Medeelel
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Төрд эвдэрч сүйдсэн байгалийг нөхөн сэргээхэд төсөвлөх мөнгө байхгүй

2014 оны 5 сарын 26, Даваа гараг  .:.  Бичсэн: 
(2 үнэлгээтэй)
articleМонголын уул уурхайн асуудал анхаарал татахуйц сэдвийн нэг байсаар л байна. Учир нь энэ бол эх болсон газар шороо, үеийн үед амьдрах нутаг устай минь холбоотой болохоор тэр. Амтай бүхэн уул уурхайгаас улбаатай байгалийн доройтлыг шагшиж байна. Гэсэн хэрнээ  нөхөн сэргээлт хийгдэхгүй байгаатай бараг эвлэрчихсэн, энэ талаар дуугардаг, хэл үг таталдаг хүн улам бүр цөөрсөөр байх шиг. Мэргэжилтнүүдийн тайлбарлаж байгаагаар бол 1990 оноос эхлэн уул уурхайн олборлолтоос үүдэлтэйгээр байгаль орчинг нөхөн сэргээх асуудал хөсөр хаягдсан гэж байна.  Өөрөөр хэлбэл алтыг нь аваад авдрыг нь хаядаг болчихсон гэсэн үг.

Өдгөө Монгол Улсын нийт газар нутгийн 5000 орчим мянган га-д нөхөн сэргээлт хийгдээгүй, ороо бусгаа, эвдэрч сүйдсэн талаарх таагүй мэдээллийг уул уурхайн яамнаас өгч байгаа юм. Мөн нийслэлийн нийт нутаг дэвсгэрийн эвдэрч сүйдсэн нөхөн сэргээлт шаардлагатай байгаа 53 орчим мянган га газрын 3000 орчим нь уул уурхайн нөлөөллөөс үүдэлтэйгээр эвдэрсэн байдаг юм байна. Тухайлбал, сүүлийн 7-н жилийн дотор Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр болох биокомбинатийн баруун талд туул голын хаяа татам хэсэг болон дэнж хэсэг, мөн бөхөгийн голын дагуу элс, хайрганы каръер ажиллаж, газрын гадаргын унаган төрх байдлыг эвдрэлд оруулж байгааг албаныхан хэллээ.

Ийн бид үр хойч үеэрээ үеийн үед амьдрах  эх нутгаа зөвхөн авахын нүдээр харж, газар эхийнхээ хэвлийг аймшиггүйгээр ухаж малтаж байна. Либерал буюу бусдын эрх чөлөөг дээдэлсэн үзэл 1990 оноос хойш мэргэжлийн болон мэргэжлийн бус хэн бүхэнд уул уурхайн салбарт ажиллах, олборлолт хийх боломжийг бүрдүүлж өгсөн. Энэ нь богино хугацаанд асар их ашиг орлого олно гэсэн гэнэн төсөөллийг олон хүнд төрүүлсэн бололтой. Гэвч буруу замаар будаа тээвэрлэвэл энэ нь өнөөдөр болон ирээдүйд байгаль орчинд ямар их хор хөнөөлтэй вэ гэдгийг сайтар тооцоолох учиртай байжээ.

Харамсалтай нь үүнийг бодлого тодорхойлогчид болон мэргэжлийн салбарынхан мэдсэн хэрнээ  нүдээ аньж, чихээ дарж чимээгүй явсаар ирсэн. Тэр бүү хэл 1997 онд Ашигт малтмалын хуультай болсноор Монголд уул уурхайн салбарт ажиллах таатай үүд хаалга иргэн бүрт  нээгдсэнийг дахин онцлох нь зүйтэй. Уг нь хуулиараа уул уурхай ашигт малтмалын салбарын үйл ажиллагааг хянан зохицуулах, байгаль орчноо эрсдлээс  хамгаалсан заалт хувилбарыг хүлээж байлаа. Харамсалтай нь өнөөдөр ч ашигт малтмалын тухай хуулийн 2006 оны шинэчилсэн найруулгын 7,1-д зааснаар “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно” гээд томъёолчихсон байна. Энэ бол уул уурхайн салбарт тусгай зөвшөөрлийг ямар байдлаар олгож ирсний  хамгийн тод жишээ юм. Хэт ерөнхий, ямар нэг шалгуургүй шуудхан хэлэхэд их л хайнгадуухан заалт шиг санагдана.   

Тусгай зөвшөөрлийн хажуугаар хувиараа бичил уурхай эрхэлж байгаа хүмүүсийн балгаар байгаль орчин доройтсон 600 гаруй цэгт 2013 оны байдлаар нөхөн сэргээлт хийгээгүй байгаа гэсэн  мэдээллийг байгаль орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун өнгөрсөн есдүгээр сард өгч байсан. Харин манай улсын эдийн засаг уул уурхайгаасаа шууд хамааралтай.  Ингэхээр  олборлолт цаг ямагт явагдаж байдаг гэсэн үг. Уг нь эндээс эдийн засгаа тэтгэх тодорхой хэмжээний орлого олдог ч энэ хэрээрээ байгаль орчны доройтол нэмэгдэж байна.  Учир нь олборлолт ямагт нөхөн сэргээлтээсээ хол түрүүлж явагддаг хэрнээ хийхгүй орхидог явдал ч бий. Хэдийгээр  нөхөн сэргээлтийг тусгай зөвшөөрөлтэй газрууд хийж байгаа боловч эзэн холбогдогчгүй үлдсэн талбай байсаар байгаа нь асуудал болж байна. Дээрх нөхөн сэргээлт хийгдэх нэн шаардлагатай байгаа 600 гаруй цэгийн газрын зургийг гаргасан болохыг салбар яамны зүгээс хэлж байсан. Тиймээс уул уурхайн олборлолт хийдэг ч нөхөн сэргээлтээ хийгээгүй хариуцлагагүй компаниудыг хууль хяналтын байгууллагад өгч, нөхөн сэргээлт хийлгэхийг шаардаж, хар жагсаалтыг хүртэл гаргахаар яригдаж байв.

Гэхдээ энэ удаад нэгэнтээ эзэн холбогдогч нь тогтоогдоогүй газарт нөхөн сэргээлт хийх үүднээс шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт суулгах сайхан мэдээ талаар өнгөрчээ. Төсөв хүнд байгаа гэдэг шалтгаанаар нөхөн сэргээлт яаралтай хийгдэх шаардлагатай байгаа газруудад төсөвлөх мөнгө байгаагүй учраас тойргийн гадна үлдсэнийг уул уурхайн дэд сайд О.Эрдэнэбулган хэллээ. Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах чиглэлээр улс анхаарч нөхөн сэргээлт хийгдэх шаардлагатай байгаа газар хөрөнгө төсөвлөх гэсэн боловч бүдгэрэн сүүмийсээр таг болсны бас л нэг бодит жишээ энэ. Ийн байгаль орчныг нөхөн сэргээх асуудал улс төрчдийн анхаарлын гадна хаягдах шиг боллоо. Хайхрамжгүй хандлагын цаана эх орны минь газар нутаг улам бүр эрсдэлд орж, цөлжилт эрчимтэй явагдсаар байна. Судлаачдын тооцоолсноор дэлхийн дулааралд хамгийн өртөмхий нутаг нь Төв Азийн өндөрлөг буюу Монгол орон гэсэн судалгаа бий. Дэлхийн дулаарлын сөрөг нөлөөлөлд бид өөрсдөө дэм өгч уул уурхай гэсэн шүхэрээр халхавчлан  газар нутгийнхаа унаган төрхийг эвдсээр байна. Энэ бүхнээ эргэн сэргээнэ гэсэн сайхан амлалт ихэнхдээ нүд хуурч, сэтгэл илбэдсэн өнгөцхөн  байдлаар хийгдсээр байгаа нь хойч үеийнхээ өмнө хийж буй хамгийн том нүгэл гэлтэй.
Шинэчлэгдсэн огноо: 2014 оны 5 сарын 27, Мягмар гараг
Уншсан: 5604 удаа

Нийт сэтгэгдэл (2)

1. Үнэн...
Өнөөдөр дэлхий дахинд байнга яригдаж байгаа асуудал бол цаг агаарын өөрчлөлт. Хүлэмжийн хий хамгийн их ялгаруулдаг, дэлхийн дулаарлын эсрэг ажилд ихэнхдээ хойш суудаг орнуудыг нэг болох АНУ ч үүнийг нэгэнтээ хүлээн зөвшөөрч, Барак Обама яаралтай арга хэмжээ авахыг саяхан уриалж байсан. Бүхий л улс оронд хор хөнөөлийг учруулж байгаа энэ үзэгдэл Монголыг ч тойрохгүй.... ийм хүнд үед нь эх орон, газар нутгаа хамгаалж, аль болохоор онгон дагшин байдлаар нь хадгалж үлдэхийн төлөө тэмцэх нь Монгол хүн бүрийн үүрэг байхаа. Иргэн ч .. Төр ч энэ ажилд оролцох ёстой, тэр тундаа төр засгийн зөв бодлого хамгийн их хэрэгтэй. Гэтэл өнөөдөр байдал эсрэг байгаа нь харуусалтай юм. Газар шорооны төлөө тэмцэгчдийг гяндан руу илгээж, хууль дүрэм нь хэрэгжихгүй.....энэ нэг л биш шүү ....
Бичсэн: Уужимбаяр | 2014 оны 5 сарын 26 | IP: 202.72.245.xxx
2. ...
Газрын доройтол нь зөвхөн байгаль экологийн нөөц, эд баялагийг сүйрүүлээд зогсохгүй бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг манай орны хувьд нүүдлийн эртний соёл уламжлалыг хоосруулан, үгүйрүүлэх аюултай гэдгийг бид ухаарах хэрэгтэй

Бичсэн: 2.Muugii | 2014 оны 6 сарын 3 | IP: 103.26.193.xx

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 10 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      
  2  3  4  5  6  7  8
  91011121314
16171819202122
232425262728
3031     

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах