Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

НҮДЭНД ХАРАГДАХ ҮЗЭМЖ хийгээд НҮДЭНД ХАРАГДДАГГҮЙ СЭТГЭЛ

2017 оны 2 сарын 23, Пүрэв гараг  .:.  Бичсэн: 
(0 үнэлгээтэй)
writingСоциализмын үед бидэнд ухуулсан Марксист Ленинист сэнхрүүлгийн реалист болон идеалист үзэл бодлын зөрчилдөөний золиос нь бид юм. Реалист уран зургуудыг тэгтлээ шүтдэг бидний үе модернист болон чөлөөт сэтгэлгээний чиглэлийн уран зургуудыг үзээд аман дотроо "пөөх паах" хэмээн уулга алдан ичингүйрч нүдээ даран авч, хурууныхаа салаан завсар сониучирхан ажиглах төрхтэй. Хэдийгээр үзэл сурталд хүлэгдсэн авч, сэтгэлийн чанадад буй хийсвэр мэдрэмжээ сонсоод ажиглаад, сониучирхаад байгаагийн илрэл юм уу даа. Тогтсон системийн гажуудал өнөө хэр нь бидний сэтгэл зүйд бат нотоор тогтсоор байгаагийн илрэл нь, өнөөгийн материаллаг үзэмжээр бүх зүйлийг хэмжсээр, харьцуулсаар байгаа үйлдэл нь мөн. Тэгээд л монголчууд бид бүх зүйлийг материаллаг талаас нь хэмжиж үнэтэй бренд, үнэтэй машин, үнэтэй байшин, үнэтэй бүсгүй, үнэтэй зүүлт, үнэтэй бүхэнд унаж тусаад байгаа хэрэг. Яг үнэндээ байна шүү дээ, Монголын улстөрчид огт өөр шинэ нийгмийг социализмын үед тогтсон хуучин аргаараа удирдах гээд мунгинаад байгаагийн гай юм шүү дээ. Юм л бол цол хэргэм, одон медаль, нэрэмжит ажил, сарын аян, уриа лоозон, тунхаглал, санамж бичиг гээд байгаа нь үүний нотолгоо.

Зөндөө танилууд маань надад "Та Монголдоо очоод үнэтэй брендийн хувцас өмсөж, үнэтэй машин унахгүй л бол хэн ч таныг тоож харьцахгүй шүү" хэмээн ухуулдаг. Бас "Та хэн нэгэнтэй ажил хэрэг ярих гэж байгаа бол хамгийн үнэтэй зоогийн газар орж, хамгийн үнэтэй дарс, хоолоор дайлахгүй бол бүтэхгүй шүү" хэмээн учирладаг. Хичнээн сайхан санал санаачлага байгаад ч "Та хэн нэгэнд үнэтэй хахууль өгч, өндөр үнэтэй хувь амлахгүй л бол хэзээ ч хэрэгжихгүй шүү" хэмээн ятгадаг. Энэ бүхнийг хэн бий болгоо вэ? Эрх баригчдын хүслээр зусардагчид эгэл бид өөрсдөө л бий болгосон. Гэсэн хэрнээ бид ялгаварлан гадуурхаж болохгүй хүний эрх, ардчилал, эрх чөлөөний тухай өдөр болгон цэцэрхэж тэмцдэг, үр дүн огт гарахгүй байгаад гайхан санааширдаг. Харин маргааш нь хамаг гоёл зүүслээ агсаад, хэн нэгний үнэтэй машиныг гуйж унаад эрх баригчид руу шаардлагаа хүргүүлэхээр зорьж очно. Гунигтай байгаа биз? Зүгээр л хамаг гоёлтойгоо шавар шалбааг, заваан бохир бүхнийг туучиж буй мэт. Тэгээд заваарсан хувцастайгаа шавраас гарч гуниглан, толгойгоо гудайлган алхана. Материаллаг үзлийн өмнө сайхан сэтгэл, саруул ухаан өвдөг сөхрөн цөхөрч буй дүр зураг.

Одоо бид дотоод сэтгэлээ огоорч, гадаад үзэмжиндээ гайхалтай ихээр анхаарах болжээ. Бусдад хөөрхөн, гоё харагдах социалист уралдаан Монгол даяар өрнөн бид өөрсдөө дэмжин хөхүүлж , мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүс нь шалгаруулан шагнаж байна. Ноёдын бөх наадамд "найраагаар" цол авч, ноёдын нууц амрагууд "мисс"ээр шалгарч, ноёдын хөлний улыг үнсэгчид эрх мэдэлд хүрэн бусдыг захирч, ноёдын таалсан хэн нэгэн алдар нэр гавьяа шагнал хүртэцгээх боллоо. Үнэнч сэтгэл, шавхагдашгүй авьяас, бадрангүй мөрөөдөл, хийж бүтээх их зүтгэл, буян хураадаг сайхан сэтгэл бүхэн ноорхой хувцастай ч энэ нийгмийн гадна даарч жиндэж явна. Бренд шүтсэн эгэл хүмүүс ч балгахан угаадасны төлөө, ноорхой хувцастай сайхан сэтгэл рүү нулимж чадаж байна шүү дээ. Улсын наадамд түрүүлсэн бөх зусардагсдын хэдэн зуун саяар халгиж байхад, дэлхийд үнэлэгдсэн авьяастнууд нь шагналын хэдхэн саяар дараагийн гайхамшигаа бүтээх гэж тарчилж байна. Энэ тэгээд шударга ёс хийгээд бидний мөрөөдлийн нийгэм мөн бил үү?

Хичнээн будмал сайхан бүсгүй байлаа гээд "Үс гэзэг нь цайгаад, үүдэн шүд нь унаад ирэхийн цагт" үнэ цэнэгүй болдог. Насны эцэст будмал шуумал төрхөнд бус, хайр халамжинд л жаргадаг гашуун үнэн буй. "Миний эхнэр чинь залуудаа гайхалтай хөөрхөн бүсгүй байсан юм шүү дээ" хэмээн мянгантаа гайхуулаад ч,  түүний чанах аядсан давс сулдуу цайг хэн ч уухгүй дээ. "Залуудаа би эрх мэдэлтэй мундаг дарга явлаа" хэмээн мянгантаа онгироод ч хугарсан сандлынхаа нэгэн хөлийг хадаж чадахгүй чам руу хүмүүс жуумалзаад л өнгөрнө. "Би чинь цолтой бөх явлаа шүү дээ" хэмээн алгадах гуяа олохгүй тонголзох чам руу хүмүүүс тохуурхаад л өнгөрнө. Бүх юмс үзэгдэл өөрийн цаг хугацаатай шүү дээ хүмүүс ээ. Хэт үнэтэй торго дурдангаар бус сайхан сэтгэлээр өөрийгөө гоё. Хоосон баярхал хуурамч төрхөөр бус чин сэтгэлийн хайр халамжаар ханиа гоё. Тархин доторхи элдэв тооцоогоо умартаж орхиод жаргал цалгилсан инээдээр үрсээ гоё. Хар хор, атаархлаа хумиж орхиод цав цагаан инээд дурсамжаар найзуудаа гоё. Зүгээр л ирж яваа цагийн итгэл найдвараар өөрийгөө гоё. Дээдсүүд нь суудлаа олохгүй байгаад, доодсууд нь суудлаа олохгүй байгаа Монголынхоо хувь заяаны өөдрөг сайхан итгэлээрээ гоё.

ЗА ТЭГЭЭД ХЭДХЭН ХОНОГИЙН ДАРАА ШИЛЖРЭХ ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ХҮРГЭЕ. ИДЭЭ БУДАА ТАНЬ ЭЛБЭГ ДЭЛБЭГ БАЙГ. ИРЭХ ЖИЛДЭЭ ХАРИН СЭТГЭЛ ТАНЬ ДҮҮРЭН БАЙГ. НҮДЭНД ХАРАГДАХ БАЯЛАГ БҮХНЭЭС НҮДНИЙ ДАЛД САЙХАН СЭТГЭЛ, ХҮСЭЛ МӨРӨӨДӨЛ БҮХЭН НЬ ИЛҮҮ САЙХНААР ДЭЛГЭРЧ БАЙГ ЭЭ. САР ШИНЭДЭЭ САЙХАН ШИНЭЛЭЭРЭЙ.

Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Шинэчлэгдсэн огноо: 2017 оны 3 сарын 18, Бямба гараг
Уншсан: 244 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 8 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
   1  2  3  4  5
  7  8  910111213
141516171819
21222324252627
28293031   

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

СОНГУУЛИЙН ДАРААХ ГУНИГТАЙ БОДОЛ

СОНГУУЛИЙН ДАРААХ ГУНИГТАЙ БОДОЛ 2017 оны Монгол Улсын Ерѳнхийлэгчийг сонгох сонгуульд АН аас нэр дэвшигч Х.Баттулга хамгийн олон санал... 2017 оны 6 сарын 28

Б.Уранчимэг

UMONTV-ийн нэвтрүүлэг (Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулганы илтгэлүүд-4) 2017.05.06

UMONTV-ийн нэвтрүүлэг (Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулганы илтгэлүүд-4) 2017.05.06 АНУ-ын Чикаго хотод болсон Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулга уулзалтын 3 дахь өдөр тавигдсан... 2017 оны 5 сарын 8

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.07.14

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.07.14 ЭХ ОРНЫ ХИЛЭЭС: Өмнөговь аймаг даxь Хилийн цэргийн отряд,заставуудаас хийсэн сурвалжлага Америк... 2017 оны 7 сарын 15

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2