Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Ш.Сайхансамбуу: - НАМАЙГ ХҮРТЭЛ ШҮГДЭНД ЭЛСЭЭЧ ГЭЭД...

2017 оны 5 сарын 11, Пүрэв гараг  .:.  Бичсэн: 
(1 үнэлгээтэй)

Ш.Сайхансамбуу: Сая “Рио Тинто” Чойжоог айлгасан байна лээ

Түгээх    
 
2017-05-09 08:55:46 - Улс төр
saihansambuu

-ХООСОН ЧАНАРЫН ДӨРВӨН ЕРӨНХИЙЛӨГЧТЭЙ 26 ЖИЛИЙГ ӨНГӨРӨӨЛӨӨ ДӨӨ-

-Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирлээ. Зарим хүн Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг дэмжиж байна. Та энэ талаархи бодлоо хуваалцахгүй юу?

-Манайх шиг ийм жижиг улсад Ерөнхийлөгчийн засаглал тохирохгүй нь ойлгомжтой. Харин ойролцоо хүн амтай Сингапур, Дани, Норвеги, Финлянд, Шведийн жишгээр явбал их зүгээр юм уу гэдгийг би дөрвөн жил парламентад суухдаа олж харсан. Хэт том гүрнийг дуурайх нь зохисгүй.

-Ямар ерөнхийлөгч гарч ирж байж Монгол орныг өөд нь татах юм бол?

-Одоо парламентад их олон сонгогдсон, удаан суусан, их туршлагатай, хашир, “хатуу самар” гэгдсэн ерөнхийлөгч ерөөсөө хэрэггүй. Бид тийм ерөнхийлөгчдийг сонгосон. Хээгүй хүнийг сонгосон, хийгүй хүнийг сонгосон. Олон салаа хэлтэй орчуулагч хүн нэгийг сонгож үзсэн. Сайхан ярьдаг хүнийг сонгож үзсэн. Хоосон чанарын дөрвөн ерөнхийлөгчтэй 26 жилийг өнгөрөөлөө дөө. Хүний хувьд сайн хүмүүс ээ. Гэхдээ Монгол Улсыг аваад явчих зориг зүрхтэй, ухаан тэнүүн, үндэснийхээ бахархал соёл, өвгөд дээдсүүдийн үлдээсэн их олон захиа даалгавар, төр барих ухааныг нэлээн сайн судалсан хүн төр барих хэрэгтэй. “Рио Тинто” гэж компанид дээрэмдүүлсэн энэ их байгалийн баялаг, урсгалаар гарч буй нефть, хяналтгүй гарч буй төмөр, зэс эдгээрийг Монголын ард түмэнд буцаагаад аваад ирэх чадалтай, зоригтой, ухаантай ийм л ерөнхийлөгч яг өнөөдрийн хувьд хэрэгтэй байна. Тав дахь ерөнхийлөгч тийм л хүн байх хэрэгтэй. Монголчууд иргэдээ гэсэн сэтгэлтэй, эх орноо гэсэн бодолтой тийм л ерөнхийлөгчийг хүсч байна. Харамсалтай нь тийм зориг зүрхтэй хүн өнөөдрийн намуудын тухай болон Сонгуулийн тухай хуулиар гарч ирэх ямар ч бололцоо байхгүй.

-Улс төрийн намуудын тухай хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлагатай гэж хэлээд байна уу?

-Тэгэлгүй яах вэ. Би энийг чинь гишүүн байхдаа ярьж байсан. Намын гишүүнчлэлийг байхгүй болгох тийм хүчтэй ерөнхийлөгч хэрэгтэй. Монгол Улсыг нэгдмэл монгол болгох хэрэгтэй юм. Одоо монголчууд МАН, АН, МАХН гээд үндсэндээ гурав хуваагдчихаад байна. Энийг болиулах тийм хүчтэй зоригтой ерөнхийлөгч хэрэгтэй байна.

-УИХ хоёр танхимтай байх нь Монгол Улсыг аврах гарц гэж зарим хүн дүгнэж байна. Та санал нийлэх үү?

-Хоёр танхимтай парламент хэрэггүй ээ. Би Сү.Батболдыг намын дарга байхад хоёр танхимтай парламент болгож өгөөч гэж төлөвлөгөө боловсруулаад өгсөн юм. Бүтээгүй. Одоо хуулиа хэрэгжүүлдэг Ерөнхийлөгч, Их хурал л хэрэгтэй. Намайг УИХ-д 2008 онд орж байхад Монголд 470 гаруй хууль хэрэгждэг байсан. Одоо 624 хуультай гэж ярьж байна. Надаас хойш хууль 200 гаруйгаар нэмэгдсэн байна. Манай улс чанга хуультай. Харамсалтай нь энгийн иргэдэд хүчтэй үйлчлээд, эрх мэдэлтэй, эрх мэдлийг эд мөнгө албан тушаал болгочихсон хүмүүст огт үйлчлэхгүй байгаа юм. Хуулийг нийт ард түмэнд тэгш хэрэгждэг болгох ерөнхийлөгч л хэрэгтэй болоод байна.

-Хууль батлалцаж явсан хүний хувьд өнөөдөр төр засгаас гаргаж буй бодлого шийдвэр амьдралд хэр ойр байна гэж дүгнэж байна вэ?

-Өмнө нь хөндлөнгөөс, дараа нь дотор нь суугаад, одоо буцаад хөндлөнгөөс харж байна. Яг нэг хэвэндээ л явж байгаа. Нэг хууль боловсрууллаа гэхэд монгол хүний эрх ашиг туссан хууль ерөөсөө бичигдэж орж ирэхгүй. Дандаа аль нэг улсын хуулиас хуулаад, дээр нь ашиг сонирхол нэмсэн хуулиуд орж ирдэг. Тэгээд яг хүмүүсийн найр наадам, баярын үеийн тааруулж байгаад батлаад сурчихсан. Их хуралд байхдаа би бичгийн эрдэмтэй улс төрч маш цөөхөн юм байна гэж харсан. Одоо ч тийм байна. Бичгийн эрдэмд боловсроогүй хууль санаачлагч хууль баталдаг байгууллагад их олуулаа орж ажиллаж байна. Ийм тохиолдолд гишүүд нь хэдхэн хүний арганд орж хувирдаг юм билээ. Энэ талаар, мөн намуудын тухай, намын гишүүнчлэлийн талаар анхаарч өгөөч гэж би 2008 онд маш олон сонин хэвлэлээр ярьж, бүр төрийн гурван өндөрлөгт ил захидал илгээсэн. Сонсдоггүй юм билээ. Энгийн иргэдийн санал дээд удирдлагуудад хүрнэ гэж байхгүй, хүрсэн ч тоогдохгүй.

saihansambuu

-ОГТ БАЙРГҮЙ БАЙСАН ХҮН ДӨРВӨН ЖИЛИЙН ДАРАА ДӨРВӨН
БАЙРТАЙ БОЛСОН БАЙДАГ-


-Долоон төрлийн татвар нэмсэнд иргэд бухимдаж байна. Бизнес эрхэлдэг хүний хувьд сөрөг үр дагавар мэдрэгдэж байна уу?

-“Хэрвээ иргэдээ баян байлгая гэвэл татварыг нь хөнгөл, сэтгэлийг нь амирлангуй байлгая гэвэл хуулийг нь хялбаршуулж өг” гэдэг эртний мэргэн сургаал байдаг. Татвар нэмэхийг бизнес эрхлэгчид эсэргүүцээгүй, ганцхан юм гуйсан. Арван сарын 1 хүртэл дөрвөн сар сунгаад өгчихөөч ээ гэж. Гэтэл огт хүлээж аваагүй. Уг нь болно шүү дээ. Та нар 10 сарын 1-нээс хойш 10-аас дээш жил явсан машин оруулж ирэхгүй шүү, нэг удаа төр та нарын хүсэлтийг хүлээж авлаа гээд таван сарын 1-нээс хэрэгжиж байгаа хуулийг 10 сарын 1 болгож болно шүү дээ. Харамсалтай нь тэгээгүй. Иргэдийн үгийг битгий хэл, Их хурлын гишүүний үгийг авч хэлэлцдэггүй юм чинь дээ. Энэ үйлдэл МАН, АН хоёрт бөх бат оршин тогтноод байгаа.

-Концессын асуудал нэлээн дуулиан тарьж байна. Бүх тендерээ хуйвалдаад авчихсан байж таарах уу?

-Таарах уу, харин. Өмнө нь хуйвалдаад авч байсан, одоо ч хуйвалдаад авч байна. Улс төрчдийн дөрвөн жилийн өмнө өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгийг дөрвөн жилийн дараа буухад нь харахад ямар их өссөн байдгийг манайхан ерөөсөө ярьдаггүй. Тэд хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бүтнээр нь бичихгүй. Огт байргүй байсан хүн дөрвөн байртай болчихсон байхад “Хаанаас энэ байрыг авсан бэ” гэж байцаадаггүй. Түрүүн ярьдаг дээд шатандаа хууль хэрэгждэггүй нь амьдрал дээр батлагдаад, Монголын ард түмэн бухимдаад уурлаад байгаа. Уурлахаараа “Бидний сонголт буруу болжээ” гэдэг. Сонголтоо зөв хийе гээд бодохоор ердөө хоёр намын өмнөөс нэр ус нь тодроод, тулгагдаад ирсэн хүмүүсийн төлөө санал өгчихөж байгаа юм. Монголчуудад ганц авах юм байгаа. Тэгж тулгаад байхад л саналаа өгөөд байдаг. Төрдөө найдаад, ирээдүйд найдвар байна гээд бодоод байх шиг байгаа юм. Харамсалтай нь байхгүй. Уг нь энэ хоёр нам ард түмний хишиг сонголт гэж мөргөж, адислаж хүлээж аваад, өмнөөс нь ажиллах ёстой шүү дээ. Гэтэл энэ ард түмэн бидэнд эрх мэдэл өгчихлөө, одоо дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэнэ гэж ойлгоод байх шиг байгаа юм.

-Таныг гишүүн байхад Концессын гэрээ ямар зарчмаар батлагддаг байв?

-Концессын гэрээ гэж мэдээллийг нь өөрсдөө зохиодог. Тэдэн сарын тэдэнд тендер зарлана гэдгийг ард түмэн, Хан-Уул дүүрэгт байгаа хоёр иргэн зохионо гэж байхгүй. Өөрсдөө л хэзээ, хааш нь, ямар мэдээлэл цацах вэ гээд бүгдийг зохионо. Бүх мэдээллээ бэлдэж байх хооронд ах дүү, найз нөхөд, нутгийн хүмүүс нь бэлэн болчихсон, тендер зарлалаа шууд авчихна. Одоо тэр гишүүн тэдийг авсан байна, тэдийг өөр дээрээ тавьсан байна гээд нэрээр нь хэлээд байхад л улаан цайм үгүй гээд дайраад байх юм. Наад концессын гэрээ чинь Монголын жирийн бизнес эрхлэгчдэд огт хамаагүй.

saihansambuu-ОЮУНХОРОЛ, БАЛДАН-ОЧИР ХОЁР ХЭДЭН ХЯТАД ДАГААД  НАВСАГАНААД БАЙСАН-

-Концессын гэрээний тодорхой жишээ дурдвал?

-2008 онд манай хэдэн гишүүн концессын гэрээ гэж анх гарган ирж, хятадуудтай хамтарч Хөвсгөлийн Могойн гол дээр цахилгаан станц барина гэж дайрч байсан юм. Урьдчилгаанд нь ганц хоёр сая доллар гаргасан болоод, үлдсэнийг нь төрөөс гаргуулах гэж. Уг нь өөрсдөө мөнгөө гаргаж хийгээд, дараа нь хүүтэй нь төрөөс буцааж авна гэсэн үг л дээ. Гэтэл концесс гэж нэрлээд, төрөөс мөнгийг нь гаргуулаад, өөрсдөө авах гээд байхгүй юу. Гүндалай Могойн гол дээр бариулахгүй гэж эсэргүүцсэн. Дараа нь Завханы Тэлмэнд бариулна гээд Оюунхорол, Балдан-Очир хоёр хэдэн хятад дагаад навсаганаад байсан. Тэр хоёр намайг сууж байхад чадаагүй л дээ. Тэгээд өнгөрсөн. Сүүлд нь дулааны цахилгаан станц болгоно гээд Завханы Улиастайд бас тууз хайчлаад байсан, тэр бас бүтээгүй... гэх мэтчилэн.

-Улс орны удирдагчид мөнгөгүй гээд гаднаас гуйлга гуйгаад байдаг. Энэ үйл явцын талаар таны бизнесийн хамтрагч гадныхан ямар санаа, бодол илэрхийлж байна вэ?

-Ашигтай, зөв бодлоготой байвал бизнес эрхэлж буй мань мэтэд асар их хэмжээний хөрөнгө оруулалт оруулж ирж болохоор байгаа юм. Харамсалтай нь манай түншүүд засгийн бодлого огцом өөрчлөгддөгөөс хаширчихсан. Тийм учраас маш их болгоомжилж байгаа. Уг нь 1995 оны эцсээр, 2005 оны эхээр түншүүд “Өө эхлээд бид 60, 70 хувь хөрөнгө оруулчихъя” гэдэг байсан бол одоо “Чи өөрөө эхлээд 30 хувиа гаргаатах” гэдэг болсон. Итгэл үнэмшилгүй болчихсон байна. Биднээр эхэлж гаргуулаад, явцыг нь харах гээд байдаг болсон. Хөрөнгө оруулалт хийж, баахан юм хийгээд явж байтал нэг өглөө дурын нэг гишүүн янз бүрийн юм ярьж байгаад, хууль өөрт нь ашиггүй болоод ирэхээр ашигтай ажиллаж буй хүнд атаархдаг юм шиг байгаа юм. Жишээлбэл, алтан дээр гэнэтийн ашгийн 68 хувийн татвар гэж аймшигтай юм гаргаж ирээд алтны хэрэгжиж байсан гоё хөтөлбөрийг нэгмөсөн булшилсан шүү дээ. Тэрнээс болж бид хичнээн тонн алт ганзагаар Хятад, Солонгос руу алдсаныг тооцоолшгүй.

-УИХ, Засгийн газар, Сангийн сайдаасаа эхлээд “Рио Тинто”-гийн эрхшээлд ороод байгаа нь эмгэнэлтэй. Олон Улсын Валютын сангийн хөтөлбөрт хамрагдах гээд улайраад байгаа нь Ерөнхийлөгчийн сонгуулийн зардлаа босгох гэсэн санаа гэж хардах хүн олон байна? 

-Иргэд хардахаас ч өөр аргагүй байдалд байна. Ерөөсөө итгэл нь алдраад, хаширчихаад байна. Ганц чаддаг юм нь харддаг л болсон. 2008 онд намайг УИХ-д ороход Оюутолгойн гэрээ орж ирсэн юм. Энхбат, Алтай, би, Даваасүрэн гээд хэсэг гишүүд ТЭЗҮ дээр нь алдаа байгааг хэлж, 6 бил үү 8 сар буцаасан. 2009 онд дахин орж ирээд, Зоригт гэж гишүүн анх канадуудтай уулзаж байсан. Тэгэхэд “Рио Тинто” гэж компани байхгүй байсан. Бид “Айвенхоу Майнз” гэдэг компанитай ярьж байсан. Одоо энэ улсууд чинь “Айвенхоу Майнз” гэдэг луйварчдыг чинь огт дурсахаа больчихсон, “Рио Тинто” руу дайраад байгаа байхгүй юу. “Рио Тинто” гэдэг компани сүүлд орж ирсэн юм. Би тухайн үед байнгын хорооны хуралдаан дээр хэлж байсан юм.

-Юун тухай вэ?

-“Айвенхоу Майнз” гэдэг компани чинь ерөөсөө бүтээн байгуулалт хийдэг компани биш юм байна. Наад “Айвенхоу Майнз” гэдэг компани, Фрийдланд гэдэг өвгөн чинь авсан хайгуулын лицензээ ашиглалтын лиценз болгоод, том компаниудад зардаг “ид шидтэй” юм байна. Та нар энийг бодож үзсэн үү” гэж асуусан. Гэтэл “Тэр асуудал байхгүй. Хэрэв гадагш нь зарахаар бол УИХ-аас зөвшөөрөл авч байхаар хийсэн л гэсэн. Гэтэл нэг мэдсэн “Айвенхоу Майнз” гэдэг компани авчихсан байдаг.  

-Сүүлдээ нэрээ солиод “Туркойз хилл ресурсез” болчихсон бил үү?

-Үгүй, зарчихсан байгаа юм.

-Бүр үү?

-Тийм. Тэр “Айвенхоу Майнз” гэдэг чинь “Рио Тинто”-д зарчихсан. Гэтэл хэдийд ямар хүн зарсныг одоо ярьдаг хүн ерөөсөө байхгүй. Анх М.Энхболдыг Ерөнхий сайд байхад төсөвлөсөн гэрээгээр 34 хувь Монголд үнэгүй орж ирэхээр байсныг тэр үед Ардчилсан намынхан эсэргүүцсээр байгаад сонгуулийг дуусгачихсан. 2008 оны сонгууль болоод, нөгөө 34 хувь чинь үнэгүй битгий хэл үүрд алга болсон. Алдлаа, буруу боллоо, ингэж болохгүй гэж зургаан хүн эсэргүүцсэн юм.

saihansambuu

“ТЭР ИХ МӨНГИЙГ ТА НАР ОФФШОРООР АВАХ БАЙХ. ЭНЭ ЧИНЬ ХЭЗЭЭ НЭГ 
ЦАГТ ИЛЭРЧ, ТА НАРЫН ТОЛГОЙГ ЦУСДАНА ШҮҮ”


-Хэн хэн эсэргүүцэж байсан бэ?

-Ардын намаас Бат-Эрдэнэ аварга, Даваасүрэн, бид гурав. Ардчилсан намаас З.Энхболд, Фортуна Батбаяр, Д.Ганхуяг. Бид зургаа эсэргүүцээд, дийлээгүй батлагдсан. Тэр үед 15 жилд зөөнө гэж ярьж байсан, 5 жилийн дотор зөөгөөд ил уурхай нь дууссан. Одоо гүн рүүгээ орчихсон явж байна. Одоо гүний уурхайгаас бидэнд бас олдох юм байхгүй болоод байна. Эсэргүүцээд ерөөсөө дийлээгүй. Би хэлсэн. Та нар Монголын өвөлж ирсэн энэ их хөрөнгийг нэг компанид зүгээр өгнө гэж байхгүй. Ямар ч байсан юм авсан. Авахад та нарт хоёр л арга бий. Тэр их мөнгийг бэлэн авч чадахгүй. Та нарт бэлэн өгөхгүй нь ойлгомжтой. Хуулийн дагуу ажиллаж байгаа банкаар дамжуулж хахууль авна гэж байхгүй. Тийм учраас та нар нууц данс гэдэг юмаар авна. Тодруулж хэлвэл, та нар оффшороор авах байх. Энэ чинь хэзээ нэгэн цагт илэрнэ шүү, та нарын толгойг цусдана шүү” гэж. Хэрвээ шийдэмгий, сайн зоригтой ерөнхий сайд гарч ирээд “Айвенхоу майнз”-тай маргалдаан үүсэхэд “Хахууль авсан улс төрчдийг чинь зарлана гэвэл та нар яах вэ” гэж хэлж байсан.

-“Ёсоор болсон” бололтой?

-Тэгэхэд урдаас дооглоод инээлдэж байсан юм. Миний энэ хэлсэн үг УИХ-ын архивт байдаг байх. Тэгсэн сая Чойжоог айлгасан байна лээ шүү дээ.

-Дарамт шахалт үзүүлсэн гэж дуулсан. Яг юу гэж айлгасан байдаг юм бол?

-Хэрвээ 29.9.11-ийг татаж авахгүй бол хахууль авсан дөрвөн хүнийг чинь зарлана шүү гэж айлгасан байна лээ. Манай энэ УИХ-ынхан ямар аймаар сандарч байна вэ? Ярьж дуусаагүй байж буцаагаад больчихлоо. Ашгүй, аятайхан тогтоол гарлаа гээд алга ташаад байж байтал болилоо гэдэг байна шүү. Тэгэхээр “Айвенхоу майнз”-д манайх хулхидуулаад... Английн хатан хааны мэдлийн “Рио Тинто” компанийг манайх дийлэхээсээ өнгөрсөн байх аа. Гэхдээ дийлэх ганцхан арга бий, миний бодож байгаагаар. Тэрийг шинэ гарч ирэх ерөнхийлөгч өөрөө сэтгээд хийх байлгүй дээ.

-Ямар арга вэ?

-Тэрийг одоо би хэлээд яах вэ. Би өөрөө ерөнхийлөгч болчих юм бол тэр аргыг хэрэглэнэ.

-Яг таниас асуух гэж байлаа. Хэрвээ та ерөнхийлөгч болвол хамгийн түрүүнд юунаас ажлаа эхлүүлэх вэ гэж?

-Даанч надад ерөнхийлөгч болох тийм хувь байхгүй. Хэрвээ би ерөнхийлөгч болдогсон бол “Рио Тинто”-той л зууралдана. Түрүүн хэллээ. Тийм ерөнхийлөгч хэрэгтэй гэж. Наадуул чинь айгаад хийхгүй л дээ.

-Монголд улс төр, шашин хоёр хутгалдаад буй байдал танд ажиглагддаг уу?

-Ажиглагдалгүй яах вэ.

saihansambuu

- НАМАЙГ ХҮРТЭЛ ШҮГДЭНД ЭЛСЭЭЧ ГЭЭД...-

-Яагаад ийм асуулт асуух болов гэхээр, ТЕГ-ын дарга асан, генерал Ж.Баатар эрх барьж буй намын нэр бүхий 20-иод улс төрчийг буддын шашны гаж урсгал шүгдэнтэй холбоотой, цаагуураа Монгол орныг хятадуудаас санхүүжиж, тэдэнтэй үгсэн хуйвалдаж, үрэн таран хийх нь гэсэн утгатай зүйл яриад байгаа юм?

-Шүгдэн гэдэг юмыг манайхан уг нь мэддэггүй байсан юм. Анх Монголд оруулж ирсэн хүн нь Гүрдаваа Ренбүчи гэж өвөрмонгол лам л даа. Ерэн хэдэн онд Амарбаясгалан хийдэд шүгдэнг аваачиж залсан. Эхлээд хүнийг гэнэт их баяжуулж дээшлүүлдэг. Тэгж байснаа эргээд гэнэт “далайн ёроолд алга болтол” хоосруулдаг тийм ид шидтэй бурхан. Тийм учраас буддын шашин шүтлэгтэй хүмүүст ийм урсгал байж болохгүй гэдгийг Далай багш хэлж эсэргүүцдэг юм билээ. Энийг шүтсэн нөхдүүд Түвдийн баахан цагаачилсан лам нар байна. Шүгдэн шүтдэг лам нар Монголд анх бизнесмен, улс төрчдийг мүүнд элсүүлдэг шиг аваачаад элсүүлчихсэн. Тэр нөхдүүд Их хуралд байдаг байх л даа. Би хэн шүтдэгийг нь сайн мэдэхгүй. Буддын шашныг тэргүүлж буй, гэгээрсэн том лам хүн ийм юм битгий шүтээрэй гээд сүсэгтэн олондоо айлдаад байхад манайх зөрөөд шүтээд байдгийг би ерөөсөө ойлгохгүй байгаа юм. Намайг хүртэл элсээч гээд.

-Тийм үү? Сонин юм байна?

-Тийм. Гүрдаваа Ренбүчи гэдэг лам 70 см-ийн өндөр суумал, шүншиглэсэн шүгдэн бурханыг тэр үеийн ханшаар 5 саяар ав гэж байсан юм. Би бурхан руу гүн ордог хүн биш. Ерөнхийдөө би буддын гүн ухааныг их сонирхдог. Ертөнцийн гарал үүсэл, хоосон чанар гээд философи талаас нь сонирхдог л доо.

-Шашин, төр хоёр холбогдоод ирэхээрээ эвгүйрхдэг гэдэг?  

-Тэгвэл мөргөлдөөн болно. Монголд хийд мундсан биш дээ. Гандангийн хашаанд хийд барина гээд 2008 онд намайг байхад хөрөнгө тавиулаад явдаг, одоо дуусаагүй л байна. Жил болгон мөнгө тавьдаг. Бидэнд дуган, хийд цөөдөөгүй. Тэрэн шиг их юм алга. Тэр хэрээр Монголын амьдрал дээшилсэн юм алга. Шүтээд, мөргөөд, залбираад л байдаг. Байдаггүй. Улсууд хоосроод, ядуураад л байна. Шашин төрийн заагийг дахин хэлэлцэж, Үндсэн хуулинд суулгаж өгөхгүй бол Үндсэн хуулинд маш буруу суусан байгаа.  

-Хятад иргэдийг олноор оруулж ирэх шийдвэрт хүмүүс маш их шүүмжлэлтэй хандаж байна. Та хэрхэн хүлээн авч байна вэ?  

-Бид урд, хойд хөрштэйгээ муудалцах ямар ч хэрэг байхгүй. Бөмбөрцөг алга болдоггүй л юм бол мөнхөд цуг байна. Манай Монгол нутгийн нэг хэсэг нь газар нутагтайгаа Хятадын талд, бас нэг хэсэг нь газар нутагтайгаа Оросын талд байна. Мэдээж улсын хар хайрцагны бодлогод хүн амын 0.3 хувиас дээш гадны хүн байнга оршин сууж болохгүй гэсэн заалт бий. Биднийг хүүхэд байхад, 66 оноос өмнө Улаанбаатар хотын ноён нурууг хятад ажилчид босгож өгсөн. 40, 50 мянгат, Их дэлгүүр, сургуулиуд,  ясли, цэцэрлэг, орон сууц, цахилгаан станц бүгдийг хятадууд барьж өгсөн юм. Бага тойруу, кинотеатр гээд хотод юу хэрэгтэй бүгдийг барьж өгсөн. Манай монгол барилгачид тэр хятадуудыг дагаж суралцаж, Улаанбаатар хотыг 500 мянган хүн амтай байх хэмжээнд босголцсон юм.

-Оросууд л дийлэнхийг нь барьж, бүтээн байгуулсан гэсэн бодол бидний үеийнхэнд байдаг байлаа?

-Би өөрөө хотын гүйцэтгэх захиргаанд байсан болохоор сайн мэдээд байгаа юм, наад ажлыг чинь. Одоо Улаанбаатарын 280 мянган айлыг орон сууцаар хангана гэвэл бололцоо бий, 8 жилийн дотор хангачихаж болно. Гэхдээ бид дангаараа дийлэхгүй. Дийлэхгүйгээ бид мэдэж байх хэрэгтэй. Тийм материал, ажиллах хүч ч байхгүй. Хоёрт, 1966 оноос хойш Орос Улс хангалттай орон сууц барьж өгсөн. 10 гаруй жилийн дотор 40 гаруй мянган айлыг орон сууцаар хангасан. Би орон сууц хүлээж авах комисс, орон сууц хуваарилах тасаг гээд төрийн байгууллагуудад ажиллаж байсан. Яг Энэбиш дарга, Баасанжав дарга, Мөнхжаргал дарга, Намын төв хорооноос манайхыг шууд удирддаг Алтангэрэл дарга нартай харьцаж ажилладаг байсан.

saihansambuu

-С.БАЯР ОЮУТОЛГОЙГООС БОЛООД НАМАЙГ ЗАНАЖ БАЙСАН-

-Хятадуудыг үй олноор нь оруулж ирэх нь зөв гэж үү?

-Улаанбаатар хотын өрхүүдийг бүрэн орон сууцанд оруулахын тулд ажиллах хүчийг ялангуяа барилга, зам дээр авчирч ажиллуулах нь зөв. Зөв ашиглавал зөв л гэж боддог. Гэхдээ 3 сая гэхчилэн хэрээс хэтэрсэн тоо байж болохгүй. Энэ цуурхал байх. Хоёр улсын хэлэлцээрээр 5000 хятад ажилчин орж ирээд, бидэнд орон сууц барьж өгөөд, буцаад гараад явж болно. Тавь, жаран онд Цэдэнбал дарга тэгж мундаг ажиллаад, хүмүүсээ орон сууцжуулсан. Бид Улаанбаатар хотоо утаагүй болгоё гэвэл орон сууцжуулах л ёстой. Ерөөсөө орон сууц барьж өгөх нь төрийн үүрэг. Иргэддээ барьж өгөхөөс өөр арга байхгүй.

-Төр үүргээ умартчихсан байх?

-Төрийн үүрэг, нэгд иргэдээ эрүүл байлгах ёстой. Төрсөн өдрөөс нь насан эцэслэтэл нь нэг ёсондоо заяа төөргийг нь төр даах ёстой. Хоёрт, ажилтай байлгах ёстой. Гуравдугаарт, орон сууцтай болгох. Энэ үүргээ төр биелүүлэхгүй байна. Зээл хөөцөлдөөд алга болчих юм. Авчраад тараах нэрийдлээр дундаас нь өөрсдөө аваад баяжаад байх юм. Орон сууцжуулъя, гэр хорооллыг барилгажуулъя гэж ерөөсөө ярихгүй. Зээл олж авчраад өрөө дарна, үлдсэнийг нь халамж болгож тарааж өгнө гэж яриад байх юм. Тийм байгаа биз дээ? Цэвэрлэх байгууламжаа барьчихъя гэж Ерөнхий сайдын ярьсныг би мэдэхгүй. Маск зүүсэн хоёр, гурван хүн очсоныг л харсан. Цэвэрлэх байгууламж барих чинь амархан ажил шүү дээ.

-Дааж давшгүй хэцүү ажил юм шиг ойлголт төрүүлдэг...

-Үгүй, ямар юмных нь... Би өөрөө цэвэр, бохир усны сантехникийн инженер хүн.

-Ямар шийдэл байна вэ? 

-Үгүй, хийе гэсэн сэтгэл байхгүй байна шүү дээ. Мөнгө байгаа юм. Бидний төлж буй татварын хэмжээ жил болгон өсөөд байгаа. Хасагдаж буй юм ерөөсөө байхгүй. Эртээд Лхагважав манай татвар төлөгч нар тэдэн хувиар давуулан биелүүлсэн гэж яриад байсан. Нэгд, төрийн албан хаагч нар их нэмэгдэж байна. Хоёрт, төрд орсон хулгайч нар ихдээд байна. Зальтай нөхдүүд их байна.

-Манай улс төрчдийн дийлэнх нь их увайгүй байна л даа. Иргэдийн дийлэнх нь ядуу байхад оффшор бүсэд данстайчууд гүрийгээд байх жишээтэй?

-С.Баяр, Сү.Батболд, С.Баярцогт, Э.Бат-Үүл, Дэлгэрсайхан гэж хүмүүс оффшор данстай гэдгийг олон улсад зарлаад байхад л хөдлөхгүй байна. Олон улсын харилцаа холбоо, технологи ийм өндөр хөгжсөн байхад бид харж байна шүү дээ.

-Тусгаар тогтнол, эв нэгдлийн намд элссэн гэж дуулснаас хойш таны талаар мэдээлэл сонссонгүй. Та ч их нам жим байлаа. Яагаад энэ намыг сонгосон юм бэ? 

-Би Тусгаар тогтнол, эв нэгдлийн намд элсээгүй шүү дээ.

-Одоогоос яг жилийн өмнө элслээ гэсэн мэдээлэл гарч байсан?

-Үгүй үгүй. Тусгаар тогтнол, эв нэгдэл нам-Ногоон намын эвсэл сонгуульд орсон. Би тэр эвслээс сонгуульд орсон байхгүй юу. Хүмүүс намайг намд элссэн гэж бодсон юм билээ. Миний анхны намын батлах энэ байна(үзүүлэв. сурв). 1989 онд элссэн.

-Одоо МАН-ын гишүүнчлэлтэй хэвээрээ гэсэн үг үү?

-Би МАН-ыг өөрийн хүсэлтээр орхисон. Тэр дотор үзэл бодол нийлэхгүй хүн байна. Үг хэлээд, шүүмжлэл өрнүүлээд нэмэр алга. Нэгэнтээ тэр нам дотор миний дуу хоолой явахгүйгээс цааш би тэр дотор гишүүн гэж суугаад юүх вэ. Би олон жил энэ намд хандив өгсөн. Ёстой тартагтаа тулаад, юу ч үгүй байхад нь би байдаг хөрөнгөө барьж гүйгээд, сонгуульд нь дэмжээд, туслаад зөндөө ажилласан. Би 1997 оны ерөнхийлөгчийн сонгуулиас хойш тасралтгүй оролцсон. 2008 оны сонгуульд би өөрийн чадлаараа явж 46 суудалтай олуулаа болоход хүртэл нэг суудал авчирч нэмэр болсон. Харамсалтай нь би шударгын төлөө явж байгаад, энэ намаас дахиж их хурлын гишүүн болохгүй юм байна гэдгээ ойлгосон. Ер нь ч намайг С.Баяр тэгж занаж байсан л даа.

-Яагаад, яг юу гэж занаж байсан юм бэ?

-Оюутолгойгоос болж. Та Их хуралд дахиж дэвших эрхгүй ээ гэж хэлж байсан. Тэгээд намын бага хурал дээр намайг гав ганцааранг минь унагасан. Зориуд...

-Гомдолтой байдаг уу?

-Гомдолтой байлгүй яадаг юм бэ. Би өчнөөн жил эд нарт хандив өгч тэтгэсэн. Бүр үйлээ үзэж, бүх түүхийг нь уншиж судалж байж энэ намд элссэн. Сүүлдээ за болъё доо, заавал энд ингэж байхаар гээд. Надад фракц үүсгээд ч юм уу, янз бүр болгох бүрэн бололцоо байсан. Гэхдээ би намаа тэгж үймүүлээд юүх вэ дээ, мөрөөрөө гарчихъя гээд орхисон. Тэрнээс намайг хөөж туугаад, ад үзээд байсан юм ерөөсөө байхгүй. Гарлаа гэдгээ Энхболд даргад албан ёсоор хэлэхэд дарга намайг “За өөрөө мэд дээ. Уг нь намаасаа Завханд дэвшвэл гарах магадлал байна” гэсэн. Би дэвшихгүй гэдгээ хэлээд, энэ намыг орхисон.

saihansambuu

-БИ Н.ЭНХБАЯРЫГ ИХ ӨРӨВДӨЖ БАЙГАА-

-Аливаа сонгууль болохоор л Монголын улс төрд Н.Энхбаяр гэж нэг их “өрөвдөлтэй” хүний нэр яригдах боллоо. Энэ хүнээс эрх мэдэлтэй хэсэг бүлэг хүмүүс айгаад ч байгаа мэт сэтгэгдэл төрөх. Танд тэгж бодогддог уу?

-Мэдэхгүй. Би олон улс төрчийн намтрыг сонирхож судалдаг. Харж байхад ерөнхийлөгч болчихоод буугаад, буцаад их хурлын гишүүн рүү дайрч байсан тийм түүхтэй ерөнхийлөгч би нэгийг ч олж хараагүй. Болиод л хэсэг амардаг юм билээ. Хойч үедээ зориулж болсон үйл явдал, өөрийн намтрыг бичиж үлдээдэг юм билээ. Ерөөсөө ихэнх хүмүүс. Ёс зүйтэй улсууд тийм байна. Би энэ хүнийг их өрөвдөж байгаа юм. Амрахад яадаг байна аа. Тийм ээ? Миний бие муу байна. Би дахиад ерөнхийлөгч болно гээд яваад байх юм. Би энэ хүнийг сайн мэднэ. 1997 онд анх Энэбиш дарга “Сайхан залуу даргатай боллоо” гэж намайг авч орж танилцуулж байсан юм. Багабанди ерөнхийлөгч болуут энэ хүн намын дарга болоод, нөхөн сонгуульд Завханаас гараад, УИХ-ын гишүүн болоод, удалгүй намын бүлгийн дарга болж байсныг би одоо тод санаж байна.

-Та хоёр тэр цагаас хамтарч ажилласан уу?

-Би бизнесээ хөөгөөд, энэ хүн улс төрөө хөөгөөд явсан. Тэрнээс хойш энэ хүн сайхан явлаа. Ажилласан. Ажиллаагүй гэж хэлж болохгүй. Миний хувьд гайгүй яриа хөөрөөтэй, инээж хөхөрсөн, алиа хошин зантай ийм л хүн. Ерөнхий сайд боллоо, энэ том намын дарга хийж үзлээ. Их хурлын дарга, Ерөнхийлөгч хийлээ. Тэгээд одоо болчихгүй юм уу? Энэ хүний үйлдэл, мөн АН-ынхны олуулаа ерөнхийлөгч болно гэж довтолж байгаа довтолгоо, МАН-аас битүүхэндээ ерөнхийлөгч болно гэж үйл ажиллагаа илт телевизээр явуулсан улсууд бий, тийм ээ? Ингээд харж байхад Монгол Улсын ерөнхийлөгчийн суудлыг өшөө хонзон авах талбар болгон хувиргаж байна. Түрүүн би хэлсэн, олон жил улс төр хийсэн, туршлагатай, одоо хийдэг цаг гэж худлаа ярьдаг шигээ яриад байна. Одоо бидэнд тийм хүн хэрэггүй. Бүх том албан тушаалыг хашиж, Монгол Улсыг ядууруулчихсан улсууд одоо л би яг хийх гэж байна гээд яриад байх юм. Одоо хоёулаа миний найз болох хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх гээд байж байна. Баттулга, Энхболд хоёр.

-Та Энхболдыг хэдий үеэс мэдэх вэ?  

-Хоёулаа хотын гүйцэтгэх захиргаанд хамт ажиллаж байсан. Эдийн засагчаар төгсөж ирээд, тэндээс гараагаа эхэлсэн. Би сантехникийн слесариас ажлын гараагаа эхэлсэн. 1991 онд бизнес хөөгөөд явсан, Энхболд бол улс төр хөөгөөд өдий хүртэл явсан... Нөхдүүдэд би захья. Өөрсдөд нь ч тааралдвал хэлнэ. “Гарч байгаа мөнгийг оруулаад ир ээ”. Байшин барих тухай, хөдөө малын бэлчээрийн тухай яриад ерөөсөө хэрэггүй. Хамгийн гол нь гадагш нь алдаад байгаа тэр их мөнгийг болиулаад, буцаагаад оруулаад ирээч ээ. Баттулга Ардчилсан намынхаа хурал дээр хэлж л байна лээ. Би болгохын төлөө бүхнийг хийнэ гэсэн утгатай зүйл ярьсан. Зөв л дөө. Энхболд ч гэсэн хийх л байх.

-Та Энхболд, Баттулга хоёрын хэнийг дэмжих вэ?

-Би хэлээд байна шүү дээ. Хоёулаа миний найз. Хоёуланг нь дэмжинэ. Хэн гарсан нь “Рио Тинто” гэдэг компанитай тэмцээрэй. Тэгвэл Монголын ард түмэнд асар том буян болно. Ёстой хоншоортой ерөнхийлөгч юм гээд сууж байхаас өөр арга байхгүй. Миний бодол тэр. МАХН-аас ерөнхийлөгч болчих хүн гарахгүй гэж бодож байна. Зүгээр л үймүүлэх, ашиг харсан л нэгэн байх болов уу.

saihansambuu

-ЗАСАГ ТӨРИЙН БАРЬЖ БАЙГАА БОДЛОГО ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ 
ҮРГЭЭГЭЭД БАЙХ ЮМ-


-Одоо та ямар алба эрхэлж байна вэ? Сибирийн модыг цаасны эх орон Финлянд руу гаргаж, Шанхайд 45 сая еврогоор супер шилний үйлдвэр босгосон гээд гүрэн дамжсан бизнесээ үргэлжлүүлж байгаа юу?

-Бүгд дууссан. Улс төр холилдоогүй, жирийн бизнесийнхэнтэй хамтарч хийсэн бизнес, ашгаа олсон. Буцаагаад тэр улсад хүлээлгэж өгөх хугацаа нь болоод хүлээлгээд өгсөн. Одоо Монголдоо тэр хийж байсан бүхнээ хиймээр байх юм. Тэр шилний үйлдвэрийг. Хийх гэхээр хууль өөрчлөгдөөд. Би мэдээж ганцаараа босгож чадахгүй. Шилний үйлдвэр барина гэхээр асар их хөрөнгө орно. Хүн ойртохын аргагүй, их халуун үйлдвэр учраас маш нарийн тоног төхөөрөмж орно. Бүх юм автоматаар хийгдэнэ, өндөр өртөгтэй. Манай засаг төрийн барьж байгаа бодлого хөрөнгө оруулагчдыг үргээгээд байх юм. Аль ерэн хэдэн онд хийчих байсан.

-Энэ мэтчилэн бизнесийнхэнд маш их саад болсон байх даа?

-Маш их халгаатай.   

-Та хэр олон дайсантай хүн бэ? Ингэж асуусан нь “Нарантуул”-тай холбоотой. Хоёр ч удаа галд өртлөө, тэр тоолонд таныг албаар гал тавьдаг гэж муулж байсан. Галын шалтгаанууд тогтоогдоо юу?

-Гурван удаа галд өртсөн. Галын шалтгаан тогтоогдоогүй. Манайд бурууг өгөөд өнгөрсөн. Зориуд гал тавьж, шатаасан улсуудыг цагдаагийн байгууллага олъё гэж ерөөсөө хичээгээгүй. Цагдаа нарт хамгийн амархан арга бол цахилгаанаас болж гал гарсан гэсэн дүгнэлт тавиад, өөрсдөөр нь хохирлыг төлүүлээд, хэл амгүй өнгөрөөж, галын хэрэг дууссан гэсэн рафорт өгөөд бол оо. Яг жинхэнэ шатаасан эзэд нь байлгүй яах вэ. Би бүр ийм ийм улсууд шатаасан байж болзошгүй гээд нэр усыг нь хүртэл өгсөн, авч хэлэлцээгүй. Бид, иргэд хохирол амссан. Бүгдээрээ нийлж ярьж байгаад бүтээн байгуулсан, босгосон. Гурван удаа гал тавьсан. Хойд Дэнжийн мянгыг бас галдсан шүү дээ. Хорлон сүйтгэгч нар байна гэж хэлэхээр ерөөсөө хүлээж авахгүй юм билээ.

-Лангуу түрээслэгчдийнхээ хохирлыг барагдуулаа юу?

-Барагдуулсан. Буцаагаад ажлын байртай болгосон. 1995 онд би Дэнжийн мянга гэдэг захыг дуудлага худалдаагаар худалдаж авсан ухаантай юм. Тэрнээс хойш би түрээслэгчидтэй өнөөдрийг хүртэл 22 жил “ноцолдож” байна. Ихэнх нь хойноос дагаж ирсэн улсууд. Ажлын байр барьж өгсөн. Одоо бид хяналт шалгалтаа чангатгасан. Сүүлд гурав дахь галыг тавьсан хүнийг бид барьж, цагдаад өгсөн. Бид цагдаагийн тасаг ажиллуулдаг. Маш сайн камержуулсан. Одоо гал тавих гэж оролдсон хүн амархан баригдана.

-Маш их орлого олдог байж энэ Сайхансамбуу хөөрхий худалдаа эрхлэгчдийг битүү захад оруулж чаддаггүй юм байх даа гэсэн асуудал байнга яригддаг. Яагаад тэдгээр хүмүүсийг нар, салхи, борооноос хамгаалсан байшинд оруулж болдоггүй юм бэ?

-“Дүнжингарав” өнөөдрийг хүртэл дүүрэхгүй байна. Хүмүүс түрээсийг нь дийлэхгүй байна. Уг нь би “Дүнжингарав”-ыг барихад их баярлаж байсан. Нэг хэсэг нь ороосой гээд. Одоо төр захиргааны байгууллага болж хувирлаа. Би наана “Баялаг ундраа” гээд дөрвөн давхар, найман лифттэй, урсдаг шаттай байр бариад өгсөн. Одоо хоёр, гурван давхар нь дүүрдэггүй, хүн ордоггүй. Түрээс нь өндөр болсон. Би ингээд л гадаахаа битүүлж чаддаггүй хүн. Өнөөдөр битүүлчихлээ гэхэд халаалтын болон бусад зардал тамтаггүй болно. Задгай зах дэлхий дээр зөндөө. Солонгос, Бээжин, Орос, Эрхүү, Москвад ч байж л байна. Намайг өөлж, буруутгах гэсэн улсууд “Чи наад захаа битүүлчих” энэ тэр гээд эхэлдэг.

saihansambuu

-ТЭР ТОГТООЛ ХҮН НАМ ШИГ ГЯЛС ГАРЧ ИРЭЭД, ГЯЛС АЛГА БОЛЧИХЛОО-

-Сонгуулийн бас нэг өлгөж авах амлалт “Нарантуул”-ыг битүү болгох асуудал байдаг болов уу?

-Тийм ээ. Одоо ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Нэр дэвшиж байгаа хүн очоод амалдаг юм. Урд талын гурван ерөнхийлөгч гурвуулаа очсон, гурвуулаа амалсан. Сайхансамбуутай ярина, битүүлнэ гээд явдаг, хэсэг хүмүүс алга ташаад үлдэж байгаа юм. Зовлон нь тэр. Одоо тэр саравчин дор суугаад наймаа хийж байгаа хүмүүсийн сарын татвар бага шүү дээ. 2000-20000 төгрөг хүртэл, агуулах сав нь арай өөр үнэтэй байх жишээтэй. Энэ бол Монголын амьдрал. Өнөөдөр дунд түвшний иргэд дээшээ хөлжиж чадахгүй байна. Баахан татвар төлчихөөд, юугаараа хооллож ундалж, энэ олон хүмүүсийг хувцас хунараар хангах юм бэ. Анх 2003 онд газрыг нь авч, гурван жил ноцолдож байж барьсан. Тэгэхэд энэ чинь тал байсан газар.

-Юу ч байгаагүй юм уу?

-Юу ч байхгүй. Одоо “Нарантуул”-ыг тойроод 73 зах байна. Нарантуул өөрөө бүслэгдээд байгааг хүмүүс мэддэггүй. Нарантуулыг хотоос хөөгөөд гаргачихвал хөдөлгөөн багасна ч гэх шиг их утгагүй утопи юм их ярина. Эндээс Улаанбаатар хот, хөдөө, 21 аймаг, 336 сумын иргэд бараа материалаа хамгийн хямдаар татаж байна. 1995 онд барилга барьдаг компани ерөөсөө байсангүй. Барилгын материал үйлдвэрлэдэг “Эрэл”, “Суурь” компани, нэг бетон зуурмагийн үйлдвэр байсан. Толгойтод тоосгоны үйлдвэр, Дарханд нэг цементийн үйлдвэр, ердөө ингээд бол оо. 1995 онд би Германы “Дойче” банкнаас 5 сая дойч маркийн зээл авч барьсан. Тэгэхэд над шиг ийм том объект барьсан хүн нэг ч байхгүй. Барилгын ажил бүр 100 хувь зогссон байсан. Тэр үед би Нарантуулыг босгосон. Одоо энэ хотын захиргааны улсууд тал газрыг булаагаад, дээрэмдээд авчихсан гэж ярих гээд байдаг юм. Яривал зөндөө юм ярина. Энэ газар барилгын хог аваачиж хаядаг, айлууд хогоо асгадаг газар байсан. Би тийм газар сонгож авсан. Яагаад гэвэл би өөрөө барилгын мэргэжлийн хүн. Манай Нарантуулын урдуур тавьсан замын урдуур зүүний том бохирын шугам, цэвэр усны том шугам явж байгаа. Дулааны зүүн тийшээ том магистраль явж байгаа. Би тэрийг түшиглэж барьсан байхгүй юу.

-Улс төрөөс хол, таны тархи сайхан амарч байгаа байх?

-Үгүй ээ, одоо санаа зовох юм их байна. Их хурал дотор дөрвөн жил болчихсон чинь ажлынхаа хажуугаар байнга энэ рүү анхаараад, санаа зовоод байх юм. Одоо юу гарч алдаг бол гэхээс. Тэгээд яг л болж байна шүү дээ. Нэг тогтоол гаргаад, 14 хонохгүй нэг компаний сүрдүүлгээр буцаагаад. Уг нь энэ тогтоол явдгаараа явчихсан бол их хэрэгтэй байлаа. Энэ тогтоол ХҮН нам шиг гялс гарч ирээд, гялс алга болчихлоо. Ёстой харамсалтай. “Рио Тинто” мэдэж байгаа л даа, Монголоор валютаа дамжуулвал хамаг юм нь илчлэгдэнэ гэдгийг.

Д.ЭРДЭНЭТУЯА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Н.АНХБАЯР
эх сурвалж
http://medee.mn/main.php?eid=92239
Шинэчлэгдсэн огноо: 2017 оны 5 сарын 11, Пүрэв гараг
Уншсан: 4431 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 6 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
     1  2  3  4
  5  6  7  8  910
12131415161718
192021222324
2627282930  

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

"ЧОНО" (бүжгэн жүжгийн түхай миний сэтгэгдэл)

"ЧОНО" (бүжгэн жүжгийн түхай миний сэтгэгдэл) Англи улс нэгэн цагт бүх чоноо устгачихаад, байгалын алдагдсан тэнцвэрээ тэнцүүлэхийн тулд ѳѳр... 2017 оны 5 сарын 24

Б.Уранчимэг

UMONTV-ийн нэвтрүүлэг (Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулганы илтгэлүүд-4) 2017.05.06

UMONTV-ийн нэвтрүүлэг (Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулганы илтгэлүүд-4) 2017.05.06 АНУ-ын Чикаго хотод болсон Дэлхийн монгол эмэгтэйчүүдийн 2 дугаар чуулга уулзалтын 3 дахь өдөр тавигдсан... 2017 оны 5 сарын 8

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.05.05

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.05.05 МТВ ҮЗҮҮЛЖ БАЙНА: Монголын парламентын түүхээс Америк дахь Монгол Телевизийн байнгын үзэгч-дэмжигч... 2017 оны 5 сарын 6

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2