Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Сентерра Гоулд жижиг буурай орны баялгийг цөлмөдөг туршлагатай компани

2017 оны 2 сарын 01, Лхагва гараг  .:.  Бичсэн: 
(0 үнэлгээтэй)
  • NoyonKhairkhanhttp://pressnews.mn/article/296

    Захиргааны хэргийн шүүхээс Сентерра гоулд компани Гацууртын ордын дөрвөн лицензыг хууль бусаар эзэмшиж байгаа эсэхийг тогтоох шийдвэр гараагүй байна. Лицензийн маргаан эцэлсэн шийдэгдээгүй байхад Ж.Эрдэнэбатын танхим тус ордыг ашиглах Засгийн газрын Ажлын хэсгийг томилохоор болсон. Энэ Ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам томилох юм. Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь Гацууртын ордыг ашиглах шийдвэрийг 2012-2016 оны УИХ хурц маргаантайгаар шийдсэн. Эцсийн шийдвэрийг 2016 оны хоёрдгаар сарын 6-нд  УИХ дахь АН-ын гишүүд дангаараа гаргаж байв. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ноён уулын Хүннүгийн булшийг хөндөх асуудлыг олон талаас нь судлах, ард иргэдийн саналыг сонсох нь чухал гэж үзэж байсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Сентерра Гоулд жижиг буурай, хөгжиж байгаа орныг нэг ёсны дээрэлхдэг, баялгийг нь цөлмөдөг ийм арвин туршлагатай компани. Энэ компани өнөөдөр Монголын Засгийн газарт байгаа хүмүүсийг магадгүй энэ парламентад байгаа зарим хүмүүсийг авлигажиж байгаа. Энэ бол үнэн” хэмээн мэдэгдсэн удаатай. Хэрвээ тухайн үед байр сууриа илэрхийлж байсан, УИХ-д дахин сонгогдсон гишүүдийн үзэл бодол, 360 градус эргээгүй бол Засгийн газрын шийдвэрийн талаар дахин байр сууриа илэрхийлэх биз ээ. Ингээд тухайн үед хэн хэн юу хэлж байсныг хэсэгчлэн түүвэрлэж хүргэе.

    УИХ-ын 2015 оны хаврын ээлжит чуулганы 6 сарын 18-ны өдрийн хуралдаан

    Д.Лүндээжанцан:

    Гацууртын ордын асуудал бол мэдээж хэрэг олон нийтийн анхаарлын төвд байж, олон талаас нь маргаан мэтгэлцээн, тэр битгий хэл суулт өлсгөлөн янз бүрийн л юм болсон. Хүн улс гэдэг бол үндсэндээ Монголын гарал үүслийн өвөг гэдэг нь гарцаагүй нотлогдсон зүйл. Монголчууд булш бунханаа аль болохоор хөндөхгүй байхыг цээрлэж ирсэн ард түмэн. Энэ бол хар хайрцгийн бодлого гэдэг шиг тэнгэртэй харьцдаг бодлого. Сүүлийн үед тэнгэртэй харьцдаг хүмүүс олон болоод байгаа ч би тэрийг яриагүй байна. Ер нь, энэ байгаль орчноо хамгаалах, түүх, соёл дурсгалынхаа зүйлийг хамгаалах ийм бодлого сүсэг бишрэл хүмүүсийн цусанд нь шингэсэн байгаа. Энд би санаа зовж байгаа.

    Д.Дэмбэрэл: Энэ компанийн цаана нөгөө Бороо Гоулд татвараа төлөхгүй алт ухаад аваад явчихсан юм шиг маягийн зальт этгээдүүд үргэлжлүүлээд байна уу, үнэхээр дэлхийн том компаниуд аль эсвэл манайхыг ноёлоод дарамт болоод байна уу? Тэгээд Монголын төрд худлаа хэлж байгаа юм. Стратегийн ордод оруулсны дараа та нарт 20  хувийг нь бас зүгээр өгье гэсэн маягтай юм яриад байсан. Одоо болохоор 34 хувиар төл, үүнийг чинь орлуулах танай татвараас чинь бид суутгаад авъя. Ингэж Монголын төр, яам, газрыг залилаад яваад байдаг ийм этгээдүүдтэй гэрээ хэлцэл хийгээд, заавал 70 тонн алттай ордоо өгье гээд байдаг чинь өртэй болчихсон юм уу, яасан юм бэ?  Төрийг нь чадаад байдаг, яамыг нь чадаад байдаг, олон улсын зүгээс янз бүрийн дарамт шахалт үзүүлээд ингэж гэрээ хэлцэл явуулаад байгаа газруудтай бид нар яриа хэлцлээ азнаад, хойд үеэс арай чадвартай хүмүүс гараад ирэхээр тэр алтаа ашиглаж болдоггүй юм уу? Бид ямар өртэй юм бэ? Тэр Бороо Гоулдад. Яагаад өмнө нь хариуцлагагүй олон хууралт хийснээ юу гэж тайлбарлаж байгаа юм бэ? Яасан ёс зүйгүй нөхөд тэнд байдаг байна вэ? Энэ талаас нь дүгнэлт хийж байгаа юу?

     

    Х.Болорчулуун: Энэ Сентерра Гоулд гэж ямар ч компани нь юм бэ, зарим нь мэдэж байгаа байх, сонссон байх. Үнэхээр жижиг буурай, хөгжиж байгаа орныг нэг ёсны дээрэлхдэг, баялгийг нь цөлмөдөг ийм арвин туршлагатай компани. Киргизийн тэр алтны их нөөцтэй Кумторын ордыг авахын тулд төр засаг, эрх мэдэлтнүүдийг нь авлигажаад, улсад нь маш бага татвар өгч байгаад цөлмөсөн. Ингээд ард иргэд нь боссон. Засгийн газраа унагаасан. Ийм л компани шүү дээ. Манай Бороо Гоулдын 56 тонн алтыг ямар ч татваргүйгээр аваад гарсан. Өнөөдөр байгалийн нөхөн сэргээлтийг бүрэн хийгээгүй байгаа компани. Энэ компани өнөөдөр Монголын Засгийн газарт байгаа хүмүүсийг магадгүй энэ парламентад байгаа зарим хүмүүсийг авлигажиж байгаа. Энэ бол үнэн. Яагаад вэ гэвэл энэ компани ашиглаж болохгүй урт нэртэй хуулийн хязгаарт багтсан байхдаа танайх техник тоног төхөөрөмжөө татаач, машин техникээ татахгүй юм уу гэхэд бид Монголын улс төрчдийг лоббидож байгаа, ашиглана гэж байсан. Лобби гэдгийн цаана авлига явж байгаа. Өнөөдөр тэгээд дахин дахин орж ирж байна. Бидэнд үнэт  зүйлс гэж байх ёстой шүү дээ. Ашиглаж болохгүй, хөндөж болохгүй газар нутаг гэж байх ёстой.

    Тэр Ноён уулын булш бунхан гэдэг бол зүгээр хоёр гурван метрт онголсон булш бунхан биш, таван давхар байшинтай тэнцэх, 17-18 метрт гүн цэвдэгт нь, газрын гүнд нь дандаа онголсон ноёдын булш тэнд байна. Энэ 3.5-4 км-ийн хол гэж байна. Тийм биш, одоо бараг зарим нь 40 гэж худлаа донгосож байна. Ноён уулын орчим тэр чигээрээ түүхийн дурсгалт зүйл. 320 онгон, бунхан байна. Сая хэлж байна, 2 сарын хугацаанд явахад хальт үзэхэд 9 түүхэн дурсгалт зүйл олсон, түүний 5 нь энэ ашиглах гээд байгаа Гацууртын ордын амнаас олдсон гэж байна. Тэр чигээрээ археологи, палеонтологийн түүхийн дурсгалт зүйлтэй газар шүү дээ. Түүнээс гадна байгалийн сайхан бол зүгээр ухаантай Монгол хүн болгон үүнийг хөндөх гэж дээ гэж бодно.

    Д.Тэрбишдагва: Гацууртын орд бол Оюу толгой, Бороо Гоулдын зарчмаараа явж байгаа төсөл. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дээр бол Монгол Улсад газар түүний  хэвлий, баялаг гагцхүү ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэж байгаа юм. Хоёр дээр нь Монгол Улсын газрын хэвлий түүний баялаг төрийн өмч байна. Баялаг гээд хоёр удаа орж байгаа юм л даа. Тэгээд энэ баялгийг чинь үнэлэх асуудлыг гишүүд яриад байгаа юм. Энэ газрын доор байгаа баялгийг үнэлсэн юм уу? Газрын доор байгаа баялаг чинь ямар үнэтэй баялаг юм бэ.

    УИХ-ын 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн нэгдсэн хуралдаан

    Х.Болорчулуун:  Ноён уулыг манай гишүүдээс зарим нь мэдэх, мэдэхгүй гишүүд байна л даа. Бакей гишүүн бол сайн мэдэж байгаа, миний хувьд бол Ноён уулыг мэдэх гишүүн гэж өөрийгөө хэлнэ. Ноён уулын 1 м2 газар 100 гаруй төрлийн, хамгийн олон ургамал байдаг. Ийм янз бүрийн ургамал, ой мод, бүх зүйл энэ хавтгай дөрвөлжин дотор багтсан ийм сайхан газар л даа. Тийм учраас үүнийг Ноён уулыг тусгай хамгаалалтад авбал авсан шиг авах ёстой. Зүгээр нөөц газар авах биш, байгалийн цогцолбор газраар авах ёстой шүү. Манай эрдэмтэд Оюунгэрэл доктор зэрэг бол яг байгалийн цогцолбороор нь 78 мянгаар нь биш гэхэд 37 мянган га-гаар нь авъя гээд үндэслэлээ боловсруулаад Байгаль орчны яамны захиалгаар оруулсан байгаа юм. Гэтэл үүнийг 11-хэн га болгоод тусгай хамгаалалтад авах юм гэнэ. Ийм явдал байж болохгүй. Гэхдээ тусгай хамгаалалтад авахдаа яг лицензийн талбай өгч байгаа юм шиг шугам татаад явчихсан. Ингэж тусгай хамгаалалтад шугам татаад авдаг юмуу? Байгаль орчны яамныхаас асууя. Эрдэмтдийн оруулсан, үнэхээр хамгаалах гэж байгаа бол тэр байгалийн унаган тогтцоор нь гол горхи, ой мод, энэ бүхнийг нь оруулаад хэлбэр хэмжээг нь ч гэсэн 37 мянга 74 га газар байгаа, үүгээр нь авах ёстой биш үү гэж асуумаар байна. Ер нь ингээд 11 мянган га-гаар Сентерра гоулдын талбайн гадуур нь тойруулаад тусгай хамгаалалтад авна гэж байгаа бол авсны хэрэггүй. Авсан, больсон хоёр адилхан. Авсан нэр зүүж ард олноо, ард иргэдээ хуурч байгаа л гэсэн үг.

    УИХ-ын чуулганы 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн хуралдаан

    Ц.Даваасүрэн: Гацууртын ордыг шийдлээ гэхэд  нөгөө  дансаараа мөнгө нь орж эргэлдэхгүй Монголоороо Төв банкаар дамждаггүй, манай валютын дансаар ордоггүй байвал нөгөө нөөц чинь нимгэн хэвээрээ л байгаад байна. Энэ асуудал дээр заавал ашиглах нь эдийн засгийн хувьд үр ашиггүй байна. Бодитой дүр төрх харагдахгүй байна. Тийм учраас энэ удаадаа тусгай хамгаалалтад аваад нөөцлөх хэлбэр уруугаа явсан нь  зөв. Оюутолгойн гэрээн дээр бидний шийдэх боломжтой асуудлууд зөндөө байгаа юм. Энэ чиглэлд ажиллахын оронд бид нар Ноён уултай л зууралдлаа шүү дээ. Байгальд учрах хор хохиролд өөр үүнээс олсноосоо хэд дахин өртгийг ирээдүйд бий болгож магадгүй. Ингээд үзэх юм бол эдийн засгийн хувьд үр ашиггүй ийм  асуудлыг бид ярьж байна.

    Х.Болорчулуун: Өчигдөрхөн ЮНЕСКО-д манай Монгол Улсын Бурхан халдун уул маань дархан газар, соёлын үнэт өв гэсэн ангиллаар тусгай хамгаалалтад орлоо. Энд баярлахаас өөр аргагүй. Тэгэхдээ Ноён уул маань Бурхан халдунаас дутахгүй газар юмаа. Тиймдээ ч одоо түүх, шастир, сударт Хараа голын Ноён уул, Хан Хэнтийн Бурхан халдун, Хатан Туулын Богд уулыг үеийн үед тахиж шүтэж байх өвгөдийн маань сургаал байна. Үүнийг яагаад бид хайхрахгүй байгаа юм бэ? Бид бүх мөнгөний дор бүх юмаа ингэж тавьж туух ийм цаг ирчхээд байгаа юм уу? Үнэхээр энэ Ноён уулыг ухуулахгүйн төлөө дээр дооргүй олон Монголчууд, магадгүй зөн совиндоо ухамсартаа хөтлөгдөж, тэмцэж, өнөөдөр цагаан сарын урд өдрүүдэд ялагдаж магадгүй шинжтэй болчих гээд байна, харамсалтай нь. Хил хязгаарыг нь УИХ тогтоолоор энэ чинь бүрэн утгаараа хамгаалалтад орох байсан. Ингэж чадахгүй авсан дүр эсгээд Ноён уулыг үндсэндээ байхгүй болгож байна. Ерөнхий сайд буруу хэлж байна билээ, дээр. Ноён уулаа тусгай хамгаалалтад авчихлаа, 10 км-ын цаана байгаа  алтны уурхайгаа ухна гэж. Үгүй шүү дээ, энэ Гацууртын ам гэдэг чинь, Гацууртын алтны орд гэдэг чинь яг Ноён уулын төв “А” цэг, Улаанбаатар нийслэлээр бол  Сүхбаатарын талбай шүү дээ, 1722,  1759 ноён, хатан хоёр оргилынх нь  дунд лиценз, оройг нь хүртэл хилийн заагаар  хоёр уулын дунд тусгай лиценз авчихсан байгаа. Тэгэхэд Ерөнхий сайд худлаа хэлээд авч байгаа дүр эсгэсэн ийм худал хэлсэн үг яриад байж байна, харамсалтай нь.

    Б.Бат-Эрдэнэ:  Монголын төр жаахан бодлоготой л шийдвэр гаргаж явахгүй бол болохгүй байгаа юм. Одоо энэ нийт газар нутгийн ойрын 10-20 жилийн дотор  80 хувь нь цөлжинө, Хэнтийн тайга, хойд Хөвсгөлийн  хэсэгт жаахан газар үлдээд, бусад нь хэцүү байдалд орно гэсэн ийм судалгааны байгууллагын гаргасан тайлан дээр тодорхой бичсэн байна. Ялангуяа сүүлийн гурван жилийн хугацаанд УИХ төрөөс гаргаж байгаа бодлого шийдвэрүүд бол дандаа  байгаль орчноо доройтуулах чиглэлийн, энэ нийтийн эзэмшлийн өмчийг цөлмөж дуусгах чиглэлд бодлого явуулаад байгаа юм. Түүний нэг тодорхой жишээ бол өнөөдөр Ноён уул орчимын газрыг тусгай хамгаалалтад авах нэрийн дор оруулж ирж байгаа энэ Их Хурлын тогтоол шийдвэр байгаа юм. Сентерра гоульд компаний эзэмшиж байгаа хоёр лицензийг чөлөөлөөд бусдыг нь тусгай хамгаалалтад авах, дотоодын аж ахуйн нэгж байгууллагуудын хэдэн лицензүүдийг хүчингүй болгох ийм л шийдвэр гаргах гээд байгаа юм л даа.

    Ц.ГАНХҮҮ
    • Ноён уул..
      Тэмээтийн хонхор.
      Зургийг Н.Бүтээлбаяр
Шинэчлэгдсэн огноо: 2017 оны 2 сарын 01, Лхагва гараг
Уншсан: 790 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 9 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      1  2
  4  5  6  7  8  910
111213141516
18192021222324
252627282930 

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

САНАА ба ГҮЙЦЭТГЭЛ

САНАА ба ГҮЙЦЭТГЭЛ …Хүн болоод л тѳрчихсѳн юм чинь бидний тархинд үй түмэн санаа эргэлдэж байдаг. “Тэгэх юм сан”, “Тэгчихвэл... 2017 оны 9 сарын 20

Б.Уранчимэг

UMONTV-ийн Америк хэмнэл нэвтрүүлэг (Дасгалжуулагч,ОУХМ Д.Сүлдбаяр) 2017.09.22

UMONTV-ийн Америк хэмнэл нэвтрүүлэг (Дасгалжуулагч,ОУХМ Д.Сүлдбаяр) 2017.09.22 Америк хэмнэл нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт Pentagon MMA жимийн дасгалжуулагч, багш, ОУХМ Дамдины... 2017 оны 9 сарын 22

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.09.22

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.09.22 МТВ ҮЗҮҮЛЖ БАЙНА: - Хүн төрөлхтний найрамдал нөхөрлөл,энхийн хэл Эсперанто - Чингисийн Монгол Америк... 2017 оны 9 сарын 22

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2