Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

СЭТГЭЛГЭЭГЭЭ ӨӨРЧИЛЬЕ (Цуврал бичлэгийн эхлэл)

2017 оны 3 сарын 01, Лхагва гараг  .:.  Бичсэн: 
(0 үнэлгээтэй)
changes..."Алтан унжлагат" хэмээн гал ТАХИА жил гарч, цагаан сар дууслаа. Ашдын бэлэгдэлтэй сайхан үгс хэлэлцэж, амны хэмжээгээр ерөөл айлдаж, сархадандаа халамцаж сайхан бүсгүйчүүдийн хацар норгож, буузандаа цадаж бэлэг сэлтэндээ сэтгэл нь ханаж сайхан шинэлцгээв. "Наадмын маргааш намар" эхэлдэг шиг цагаан сарын дараа хаврын урь орж хүн болгон амьдралын хэмнэлдээ орцгооно. Хөөрсөн сэтгэл газарт бууж, хэлэлцсэн сайхан ерөөлүүд биелэлээ олох цаг айсуй. Хүн болгоны сэтгэлийн мухарт нэгэн сайхан итгэл бадамлаж буйг тань анзаарч байнаа. Цасан дороос анхны яргуй цухуйж анхилам сайхан үнэр хамар цоргих шиг тийм нэгэн мэдрэмж, уяан дээр хүлэг үүрсэн туурайгаараа газар цавчлан толгойгоо хаялан дүүхэлзэх шиг тийм нэгэн мэдрэмж, уулсын тэртээд саравчилан харахуйд мөрөөдлийн гоо бүсгүй сул хархан гэзгээ хаялан чам руу алхах шиг тийм нэгэн мэдрэмжийг монгол хүнд хавар цаг авч ирдэг. Сэрүүн тунгалаг агаар цээж дүүргэж урсан зүрхний ховдолд хүрч сэтгэл гижигдэх шиг тийм гоё мэдрэмж.

Хүн болгон маргаашийн амьдрал хувь заяаныхаа талаар санааширдаг. Ирж яваа цаг, урагшилж буй бүхэн дандаа сайн сайхан рүү чиглэдэг шиг монголчууд бидний амьдрал бага багаар ч атугай сайжирч л явна. Гэхдээ хөсөг тэрэгтэй нүүдэл зэрэглээн дундаас алгуурхан наашлах шиг л удаан. Жингэрийн ноход хуцалдаж байх авч үл тоон зорьсон нутаг руугаа удаан гэвч, жигд хэмнэлээр урагшлах нүүдэл шиг. Бидэнд бодох зүйл их байнаа монголчууд аа. Заримдаа бид учиргүй цухалдан бухимдахдаа "Юуг яаж өөрчлөх"тухай эргэцүүлж амждаггүй. Заримдаа цөхрөн гуниглах авч "Монгол минь их л хувь заяатай даа. Төдийгөөс өдий хүртэл оршин тогтноод л ирсэн болохоор ерөөлтэй тавилан байж л таараа" хэмээн сэтгэлээ аргадаж тайвширна. Заримдаа учиргүй хорсож тэвдэн "Хулгайч нарыг барьж илрүүлэн цаазалж, толгойг нь шонд өлгөн цээрлүүлье" хэмээн хүчирхийлэлд уриална. Нэгэн зүйлийг, бүх зүйл биднээс өөрсдөөс нь, хувь монгол хүн бүрээс шалтгаална гэдгийг ойлгохгүй байна. Бид өөртөө болон өөрсөддөө итгэхгүй байна. Тэгсэн мөртлөө хэнд ч юунд ч итгэхээ больжээ. Тэгээд хэн өөрчилнө гэж?

Тийм ээ, монголчууд бид өөрсдийн сэтгэлгээгээ өөрчлөх хэрэгтэй байна. "Эзэн Чингисийн удам, би Монгол хүн" хэмээн цээжээ дэлддэг монгол хүн бүр өөрийн дотоод сэтгэлээ чагна даа. Бид эхлээд Монголчууд бид яагаад бие биедээ дургүй, бие биенээ үзэн яддаг шалтгааныг эргэцүүлээд үзье. Монголчууд бид яагаад бие биедээ итгэдэггүй мөртлөө гадаад хүнд итгээд найдаад байдаг талаар бодьё. Монголчууд бид өөртөө итгэж хөдөлмөрлөхгүй, гэнэт их мөнгө олоод баяжина гэж найддаг хийгээд өөрөө хичээхийн оронд бусдад хувь заяагаа даатган мухар сүсэгт автан бусдын доог тохуу болдог талаар хэлэлцье. Монголчууд бид яагаад эрдэм ухааныг эрхэмлэхээ болиод бөхчүүд, дуучид, хошин шогийнхонд хамаг бүхнээ барьж, тэднийг шүтдэг тухай эргэцүүлье. Худал амлаад байгааг нь мэдсээр байж өгсөн мөнгөнд нь шунан сонгож хамтын хөрөнгөө тэдэнд луйвардуулчихаад харааж зүхэж суугаа бухимдлынхаа талаар санааширья. Бусдад ажиллаж цалин авч амжиргаагаа залгуулж буй мөртлөө, "Хүний юм" гэсэн сэтгэлээр хулгайлж завшиж байдаг арчаагүйдлийнхээ талаар хэлэлцье. Өнөөдрийн үмх талхны төлөө мөн чанараа биетэйгээ хамтад нь худалдаж буй үйлдлийн талаар бодож үзэцгээе.

Улс гүрэн олон нэгдлүүдээс үүсдэг. Нэгдэл болгон нь хувь хүмүүсээс бүрэлддэг. Хувь хүн нь арчаагүй дорой аваас нэгдлүүд нь зусарчдаар дүүрдэг. Зусарчдаар дүүрэн нэгдлүүдээс бүрдсэн төр завшигчид болон хувирдаг. Бид өнөөдөр тийм байдалд хүрээд байнаа. "Ямар ард түмэн буй аваас тийм төр бүрэлддэг" хэмээх сургаалын үндэс нь энэ. "Ноёны өмнөөс би унгасан больё" гэдэг зусардагчдийн балгаар Монголын өмнөх болон өнөөгийн Төрөөс өмхий ханхалж буй. Аргаа барахдаа "үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг" гадаад руу дүрвэж байна гэж шүүмжилцгээж байна. Хаана амар амгалан аж төрж болж байна, түүн рүү дүрвэдэг нь хүмүүний араншин. Америк дахь монголчууд олноор суурьшдаг олон хотуудаар машинаар гурвантаа тойрч, хэдэн зуун монголчуудтайгаа сэтгэлийн шаналлаа хуваалцаж, нулимс хурсан нүдээрээ над руу харж санаа алдан алдан хүүрнэсэн яриаг нь сонсох бүртээ би энэ бүхний тухай чин сэтгэлээсээ эргэцүүлж байсан. Гүйгүүл морь нутгаа тэмцэн гүйдэг шиг энэ монголчуудын сэтгэл нь Монгол руугаа эргэцээстэй. "Нутагтаа нэг очихсон доо" хэмээн санаа алдахуйяа тэдний сэтгэлээс хайр, шаналалтайгаа хамтад нулимс болон урсдаг юм.

Америкийн нутгаар хэдэн мянган бээр аялсан "жаргалтай" гэмээр зургуудын ард нойргүй довтолгосон мөчүүд, бусдад сайн муугаар үзэгдэн уулзсан төрхүүд, заримдаа дуу ч гарахгүй ядарсан өдрүүд, санааширч бодлогширсондоо нойр хулжсан шөнүүд байлаа. Би нэг зүйлийг маш сайн ойлгосон. Надад итгэж, намайг хүндэлсэн тэр хүмүүсийн төлөө би үүнийг бичих ёстой гэдгээ л ойлгосон юм. Бидний хамтдаа үүсгэн байгуулан "United Mongolia" ТББ, "Шинэч" медиа групп ч үүний төлөө ажиллах юм. Бид монголчуудын сэтгэлгээний өөрчлөлтийн төлөө өөрсдийн чадах бүхнээ хийх болно. Энэ эхэлж буй цувралууд ч үүний нэг хэсэг. Хэдийгээр соён гэгээрүүлэгч биш боловч Монгол Улсын иргэн хүний хувьд миний үүрэг энэ болой. Хэрэв энэ цувралууд танд нэг юм бодогдуулж байгаа бол бусадтай хуваалцан санал бодлоо хуваалцаарай. "Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй" гэдэг дээ. Яг үнэндээ байна шүү дээ. Бидний сэтгэлгээ өөрчлөгдөхгүй л бол энэ бүхэн хэв хэвээрээ үлдэнэ. Магадгүй 5, 10 жилийн дараа энэ бүхний тухай шогшроод сууж байвал харамсалтай яа. Гэхдээ би тэгж бодохгүй байна. Зэрэглээн дундаас наашлах хөсөг тэрэг ойртон айсуй. Жингийн ноход хуцалдаж байвч үл тоон жигд алхаагаар наашлах монгол нүүдэл. Мянга мянганы тэртээд монголчууд бид ийм л байсан, одоо ч хэвээрээ. Бүх зүйл өөр хэнээс ч биш надаас, танаас, бид бүгдээс шалтгаална. Хэн ч бидний өмнөөс энэ бүхнийг хийхгүй. "Эзэн хичээвэл заяа хичээнээ" гэж.
 
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах
Шинэчлэгдсэн огноо: 2017 оны 3 сарын 18, Бямба гараг
Уншсан: 250 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 8 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
   1  2  3  4  5
  7  8  910111213
141516171819
21222324252627
28293031   

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

СОНГУУЛИЙН ДАРААХ ГУНИГТАЙ БОДОЛ

СОНГУУЛИЙН ДАРААХ ГУНИГТАЙ БОДОЛ 2017 оны Монгол Улсын Ерѳнхийлэгчийг сонгох сонгуульд АН аас нэр дэвшигч Х.Баттулга хамгийн олон санал... 2017 оны 6 сарын 28

Б.Уранчимэг

UMONTV-ийн нэвтрүүлэг (Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулганы илтгэлүүд-4) 2017.05.06

UMONTV-ийн нэвтрүүлэг (Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулганы илтгэлүүд-4) 2017.05.06 АНУ-ын Чикаго хотод болсон Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулга уулзалтын 3 дахь өдөр тавигдсан... 2017 оны 5 сарын 8

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.07.14

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.07.14 ЭХ ОРНЫ ХИЛЭЭС: Өмнөговь аймаг даxь Хилийн цэргийн отряд,заставуудаас хийсэн сурвалжлага Америк... 2017 оны 7 сарын 15

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2