Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

Н.Номтойбаяр ба Б.Майцэцэг 2008 он

2018 оны 1 сарын 05, Баасан гараг  .:.  Бичсэн: 
(0 үнэлгээтэй)
Сүүлийн үед монголын ашигт малтмалын томоохон ордын эзэн, уул уурхайн магнат Б.Нямтайширын хүү  орон сууц борлуулж өгнө хэмээн  М гэх эмэгтэйгээс  400 мянган ам.доллар  луйварджээ  гэсэн мэдээлэл  гарсан. Энэ мэдээлэл бодитой юу, эсвэл?
 “М” гээд байгаа Буд овогтой Майцэцэг гэх эмэгтэйд 2008 онд 2 ширхэг орон сууцыг 336,650 доллараар худалдан өөрийнх нь хүсэлтийн дагуу обой зэрэг дотор заслыг нь гүйцэтгэж байсан.

nomtoibayar2
2010-6-18
Монголын алт” /МАК/ компанийн захирал Б.Нямтайширын хүү Н.Номтойбаяр хэвлэлд анх удаа ярилцлага өглөө.

“Монголын  алт” (MAK) ХХКомпанийн захирал Б.Нямтайширын хүү Н.Номтойбаяртай ярилцлаа.

-Дунд сургуулиа гадаадад төгссөн санагдана. Үргэлжүүлээд  суралцаж байгаа гэсэн мэдээлэл сүүлийн үед гарсан.  Хаана, ямар чиглэлээр  суралцaв, Сургуулиа төгссөн үү, монголд  хэзээ ирэв гээд асуулт олон байна?
– Би монголдоо  арван жилийн дунд сургууль төгссөн шүү дээ.  Харин дээд боловсролыг гадаадад олж авах нь зүйтэй гэж аав, ээжтэйгээ зөвлөлдсөний дагуу анх 1995-1996 oнд АНУ руу явж  эхний жил англи хэл сурсан. 1997 онд АНУ-ын Индиана мужийн Валпарайсогийн  их сургууль гэж зуун тавь гаруй  жилийн түүхтэй, нэр хүндтэй сургуульд элсэн орж, эдийн засаг бизнесийн удирдлагаар сурч байтал  зөвлөх  багш маань, “Чиний  суралцсан ангиудыг жагсаагаад үзэхэд эдийн засаг, бизнесийн удирдлагын хичээлээс илүү их төлөв улс төр, нийгэмийн хичээлүүд голлож суралцсан байна. Нэг үгээр хэлбэл, энэ чинь үндсэндээ чиний мэргэжил  суурь  гагцхүү нэмэлт кредит цаг авах хэрэгтэй, мөн бизнесийн хичээлээ дагалдах мэргэжил болгоод хоёр мэргэжлээр төгсөх боломж байна” гэж зөвлөсөн. Ингээд төгсөх шатнаас эхлэн улс төр, нийгэм судлалын чиглэлээр голлон суралцаж , мөн бизнесийн удирдлагaaр бакалаврын зэрэг хамгаалж 2001 онд төгсөөд монголдоо шууд ирсэн. Төгсөж ирээд ажиллаж байх хугацаандаа уул уурхай, аж үйлдвэрлэл нь монголын эдийн засгийн голлох хөшүүрэг бөгөөд инженер-эдийн засгийн мэргэжилгүйгээр  аль ч салбарт чадварлаг боловсон хүчин болох боломжгүйг ойлгосон. Энэ үүднээс гадаадын  хэд хэдэн томоохон  сургуулийг  судалж,  Герман улсын Берлин хотын Техникийн мэргэжлийн их сургуулийн инженер эдийн засгийн магистрын  программыг сонгож, тодорхой шалгууруудыг нь  өгч тэнцсэн. 2009 оноос хойш тэнд суралцаж байгаа oдоо төгсөх шатандаа ороод явж байна. Монголд саяхан ирсэн. Хэд хоног амраад буцна.

– Гадаадын өндөр хөгжилтэй орнуудын томоохон сургуульд суралцахын зэрэгцээ туршлага судалж байгаа гэж ойлгож болох уу?
– Хэдэн жилийн өмнө бакалавр хамгаалж  монголдоо ирчихээд, өөрийгөө их юм сурч мэдсэнээр  төсөөлчихсөн, эрдэм номын бяр амтагдаад бүгдийг л хийж чадах юм шиг санагддаг байж билээ. Гэтэл том андуурч, бага насны сэтгэл  хөөрөлд хөтлөгдөж сагсуурч байсан юм байна лээ. Хэдийгээр бие болон оюун ухаанаа дайчлан эрдэм ном сураад багш нар “С- А”хоорондох дүнгээр үнэлээд байгаа боловч, аливаа асуудал ухаж судлаад байх тусам эцэс төгсгөлгүйг мэдэрч, өөрийгөө болон өөрийнхөө сурсан мэдсэнээ  өчүүхэн болохыг  мэдэрсэн.

– Таныг АНУ д төгсч ирээд тагнуулын байгууллагад ажиллаж байсныг мэдэх юм?
– Монгол улсынхаа язгуур эрх ашгийг хамгааx зорилго бүхий тагнуулын байгууллагад орж ажиллах хүсэлтээ  тавьсан. Тодорхой шалгуурыг давж, тусгай мэргэжлийн сургалтанд  нь хамрагдан    тэнцэж  хэсэг  хугацаанд ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн.  Тэр үеийг ажиллаж байсан гэхээс илүү  суралцаж байсан гэж тодорхойлбол  үнэнд  илүү нийцэх байх. Яагаад гэвэл, дөнгөж сургууль төгссөн болохоор надад дадлага, туршлага  байгаагүй. Улс үндэстнийхээ аюулгүй байдалд санаа зовнин ажилладаг, дадлага туршлагатай, үлгэр жишээч  ахмадуудаасаа  алхам тутамд  суралцаж  байлаа.

Мөн манай гэр бүлийн үүсгэн байгуулсан  “МАК” гэж уул уурхай, үйлдвэрлэл, аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг компани бий. Айлын том хүүгийн үүргийг хүлээж, компанидаа  ажиллах, үүний зэрэгцээ  мэдлэг, боловсролоо дээшлүүлэх  шаардлага байнга  тавигддаг. Монголын үндэсний чадварлаг инженер техникийн ажилчдаас бүрдсэн хамт олноос мөн л ихийг сурч байна. MAK компанид нүүрс боловсруулах болон барилгын материал үйлдвэрлэл төслийн судалгааны багт ажиллаж байгаад мөн компаний бодлогын зөвлөлийн гишүүн, Тамгын газрын захирлаар ажилласан.

-Та гадаадад олон жил суралцаж байна.  Сургууль төгсөөд тэндээ нутагшдаг монголчуудын талаар юу гэж боддог вэ?
-Социализмын үеэс манай улс Герман улсад шинжлэх ухаан, уул уурхай, үйлдвэрлэл, технологийн чиглэлээр боловсон хүчин бэлтгэж ирсэн. Тэндхийн хүмүүстэй уулзаж байхад  сургуулиа төгсөөд тэнд үндэстэн дамнасан томоохон компаниудад ажиллаж, амьдарч байгаа мэргэжил боловсролтой чадварлаг  залуус цөөнгүй байдаг юм билээ.

Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчуудыг эх орноо хаяад явчихсан гэх мэтээр өрөөсгөл ойлголт түгээмэл байх шиг. Гэтэл тэд чинь эх орон, төрөл садангаа үгүйлж, монголдоо очиж ажиллаж амьдрах юмсан гэх бодолтой залуус маш олон байдаг. Гагцхүү монголдоо ирье гэхээр янз бүрийн асуудлаас шалтгаалж ирдэггүй нь үнэн л дээ. Чадварлаг залуус маань хүний газар цалингаас цалин, татвараас татвар, байрны түрээсээс түрээс гэх мэт хүний газарт механик маягийн амьдралтай байгаад өрөвдөж л байдаг. Тэдний бодож сэтгэх, шинийг бүтээх, өөрсдийнхөө хувийн бизнесийг туурвих зэрэг бүтээлч сэтгэлгээ өндөр хөгжилтэй оронд хязгаарлагдмал байдаг. Мөн тэд монголд бий болсон сүүдэр шиг нийгмээс айдаг. Эцэг эх нь энд амьдрал хэцүү байна, наанаа амар тайван байж бай гэх зэргээр цааш нь түлхэдэг. Гэтэл тэдний сурч эзэмшсэн мэдлэг боловсрол монголын ядарч туйлдсан нийгэмээ аврах улмаар хөгжүүлэхэд нэн чухлаар дутагдаж байгааг тэд төдийлөн сайн ойлгохгүй байгаа ба өөрсдийн мэдлэг боловсролынхоо хүч чадалд итгэдэггүй. Энэ бодлын үүднээс ч гэсэн найзуудын хамт харийн оронд ажиллаж амьдарч байгаа залуучуудтайгаа санал бодлоо солилцох, эх орныхоо хөгжилд тэд юу хийж чадах боломжын талаар ухуулан сурталчилах гэх мэт олон олон зорилготой “ЭХ ОРОН ДУУДАЖ БАЙНА” вэб хөдөлгөөнийг өрнүүлэхээр судалгаа болон бэлтгэл ажлуудыг хийж байгаа.

Энэ нь зөвхөн гадаадад байгаа залуусыг уриалаад дуудаад байгаа юм биш, эх орондоо байгаа боловч унтаж байгаа залуусыг сэрээж, нийгэм дэх байр суурийг нь ойлгуулж, нийгмийн хариуцлагийг нь ухамсарлуулах зорилгыг  агуулж байгаа. Монголын ойрын ирээдүй бидний гарт хүссэн хүсээгүй ирнэ. Харин залуус бид хэр төлөвшиж өөрсдийгөө хэрхэн бэлтгэж байна вэ гэдгээ ухаарах цаг  ирсэн.

-Сурч боловсрохыг эрхэм болгож буй залуус цөөнгүй. Гэхдээ  дутагдал олон бий. Энэ талаар юу боддог вэ?
-Сурч, боловсорч байгаа нь сайн хэрэг ч суралцах хэрэгцээ шаардлагын мөн чанарыг төдийлөн ойлгохгүй, өөрийгөө чухам ирээдүйд юу хийж чадах, хэн гээч болохын төлөө сураад байгаа талаар тодорхой ойлголт болон зорилго байхгүй, нэг л бөөн давалгаа, нийтлэг стандартын дагуу сураад ч гэх юмуу эсвэл гартаа ном барьчихаад оронцоглоод байх нийтлэг дутагдал байгаад  байна. Хувь хүн таны хүсэл сонирхол чадамж гэх зэрэг хувь хүний дотоод болон гадаад орчин нөхцөл түүний ирээдүйг харгалзан үзэх, маш олон асуултыг өөрөөсөө асуух, ойр дотно хүмүүстэйгээ зөвлөлдөж байж зорилгоо тодорхойлох ёстой. Харин нэг шийдчихвэл тэрүүгээрээ зүтгэх хэрэгтэй. Барууныхаас гол суралцах зүйл гэвэл тэд хувь хүн алдаж болох эрсдэлийг урьдчилан тооцоолж өөрсдийнхөө юу хийж чадахыг маш сайн ойлгосон болохоор элдэв бусад зүйлд сатаарч, санаархаж төөрөлгүй сонгосон ажил мэргэжилээ нэгдүгээрт тавьж дээд зэргийн чанар стандартын дагуу гүйцэтгэдэг.

Надад болон миний ойрын найз нөхдөд маань ч онол практикын хувьд сурах зүйл маш их байна. Бид монголын ойрын ирээдүйг авч явах залуус гэхэд яагаа ч үгүй нов ногооноороо байна. Саяхан дэгдсэн эдийн засгийн хямралаас үүдэлтэйгээр олон улсын бизнесийн стратегид өөрчлөлт орж түүний гадаад сургалтын онол зүй хүртэл шинэчлэгдэж байна. Бид дахин сурах хэрэгтэй. Энэ ч үүднээс санаа нийлдэг хэдэн англи хэлтэй найзуудын хамт нэгэн жижигхээн анги болж сертификат сургалтын талаар судалж байна. Чухам монголын хөрсөнд буух нарийвчлан судалж сурах хэрэгтэй вэ гэдгийг олж тотоохоор монголын улс төр биснес, эдийн засгийн салбарын чадварлаг ахмадуудын бодол саналыг сонсож дүгнэн нэгтгэснээр 90 хоногийн сургалтын программ боловсруулж улмаар түүнийгээ дэлхийд номер нэг “Standford” эсвэл Принцтоны их сургуульд тухайн боловсруулсан программын дагуу тус сургуулийн багш профессоруудаар заалгая. “Standford” гэхээр нэвтрэшгүй хана мэт зүйрлэж байсан чинь сургалтын программыг хамтран ярилцаж байгаад боловсруулж төлбөрөө төлөөд богино хэмжээний үр дүнтэй сургалт зохион байгуулах боломжтой юм байна лээ.

– Аав, ээжээс ах дүү  гурвуулаа  гэсэн.  Дүү нар чинь ямар чиглэлээр боловсрол эзэмшиж байна?
– Миний дараагийн дүү АНУ-д  банк-санхүүгийн чиглэлээр  суралцаж төгссөн. Төгсч ирээд Худалдаа, хөгжлийн банкинд  хэсэг  ажиллаж байгаад oдоо компанидаа төмөр замын төслийн хөрөнгө оруулалтын чиглэлээр ажилладаг. Отгон дүү маань дунд сургуулийн сурагч.

– Хөрөнгө, мөнгөтэй хүний хүүхэд гэхээрээ тансагладаг, мөнгөнд үрэлгэн гэх ойлголт байдаг. Таны болон дүү нарын чинь хувьд?
– Таны асуултанд хариулахын тулд өөрт тохиолдсон нэгэн жишээг  хэлье л дээ. Биднийг жаахан байхад аав, ээж маань төсвийн байгууллагад ажилладаг. Цалин, мөнгө  багатай ч намайг хичээлдээ явах бүрт  нэг  төгрөг өгдөг байсан. Яагаад өгч байгааг нь ч ойлгодоггүй. Хааяа аав, ээж хоёр өр шир  ярихыг сонсч л байcaн. Гэхдээ л тэр нэг төгрөгөөс татгалзаж байгаагүй. Энэ мэтээр сүүлдээ хэдэн мянгаар нь ч авах болсон. Тэгээд aнх АНУ-д очихдоо нэг зүйлийг их бодсон. Тэр үед 17 настай байсан юм.  би хэлний  сургуульд суралцаж байхдаа ажил хийж, мөнгөний үнэ цэнийг мэдье, яаж зовж мөнгө олдгийг үзье гэж шийдээд оюутны холбоон дээр очтол номын санд ресепшинээс эхлүүлээд  аяга таваг угаагч хүртэл олон ажил байснаас  аяга таваг угаагчыг нь сонгосон. 1000 орчим оюутан хооллодог кафед хүний  хоолны шавхрууг цэвэрлээд зогсож байхад надад сайхан байгаагүй ч өөрийгөө шийтгэж байж хөдөлмөрлөж олсон мөнгө болохоор надад сайхан  байсан. Гурван сар аяга, таваг угаагаад  олсон мөнгө их үнэтэйгээс  гадна өөрийнхөө олсныг үрэх амттай  санагдсан.
Аав, ээж хоёрын зүгээс намайг болон дүү нарийг мөнгөтэй зөв харьцаж сургах, хөдөлмөрөөрөө олсон мөнгө ямар үнэ цэнэтэйг ойлгуулах гэж бодлогын чанартай зүйлийг бага наснаасаа минь төлөвшүүлж байсан.

– “МАК”-ийг  байгуулахад та хүүхэд байсан байх. Энэ том компанийг яажшуу үүсгэн байгуулсан бол. Өнөөдрийн амжилтанд залгамж халаа хүүхүүдийн үүрэг оролцоо юу вэ?
– 1990 оны зах зээл, шилжилт хөдөлгөөний үед аав, ээж хоёр маань өөрсдийн бизнесийн гал голомтыг  босгосон нь “МАК”. Хувийн салбарт хөл тавиад өнөөдөр 20 жилийнхээ ойтой золгож байна. Мэдээж бизнесийн орчноо дэмжих хууль тогтоомжийн таатай нөхцөл бүрдээгүй, төр засаг нь хавчиж шахсан, итгэж найдаж явсан анд нөхөд, хамтрагч хүмүүсийн тар танигдах  хүнд хэцүү үеийг туулж, асар их бүтээлийг эрүүл мэндээ золиослон байж хөдөлмөрлөж ирсэнийг дүү бид хэд сайн мэднэ. Нас бага чадамж муутай бид хэд тусалж чадахгүйдээ дотроо бухимдаж  явдаг байсан. Дүү бид нарын үүрэг оролцоо гэхээс илүү, aав, ээж хоёрт маань  түшиг болсоор ирсэн үнэнч найз нөхөд, ажилсаг хичээнгүй хамтран зүтгэгч МАК ийн хамт олны үүрэг оролцоо нь өнөөдрийн амжилтын гол үндэс нь.

Дүү бид  тодорхой хэмжээгээр дадлага, туршлага хуримтлуулж, өөрсдийгөө төлөвшүүлж байна. Улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах зорилго бүхий  компанийнхаа өмнөө  тавьсан зорилгийг хэрэгжүүлэхийн төлөө бүхий л хүчээ дайчлан ажиллана.

– Аавыг тань таныг  өөрийн залгамж  болгож эртнээс бэлтгэсэн байх. Хүмүүс тэгж ойлгодог. Гэхдээ боловсрол эзэмшсэн байдлаас  харaхад улс төр, нийгмийн салбарыг илүү сонирхдог  юм шиг. Нууц биш бол цаашид ямар зорилго тавьж байна?
– Энэ асуултад хариулахын тулд нэг зүйлийг тодорхой болгох учиртай байх. Бизнес, улс төр нь өөр хоорондоо ялгагдаж тус тусдаа салбар болон ангилагддаг ард түмэн нийгмийнхээ хөгжлийн төлөө нэг агаараар амьсгалдаг. Нэг нь бүтээгдэхүүн бий болгож ажлын байр бий болгож улсад татвараа төлж байхад нөгөө нь төсөвт бүрдсэн уг татвараа улс ардынхаа аюулгүй байдал, эрүүл мэнд, боловсрол, амгалан тайван амьдрах хууль эрх зүйн орчны таатай бүрдлийг бий болгох, дэд бүтцийг хөгжүүлэх гэх зэрэг нийгэмдээ эргэн хөрөнгө оруулалтыг хийдэг. Бизнесийн салбарт ажиллалаа  гээд зөвхөн хувь хүнийхээ төлөө зүтгээд байдаг гэсэн өрөөсгөл бодол нийтэд байх шиг байна.  Энэ утгаар би аль ч салбарт ажилласан нийгмийнхээ төлөө ажиллаж байна гэж ойлгоно. Яг үнэндээ миний хувьд хүн амьдарчих нэг ч овоохой босгож үзээгүй, нэг уул уурхай удирдаж үзээгүй, жижиг ч гэсэн нэг үйлдвэр барьж босгоогүй байна. Би аж ахуйн ажилд суралцах хэрэгтэй. Энэ  үүднээс улс оронд үр өгөөжөө өгөх компанинйхаа хэрэгжүүлж буй олон төслийн нэгэнд нь гар бие оролцож нэгийг бүтээе гэсэн ойрын хэдэн жилийн зорилготой байгаа. Цаашлаад бодсон бодол төлөвлөгөөт ажил бий. Сайн ярих сайн хийхийн хооронд их зөрүү  бий. Гэхдээ хичээх  болно.

Миний эцэг эх  хөдөлмөрч хүмүүс. Хүн болж хөдөлмөрлөж ирсний хувьд үр шим нь олонд хүртээл болох томоохон бүтээлийг бий болгох санаа сэтгэл өвөртөлсөн. Би хөдөлмөрч гэр бүлд өсөж хүмүүжсэн. Улс эх орондоо хэрэгтэй хүн болоосой гэдэг үүднээс aав, ээж бага наснаас минь чиглүүлж, намайг дэмжиж,  сурч боловсроход  байнга анхаарч,  бүхий л таатай нөхцөлийг бүрдүүлэх үүднээс зовж байж хөдөлмөрлөсөн мөнгөөрөө  ихээхэн хөрөнгө оруулалт  хийж намайг бэлтгэсэн.

– Хөдөлмөрч хүн, хөдөлмөрч гэр бүл гэж та хэллээ.  Гэхдээ нийгмийн салбарт баялаг бүтээж, хөрөнгө хуримтуулсан гэр бүлийг хөдөлмөрч гэхээс илүү баячууд гэдэг ойлголт манайд бий болчихсон шүү дээ. Тэгээд янз бүрийн буруу муу зүйл хийж байна гэсэн шүүмжлэлээр байнга л булж байдаг. Үнэхээр тийм юм уу, эсвэл ташаа мэдээлэл үү гэдэг ч тодорхойгүй?
– Баячууд гэдэг үг, өрөөсгөл ойлголт  нийтийн хэвшмэл хэллэг болчихсонд би хувьдаа эмзэглэдэг. Тэд чинь  сугалаа хожиж эсвэл хууль бусаар гэнэт баяжаагүй, Нийгэмд танигдсан нь цэвэр хөдөлмөр нь юм  шүү дээ. Аав, ээж минь хүнд хэцүү үед  үйлдвэрүүдээ  босгох гэж, улс орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулах  гэж яажшуу зүтгэж байсныг хар багаас мэднэ. Зовлон шаналал, баяр жаргалаар нь амьсгалж явсны хувьд бусдыг ч гэсэн яажшуу зүтгэж, хөдөлмөрлөж байгааг ойлгодог.  Олон жилийн  зүтгэл, оюуны шаргуу хөдөлмөрийн  дүнд тэр хүмүүс амжилтанд хүрсэн.

Янз бүрээр гүтгэж, эсвэл хийж бүтээж байгаагийн мөн учрыг ойлгоо ч үгүй байж элдэв хоосон дүгнэлт хийж цэцэрхдэгт харамсдаг. Монгол улсад оюун ухаан, хөдөлмөрийн сор болсон нь  гарын таван хуруунд багтах төдий хэдхэн л бизнесийн гэр бүлүүд байна. Петровис, MCS  Гацуурт, Бодь, MAK гэх мэт. Улсынхаа төсөвт татвараараа хөрөнгө оруулалт хийхээс гадна тэдний нийгэмд оруулж буй хувь нэмэр маш их. Тэднийхээ хийсэн бүтээснийг шууд ба шууд бус байдлаар монголчууд бид бүгд л хүртэж байдаг болохоор дэмжих л хэрэгтэй.

Өдөрт 500 саяын орлого олдог гэх зүйлийг ярьж бид түүнийг халааслаад байгаа мэт ойлголт нийгэмд байдаг. Мэдээж тодорхой хэмжээний ашиг орлого байдаг. Гэтэл түүндээ бид сая сая доллар шаардагдах томоохон төсөлд эргээд  хөрөнгө оруулалт хийж байна Уул уурхай үйлдвэрлэлийн салбараас гадна МАК ийн хэрэгжүүлж буй нэг төсөл нь Монголынхоо нэрийн хуудас болох 100 орчим сая доларын хөрөнгө оруулалттай, олон улсын А зэрэглэлийн цамхагийг бид УБ хотын маань төв рүү нэвтрэхэд тосон угтах Энхтайваны гүүрний  өмнөхөн барьж байгуулахаар ажиллаж байна. Бид олж байгаа орлогоосоо нэг ч төгрөгийг гадагшаа гаргаагүй, эргэн эх орондоо хөрөнгө оруулалт хийдэг. Элдвээр хэлж, бодит байдалд үл нийцэх шүүмж хэлээд байгаа хүмүүс атаа хорсол гэхээс илүү, социализмын тэгшитгэлийн системээсээ бүрэн ангижраагүй юм уу даа.

– Аавын тань болоод  таны ярианд эх орон, үндэсний бахархал  гэх үг олонтаа дурьдагдах юм. Үндэсний үзэл, бахархлын тухай ямар бодолтой байна  ?
– Энэ асуултын хариу нь шууд Чингис хаан гэх нийтлэг хариулт байдаг байх. Мэдээж монгол хүний хувьд бахардаг боловч одоогийн бидний байгаа дүр зургийг хараад нэрийг нь дурсахаас үнэхээр ичдэг. Өнгөрсөн түүхээс бид хэн болох ямар санаа зорилго бүхий түүхэн замналтай хүмүүс вэ гэдгээ олж хардаг, мөн өнгөрсөн түүхийн алдаанаас суралцдаг. Тэрнээс биш архины шилэн дээр хөргийг нь тавьчихаад алдар нэрийг нь дурдаж онгирч сагсуураад цээжээ дэлдээд байх шаардлагагүй.

Орчин цагт манайхан жүдо, сумо гэх мэт спортоор дэлхийд алдаршиж биднийгээ баярлуулж байгаа боловч энэ нь хязгаарлагдмал үнэлэлт хүндлэл гэж би боддог. Аливаа улс үндэстэн дэлхийд танигдсан чадварлаг улс төрч болон бизнесмэнүүдээрээ танигддаг бөгөөд тэднийг үнэлж хүндэтгэх нь хязгааргүй. Ард түмэн нь тэд нараараа бахархаж үлгэр дууриалаа болгож, амжилтанд хүрсэн арга барилыг нь онол практикаа болгож суралцдаг. Монголчууд бид түрүүний нэр дурдагдсан хэдхэн аж ахуйн нэгжийн удирдлагууд болсон сор хүмүүсээ төр нь бодлогоороо, ард түмэн нь сэтгэл зүрхээрээ дэмжих хэрэгтэй. Яагаад дэлхийд цуутай FORBES ийн ТОП 500 д тоологдтол нь, TIME сэтгүүлийн эхний нүүрэнд гартал нь дэмжиж болохгүй гэж? Монголоос дэлхийд данстай тэрбумтан, ард түмнээ зөв амьдралд нь жолоодогч улс төрч төрөх бүрэн боломжтой гэдэгт итгэдэг. Үүний ач холбогдлыг үнэлж баршгүй. Энэ нь орчин цагийн үндэсний бахархал болно.

– Засгийн газар 2010 оныг “Бизнесийн шинэтгэлийг хөгжүүлэх жил” хэмээн зарласан. Төр, засаг бизнесмэнүүдээ дэмждэг л гэдэг, Энэ талаар таны бодол?
– Бизнесийн салбарынхан өнгөрсөн 20 жил ажиллахдаа цаашид том хөдөлж үндэсний үйлдвэрлэл бий болгох үндэс суурийг тавих хэмжээнд хөл дээрээ дөнгөж өндийж байна. Энэ өнгөрсөн хугацаанд төр засаг дэмжсэн дэмжээгүй аргацаагаад болоод л байсан. Харин одоо энэ томоохон бодит үйлдвэржилтын суурийг тавихад аргацаах ямарч боломж байхгүй. Төр засгийн дэмжлэггүйгээр хэрэгжүүлж ч чадахгүй. Одоо л төр засаг маань нүдээ олсон бодлого хэрэгжүүлэх гэж байгаад баяртай байна. Гагцхүү ярьж төлөвлөсөнийхөө дагуу ажил хэрэг болгох хэрэгтэй.

Өөрийн санаа зовж явдаг нэгэн зүйлийг хэлэхэд, сүүлийн үед сэтгэл зовоох болсон асуудал бол бизнесмэнүүдийн аюулгүй ажиллах, амьдрах орчин. Хоёр  хөршийн томоохон бизнес бүлэглэлүүд цаанаасаа төрийнхөө дэмжлэгээр стратегийн сонирхолыг Монгол бий болгосон. Аливаа асуудалд бид өөрсдийн эрх ашгийг хамгаалах үүднээс хандах нь  харийн зочдын эрх ашигт нийцэхгүй дургүйг нь хүргэх явдал мэр сэр гардаг. Монголчууд бидний нэгдмэл бус  байдлыг тэд маш овжин ашигладаг. Тэд биднийг аймхай гэдэг. Энэ бүгдээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох төрийн бодлого, төрийн хамгаалалт нэн чухал хэрэгтэй байна. Дээрээс нь нэмж хэлэхэд тэдгээр зочидоор амин голоо атгуулчихсан, бөөн мөнгөний өр шир, санхүүгийн байдалд хараат болчихоод, тэдний эрх ашгийн төлөө, өөрийн өчүүхэн амьдралын төлөө хүн алахаас ч буцахгүй  төрийн удирдлагууд ч байгаа нь хамгийн аюултай. Яг чонотой нийлсэн нохой адил. Энэ бүгдээс төр хар хайрцагны бодлогоор зарим арчаагүй урвагчдын эрх мэдлийг хязгаарлаж хүчийг нь сулруулах, болохгүй бол нийгмээс цэвэрлэх л хэрэгтэй. Ядаж тэр хэдэн бизнесмэнүүддээ дипломат паспорт олгоод гадаадад ч эрх дархтай аюулгүй тайван зорчих боломжыг олгочих хэрэгтэй. Тэд дипломат паспорттай боллоо гээд европоор тамхи зөөгөөд явахгүй нь тодорхой шүү дээ. Тамирчдад хүртэл дипломат паспорт өгч болдог юм бол эдгээр үндэсний сор болсон хөдөлмөрч бизнесмэнүүддээ өгчихөд төр юу ч алдахгүй. Өндөр мэдлэг боловсролтой, шинэлэг арга барилтай, аж ахуйч сэтгэлгээтэй бизнесмэн засгийн тэргүүнээр сонгогдсонд залуус бид баяртай байна. Монголын эдийн засгийн түлхүүр болсон хэдхэн бизнесмэнүүдээ дэмжиж, хамгаалж ажиллана гэдэгт итгэж байна. Эс тэгвээс цөхрөнгөө барсан бизнесийнхэн маань мөнгөө аваад гадагш гарах нь. Энэ нь манай эдийн засгийн аюулгүй байдалд шууд сөргөөр нөлөөлнө.

– Эдийн засгийн аюулгүй байдал гэдгийг жаахан тодруулахгүй юу?
Энэ талаар олон эрдэмтэн судлаач, улс төрч, бизнесмэнүүд өөр өөрийн байр суурийг илэрхийлдэг нь олон нийтэд ерөнхий ойлголт өгсөн байх. Эдийн засгийн аюулгүй байдал хэрхэн хангагддаг вэ гэхээр аж ахуйн нэгж иргэдийн төлж буй татвар болон төрийн өмчит аж ахуйн нэгжээс орлогодох ашгаас төсөв бүрддэг. Улсын төсөв маань хэдий чинээ тогтвортой ба өсөлттэй байна тэр хэмжээгээр улс өөрсдөө гаднаас хамааралгүйгээр дотоодын үйлдвэрлэлээс хоол хүнс, нефьт бүтээгдэхүүн, эрчим хүчээ хангах чадамж нөхцлөөр эдийн засгийн аюулгүй байдал хэрхэн хангагдаж буйг тодорхойлж болно гэж би үздэг. Энэ үүднээс нэгэн санаа зовж явдаг асуудал гэвэл хэрэв улсын томоохон аж үйлдвэрүүд менежментийн зөв арга барил, технологийн оновчтой шийдэл, мөн албан тушаалаа урвуулах болон хэтрүүлэн ашиглах зэрэг цагаан захтны гэмт үйлдлийг таслан зогсоож урьдчилан сэргийлж чадвал улсын төсөв маань хэдэн хувиар өсөх бол? Энэ бүх буруу үйлдлээс үүдэн хэдэн хувиар улсын төсөвт орлогодох боломжит мөнгийг алддаг бол? Тодорхой тоог яв цав гаргах боломжгүй ч нэмэх хасах таван хувиар  багцаалдаж болох эдийн засаг, математикийн аргачлал бий. Энэ тоог хувиар илэрхийлснээр эдийн засгийн аюулгүй байдлын бодит нөхцлийг тодорхойлж болно.

– Тавантолгойг хэрхэн эргэлтэнд оруулах асуудал олны анхааралд орж ирсэн. Энэ талаар таны бодол? Мөн энэ асуудлыг дагаад нүүрс боловсруулах тухай их ярьж байна. Ийм боломж манайд хэр билээ. Тулгамдсан асуудал юу вэ?
– Монголчууд бид нүүрс олборлох дадлага туршлага багагүй хуримтлуулсан. Би монгол хүнийхээ хувьд бусадтай хуваалцалгүй ашиг шимийг нь бид өөрсдийн эрүүл мэнд, боловсролын салбар болон эдийн засгийн аюулгүй байдлаа хангах үүднээс бусад салбарыг эрчимтэй хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийхийг бусдын адил эрмэлзэнэ. Гагцхүү монголчууд өөрсдийн хараахан чадахгүй нарийн мэргэжлийн ур чадвар шаардагдсан ажлыг хийж гүйцэтгэж чадах гадны технологи эзэмшигч енженер техникийн ажилчнаар гэрээний дагуу гүйцэтгүүлж, хажуугаар нь өөрсдөө тэднээс сурч, ажлын арга барилыг эзэмшсэний дараа Өөрсдөө бүрэн ашиглах юм. Хэрэв урд хойд хөршийг оролцуулах бол монгол улсынхаа үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс эдийн засгийн чадамжтай, хоёр хөрш рүү нөлөөлөх чадамж бүхий гуравдагч  орон болон АНУ, Япон, Герман зэрэг улсуудыг оролцуулах нь зөв болов уу.  Дэд бүтцээс гадна нефьт, хоол хүнс болон стратегийн гол бүтээгдэхүүний хангамжын хувьд хоёр  хөршөөс хараат байдгаа бодолцох хэрэгтэй.  2002 онд Далай лам багшид Монголд ирэх урилга болон виз өгсөнөөр Хятад хилээ хоёр  хоног хаахад манайд юу боллоо. Энэ асуудлыг шийдэх талаар ажлын хэсэг ажиллаж байгаа гэсэн. Үндэснийхээ эрх ашгийг хамгаалж алс хэтээ харсан, оновчтой шийдвэр гаргана гэдэгт итгэж байна.

Нүүрс боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь хамгаас чухал.Гэхдээ нүүрс болгон газрын хөрсөн доор хадгалагдсан хугацаанаасаа хамаарч химийн шинж чанар нь харилцан адилгүй ба эцсийн гарах бүтээгдэхүүний хувьд мөн адилгүй байдаг. Мөн боловсруулахад өөрт тохирсон технологи болон эдийн засаг, зах зээл, хэрэглээ зэргийн харгалзан үзэх шаардлагатай. Монголд анхан шатны угаах, баяжуулах техник технологийн хувьд бүрэн боломжтой хэдий ч нүүрсэн гүн боловсруулалт хийх боломж хараахан бүрдээгүй гэж үздэг. Гүн боловсруулалт буюу нүүрсийг хийжүүлж улмаар шингэрүүлж метанол, шатах тослох материал гаргаж авахын тулд хэд хэдэн хүчин зүйл шаардлагатай. Тэр нь юу вэ гэвэл, төрийн дэмжлэг хэрэгтэй, маш сайн дэд бүтэц, мөн нэн чухалд тооцогдох нарийн мэргэжлийн боловсон хүчин шаардлагатай. Үүн дээр мэдээж хэдэн арван тэрбум доллараар тоологдох санхүүжилтийн асуудал чухал шүү дээ. Монголчуудын хувьд нүүрсэнд гүн боловсруулалт хийхэд хараахан суурь бэлтгэл алга. Дашрамд хэлэхэд энэ талаар МАК боловсон хүчнээ японд бэлтгэж байгаа.

– Томчуудын хүүхдүүд  хоорондоо үерхэж нөхөрлөдөг байх. Гэхдээ гэгээлэг гэхээс илүүтэй  хар тамхи татаж, зодоон цохион хийж, мөрийтэй тоглосон  гэсэн мэдээлэл чих халууцуулдаг?
Би мөрийтэй тоглоомд донтож, хар тамхи татаж үзээгүй ч бусад асуудлаар өөрийгөө алдаж онож яваагүй гэж хэлэхгүй. Залуучууд бидэнд дутагдалтай асуудал байдаг хэдий ч үүнийг бас засаж залруулах ухаан байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Таны хэлж байгаагаар томчуудын хүүхдүүд гэлтгүй нийтийг хамарсан асуудал. Алдсан оносоныг нь засаад залруулаад авах арга ухаан байх хэрэгтэй, тэрнээс биш эцэг эх гэр бүлээр нь нэр холбоод нийгмийн дайсан мэт алаглаад байх шаардлагагүй, харин зөв  шүүмжлэх хэрэгтэй. Эцэг эхийнхээ хүмүүжлийн жанжин шугамаас хааяа нэг бага насны саваагүй зангаас болж хазайдаг ч эргээд шугамандаа ороод л явдаг. Алдаж онох бид алдаагаа ухаарч нас цаг нь болоод ирэхээр хойч үедээ алдааг маань давтахгүй байх талаас хүмүүжүүлэх ухамсар байгаа. Би найз нөхдүүддээ эцэг эх нь том байна уу жижиг байна уу гэдгээр нь ялгаварлаж үерхдэггүй. Миний найзууд дунд эуэг эхийн тухай сайн мэдэхгүй хүмүүсч бий.

– Нэг асуулт байна. Сүүлийн үед монголын ашигт малтмалын томоохон ордын эзэн, уул уурхайн магнат Б.Нямтайширын хүү  орон сууц борлуулж өгнө хэмээн  М гэх эмэгтэйгээс  400 мянган ам.доллар  луйварджээ  гэсэн мэдээлэл  гарсан. Энэ мэдээлэл бодитой юу, эсвэл?
Тэгж бичиж сенсаацлах шаардлага хэсэг бүлэг этгээдүүдэд байсан юм байлгүй дээ. Тиймэрхүү зүйл хэвлэлд  гарсныг Германд байхдаа найзуудаасаа  дуулсан. Би аав, ээжийнхээ олон жилийн турш  оюун санаа, биеийн хүчээ зориулан  хийж бүтээж ирснийг мөн өөрийнхөө сурч боловсроход гаргасан хичээл зүтгэлийг тиймэрхүү өчүүхэн зүйлээр нураачих хүн  биш. ъ

2006 онд барилгын салбар нэлээн хөгжиж байсан. Үүний зэрэгцээ үл хөдлөх хөрөнгийн үнэ ч нэлээд өссөн. Тухайн үед миний сайн  таних  ах дүү гурав ба АНУ сервис, МФИКС компанийн захирлууд Зайсангийн aманд дээд зэрэглэлийн орон сууцны хороолол барих төсөл хэрэгжүүлж байсан. Тэгээд  надад санал тавьснаар  хөрөнгө оруулалт хийсэн юм. Одоо тэр барилгууд ашиглалтад орчихсон, хүмүүс амьдарч байгаа. Хөрөнгөө оруулaлтандаа дүйцүүлж тодорхой хэмжээний орон сууц эзэмших болсон.  Үүнийгээ  борлуулж   тодорхой хэмжээний ашиг олохийг эрмэлзсэн нь ойлгомжтой. Энэ үүднээс үл хөдлөх хөрөнгө зуучлалaaр бизнес эрхлэгч Ариунбилэгт хандан үл хөдлөх хөрөнгөө худалдах хүсэлтээ илэрхийлсэн. Улмаар Ариунбилэгийн үйлчлүүлэгч болох тэр “М” гээд байгаа Буд овогтой Майцэцэг гэх эмэгтэйд 2008 онд 2 ширхэг орон сууцыг 336,650 доллараар худалдан өөрийнх нь хүсэлтийн дагуу обой зэрэг дотор заслыг нь гүйцэтгэж байсан. Гэтэл нэг өдөр гэнэт над руу утасдаад би байр авахаа болилоо мөнгөний гачаалд орчихлоо буцаая гэсэн. Эрүүл бизнесийн зарчмын үүднээс нэгэнт зарагдсан байр, техникийн ямар ч доголдолгүй чанартай баригдсан  учраас буцаах асуудлыг  зөвшөөрөөгүй.  Нөхцөл байдал ийм байхад тэр эмэгтэй Чингэлтэй дүүргийн цагдаад “ямар ч хороолол, орон сууц  байхгүй байхад тэнд хоёр байр бий гэж итгүүлээд 336,650 доллар залилуулчихсан гэсэн утгатай өргөдөл бичээд өгчихсөн байсан. Зайсангийн аман дахь бүхэл бүтэн 500 айлын орон сууц, бараг 2000 гаруй оршин суугчид амьдардаг хороолол шүү дээ. Хамгийн cонирхолтой нь тэр асуудлыг анх хариуцсан Чингэлтэй дүүргийн мөрдөн байцаагч дэслэгч н.Даваажаргал, Чингэлтэй дүүргийн хяналтын прокурор н.Мижиддорж нар шалгах ямарч тэмүүлэл байгаагүй ба “тэр байр чинь байдаггүй гэсэн тэр Майцэцэгийн мөнгийг буцааж өг” гээд дайраад бүүр баривчлах тогтоол үйлдээд бэлдчихсэн байсан. Би тэр дор нь бүхий арга хэмжээг авч гэм буруугүй гэдгийг нотлох баримтыг өгсөн. Тэгсэн чинь  хоёр хоногийн дараа нөгөө байцаагч Даваажаргал  ажлаас халагдах өргөдлөө өгөөд алга болчихсон. Прокурор нь удалгүй чиглэл нь өөрчлөгдөөд Нийслэлийн прокурор руу шилжчихсэнийг одоо хүртэл  гайхдаг юм. Дараа нь асуудалд үнэнч шудрагаар хандах мөрдөн байцаагч прокурор нарын гарт орсоноор ном журмын дагуу бүх зүйлийг шалгаж, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, залилан, луйврын хэрэг  биш гэдэг нь тогтоогдсон. Би өөрийн худалдаж авсан  байрыг эргүүлэн зарсан, тэр “М” гэгч худалдаж авсан. Худалдааны зарчмын дагуу бүх зүйл хуулийн дагуу баримтаар үйлдэгдсэн.. Ямар ч байсан тийм утгатай өргөдөл Чингэлтэй  дүүргийн цагдаагийн хэлтэст очсон, шалгаад өгөөч гэсэн  хүсэлтийг би өөрийн биеэр  тавьж хууль хяналтынхан шалгаад Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хэрэгсэхгүй болгосон 226 тоот тогтоолыг би хүлээж авсан.  Өргөдөлд бичсэн зүйлүүд ч  хүн үнэмшмээргүй. Бод л доо, хүн байр, сууц худалдаж авахдаа  заавал очиж үздэг  биз дээ. Үзэхгүйгээр худалдан авалт хийдэг хүн  хаана ч байдаггүй  байх..

Ер нь хүнд тохож болох адгийн муу нэр луйварчин гэдгээр гүтгүүлэх ямар олигтой байхав дээ. Бид ийм шудрага бус нийгэмд амьдарч байна даа

Нэг зүйл нэмээд хэлчихэд манай аавын нэгэн адил уул уурхайн бизнес хийдэг олны танил нэгэн ах, энэ удаад нэрийг нь хэлээд яахав, энэ асуудлыг үнэн мэтээр бусад итгүүлж улмаар сонингоор цацуулах гэж хөөцөлдөж явсанд үнэхээр эмзэглэсэн. Бусад бизнесийн салбарыг бодвол уул уурхайнхан  чинь бие биенрүүгээ дайрч өрсөлдөх биш харин ч бодол санаа, алдаа дутагдлаа хуваалцаж% шинийг олж мэдсэнээ бусаддаа дамжуулж амь нэгтэй явдагаараа бусдаас онцлог. Энэ ярилцлагыг энэ хүн унших нь лавтай, өөрийг нь хэлж байгаа гэдгийг маш сайн мэднэ. Нэгийг бодно биздээ.

– Тэр  мэдээллийг ямар зорилгоор цацаж байгаа гэж та үзэж байна?
– Эрүүл, шударгаар ажиллаж, хөдөлмөрлөж бүтээж байхад яагаад нэр хүнд гутаах гээд, гүтгэлэг цацаад байгаа юм бэ гэдгийг би ч гэсэн бодож л байна. Манай гэр бүл  хөдөлмөрч бүтээлч, үзэл бодлын хувьд үнэнч шударга. Өөрсдийгөө хөгжүүлье, юм хийж бүтээе гэсэн зөв бодолтой хүмүүс.  Дан ганц манай гэр бүл ч биш  ийм хүн нийгэмд олон бий. Тэдний нөгөө талд хөнгөн хялбар аргаар мөнгө олох гэсэн  атаархаж хорссон,  хардаж сэрдсэн хүмүүс бас байна. Ний нуугүй хэлэхэд гадуур машин тэрэг унаад явахад харж байгаа  хүмүүсийн хандлага, харцнаас эхлээд  энэ байдал мэдрэгдэж байдаг.  Гайгүй хувцас өмсөөд явж байхад нэг ч гэсэн монгол залуу сайн  явж байгаа нь овоо доо. Нэг л зүйл хийж бүтээх гэж зорьж байгаа байх  даа  гэсэн байдлаар  хандах нь  ховор.  Нийгэмд тогтсон буруу үзэл л энэ байх. Мөнгөтэй  гэхээрээ  албан тушаалаа буруугаар ашиглаад, авлига өгч аваад байдаг юм биш. Бизнесийн салбарт ажиллаж, амьдарч байгаа хүмүүстэй ойр байдаг,  тэднийг мэддэгийн хувьд  би нэг  зүйлд эмзэглэдэг, бас гайхдаг. Гэтэл нийгмээрээ тэднийг үзэн ядах нөхцөл байдал үүсээд байх юм. Уг нь тэд чинь  монголоо гэсэн сэтгэл, үндэсний оюун ухааныг  цогцлоож байгаа хүмүүс  шүү дээ. Харамсалтай нь энэ өнцөөс   төр засаг нь ч дэмждэггүй. Ард түмэн нь мөнгөтэй хүн гэхээр нийгмийн дайсан шиг үзэж,  өрөөсгөлөөр ханддаг. Ажлын байр бий болгож, үйлдвэрлэл явуулж буй тэр  хүмүүс  үндэсний маань  толгой, оюун ухаан төдийгүй улс орондоо хийж бүтээхийн төлөө л явж байгаа. Бизнес эхлэхдээ өрх гэрийнхээ санхүүг авч явах гэж зүтгэж л байсан. Одоо  улс орны эдийн засагт хувь нэмрээ оруулахаар хөдөлмөрлөж байгаа тэр хүмүүсээ  хайрлаж, дэмжээсэй.

– Таны аав миний мэдэхийн  2-3 удаа  л хэвлэлд ярилцлага өгч байсан. Аавын тань болон таны хэлж байгааг сонсоод байхаар эх орон улс үндэстэн гэх өнцөгөөс асуудлыг их ярих юм, тийм эх оронч, үндсэрхэг хүмүүсүү?
Эх оронч үндсэрхэг үзлийг тайлбарлах онол, сэтгэл зүй олон төрөл байдаг байх. Бидний хувьд бүтээлч сэтгэлгээ. Залхуу шантрамтгай биш, хийсэн бүтээснээсээ сэтгэлийн таашаал авч улам ихийг хийж бүтээхийг зорьдог. Утаанд угаартаад, шороо тоосоор амьсгалаад, нохой хонь малаа ялгалгүй идээд  л, замын түгжлэлд бухимдаад, атаа хорслын дунд хордлоо гээд бид УБ хот болон эх орноо хаяад явчихгүй ээ, залхуугийн өвчиндөө идэгдээд бусдад буруугаа тохоод өлөн гэдсээ илээд хэвтэж байдаг хүмүүсийг ирээдүйн нийгэмд дахин төрүүлэхгүй байхын төлөө бид тэмцэнэ.
Америк нисэх хувийн онгоц авлаа гээд цаашлаад сар луу ниснэ гэж сансарын хөлөг авахгүй, Хүний хэрэглээ хязгаарлагдмал, бид хэдэн үеэрээ барууны баячуудын амьдралын стандартын жишгээр амьдрах бололцоо байна. Гэвч бид энэ сонголтыг хийхгүй.

1997 онд Валпарайсо их сургуульд ороход намайг анхны монгол оюутан хэмээн надад АНУ-д амьдрах “Green card”-ийг олгох улмаар Америкын иргэн болгоход туслах боломжын талаар санал болгож байсан. Би татгалзсан ба “Би Монгол улсын иргэн түүгээрээ ч цаашдаа байх болно” гэсэн. Нөгөө талаар би эх орныхоо төлөө ихийг сурч мэдээд ирээрэй гэж намайг явуулсан өвөө, аав ээжийгээ гомдоохыг огт хүсээгүй.

– Залуучууддаа хандан юу гэж хэлмээр байна?
– Би өөрөө ногооноороо залуу хүн учраас юу гэж хэлхэвдээ. Миний тантай ярилцсан сэдвээс хэрэгтэй байж болох юм байвал авна биз. Харин нэг зүйлийг хэлэхэд жинхэнэ монгол хүн, монгол хөрснөөс үүдэн гарсан ахмадуудын маань сургаал үгс уншиж, амьдралдаа хэрэгжүүлэх хэрэгтэй. Тухайлбал Н.Багабанди гуайн хэлж буй үгс залуучууд бидний байгаа байдлыг ажиж шүүмжилж алдаа дутагдлаа засаасай, бусдын алдаж онож явсаныг бүү давтаасай гэх үүднээс залуус бидэнд хандаж хэлсэнийг би хувьдаа уншдаг. Нэг зүйлийг онцолж хэлхэд залуучууд дундаас ер нь бид болчлоо, одоо УИХ сууна гэх мэтчилэн тоомоохон албан тушаалд санаархах бодол мэр сэр цухалзаж эхэллээ. Хүсэл тэмүүлэл болон нийгэмд үүсээд буй элдэв үүдэлтэйгээр зүгээр хараад сууж байж чадахгүй бухимдалдаа хөтлөгдөн тэгэж тэмүүлж байгааг буруутгаж бас болохгүй. Би бол хувидаа бид арай ч болоогүй гэж боддог бөгөөд би зөв амидарч, хөдөлмөрөөрөө олонд танигдаад явж байхад аяндаа ард түмэн төр жолоодох суудалд суу гэж шаардаад эхэлнэ. Энэ шаардлага нийгэмд бий болтол эрчимтэй хөдөлмөрлөж ихийг бүтээе гэж уриалах байна даа.

– Цаг, зав гаргаж ярилцсанд баярлалаа
https://mglbluesky.wordpress.com/2010/06/18/yariltsalga/

Шинэчлэгдсэн огноо: 2018 оны 1 сарын 05, Баасан гараг
Уншсан: 260 удаа

Нийт сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2018 оны 1 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
  1  2  3  4  5  6
  8  91011121314
151617181920
22232425262728
293031    

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах

Г.Галбадрах

“ХҮНГИЙ”-н ГОЛЫН ХҮҮХДҮҮД (бага насны гэгээн дурсамж)

“ХҮНГИЙ”-н ГОЛЫН ХҮҮХДҮҮД (бага насны гэгээн дурсамж) Би Завханы Завханмандал суманд тѳрж, бага насаа Завханмандал, Эрдэнэхайрхан, Ургамал сумдад ѳнгѳрүүлсэн... 2018 оны 1 сарын 8

Б.Уранчимэг

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (“Хүслийн шинэ жил”)

UMON TV-ийн “Америк хэмнэл” нэвтрүүлэг (“Хүслийн шинэ жил”) Вашингтоны монгол сургуулийн сурагчдын “Хүслийн шинэ жил” сүлд модны наадмыг бүрэн эхээр нь ЭНД... 2017 оны 12 сарын 30

Ц.Сарантуяа

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.12.29 (Шинэ жилд зориулсан дугаар)

AНУ ДАХЬ МОНГОЛ ТЕЛЕВИЗ: 2017.12.29 (Шинэ жилд зориулсан дугаар) HAPPY NEW YEAR: АНУ дахь Монгол Телевизийн мэндчилгээ ОЙР ДОТНЫХОНДОО: Сэтгэлийн мэнд МОНГОЛ ТЕЛЕВИЗ-10:... 2017 оны 12 сарын 29

Д.Уранзул

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд)

Гольфийн ногоон дэвжээндээ өрсөлдөж, Хурдан морины тоосонд даруулъя (Кентакки мужийн Льюсвилл 2016 оны 5 сарын 4-6 хооронд) Монголчуудын уламжлалт гольфийн тэмцээн эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Үзэгсэлэн төгс уулсын... 2016 оны 5 сарын 2