Medeelel
ЗАР .:. Бүх хот
cyrillic
TomMongol
usanana
usmontv
min15
umontv
newfuture
cmn
bayareamgl

НОГООН ХУВЬСАЛ МОНГОЛД ЭХЛЭЭСЭЙ

2012 оны 9 сарын 27, Пүрэв гараг  .:.  Бичсэн: 
(3 үнэлгээтэй)
green city future

Монголчууд 60 настайдаа ухаарч, 61 хүрээд үхдэг гэлцдэг. Үнэхээр ч хүрээлэн буй орчин, амьдарч буй нийгмийн нөлөөллөөр бидний дундаж наслалт ийн бага байдаг. Монгол Улсын Үндсэн Хуулийн холбогдох заалтаар хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй болохыг тодорхойлсон. Гэтэл өнөөдөр бид энэ эрхээ эдэлж чадахгүй л явна.

Тэгвэл бидний амьдрах орчныг хот биш хог болгож, агаарын бохирдол гэгч аймшигт мангасыг үйлдвэрлээд байгаа эзэн хэн бэ? УИХ-ын муу нэрт 76 гишүүн үү? Автомашины эзэн Дорж уу? эсвэл өдөр тутамдаа нүүрс түлж буй Дулмаа юу? Тиймээ, тэд бүгд мөн. Тэр ч байтугай энэхүү эссэг уншаад сууж буй та ч хэргийн эзэн.

Нийгмийг бүрдүүлэгч эд эс бүхэн нь иргэд. Хэрвээ нийгмийг өвчтэй байна гэж үзвэл нийгмийг эдгээгч эд эс нь бас л бид. Өвчлүүлж чадаж байгаа бол эмнэж чадах ч учиртай. Саяхны судалгаагаар Монгол улс Дэлхийн хамгийн агаарын бохирдолтой улсаар арай л тодорчихсонгүй аман хүзүүдлээ. Зарим хүмүүс “хамгийн эхэнд бичигдээгүй нь их юм” гэцгээн олзуурхаж байна. Ийнхүү байгалийн доройтол Монголчуудыг нөмрөөд буй үед эрүүл хотыг бий болгохыг би мөрөөдөж байна. Бидэнд боломж байна. Гагцхүү тэр боломж руу тэмүүлэх сэтгэл, зорилго , ухамсар л дутагдаж буйгаас бид эрүүл нийгмийг бүтээж чадахгүй явна.

Сүүлийн үед иргэний хариуцлага, чанартай иргэн гэх үгс хэрэглэгдэх боллоо. Боловсролтой, ёс суртахуунтай, эх оронч хүнийг “чанартай иргэн” гэх энэ томьёололд оруулдаг. Үнэхээр ч чанартай иргэн олон байх тусмаа нийгэм түргэн хөгждөг түүх бий. Гэтэл Монголд чанартай иргэн хэд сэн билээ? ЕБС төгсөгчдийн 80 гаруй хувь нь их, дээд сургуульд ордог манайх шиг “сэхээтний арми” болсон оронд ухамсартай, хариуцлагатай хүн дэндүү ховор байна уу даа. “Хоггүй хот” хэмээх төсөл бичээд онц дүн авдаг мөртлөө чихрийн цаасаа гудамжинд хаядаг оюутанг хариуцлагатай гэх үү? Архи уух атлаа архины шилээ хог болголгүй, тушаачихдаг “мужик эр”-ийг ёс суртахуунтай гэх үү?

Мөн Монголын боловсролын салбар ”нийгмийн оролцоо” хэмээх ойлголтыг хайхардаггүй нь ЕБС болон их, дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрт уг сэдэв тусгагдаагүйгээс анзаарагддаг. Өөрөөр хэлбэл, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага, ёс суртахуунаас илүүтэй онолын мэдлэг, шинжлэх ухааны ойлголтыг голчилдог. Иймээс ч оюутан, сурагчид “чадаж байгаа юманд арга байхгүй” би хийж л байвал ямар аргаар гэдэг нь хамаагүй гэсэн нийтлэг сэтгэхүйтэй болж төлөвшдөг гэхэд хилсдэхгүй. Гэтэл дэлхийн улс орнуудын туршлагаас авч үзвэл, тэд хүүхдэд багаас нь эхлэн үүрэг, хариуцлага, ёс суртахууны талаарх хичээл орж, ахлах ангийн сурагчид болон оюутнуудад нийгмийн оролцоо чухлыг ойлгуулдаг. Сингапур улс л гэхэд “Нийгмийн оролцоо” гэсэн хичээлийг хамгийн чухалд тооцдог бөгөөд энэ хичээлд суугаагүй хүн сургуулиа төгсдөггүй. Уг хичээлээр оюутан, сурагчид нийгэмд тулгамдаад буй асуудлыг өөрийн биеэр шийдвэрлэхэд оролцож, өөрсдийн хүчээр хөрөнгө оруулалт хийн улмаар байгаль орчны тухай мэдлэг мэдээлэлтэй болдог байна. Харин манайх шиг онол, мэдлэг давамгайлсан сургалтын хүүхдүүд нийгэмшлийн соёл, чадвар сул байдаг.

Мөн төрөө дэмждэггүй ард түмэн миний мөрөөдөлд саад болж байна. Төрөөс агаарын бохирдлыг бууруулахын тулд утаагүй зуухыг боломжит бүхий л нөхцлөөр санал болгон, нэн ядуу айл өрхөд үнэгүй тараан өгч байна. Гэтэл зарим иргэд “удам дамжсан зуухаа солихгүй, ганц манайх зуухаа солихгүй байхад яав л гэж” хэмээж байгаа нь гайхан халаглахад хүргэлээ. Нийгэм бол та бидний харилцан үйлчлэл дээр оршдог. Та хог тарьж, утаа гаргахад гэмгүй бид ч хохирно. Харин утаа гаргахгүй байхад бүгд эрүүл сайхан байж чадна. Иймд нийгэм бол нөлөөлөл дор оршдог, та бидний хамтын амьдрал билээ. Гэтэл өөрсдөө санаачилгагүй мөртлөө төр засгаас хийж буй ажлыг дэмжихгүй, биелүүлэхгүй бол цөөхүүлээ бид яаж ч эрүүл орчинд амьдрах билээ. Наад зах нь өнөөдрийн таны хэрэглэсэн утаагүй зуух ирээдүйн үр хойчид тань эрүүл орчинг бэлэглэх болно гэдгийг ойлгохгүй л явна.

Хөгжлийн зөв бодлого хамгийн түрүүнд хотын байгаль экологи, тэр дундаа хүний эрүүл мэнд, амьдралын хэв маягт ихээхэн эерэг нөлөө үзүүлж, олон өөрчлөлтийг бий болгодог. Харин эсрэгээрээ төлөвлөлтгүй, хяналтгүй хотжилт нь хүрээлэн буй орчинд аюул учруулах, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдгийн тод жишээ бол Улаанбаатар маань. Дэлхийн хөгжилтэй орнуудад хот суурин газрыг төлөвлөхдөө хотын нийт газар нутгийн 50-70 хувь нь ногоон бүс эзэлнэ гэж тооцоолдог. Гэтэл Улаанбаатар хотын нийт талбайн 3-5 хувийг л ногоон бүс эзэлдэг. Одоо харин эрүүл орчны төлөө бидний хийж чадах хамгийн боломжтой ажил бол гэр хорооллын айл өрх бүр хашаандаа, орон сууцны айл өрхүүд зуслангын газарт жимсний мод тарих явдал. Ингэснээр нүүрсхүчлийн хэмжээ багасахад түлхэц өгөх бөгөөд хотын агаар цэвэршиж ногоон хот, сум, суурин бий болоход ч нөлөөлнө. Хот тэр аяараа барилгажиж байгаа өнөө цагт үүнээс илүү сайн арга байхгүй. Хотын уушиг бол ногоон байгууламж гэдэг. Айл бүр мод тарих ажлыг хэвшил болгох цаг иржээ. Нийгмийн хариуцлага хичээлийг дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулвал эх орны ирээдүй болсон олон залуус сайн дурын эко хамгаалагчид болно. Үүнээс улбаалаад иргэн бүр сайн дурын байгаль хамгаалагч болох цаг ойрхон байна.

Дэлхий нийтэд “Эрүүл хот” гэж нэрлэгдэж байгаа Гонконгийн Сай Кунг дүүргийн хувьд хотын иргэдийн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжих тогтвортой хамтын ажиллагааны төслөөрөө олон улсын түвшинд шилдэг эрүүл хотод тооцогддог бөгөөд хүний өдөр тутмын амьдрал дахь биеийн тамирын идэвхтэй үйл ажиллагааг бий болгох зорилгоор “Эрүүл хот ” төслийг санаачлан хэрэгжүүлж, амжилтанд хүрчээ. Манай улсын хувьд үүнтэй адил нэгэн ажлыг хэсэг иргэд санаачлан, хэрэгжүүлсэн баримт байна. Улиастайн 16-р хорооны иргэд 2011 оны зун гэр хорооллын гудамж талбайгаа зүлэгжүүлэн,ногоон төгөл болгожээ. Одоо тэд өдөр бүр дарааллан айл өрх тус бүр төгөлөө хамгаалан, хариуцдаг байна. Үнэхээр ч “хийе гэвэл арга нь олддог хийхгүй гэвэл шалтаг олддог” гэгчийн үлгэр энэ.

Ер нь эрүүл хот зүгээр байж байгаад гараад ирдэг зүйл биш харин ч иргэн бүрийн оролцоо, бүтээн байгуулалтаар бий болдог. Өнөөгийн амьдарч буй нийгмийн муу муухай, хэцүү дүр зургийг та бид л бүтээсэн. Бидний бүхий л асуудлыг өөрсдөөсөө түлхэн төр засгийн үүрэг хэмээн эндүүрч явсны гор үүгээр илэрлээ.

Аливаа улс орны хөгжсөн түүхийг сөхөж үзвэл, ард түмэн нь нэгэн хүсэл мөрөөдөлтэй байж чадсан байдаг. Жишээ нь, АНУ-ын хувьд ард түмэн нь нэг зорилгын төлөө тэмүүлж, алс ирээдүйгээ маш тодорхой харж чадсан нь анзаарагддаг. Тэрхүү хүсэл мөрөөдөл нь “Дэлхийд тэргүүлэх” байсан ба тэд чадсан. Монголчууд ч бас ногоон хувьсгалыг өрнүүлэх хүсэл мөрөөдлөөр нэгдэж, зорилгодоо хүрч чадна. Чадах ч учиртай.

Бидний амьсгалж буй агаар, гишгэж буй газар, ууж буй усыг өвөг дээдэс минь өнөөдрийн бидэнд өвлүүлэн үлдээхийн тулд зуун зууны турш цусаа урсган дайтаж, амь насаа зольж явсан. Тэгвэл бид яагаад хогондоо дарагдаж, царай дарсан хотоо өөрчилж, эрүүл ногоон орчин бүрдүүлж чадахгүй гэж.

Э.Саруул
Шинэчлэгдсэн огноо: 2012 оны 10 сарын 10, Лхагва гараг
Уншсан: 9045 удаа

Нийт сэтгэгдэл (2)

1. Eruul huns
Mongolchuud uursdee tarisan eruul horgui nogoogoo hangah tsag bolson doo. Bichlegee ulam ih asuudlyg hunden urgeljluulj bichij baigaarai. Bayarlalaa
Бичсэн: Nogoon huvisgal | 2012 оны 9 сарын 28 | IP: 182.160.35.xxx
2. ухаарал хэрэгтэй
хөдөө орон нутагт өрхүүдийн хогийг нь төр цэвэрлэж өгөх нь халаг болох юм. монголчууд маань хоггүй цэвэрч байж дээр нь байгаль эх дэлхийгээ хайрлах нь монгол хүний үүрэг гээд багаас нь цус маханд нь шингээгээд өгөхийн тулд багш нар чадвартай баймаар байна. төр засаг ч айлын хог цэвэрлэж өгөх нь халаг байхаар эрт төлөвлөгөө хөтөлбөр гаргаад багийн дарга нарыг ажиллуулах, өрх хугацаанд нь тохижуулах ба цэвэрлээгүй бол сануулах самбарт хадаад төрийн үйлчилгээг ч иргэн хуулиа биелүүлсэн цагт үйлчилдэг хэвшилд толтох хэрэгтэй. Гэхдээ байгаль орчныхон ажилаа хийгээчээ. Захиргаадахаасаа илүү болзолт уралдаан зарлах цэвэрч байх сургалт суртачилгаа өөрсдөө хийж захиргаадах аргачилалаасаа салаач. сэтгэл гарган өөрсдөө ажиллаач, төр бол зөвхөн зохих албадын ажлыг захиргаадаж байхаар дэмжиж чиглүүлж өгч ажиллаач. Айлыг олон дахин гуйх төрийн ажилуу.
байгаль орчныхон ажиллахгүй байна. Иргэдийн үүрэг ,байгаль эх дэлхийн сайхныг суртачилах ажил хий .
Бичсэн: ???? | 2013 оны 5 сарын 10 | IP: 202.179.11.xx

Сэтгэгдэл бичих

жижигрүүл | томруул

busy
image
image
image
image
img
img
img
img

Арга хэмжээний хуанли

<<  2017 оны 12 сар  >> 
 Да  Мя  Лх  Пү  Ба  Бя  Ня 
      1  2  3
  4  5  6  7  8  9
11121314151617
181920212223
25262728293031

Гишүүдийн булан

Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Сануулах