Medeelel
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Э.Эрдэнэжамьян: Залуу хүний түргэдсэн алхам болсон байх

2013 оны 3 сарын 23, Бямба гараг  .:.  Бичсэн: 
(1 үнэлгээтэй)
Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьянтай ярилцлаа.

-Танай салбараар сонин юутай байна вэ?

-Шинэ сонин гэвэл Гэмт хэргийн тухай хуулийн Ажлын хэсэг төслөө боловсруулаад дууссан. Одоогийнхоор бол Эрүүгийн хууль л даа. Эрүүгийн хуулийг Гэмт хэргийн хэмээн нэрлэхээр болсон. Яагаад гэвэл бага зэргийн зөрчлийн шинжтэй, заавал яллаад байх шаардлагагүй хэрэг, үйлдлүүд одоогийн Эрүүгийн хуулиар шийдэгддэг. Түүнд зориулсан Зөрчлийн тухай хууль гэж тусгайлан гаргаж давхацлыг нь арилгах гэж байгаа юм. Хуучнаар бол Захиргааны хариуцлагын тухай хууль гэсэн үг.

-Сүүлийн үед Маршалын албаны тухай хуулийг их ярьж байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Маршалын албаны тухай хууль гэж бий. Энэ нь шүүхийн цагдаа бөгөөд үйл ажиллагааг нь хангах үүрэгтэй. Шүүхийн тогтолцоо өөрчлөгдөж байна. Эрүүгийн хуулиа өөрчлөхтэй холбогдуулан цаашдаа Эрүү­гийн байцаан шийтгэх хуулиа ч өөрчилнө. Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар өмгөөлөгчийн эрхийг нэлээн түлхүү нэмэгдүүлнэ. Шүүгч шүүх хурлаас өмнө шийдвэрээ гаргачихсан байдгийг бо­лиу­лах юм. Одоо бол шүүгч нь мөрдөн байцаагч, прокурортой нэг тал мэт ажилладаг. Бүх хэргийг өмгөөлөгчөөс түрүүлж уншдаг. Уншаад нэгэнт дотоод итгэл үнэмшлээрээ шийдвэр гаргачихсан хойно нь өмгөөлөгч нөлөөлөхөд бэрхшээлтэй. Өөрөөр хэлбэл, өмгөөлөгч ёс төдий л шүүх хуралдаанд оролцдог гэж болно. Харин одоо хийх шинэчлэлээр өмгөөлөгч, прокурор хоёр шүүгчийн өмнө зэрэг сууна. Тэгээд аль аль талаасаа яллах болон цагаатгах нотлох баримтаа дэлгээд ярих юм. Тэр дундаас нь шүүгч өөрийнхөө шийдвэрийг хууль, шударга ёсонд нийцүүлэн гардаг  тогтолцоо руу явна. Дашрамд дурдахад, энэ жилээс шүүх тойргийн зохион байгуулалтад орж байгаатай холбогдуулан Улаанбаатар хот дахь тойргийн шүүхийн байрны асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгийг би ахлаж байгаа. Хэдийгээр шүүх байгууллага Хууль зүйн яаманд харъяалагдахгүй ч шинэ барилга барих газар, зураг төсөл, байр, санхүүг нь шийдэх зэрэг дээр нь нэлээн ажиллаж байна. Шүүх дээр Маршалын алба, эвлэрүүлэн зуучлах зэрэг шинэ бүтэц гарч байгаа учраас Хууль зүйн яам Засгийн газрын зүгээс шүүх байгууллагад дэмжлэг үзүүлж байна гэж ойлгож болно.

-Хууль зүйн салбар ийм байдаг юм байж. Харин МАХН-ын хувьд МАН-тай эвсэх асуудал юу болсон бэ?

-Эвсэх тухай шийдвэр гараагүй байна. Аль ч намын зорилго нь сонгуульд ялах  байдаг. Манайх ч тэр, МАН, АН ч тэр адилхан. Эвсэх тухайд гэвэл сонгуульд ялах, ялсны дараа намынхаа бодлогыг хэрэгжүүлэх зорилготойгоор л эвсэнэ. Гэхдээ бид юу юугүй хамтарна, эсвэл эвсэнэ гэж шийдвэр гаргахгүй. Зөвхөн хэн нэг хувь хүнийг тухайлбал, МАН-ын даргыг Ерөнхийлөгчийн сонгуульд ялуулах гэдэг туйлын зорилго биш. Ер нь МАН, МАХН хоёр адилхан социал демократ үзэл баримтлалтай. Мөн хоёулаа л зүүний чиг баримжаатай. Нэг сонгуульд эвсэх байтугай сүүлдээ нийлж нэгдсэн ч болох асуудал. Ер нь монголчууд олон талд хуваагдаж тэмцэлдэж байхаар нийлсэн нь илүү чухал. Гэхдээ шууд нийлнэ гэдэг амаргүй. Мэдээж хэн хэндээ шаардлага тавьж, нэг тал руу явах л ёстой. Ойрын хэдэн жилд амархан харагдахгүй байна. Дээр нь бид АН-тай эвслийн гэрээ байгуулж, Засгийн газарт орсон. Тэр гэрээ ёсоор бол орон нутаг хийгээд Ерөнхийлөгчийн сонгуульд ч эвсч орох ёстой. Энэ гэрээнийхээ биелэлтийг эргэж харна. Манай намын орон нутгийн гишүүд “Ардчилсан нам гэрээгээ биелүүлэхгүй байхад, бид биелүүлэх хэрэг байна уу” гэж байгаа.

-Харин таны хувийн бодол ямар байна. МАН-тай эвсч Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохыг дэмжиж байгаа юу?

-Үгүй. Миний хувьд МАХН ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд дангаараа оролцох хэрэгтэй. Аль нэг намтай эвсэхгүйгээр дотроосоо нэр дэвшигчээ тодруулах нь зөв байх.

-АН-тай байгуулсан гэрээг цуцалсан тохиолдолд Засгийн газарт эвссэнийхээ хувьд та бүхэн ямар нэг хариуцлага хүлээх үү?

-Үгүй. Гэрээн дээр ямар нэг хариуцлагын асуудал тус­гагдаагүй юм билээ. Улс төрийн, ёс суртахууны хариуцлагын талаар хэн хэндээ асуудал тавьж болох байх. Эцсийн эцэст ард түмэн л гэрээний биелэлтийг дүгнэх байх даа. Бүгдэд нь.

-Ер нь гэрээний биелэлтийн талаар АН-тай ярьж үзсэн үү?

-Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нар ярилцаж байгаа байх. Ерөнхийлөгчийн сонгуулийн асуудлаар яг гэрээний биелэлтээ нарийн дүгнээд байх нь бас хуулийн талаасаа бодмоор л юм билээ. Ерөнхийлөгчийн сонгууль тусдаа хуулиар зохион байгуулагдаж байгаа. Засаг байгуулах чинь УИХ-ын сонгуулийн хуулиар зохицуулагдаад, түүний үр дүнд эвсэл байгуулсан. Энэ утгаараа тэр субьект нь Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар урьдчилаад шийдвэр гаргаж болохгүй. Тэгэхээр намууд өөрсдийн шийдвэрээ гаргах байх. Ямар ч байсан манай намаас нэр дэвших хүмүүс тодорхой. 45 нас хүрсэн, төр олон нийтдээ танигдсан хүн олон бий.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн талаар та ямар бодолтой байгаа вэ. Нэг хүнд зориулсан хууль гэж сөрөг хүчин шүүмжилдэг?

-Зүгээр. Хүмүүс ганц зүйл дээр л эргэлзэж байгаа. Тодруулбал, тэр хар машин. Автомат машин сонгуулийн дүнг будилуулж байна гэх хардлага ерөөсөө арилахгүй байгаа юм. Бид ганц хоног хэмнэхийн тулд, сонгуулийн дүнг хурдан гаргахыг зорилгоо болгон ард түмнийг эргэлзээтэй байдалд оруулах хэрэггүй. Нэгэнт машинаар тоолж байгаагийн хувьд дүн нь тэр дороо л гардаг байх ёстой. Тэгэхгүйгээр УИХ, Орон нутгийн сонгууль шиг автомат машинаар тоолсон атлаа дүн нь 24, 72 цагийн дараа гарвал асуудалтай. Хэрвээ аль нэг нам, нэр дэвшигч гомдол гаргавал аль ч машин дээр тооллого явуулахад ямар нэгэн асуудалгүй байх хэрэгтэй. Америкт ч энэ өөрөө нэлээн маргаан дагуулсан л байдаг юм билээ. Тийм байтал манайхан заавал тэр чигт нь хав дарах гээд байгааг ойлгохгүй юм. Юунаас нь айж ичдэг юм бэ. Эсвэл хүмүүсийн цагийг хэмнэдэг амьтад болох гээд байгаа юм уу. Өмнө нь бид гараараа тоолоход шөнөдөө гаргадаг л байсан. Сонгуульд ажилласан хүмүүс нэг их ядрахгүй. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиас өөлөх зүйл гэвэл надад энэ л байна.

-Ерөнхийлөгчийн сонгуультай хамт Сонгинохайрхан дүүргийн дахин санал хураалтыг хийх болов уу?

-Үүнээс хойшилвол утгагүй байлгүй дээ. Уг нь орон нутгийн сонгуультай хамт явуулах байсан юм. Ер нь сонгуулийн үр дүнг шүүх шийдэг болчихож. Хуулиараа бол сонгуулийн маргаан гарсан, дахих шийдвэрийг СЕХ гаргасан бол нэн даруй л явуулах ёстой. Тэгэхгүй дунд нь шүүхдэж байна гээд завхруулдаг, эсвэл хэн нь бяртайгаа үзүүлэх гээд байдаг юм уу. Бүр шүүгчдийг нөлөөндөө оруулсан гэдгээрээ гайхуулах гээд байгаа ч юм шиг байгаад өдий хүрчихлээ. Үүнд нэг хэсэг сонгогчийн эрх ашиг хөндөгдөж байна. Тэгэхээр Сонгинохайрханы сонгууль Ерөнхийлөгчийнхөөс хойшлох тусмаа утгагүй болох байх.

-Саяхан МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдсан. Хурлаар юун тухай хэлэлцэв?

-Хоёр үндсэн асуудал хэлэлцсэн. Нэг нь “Шударга ёс 2013” аяныг эхлүүлж байна. Сайд, УИХ-ын дэд дарга, Байнгын хорооны дарга хийж байгаа хүмүүс маань ахлаад орон даяар анхан шатныхаа нэгжийг бэхжүүлэх, намынхаа үзэл бодлыг таниулах, гишүүд дэмжигчдийнхээ хүрээг өргөт­гөх зорилгоор уг аяныг эхлүү­лээд явж байгаа. Энэ аяны талаар, бэлтгэл ажил, орон нутгаар явах хугацаагаа товлох тухай юм. Дараагийнх нь Н.Энхбаяр даргын гэр бүлийн хүнээс намын гишүүдэд ил захидал явуулсан. Үүнийг авч хэлэлцэх шаардлагатай гэсэн асуудал байлаа.

-Н.Энхбаяр даргын эхнэр О.Цолмон захидалдаа та нарт хандаж нэлээн хатуу үг хэлсэн гэсэн үү?

-Арга ядсандаа л ил захидал явуулж байгаа шүү дээ. Манайхаас өөр нам ийм байдалд орсон бол яах бол гэж бодохоор сонин. Өөр нам өдийд байшин шатаагаад, янз янзын л юм болох байлгүй дээ. Манайх   аль болох хүлээцтэй байж юмыг болох талаас нь хардаг. Тэр нь нэг талаараа үр дүнд хүрэхгүй байна. Өнөөдөр дэндүү гэмээр доромжлолын асуудал бий. Ялангуяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Прокурорын хэмжээнд хүний эрх гэдэг зүйл байхгүй. Тэнд эрхээ хасуулсан хүнийг хүн гэж үзэхгүй. Бүх эрх чөлөөг нь хассан гэж ойлгож байна. Ийм ойлголт коммунист дэглэмтэй улсад л хүн биш хоригдол, улс төрийн дайсан гэдэг өнцгөөс нь гардаг байсан байх. Хамгийн сүүлийн жишээ хэлье л дээ. Ном сонин уншъя, зурагт телевиз үзье гэдэг хүсэлтийг аль ч хоригдол тавих эрхтэй. Жишээлбэл, Н.Энхбаяр дарга ном орчуулж байна. Нэлээн хэдэн орчуулгын номон дээр сууж байгаа. Үүнтэй холбогдуулан судалгааны ажил хийн интернэтээс юм хайя гэсэн, зөвшөөрөөгүй. И-мэйл явуулах, хэн нэгэнтэй шууд холбоо тогтоох зорилго үгүй гэдгээ хэчнээн хэлж гуйсан. Өдөр шөнөгүй л юу хийж байгааг нь хоёр гурвуулаа нүд салгахгүй камераар хянаж байгаа шүү дээ. Хэн нэгэнтэй холбогдох гээд байгаа бол таслан зогсоох бүрэн боломжтой. Тэр байтугай зөвхөн мэдээлэл татаж авахаас хэтрэхгүй төхөөрөмжийг хүртэл судлаад оруулж болдог. Гэтэл нэг хурган дарга нь ирээд  юм уншуулахгүй судлуулахгүй гээд л хорьчих юм. Н.Энхбаяр гэдэг хүн яагаад мэдээлэл авч болдоггүй, юм бичиж болдоггүй юм бэ. Хэрвээ тийм айхавтар хяналт шалгалт хийхгүй бол интернэтээр вирус тараагаад үндэсний аюулгүй байдалд халдах гээд байгаа бол, аль эсвэл төрийн эргэлт ч юм уу гэмт хэрэг хийчихнэ гэж айгаад байгаа бол түүнийгээ хэл л дээ. Арай л дэндүү дарамталсан даварсан юм болж байна. Хүний эрхэнд дээд зэргийн бүдүүлгээр халдаж байгаа ийм нөхөдтэй хариуцлага тооцох асуудлыг гаргаж тавина гэж бодож байна. Дээрээс нь эмч сахиуртай байх хэрэгтэй гэхэд сахиурыг нь оруулдаггүй, сахиулдаггүй. Эргэлт уулзалтаар оруулж байснаа больчихдог. Яагаад байгаа нь мэдэгдэхгүй зүйл алхам тутамд болж байна. Эмчилгээ хийлгэе гэхээр хийлгэдэггүй, оношийг нь тодруулъя гэхээр зөвшөөрдөггүй. Байнгын хяналт тавьж, камераар бичээд л. Тэр камерынх нь бичлэгийг цаана нь ямар ч том дарга сонсоод сууж байдаг юм. Хэчнээн эрхээ хасуулсан ч нэгдүгээрт хүн хувийн амьдралтай, бодолтой байх ёстой. Төрийн нууцыг задалсан л биш бол хувийн нууц байх ёстой. Гэтэл хувийн нууцыг нь тагнаж чагнаад л. Хүний эрүүл мэндийн асуудлыг ингэж улстөржүүлээд байх юм бол манайх ч бас улс төрийн нам учир шаардлагатай арга хэмжээгээ авч л таарах байх гэдгийг энд бас хэлчихье.

-Та намынхаа даргатай  хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?

-Өнгөрсөн долоо хоногт.

-Биеийн байдал нь ямар байна?

-Сайнгүй л байгаа. Олон эрхтэн системийн дутмагшил гэдэг онош тавьсан байна билээ. Тэр нь өлсгөлөн зарласантай холбоотой. Бүх дотор эрхтэн нь доголдчихсон гэсэн. Ганцхан зүрх, эсвэл бөөр нь биш бүх эрхтэн нь тэр чигтээ. Өмнө нь харьцангуй бие сайтай байсан тулдаа инерцээрээ явж байна. Энэ байдлаараа бас л үхэхийнх нь өмнө одоо эмчлүүл гэж гаргах гээд байгаа юм байлгүй.

-МАХН-ын дарга Н.Энхбаярыг эмнэлэгт хэвтүүлэхийн тулд сайд нарын хоёрдугаар эмнэлгийг “шорон” болголоо гэсэн шүүмжлэл байдаг?

-Баахан хэл амтай, бараг л Н.Энхбаяр даргад тааруулан дүрэм өөрчиллөө гэж шуугиж байсан. Их сонин журам байсан шүү дээ. Шоронд хүн үхээд байдгийн шалтгаан нь тэр. Хүнд гэмт хэрэг үйлдсэн хүн эмчлүүлж болохгүй гэсэн утгатай. Хүнд гэмт хэрэгтэн гэдгийн дунд санамсаргүйгээр автомашины осол гаргасан хүмүүс ч байдаг. Одоогийн хуулиар таваас дээш жил хорих ялаар шийтгүүлсэн бол шууд хүнд гэмт хэрэгтэн болдог. Шоронгийн эмнэлэг өвчнийг сайн анагааж чадахгүй. Тэгэхээр тэр хүн хүнд гэмт хэрэгтэн гэсэн нэр зүүсэн бол шорондоо үхэх л сонголттой болчихож байгаа юм. Түүнийг л өөрчилсөн хэрэг шүү дээ. Уг нь хуульд зааснаараа Эрүүл мэндийн яам нь тэр Хорихын нэгдсэн эмнэлгийг хүний нөөц болон мэргэжлийн удирдлагаар хангах ёстой. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар эмнэлгээ удирдаад байгаа юм. Тиймээс шоронгийн эмнэлгийн үйлчилгээ нь үнэхээр муу. Шүүхийн шийдвэрийн удирдлагууд дур мэдэн, эрх мэдлээ хэтрүүлж эмнэлгийг удирдах гэж оролдсоныхоо төлөө хариуцлага хүлээх асуудал ч байхыг үгүйсгэхгүй. Шоронд яагаад хүмүүсийн эрх чөлөөг хязгаарлаж байна вэ гэхээр тэднийг нийгмээс тусгаарлах л явдал. Түүнээс биш тэнд өвдүүлж, үхүүлэх гэсэн утга, зорилго байхгүй. Сая журамд өөрчлөлт орсны дараа хэд хэдэн хүн гарч ирсэн. Гарч ирээд хоёр гурав хоноод нас барсан  тохиолдол ч байна. Шоронд үхүүлэхгүйн тулд, тэнд үхсэн гэж хэл ам гаргахгүйн тулд л хэдхэн өдрийн өмнө энгийн эмнэлэгт шилжүүлж байгаа юм шиг. Журмын агуулга бол нэгэнт хүнд өвчин туссан хоригдолд өөрийнхөө бололцоогоор эмчлүүлэх эрхийг нь өгөх. Гэтэл энэ эрхээр нь хангахгүй байсаар нас баруулчихдаг. Уг нь энэ журмын цаад утга нь их хүнлэг. Хэдийгээр ялтан ч гэсэн эрүүл, амьд байх эрхийг нь баталгаажуулсан.

-Хоёр намын эвслийн талаар намынхаа даргатай ярилцсан уу. Н.Энхбаяр дарга ямар байр суурьтай байна?

-Сүүлд очихдоо энэ талаар тухтай ярилцаагүй. Ардчилсан нам эвслийн гэрээ байгуулахдаа яагаад Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч оролцоно хэмээн оруулсан юм бэ гэдгийг бодож байгаа. Ардчилсан нам заавал бидэнтэй эвсэх шаардлагагүй. Тэд өөрсдийнхөөрөө явна гэж байгаа бол яах ч аргагүй. Н.Энхбаяр дарга ч заавал ингэ, тэг гэж хэлээгүй. Н.Энхбаяр даргын шийдвэр гэхээсээ илүү намын Гүйцэтгэх товчоо, Бага чуулган дээр л энэ талаар илүү их ярина. Мэдээж Н.Энхбаяр даргын зөвлөгөөг авна. Манай нам Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэж эхэлсэн. Ямар ч байсан дотроосоо нэр дэвшигчдээ тодруулна. Бөмбөг бөөрөнхий гэдэг шиг сонгуулийн үр дүн яаж ч эргэх боломжтой. Шударга ёсны төлөө явж байгаа хүмүүст ялалт ойрхон байж ч магад.

-Бага чуулганы хурал­даанаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой хүмүүсээ нэрлэсэн. Энэ хүмүүсээс хэн нь хамгийн магадлалтай вэ?

-Шадар сайд Д.Тэрбишдагва, Сангийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын Байнгын хорооны дарга Ц.Цолмон. Энэ хүмүүсээс нэгийг нь шигших байх. Гэхдээ намын Бага чуулганаас л эцсийн шийдвэрийг гаргана. Бага чуулганы үеэр манай намынхан гэнэт өөр шийдвэр гаргачихыг ч үгүйсгэхгүй. Магадгүй АН, МАН-тай бодитой яриад, эвсэх асуудал ч гарч болно. Одоогоор энэ хүмүүсээс нэг нь нэр дэвших байх гэж харж байгаа.

-Танай намын зүгээс Н.Энхбаяр даргын асуудалтай холбоотойгоор байр сууриа илэрхийлсээр байх уу?

-Байнга л илэрхийлнэ. Бид Н.Энхбаяр даргыг хэлмэгдүүлсэн, улс төрийн зорилгоор хоригдсон гэж өнөөг хүртэл үзэж байгаа учраас яагаад ч хаяхгүй. Украйны Ерөнхий сайд байсан Юлия Тимошенко, Оросын Ходорковскийгээс ялгагдах зүйл нь өөрийнх нь байгуулсан нам засгийн эрх барилцаж байхад ямар ч ялтан хоригдлоос дор нөхцөл байдалд байгаа нь л байх.

-Сүүлийн үед намын гишүүнчлэлгүй байх тухай ярих боллоо. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

-Улс төрийн намын тухай хуулийг эргэж харахгүй бол болохоо больсон. МАН, МАХН, АН гурав үзэл бодлынхоо хувьд социал демократ. Гурвуулаа нийгмийн ардчиллыг ярьдаг. Тухайлбал, ардчиллыг гурвуулаа дэмждэг. Мөн бүгдээрээ нийгмийн асуудал болох сургууль, цэцэрлэг, эмнэлгийг төр хариуцаж байх ёстой гэх мэт бодлоготой. Бизнесийн орчинг төрийн оролцоотой зохицуулна гэдэг дээр бараг л адилхан байр суурьтай. Харахад ч бараг ялгаагүй. Ялгаа нь гэвэл нутаг нугын, бизнесийн, найз нөхдийн холбоо сүлбээ, анх нам байгуулсан гишүүнчлэл нь. Ийм нөхцөлд том үзэл баримтлалаар намууд хоорондоо өрсөлдөж чадахгүй. Барууны гэдэг бодлоготой нам бараг байхгүй болсон гэсэн үг. Ийм үед улстөрчид нэг нэгнийгээ хувийн талаас нь муулдаг, дандаа алдаа талаас нь ярьдаг болчихсон. Ардчилсан намыг ингэж дарангуйлдаг, тэгж алддаг гэж ярихаас биш  ийм бодлого нь энэ талаараа сайн, тэр талаараа муу гэдэггүй. МАН-ыг хэдэн жил төрийг сульдаалаа, авлигач энэ тэр гэж хочилсон, МАХН даргынхаа төлөө ажилладаг гэж ярихаас биш бас л  бодлогыг нь ярьдаггүй. Ийм байдал нь цаашлаад дандаа л хувийн өшөө авалт, хов жив, хар пиар гэдэг зүйл рүү живээд байгаа юм. Энэ байдал даамжирвал сүүлдээ Африкийн улсууд шиг иргэний дайнд хүрээд дуусна.

-Таныг МАХН-ын Гүйцэтгэх товчооны хурлын үеэр дэд сайдын албаа хүлээлгэж өгөх хүсэлт гаргасан гэсэн. Яагаад тэр юм бэ?

-Гаргасан гэж хэлэхэд хэцүү. Ер нь бол ажлаа хийх хийхгүйн асуудал дээр ярьсан. Уг нь ч бидний хоорондын жижиг маргаан л даа. Үүнийг дэвэргэж байнга ярих хэрэг байна уу. Хүмүүс албан тушаалд шунаж байна гэх маягийн шүүмжлэл гарсан юм. Тэгэхээр нь “Та нар намайг албан тушаалын хойноос явж байна гэж бодож байна уу. Уучлаарай, надад албан тушаал сонин биш. Одоо ч гэсэн хамаагүй өргөдлөө бичээд өгье. Би дэд сайдын ажил хийж суухаар, нам дээрээ ажиллаад өргөн хүрээнд ажлаа хийвэл надад ч амар байна” гэж хэлсэн. Гэхдээ тэр бол залуу хүний түргэдсэн алхам болсон байх.

Уншсан: 6357 удаа

Нийт сэтгэгдэл (3)

1. Talarhal
MAXH ig demjdeg.Erunhiilugchiin songuulid Udval saidiig ard tumen emegteichuud demjine gej bodoj bn.MAXH songuulid ylna gedegtvitgej bn
Бичсэн: Bid | 2013 оны 3 сарын 24 | IP: 70.194.66.xxx
2. ...
mash saihan yariltslaga bolson bn, taniig ireeduitei, chadvarlag zaluu uls turch gej boddog shuu. amjilt husie
Бичсэн: jjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjj | 2013 оны 3 сарын 24 | IP: 202.131.233.xx
3. ...
MAXH yur n hentei ch evseed heregguee, uursduu chadiishdee, buh bolomj n bgaa. UIH-d ch gesen MYAH-d heden suudal olj uguh gej bgaam shig negdeh shaardlagagui bsiim, shuud l uursdiinhuuruu yavsan bol odoo UIH-d dangaaraa 11 gishuuntei bhku yu
Бичсэн: jjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjjj | 2013 оны 3 сарын 24 | IP: 202.131.233.xx

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 10 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      
  2  3  4  5  6  7  8
  91011121314
16171819202122
232425262728
3031     

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах