биз дээ?
-Б.Загдаа: Эхлээд очиход нойрны зөрөө гараагүй. Гэхдээ тэнд явсан бусад хүмүүсээс хамгийн ахмад нь байсан болохоор хэрэндээ муугаа үзүүлэхгүй санаатай. Тэнд чинь галаа өөрөө асаана, цахиураар галаа гаргаж байгаа юм. "Яаж зэрлэг байгальд амьд үлдэх вэ?" гэдэг шалгууртай нүүр тулж байгаа хэрэг. Шөнө унтахаар орондоо орохдоо халуун устай гурван сав барьж унтана. Хоёр нь паар болж байгаа юм, нөгөө нь өглөө уух халуунаа барьдаг савтай ус. Өглөө дөрвөн цагаас амьдрал эхэлнэ дээ. Өглөө сэрэнгүүтээ хүн шууд халуун юм уух нь тэр өдрийнхөө дулааныг алдалгүй сайн барихад тустай байдаг юм билээ. Тэгээд цаанаас нь өгсөн бэлэн хоолоо иднэ. Дараа нь нохойнууддаа хоол өгдөг, тэр нь хөлдүү зайдас. Нэг чарганд зургаан нохойтой. Тэр нохойнууд маш гоё, яг монгол нохой шиг. Тэжээвэр биш учир зүгээр л цасан дээр унтчихна. Тундерийн нохойнууд цасан дээр цагиргалаад л унтчихдаг юм билээ. Нохой чарганы аялал амаргүй шүү дээ, -30 хэмийн хүйтэнд бүх амьдрал өрнөдөг.
 
-Г.Галбадрах: Энэ аялалд нохой хамгийн гол үүрэгтэй байх?
-Б.Загдаа: Бүх нохой өөрийн гэсэн байрлалтай. Тэгээд өөрсдийгөө бэлтгээд, ачаа бараа майхан сав бүх юмаа ачиж бэлэн болоход өглөөний 9 цаг болсон байна. Тэгээд л аялалдаа гарна даа. Зургаан цаг яваад гучин минут амарна. Нийт хоёр зуун дөчин хүн явж байгаа юм. Бороо орно уу? цас орно уу? тэр нь хамаагүй. Цасаар шуураад эхлэхэд тэр компаниас нэг уут шиг юм өгнө . Тэрэн дээр суухад л дулаацаж байгаа юм. Майхны дээвэр шиг хэлбэртэй жижигхэн юм байгаа юм. Хүний бие хэзээ дулаанаа алддаг, яаж нөхдөг зэрэг бүх зүйлийг нь судалчихсан, түүнийхээ дагуу ажилладаг. Нохойнууд ус уухгүй, бие засахдаа явдал дундаа засна. Өдөрт тэр зайдас шиг юмаа идээд , цас долоогоод л яваад байна. Үнэхээр хүчтэй. Тэгээд 12 цаг яваад амрана. Амрахдаа хамгийн түрүүнд нохойгоо хооллодог.
 
-Г.Галбадрах: Аялалынхаа бусад сониноос хуучлаач?
-Б.Загдаа: Би зүгээр л тал шиг газраар чарган дээр яваад байх юм бодсон чинь уул, ус бүх газруудаар явж байгаа юм. Чарга маань гурван тормостой. Бүх юмаа маш сайн тооцож зохицуулчихсан. Хэрэглэж байгаа бүх зүйлс нь натурал төдийгүй, технологи нь үнэхээр гайхмаар. Нийт таван бээлий өгч байгаа юм.Эсгий дотортой савхин бээлий байх жишээтэй, яг Монголынх шиг. "Бээлий норлоо" гэхэд хувцасныхаа халаасанд хийгээд л биеийн темпартураар хатчих жишээтэй. Шөнө унтахдаа гурван оймсоо халуун усныхаа илчинд ээгээд тавьчихна өглөө хув хуурай. Гадуур хувцаснууд нь хөлдөөд л хатчихдаг. Дандаа гадаа хонуулна. Өглөө нь өөрөө хөлдөөд л мөснүүд нь хуураад уначихаж байгаа юм. Freeze dry технологитой. Надад өгсөн бүх хувцсыг өмсөөд үзсэн яг л таарч байгаа мөртлөө гурван размер том гутал өглөө. Тэгсэн чинь чарган дээр том гутал байх ёстой юм билээ. Хамгийн инээдтэй нь торон дотуур хувцас өгөхөд нь бид нар инээлдэж хөгжилдөөд.Тэгсэн тэр торон нэхээс нь хоёр дахь давхарга, өмсөж буй хувцсаа тусгаарлаж өгдөг юм билээ. Тэр нь бас нэг дулаан давхарга болдог гэсэн үг. Хөлс гарсан ч маш амархан хатна.
 
-Г.Галбадрах: Нийтдээ хэдэн өдрийн аялал болоо вэ?
-Б.Загдаа: Энэ аялал маань 6 өдрийн аялал байсан. Норвегиас Швед хүртэл явж байгаа юм. Би чинь Монголд л нүүдэлчид гэж байдаг гэж боддог байлаа. Норвегт нүүдэлчид байдаг юм билээ. Цаа бугатай улс. Манайхан нүүдэл тосч ирдэг шиг цаа бугынхаа махыг, арьсыг бэлдчихсэн тосоод ирнэ. Цаа бугынхаа арьсыг дэвсэж суулгаад л гал дээр махаа халаагаад өгнө . Үнэхээр сайхан байсан.
 
-Г.Галбадрах: Аялалаа дуусгаад?
-Б.Загдаа: Зургаан өдрийн аялалдаа оролцчихоод Норвегид буухад, Шведийн Монголчууд хадаг сүү барьчихсан угтсан. Би уйлчихаж байгаа юм чинь. Бөөн бичлэг болоод, монголчуудтайгаа уулзана гээд л. Их сайхан хүлээж авсан. Норвегид монгол айлдаа хонож, монгол хоолоо идээд сайхан байсан шүү. Хаана ч явсан "Монголчууд маань ямар гоё юм бэ?" гэж надад бодогдсон. Монголчуудад маш их боломж бий. Монголчууд маань орон орноос ийм аялалд төлөөлөөд ороосой гэж би маш их хүсч байгаа. Энэ уралдаанд ороход надад маш ихээр нөлөөлсөн хүн бол Цэрэн. Цэрэн олон ч хүнийг үүнд оролцоосой гэж хүсч байсан. Хүмүүс нэг их тусгаж аваагүй байх. Түүнчлэн Цэрэн энэ бүхэнд маш их дэмжлэг үзүүлсэн л дээ. Бүх төрлийн зөвлөлгөө, сошиал сурталчилгаа ингэж хий тэгж хий гээд маш их зүйлийг хэлж өгсөн.
 
-Г.Галбадрах: Энэ талаар сошиал ертөнцөд маш том давалгаа үүсч байсныг санаж байна. Хүмүүс өрсөлдөөнд санал их өгсөн байх?
-Б.Загдаа: Сошиал ертөнцийн санал асуулгын өрсөлдөөнд аль болох олон хүний санал цуглуулсан нь ялагч болж уг уралдаанд оролцох эрхтэй болдог юм билээ. АНУ-аас нэг америк өвөө бид 2 өрсөлдсөн юм. Ийм өрсөлдөөнд хөгтэй, хөгжилтэй, санаа зовнихоор зүйлүүд их болсон доо. Гэхдээ тэр тухай өнөөдөр муугаар дурсах дургүй. Нөхөр маань, найзууд маань хүмүүст хандаж Vote даруулах гэж маш их ажиллацгаасан. Хүмүүс маш сайн дэмжиж, их ч санал өгцгөөсөнд бид их баярлаж, талархаж байгаа. Нэг ч гэсэн хүн Монголын мөнгөөр биш зүгээр л нэг уралдаанд явахад туслаад дэмжээд явуулчихна гэдэг бас л том тус, дэмжлэг юм шүү дээ. Энэ ярилцлагаар дамжуулан намайг дэмжиж, миний төлөө саналаа өгсөн бүх хүмүүст "маш их баярласан шүү" гэж талархлаа илэрхийлж байна.
 
-Г.Галбадрах: Энэ аялалаас их зүйл ойлгож, мэдэрч сурчээ.
-Б.Загдаа: Аяллын туршид emergency баг дагаж явж байсан бөгөөд хэрвээ оролцогч ямар нэгэн эрүүл мэндийн шалтгаан гарлаа гэхэд аяллыг шууд зогсоох хэрэгтэй болж байгаа юм. Тийм болохоор тодорхой хэмжээгээр бас байгальд хайртай, тухайн ачааллыг дааж чадах хүн явах ёстой юм билээ. Миний бодсон зүйл нь Social media д байгаа маш олон дагагчтай хүүхдүүд байгаа бөгөөд тэдэнд "Энэ аялал маш хүнд шүү" гэдгийг ойлгуулах ёстой юм байна гэж бодсон. Яагаад гэвэл тэр их vote аваад, тэр их хөдөлмөр зарцуулсны дараа ачааллаа даахгүй бол маш хүндрэлтэй юм шиг санагдсан. Энэ аялалд 20 настай бүжигчин Америк охин явсан ба түүнд маш хэцүү байсан болохоор, би тэр охинд аяллын туршид тусалж явлаа. Хөл нь даарлаа гээд л миний суга руу хөлөө хийгээд явж байх жишээтэй. Уулын аялалд би хэзээ ч өмнө нь майхан барьж явж байгаагүй. Харин энэ аялалд яваад би хувьдаа маш их зүйл сурсан.
 
Дөрөв. БАГАДАА ЭРШҮҮД БАЙСАН НЬ УУЛАНД ХӨТӨЛСӨН БАЙХ
 
-Г.Галбадрах: Би өөрийг тань их эршүүд гэж анзаардаг юм. Багаасаа л эршүүд өссөн үү?
-Б.Загдаа: Би гурван эрэгтэй дүүтэй, хамгийн том нь надаас 3, тэгээд 7, дараагийнх нь 10 насаар дүү. Тэднийгээ өсгөж хүмүүжүүлэх үүрэгтэй. "Би яагаад ууланд дуртай болсон бэ?" гэвэл, гурван эрэгтэй дүүгээ дагуулаад Эрдэнэтийн Баян- Өндөр уул руу их гардаг байсан юм. Тийшээ явж жимс түүнэ, гишүү түүнэ гээд л гурван эрэгтэй дүүдээ нэг нэг хувин бариулаад, нэг нэг загас, нэг талх аваад л явдаг байлаа. Загасны консервоо хадаасаар онгойлгоно. Тиймдээ ч би их эршүүд байсан юм шиг байгаа юм. Гурван эрэгтэй дүүгээ өмөөрөөд хүнтэй хүртэл зодолддог тийм л хүүхэд байж.
 
-Г.Галбадрах: Тийм эгч нар бишгүй л байсан даа.
-Б.Загдаа: Намайг 9 дүгээр ангид байхад дүүг маань нэг хулигаан байрын нөхөр хананд шахцан зогсож байхтай таараад, барьж явсан 10 бидоноороо толгой руу нь гөвж өгөөд л зугтаачихаж билээ. Тэгсэн чинь "Хүүхдийн колони"-ос гарч ирсэн нилээн хүнд гарыг цохьчихсон байсан. Тэгээд намар нь хичээлдээ ортол тэр хүүхэд манай ангид хуваарилагдаад ороод ирэв. Харин тэр хүү математикийн хичээлдээ их л мундаг байсан. Яахав хүүхэдтэй зодолдоод л колонид орсон шиг байгаа юм.
 
-Г.Галбадрах: Дунд сургуулиа төгсөөд ямар сургуульд орж суралцав?
-Б.Загдаа: Арван жилээ төгсөөд би СЭЗТ-д төсвийн нягтлангийн ангийн хуваарь авсан. Аав маань ээжийг 44 тэйд, өөрийнхөө 55 насан дээр өөд болсон. Урьд нь бол ээж маань бүх зүйлд аавын гарыг хардаг, аав маань ч бүх зүйлийг зохицуулдаг тийм хүн байлаа. Ээж маань 6 хүүхэдтэй бэлэвсэрч хоцорсон ч гэлээ маш ухаантай хүн байсан. Бүх хүүхдүүдээ хүний зэрэгтэй өсгөж бүгдэд нь байр авч өгсөн. Сэтгэлээ ч их тэвчиж, бидний ирээдүйн төлөө маш их хөдөлмөрлөсөн болохоор ээжийгээ маш их ойлгож хайрлаж байсан.
 
Тав: АМЕРИКТ ОХИН МААНЬ БИДНИЙГ БИЧИГ БАРИМТТАЙ БОЛГОСОН

-Г.Галбадрах: Нөхөртэйгээ яаж танилцав даа?
-Б.Загдаа: Би сургуулиа төгсөөд Эрдэнэт хотдоо төсвийн ня-бо гоор ажиллаж байв. Нөхөр маань Нийгмийн даатгалын байцаагч хийж байсан юм. Би байгууллагынхаа тайланг аваад л Нийгмийн даатгал руу очтол байцаагчаар энэ залуу сууж байлаа. Танилцаад л өнгөрсөн.
Дараагийн тайлан өгөх болсон чинь манай хүн надаас "Өдрийн хоол хамт идэх үү?" гэж асуусан юм. Тэгээд тайлангаа өгөнгөө хоолонд ордог, бас тайлан дундаа захиа зэргээ дамжуулдаг тийм л ажилтай болсон доо. Нэг үе залуусын нэгдэл байгуулаад зөндөө сайхан ажлууд санаачилж, хамтдаа бужигнаж явсан даа. Тэгээд гэр бүл болцгоосон. Одоо 2 охин, нэг хүүтэй.
 
-Г.Галбадрах: Америкт яаж ирсэн юм бэ?
-С.Түвшинтөгс: Анх найз маань "Америк яваад үзээч" гэсэн санал тавихаар нь "Юу ч гэсэн визанд ороод үзье" гээд хоёр хүүхдээ аваад ортол бидний виз гарчихсан. Америкт ирээд "2 жил болчихоод буцна даа" гэж анх бодож байлаа. Тэгтэл одоо хэдийнэ энд 14 жил
болчихож. Ингээд бодоод байхад, явах ёстой л замаараа явж байнадаа гэж л санагддаг юм.
 
-Г.Галбадрах: Хэн хүнгүй л тэгж бодож байснаа зөндөө урт хугацааг элээсэн байх юм даа.
-Б.Загдаа: 2002 онд Америкт ирээд Oakland д анх буусан. Анх тэгээд л бид хоёр, хоёр хүүхдээ гэртээ түгжчихээд л өдөржин ажил хайгаад л яваад байлаа. Гол нь бичиг баримт байхгүй. Тэгсэн нэг өдөр том охин маань "Би тойргийнхоо Сенатын гишүүнд захиа бичнэ,
надад марк өгөөч" гэж байна. Бид ч тэгтлээ тоосонгүй. Тэгсэн хэд хоногийн дараа хоёр захиа хүрээд ирлээ. Гэтэл Сенатын гишүүн өөрийн гарын үсгээ зураад, " Би ийм гэр бүл энд ирсэнд маш баяртай байна. Бас ийм ухаалаг охин энэ улсад ирсэнд ч мөн баяртай байна" гээд нэг хаяг өгөөд энэ хаягаар ирээд уулзаарай гэсэн байв. Эхлээд бидэнд туслана гэж огт бодоогүй зүгээр л "Миний охин овоо ш тээ захиа биччихсэн байна" гэж л бодсон. Тэгтэл тэдний оффисоос бидэн рүү утасдаад "Сенатын гишүүн танай гэр бүлийг анхааралдаа ав гэсэн, та бүхэн ирж уулзана уу" гэлээ. Бид хоёр тухайн үедээ "харлачихсан" байсан учраас бага зэрэг айгаад л хоёр хүүхдээ дагуулаад очсон доо. Гэтэл шууд тэд "Миний урд яг сайхан монгол гэр бүл сууж байна, тэдэнд хуулийн дагуу яаж туслах вэ гэж ICS руу залгасан. Тэгсэн тэд шууд факсаар форм явуулаад түүнийг нь бөглөөд л явуулчихсан. Тэгж л анх бидний бичиг баримтын эхлэл тавигдаж, хуульч хөлслөж бичиг баримтаа албан ёсоор авах боломж бүрдсэн юм даа.
 
-Г.Галбадрах: Үнэхээр мундаг сайн охин юм байна?
-Б.Загдаа: Тийм ээ бид охиндоо маш их баярлаж, бас бахархаж явдаг. Одоо том охин маань Аризонагийн Их Сургуулийг ня-бо мэргэжлээр суралцаж төгсгөөд ажиллаж байна. Харин хүү маань "Сургалтынхаа төлбрийг аав ээж хоёроороо төлүүлэхгүй, өөрөө төлнө" гээд одоогоор ажиллаж байгаа.Энд ирснээсээ хойш хүүхдүүдийнхээ Монгол хэлийг мартуулахгүйн тулд англи, монгол библийг хуулуулж бичүүлдэг байсан. Тиймдээ ч манай хүүхдүүд монголоор ярьж уншиж бас бичиж чадна. Өөр бас нэгэн манай гэр бүлийн дүрэм бол орой 8 цагт унтаад өглөө 6 гэхэд босдог. Тэгээд бас гэр бүлээрээ ууланд дурлацгаасан. Энэ амьдралын сайн муу, сайхан муухай бүхнийг хамтдаа л туулж явцгаана.
 
-Г.Галбадрах: Уулзаж ярилцахад сайхан байлаа. Зорьж зүтгэж яваа үйлс бүхэн тань бүтэмжтэй байг ээ.
-Б.Загдаа: Танд бас их баярлалаа. Амьдралын хэцүү бэрхээс халгаж зугаталгүйгээр, хүнд хэцүү бүхнийг даван туулж сураасай гэж залуусаасаа хүсч байна. Жил болгоны өдийд Нохой чаргаар Хойд туйлд аялал аялалын шалгаруулалт явагддаг. Одоо бас л эхэлсэн байгаа. Энэ аялалд аль болох олон монголчууд шалгарч оролцох нь монгол хүний эр зориг, тэвчээрийн илэрхийлэл, Монголоо дэлхийд сурталчлах сайхан боломж шүү дээ. Бас олон залуус ууланд авирдаг болж байгаа нь биднийг баярлуулж байгаа. Тийм залуусыг аль болохоор дэмжихийг хүсч байгаа. Монголчууддаа амжилт сайн сайхан бүхнийг хүсье. Хаа ч явсан монголчууд мундаг шүү дээ.
 
...Бид бас фейсбуукийн найз нар болохоор С.Түвшинтөгс, Б.Загдаа нарын хүүхдүүдтэйгээ хамт ууланд авирч байгаа мэдээллүүдийг үзэх бүртээ тэднээр бахархаж, баярладаг. Тэдний гэр бүлийн маш гоё, халуун дулаан уур амьсгал нь бидэнд шууд л мэдрэгдэж байлаа. Бие биенээ хайрлах халуун дулаан хайр хүндэтгэлээс гадна эр зориг, уулын өндөрт тэмүүлэх тэмүүлэл, хэцүү бэрх саад бүхнийг гар гараасаа атгалцан давж гарах эрмэлзлэл бүхэн нь энэ гэр бүлийн бэлэг тэмдэг. Бас олон олон залууст тусалж дэмжин, өөрсдийнхөө араас дагуулж байгаа нь бас том бахархал. Саяхан С.Түвшинтөгс, Б.Загдаа хоёрын өндөр уулын цаст оргил дээр гараад үнсэлцэж байгаа зургийг хараад сэтгэлд нэг юм торж билээ. Ийм зургийг гэр бүл болгон авахуулахгүй дээ. Өндөр уулсын бүргэдүүд л хараа цуцам өндрөөс бусдыг харахдаа өөрийн хүч чадлаа мэдрэн, омогшдог. Тэдний ихэмсэг оршихуй нь уулсын өндөр оргил. Бас өндөр хувь заяа шүү. Та нартаа амжилт, сайн сайхан бүхнийг ерөөе. Тэнгэртээ ойрхон байж, сэтгэлийн даль жигүүрээ ямагт дэвж яваарай.
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Шинэчлэгдсэн огноо: 2017 оны 3 сарын 18, Бямба гараг
Уншсан: 12 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 3 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
    1  2  3  4
  6  7  8  9101112
131415161718
20212223242526
2728293031  

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

"БОСОО ЗАЯАТАЙ МОНГОЛ" ХҮН - "Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн" Маамуугийн Хунлиуз

"БОСОО ЗАЯАТАЙ МОНГОЛ" ХҮН - "Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлтэн" Маамуугийн Хунлиуз Унаган зоондоо балчирдаж төрсөн Ургийн хэлхээ алтан бие минь Уулсынхаа дунд унаж боссон Ухаант... 2017 оны 3 сарын 18

Б.Уранчимэг

UMONTV-ийн “АМЕРИК ХЭМНЭЛ” нэвтрүүлэг (А. Алимаа- Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сан) 2017.03.18

UMONTV-ийн “АМЕРИК ХЭМНЭЛ” нэвтрүүлэг (А. Алимаа- Монгол Эмэгтэйчүүдийн Хөгжлийн Сан) 2017.03.18 Энэ оны 3 сарын 1 - нээс 5-ны өдрүүдэд АНУ-ын Иллинойс мужийн Итаска хотын Eagle wood зочид буудалд Дэлхийн... 2017 оны 3 сарын 18

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.03.17

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.03.17 ЗУРАГЛААЧ Б.АМГАЛАНБАЯР: Вашингтон хот орчмын монголчуудын сар шинийн баярын ажиллагаанаас ЧИМХ... 2017 оны 3 сарын 18

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2