Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Холд бадамлах галын гэрэлд

2017 оны 3 сарын 28, Мягмар гараг  .:.  Бичсэн: 
(1 үнэлгээтэй)
tulga2017...Монгол хэмээх нэгэн нэр, ертөнцийн чихнээ дуурсгалтай
Монголын тул хэмээх сэтгэл, манай зүрхэнд холбоотой
Өсөхөөс сурсан үндсэн хэл, орхиж болшгүй соёл мөн
Үхтэлээ орших төрөлх нутаг, салж болшгүй орон мөн өө...гэж ерээд жилийн тэртээ манай шинэ үeийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг Д.Нацагдорж абугай шүлэглэж үлдээжээ.

Үхтэлээ орших төрлөх нутгаа орхиж нэн шинэхэн түүхийн давалгаанд цалгисан олон хүн харьд нүүн буурь засан нутагласаар түрүүч нь гучаад жил болжээ. 1990-ээд оны дундаас Монгол орны зах хязгаараас төврүүгээ, төвөөс гадныг зорьсон нүүдэл өөрсдийгөө хэн бэ гэдгийг харах том цонх нээсэн гэж боддог.

Тив алгасан түм түжигнэсэн их хөлийн газар амьдарч сайн мууг нь таньж мэдэхийн хэрээр миний юм, манай юм яг юу билээ гэдгээ эрэлхийлж эх нутаг, элгэн саднаа санагалзан сээмхий ч гэсэн эх орныхоо үнэ цэнийг илүү ухаардаг бололтой. Энэ жаягийг дагаж харь хол яваа Монголчууд, тэдний дотроос олны дунд өөрийнхөөрөө байхын үнэ цэнийг түрүүлж сэхээрсэн хэсэг нь нэгдэж холбоо нийгэмлэг, сургууль соёл байгуулж, эх хэл, соёл түүхээ дамжуулан солилцох, хадгалан өвлүүлэх олон төрлийн ажил зохиож, зарим үр дүнд хүрч байна. 2000-аад оны эхээр монголчуудын холбоо нийгэмлэг Америкийн томоохон хотуудад байгуулагдан олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулж эхэлсэн юм. Энэ завсар Монголоо сурталчлах, өв соёлоо харьд өсч буй дараагийн үедээ зааж сургах, таниулах оролдлогууд хаа сайгүй өрнөж эхэлсэн.

Эдний дотроос Монгол хэлнийхээ яруу сайхан үгээр хүмүүний жаргал, зовлон баяр гунигийг урласан уран зохиолоосоо сэтгэлийн таашаал авч, харь холд яваа бие биедээ түгээж сайн сайхны гэрэл цацрааж яваа хүмүүс, тэдний үйл ажиллагааг тоймлон танилцуулах гэсэн минь энэ. Утга зохиолын гал тойрсон ийм ам бүл АНУ-ын Денвер, Чикаго, Лос Анжелес, Сан Франциско орчимд бүрэлдэж эхэлжээ.

Монгол номын сан байгуулах тухай Лос Анжелесын Монголчуудын холбоог шинэчлэн зохион байгуулсан залуусын дунд яригддаг байв. 2008 оны 2 сард Лос Анжелесийн Монголчуудын холбоо, Г.Алтан хуяг, Б.Ган-Энхбаяр нарын гэр бүл хамтран тэдний гэр бүлийн 150 номтой номын санд түшиглэн тал талаасаа номын хандив цуглуулж Монгол номын сан нээж билээ. Шинэхэн номын сангийнхаа нээлтийг тохиолдуулан "Утгын чимэг" уран уншлагын тэмцээн зохиож, сүүлдээ сэтгэл нь хөдөлсөн хүн бүхэн л өөрийн мэддэг шүлэг найргаа уншиж тэмцээн маань хавтгайрсан.

Аливаад сэтгэл зүрхээ зориулж болгоё бүтээе гэвэл юмханаас өсч дэвжиж болдогийн жишээ Б.Ган-Энхбаярын авч яваа Лос Анжелесын Монгол номын сан. Тэднийх номын сангийнхаа нэрэмжит "Утгын чимэг" уран уншлагын наадмыг тогтмолжуулан 8 жил дараалан дангаараа, өнгөрсөн жил Санфранцискогийн Монголчуудын холбоотой хамтран зохион байгуулсан. Энэ жилүүдийн уран уншлагад давхардсан тоогоор 100 гаруй хүн оролцон монгол зохиолчдынхоо зохиол бүтээлийг танилцуулжээ. Мөн зохиолч уран бүтээлчидтэй холбоо тогтоон номыг нь авч одоогоор 1500 номтой болжээ. Бас Америк дахь Монголчуудын уран үгсийн чуулган "Тулга" наадмыг ч өөрийн хотдоо зохион байгуулаад амжжээ.

Монголруу номын хандив хэд хэдэн удаа явуулж “Номын жор” бүлгийн залуустай хамтран нийтэд тараасан гэнээ. Алтанхуягийнх гэдэг айлын хичээл зүтгэлээр Монгол номын сан, ном соёлын гэрэл бадарсаар 9 жил болжээ. Энэ номын сан хилийн гадна олон нийтийн санаачлагаар байгуулагдсан анхны номын сан ч байж магад.

Тулганд ассан галын дөл шиг хамт олон бол Денверийн Тулга клубынхэн. Америкт суугаа монголчууддаа утга яруу уран зохиолоороо дамжуулж эх хэл, соёл түүхээ, би хэн бэ? бид хэн бэ? хэмээн санаж сэрэхийн халуун урь оруулсан санагддаг.
Тэдний клуб анх үүссэн тухай яруу найрагч Х.Лхамжав ярихдаа "зураач Цогоогийнд шүлэг яруу найргийн тухай яриа өрнөж эх орон, эцэг эх, ахан дүүс анд нөхдөөс санагалзахын гадна би юугаар их цангаж юуг илүү үгүйлээд байгаагаа мэдэрсэн юм. Сардаа нэг удаа нэгнийдээ цугларан шүлэг яруу найргийн үдэш зохиож байхаар тохирон бараг тэр дороо хуваарь гараад тарцгаасан. Нэг нэгнийдээ цугларахад шүлэг яруу найрагт дуртай нөхөд нэмэгдсээр сүүлдээ клубт уулзацгаадаг болсон. Нэг орой Б Явуухулангийн Тэхийн зогсоол, Д.Пүрэвдоржийн Буурай эмээ, Б.Лхагвасүрэнгийн Боржигоны бор тал, П.Бадарчийн Эхийн сэтгэл, Р.Чойномын Азийн бардамнал, О.Дашбалбарын Би чоно уншигдахаар энэ их хуримтлагдсан эрч хүч энерги тэсэрч цацралгүй яаж удаан тэсэх юм. Шүлэг яруу найргаас цацарч байгаа тэр сайхан энергийг монголчуудтайгаа хуваалцья гэж шийдсэн. Ингээд анхны уулзалтаасаа жилийн дараа 9 гэр бүл нэгдэн энэ Тулга клубыг байгуулсан" гэсэн юм.

Тулгынхан Америк дахь Монголчуудын уран үгсийн чуулган “Тулга” наадмыг санаачлан хоёр удаа Дэнвэр хотдоо зохион байгуулж, Лос Анжелес, нийслэл Вашингтон, Чикаго зэрэг хотуудад наадмын тулах багана, найдвартай ар тал болон хамт олноороо ирж шүлэг найргаа уншиж, утга уран зохиолоосоо гоо сайхан, сэтгэхүйн таашаал авч чаддаг гэдгээрээ үлгэрлэж, бахархал төрүүлж байсан юм. Америк дахь Монголчуудын уран үгсийн чуулган Тулга наадам бол уран зохиолынхоо яруу сайхнаас ертөнцийн чихнээ дуурсгалтай монгол хэмээх нэрээ өөртөө дахин дахин нээж, зүрхнээ уяатай эх орон элгэн саднаа сэрж мэдэрдэг уншигчдын баяр, онгод авьяасын охь дээд, уран бүтээлээрээ алс яваа нэгнээ дайлдаг зохиолчдын баяр болон өргөжсөөр байгаа. Монголын зохиолчдын байгууллагыг харь яваа нутаг нэгтнүүдтэй нь холбож эргэх тэнхлэгийн суурь тавьсан явдал бол Тулга клубын урт бодсон буянт үйлс билээ.

Уран үгсийн чуулганд давхардсан тоогоор 70 гаруй уран уншигч 200 орчим зохиолыг уран яруугаар дуудан 500 гаруй уншигч олондоо хүргэж 20 гаруй зохиолч өөрийн уран бүтээлээс танилцуулж, олон тооны уран зохиолын болон бусад төрлийн ном Америкт суугаа уншигчдын гар дээр хүрсэн. Зохиолч, уншигчдыг ойртуулсан төдийгүй хэл соёл, үүх түүхээ таниулан сурталчилахад Тулга наадам багагүй хувь нэмэр оруулсаар байна биз ээ.

Баруун эргийн Бэй ареа орчимд суугаа уран зохиолдоо хайртай Монголчууд 2008, 2009 онд “Сарны хэлхээ нулимс” яруу найргийн үдэшлэг хийжээ.

 Б.Энхжаргалын санаачлага, Бэй ареагийн Монголчуудын холбооны дэмжлэгээр Улс тунхагласны ойн баярыг тохиолдуулан 2012 оноос “Мөнгөн тулга” яруу найргын цэнгүүн жил бүр хийж байна. Энэ арга хэмжээний үеэр зохиолч, уран бүтээлчид шинэ бүтээлээсээ заавал уншдаг байна. Уран зохиол сонирхогч, хөгжөөн дэмжигч хэн бүхэн өөрийнхөө дуртай шүлэг зохиолыг чөлөөтэй уншиж, шүлэг найргийн мөрөөс бүтсэн таавар таах, өгөгдсөн сэдвээр шүлэг зохиох, монгол бичгээр бичих зэрэг тэмцээн хийж хөгжилддөг аж. Мөн харийн нутагт өсч өндийж байгаа Монгол хүүхдүүд маань монгол хэлээрээ шүлэг зохиолоо уншиж эх хэлнийхээ яруу сайхнаас суралцдаг байна.
 
Америк дахь монголчуудын утга зохиолын нийгэмлэг буюу Монголын зохиолчдын эвлэлийн салбар алсын Америкт байгуулагдаад 4 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна.

Сэтгүүлч, яруу найрагч Ө.Пүрэвсүрэн Америкт суугаа Монгол зохиолч уран бүтээлчидтэйгээ нэг бүрчлэн холбоо барьж, Монголын зохиолчдын Эвлэлтэй зөвшин энэ байгууллагыг санаачлан эхлүүлсэн билээ. “Америкийн Монголчуудын Утга зохиолын нэгдэл” Нүүр номны (Facebook) хуудсаар дамжуулан Монголын уран зохиолын тэнгэрт гийсэн одод, ахмад үеийнхэний зураг хөрөг, блог, сайтуудад нийтлэгдсэн бичлэг, нийтлэл, ярилцлагаа тавьж эхлэв. Завсар зайгаар нь байгууллагын нэр, ямар дүрэм журамтай байх, сүлд тэмдэг нь ямар байх гэх мэтээр албаны хэлэлцүүлгийг ч өрнүүлэв.

Зураач Л.Мөнхтөр 5 нэр гарган санал асуулга явуулж, сэтгүүлч Уранзул, бид өөрийн хийсэн дүрмийн хувилбарыг нийтэлж, Монгол Улсын Гавъяат багш П.Увш “...суугаа орныхоо утга зохиолыг монголчуудад хүргэх талаар дүрэмд оруулмаар байгаа юм Нэг урсгалтай ч юм шиг санагдаад байна. оёр чиглэлийн үйл ажиллагаа явуулна гэвэл элдэв төсөл, хандив илүү нээлттэй байх ч юм бил үү!” гэж санал хэлж Германаас сэтгүүлч З.Эрдэнэбат (Мөнхтэнгэр нийгэмлэг) “..яваандаа Гадаадад амьдарч буй Монголчуудын гэвэл зүгээр гэж, өвөр Монголд суугаа сэтгүүлч яруу найрагч Б.Занданхүү бас зарим санал гарган дэмжиж хамт байсан. Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Д.Энхболд “Утга зохиолын нэгдэл нь залуусыг нэгэн зорилгот баг болгож өгдгөөрөө туйлын үнэ цэнэтэйг хэлж” зохиолч, яруу найрагч Л.Батбаяр, зохиолч, орчуулагч Д.Дашмөнх, яруу найрагч Н.Билгүүн холоос зорин ирж дэмжиж анхны үйлс бүтсэн. Бас яруу найрагч, доктор Я.Баатар, МЗЭ-ийн шагналт яруу найрагч, орчуулагч Ж.Оюунцэцэг, яруу найрагч Т.Дашбалдан гээд олон уран бүтээлчид дэмжиж байсан.

2013 оны 11 дугаар сарын 22-ны өдөр Монголын уран зохиолоо сурталчлах, зохиолч, уран бүтээлчдээ дэмжих, гадаадын утга зохиолыг монголчууддаа таниулах, олон нийтийн харилцааг бэхжүүлэх замаар эх хэл, өв соёлоо хадгалан өвлүүлэхэд хувь нэмэр оруулах эрхэм зорилготой Америк дахь Монголчуудын Утга зохиолын нийгэмлэг зохион байгуулагдаж Удирдах зөвлөлд Х.Лхамжав, Д.Дашмөнх, Ө.Пүрэвсүрэн, Х.Тэргэл, Б.Ган-Энхбаяр нарыг, зөвлөлийн даргаараа яруу найрагч Х.Лхамжавыг, нийгэмлэгийн өдөр тутмын үйл ажиллагааг гардан зохицуулах нийгэмлэгийн Тэргүүнээр Ө.Пүрэвсүрэнг тус тус 2 жилийн хугацаагаар сонгосон юм.

АМУЗН байгууллагдах үеэр “Монголын их нүүдэл-уран зохиолын хөтөлбөрөө танилцуулж анхны арга хэмжээнүүд болох “Хөх зөн” яруу найргийн наадам, “Яруу үдэш” зохиолч уншигчдын уулзалт, номын яармаг, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнгийн Уран бүтээлийн үдэшлэгийг тус тус зохион байгуулсан. Мөн Хөх зөн яруу найргийн наадамд Америкийн хотууд төдийгүй дэлхийн өөр өөр газраас оролцсон Монголчууд, Монгол туургатныхаа шүлгүүдийг эмхэтгэн “Хөх зөнтэй шүлгүүд” ном хэвлүүллээ.

2015 онд Дэнвэр хотноо “Тулга” уран үгсийн чуулганыг Тулга клубтэй хамтран зохион байгуулж цаашид 2 жил тутамд уран уншигч, шүлэг найраг бичиж буй шинэ залуу уран бүтээлчид, уншигч зохиолчдыг уулзуулдаг Америк дахь Монголчуудын уран зохиолын наадам болгон хариуцан зохион байгуулахаар болсон.

 “Уран жиргээ” уран уншлагын наадмыг Америкт суугаа Монголчууд хүүхдүүдийнхээ дунд зохиогоод 2 жил болжээ. 2011 оноос Чикаго хотноо үйл ажиллагаа эхлүүлсэн Монгол сургуулийн багш Б.Энхдулам,С.Хандмаа нар санаачлан энэ наадмыг Чикаго хот орчимд оршин суугаа багачуудынхаа дунд зохиож эхэлсэн бол 2017 оноос Америк Улсад суугаа нийт хүүхдүүдээ урьж наадмаа өргөжүүлж байгаа аж. Харь оронд төрж өсч буй Монгол хүүхдүүдийнхээ монгол хэлний мэдлэгийг нэмэгдүүлэх, монгол яруу найраг, үлгэр домог, уран зохиолтой танилцуулах, түүх, өв соёлоосоо суралцах зорилгыг агуулсан энэ наадамд 4-8, 9-16 насны ангилалтай, эхний шатандаа шүлэг, дараагийн шатанд шалгарсан хүүхдүүд үлгэр, өгүүллэг уншиж нааддаг байна.
 
Зохиолч, уран бүтээлчдээ дэмжсэн халуун дулаан сэтгэлийн буухиаг энд дурдах ёстой. Д.Эрдэнэбаяр, Б.Цэрэнбат, Х.Тэргэл нарын санаачлага Америкт суугаа Монголчуудын халуун дэмжлэгээр Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч Санжийн Пүрэв гуайн эмчилгээний зардлын нилээд хувийг цуглуулж тусалсан билээ. Мөн сэтгүүлч Д.Уранзул санаачлан зохиолчийн ном хэвлэх зардлыг урьдчилан босгох хөдөлгөөн өрнүүлэв. Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Д.Энхболдын “Паанан” туужуудийн түүвэрт Америкт суугаа Монголчуудын урьдчилсан төлсөн төлбөр хувь нэмэр оруулж, урьдчилан захиалсан уншигчдадаа хүрлээ.

Бас зохиолч уран бүтээлчдээ дэмжиж, бүтээл,номыг нь хэвлэж, бүтээл туурвил хийх урамыг сэргээсэн хоёр хүнийг энд дурдмаар байна. Зохиолч, сэтгүүлч Б.Номинчимэд АНУ-д амьдрах хугацаандаа Даяар Монгол сонинг хэвлэмэл болон цахим хэлбэрээр гаргаж энэ нутагт амьдарч буй зохиолч, сэтгүүлчдийнхээ уран бүтээлийг нийтэлж байсны дээр зохиолч Т.Бум-Эрдэний анхны ном, зохиолч Д.Энхболдын “Казиног номхотгосон түүх” зэрэг болон бусад хэд хэдэн хүний номыг хэвлэн Америкт суугаа Монголчууддаа хүргэсэн юм. Эрдэмтэн, яруу найрагч Я.Баатар гуай АМУЗ уран зохиолын сэтгүүл гарган, уран бүтээлчдийнхээ зохиол, шинжилгээ судалгаа, орчуулгын бүтээлүүдийг хэвлэж уран бүтээлчдээ дэмжиж байдаг.

Манайхан ертөнцийн чихнээ дуурсгалтай Монгол хэмээх нэр, бидний зүрхэнд мөнхийн холбоотой Монголоо гэсэн бодлоо нэг ч хором гээлгүй харь холын суугуул нутагтаа бичиж туурвисаар л байна. Тухайлбал. Орчуулагч-яруу найрагч Ж.Оюунцэцэг Америкийн яруу найрагчдын бүтээлийг орчуулсан бүтээлээрээ, зохиолч-орчуулагч Д.Дашмөнх богино өгүүллэгийн болон орчуулгын төрлөөр Монголын зохиолчдын шилдэг уран бүтээлийн “Алтан Өд” шагнал хүртсэн. Зохиолч яруу найрагч Л.Батбаяр, яруу найрагч Т.Дашбалдан, яруу найрагч судлаач Я.Баатар, яруу найрагч Н.Билгүүн нар орчуулга, судалгааны болон яруу найргийн түүврээ саяхан хэвлүүлжээ.

Гэрэл гэгээ бүхэнд үүтгэн тэтгэх хөдөлгүүр бий. Холын Америкт гэрэлтэн буй Монголын уран зохиолын ийм гэрэл гэгээг байнга тэтгэн буй МЗЭ-ийн Удирдах Зөвлөлийн дарга зохиолч,судлаач Ц.Буянзаяа, гүйцэтгэх захирал Г.Мөнхцэцэг, М.Саруулдалай, Ардын уран зохиолч,Б.Лхагвасүрэн, П.Бадарч, Т.Галсан, Болор цомын эзэн, яруу найрагч Б.Галсансүх, Ц.Хулан, зохиолч Д.Энхболд, Соёлын Гавъяат зүтгэлтэн сэтгүүлч,зохиолч До.Цэнджав, яруу найрагч Дан.Нямаа, МЗЭ-ийн шагналт яруу найрагч зохиолч Р.Эмүжин, МЗЭ-ийн шагналт хүүхдийн зохиолч Б.Нацагдорж, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Л.Эрдэнэбат, зохиолч Б.Сарантуяа, яруу найрагч Д.Чинбаяр, орчуулагч Цэнгэл, нийтлэгч Г.Галбадрах, зураач Л.Мөнхтөр, уран хайчилбарч С.Төрбурам нарын олон хүнд гүнээ талархаж байна.

Ертөнцийн чихнээ дуурсгалтай монгол хэмээх нэр, Монголын төлөөх зүрх сэтгэлдээ уран зохиол, утга яруу хэл, соёлоо эрхэмлэн дээдэлдэг уншигчид, эх орноосоо алс яваа Монголчуудынхаа халуун дэмжлэгээр холын Америкт Монгол уран зохиолын гал өдий дайтай гэрэлтэн байгаа юм.

*** “Цог” сэтгүүлийн тусгай дугаарт зориулан дурдсан арга хэмжээнүүдэд гар бие оролцсоны хувьд мөн зарим арга хэмжээг зохион байгуулагчидтай биечлэн захидал солилцож үүнийг бичиглэв.

Д.Бишүүгарам

Чикаго 2017
Шинэчлэгдсэн огноо: 2017 оны 3 сарын 28, Мягмар гараг
Уншсан: 126 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 4 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
       1
  3  4  5  6  7  8  9
101112131415
17181920212223
242526272829

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

"АЗ ЖАРГАЛГҮЙ" ХҮМҮҮС

"АЗ ЖАРГАЛГҮЙ" ХҮМҮҮС Олон янзын шалтгаанаар хүмүүс өөрийгөө "Аз жаргалгүй байна" хэмээн гуниглаж, үүнийхээ төлөө бусдад... 2017 оны 4 сарын 25

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (“Mongus Pictures” компаний гүйцэтгэх захирал Л. Нямжаргал) 2017.04.27

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (“Mongus Pictures” компаний гүйцэтгэх захирал Л. Нямжаргал) 2017.04.27 “Америк хэмнэл” нэвтрүүлгийн ээлжит дугаарт "Mongus Pictures" компаний гүйцэтгэх захирал Л. Нямжаргал... 2017 оны 4 сарын 29

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.04.28

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.04.28 ЭХ НУТГИЙН МЭНД: Ойр дотныхондоо МТВ ҮЗҮҮЛЖ БАЙНА: Уртын сайхан аялгуу КОНИГИЙН ЦАГ: Бээжин хотоос... 2017 оны 4 сарын 29

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2